Иаков 1–3
Иаковаас ирсэн захидал
Бурханы үгийг зөвхөн сонсох биш, дагах урилга
Иаков бол Мариагийн хүү бөгөөд Есүс Христийн дүү нарын нэг байв. Иаков мөн Иерусалим дахь Сүмийн удирдагч байсан. Тэрээр дэлхийн өнцөг булан бүр дэх Бурханы хүмүүст Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахад нь туслахын тулд захидал бичжээ.
Иаков 1:1
“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг” гэж Иаков бичжээ. Олон жилийн дараа Иосеф Смит хэмээх хүү энэ үгсийг уншаад, асуултуудынхаа талаар залбирахаар шийджээ. Иосеф Смит дараа нь “Би … Иаковын гэрчлэл үнэн болохыг мэдэж авсан юм” гэж хэлсэн. Бурхан Иосефын залбиралд хариулсан бөгөөд бидний залбиралд ч мөн хариулна.
Иаков 1:5; Иосеф Смит—Түүх 1:11–17, 26
Иаков бусдын хэлж байгааг анхааралтай сонсож, уурлахгүй байхыг хичээх ёстой гэж мөн бичсэн. Бид уурласан үедээ Бурханд үйлчилж чадахгүй.
Иaков 1:19–20
Иаков бид зөвхөн Бурханы үгийг сонсох нь хангалттай бус мөн үүний дагуу амьдрах хэрэгтэй гэж хэлсэн. “Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг.”
Иаков 1:22
Есүс Христийн дагалдагч байх нь зөвхөн Бурханд итгэх төдий биш юм гэж Иаков тайлбарласан. Чөтгөр хүртэл Бурхан бодит гэдгийг мэддэг. Бид даарсан эсвэл өлссөн хүмүүсийг харвал хувцас, хоол өгөх ёстой. Бид бэлэвсэн эхнэр, өнчин хүүхдүүдийг эргэж тойрох хэрэгтэй. “Үйлсгүй итгэл үхмэл болой” гэж Иаков бичжээ.
Иаков 1:27; 2:14–20
Иаков мөн гэгээнтнүүдэд хүмүүст эелдэг хандаж байхыг заахыг хүссэн. Тэрээр үгэндээ болгоомжтой хандах нь морь залахтай адил гэж хэлсэн. Бид том морийг аманд нь байрлах жижиг төмөр хэсэгт бэхэлсэн хазаараар залж чадна. Бидний үгс жижиг мэт санагдаж болох ч хүчтэй байж болно.
Иаков 3:2–3
Иаков хэлэхдээ, үгээ удирдах нь хөлөг онгоц жолоодож байгаа мэт гэжээ. Хэдийгээр хөлөг онгоц том, салхи хүчтэй байсан ч бид хөлөг онгоцыг маш жижиг залуураар буюу жолооны хүрдээр жолоодож чадна. Жолооны хүрд нь бидний үг мэт юм. Хэрвээ бид хэлэх үгээ хянаж чадвал их зүйлийг өөрчилж чадна!
Иаков 3:4–5
Иаков тайлбарлахдаа, сайхан бус үг нь том галыг өрдөж чадах өчүүхэн оч мэт байж болно гэжээ. Гал хурдан тархаж, их хохирол учруулдаг. Тиймээс үгэндээ болгоомжтой байх нь чухал.
Иаков 3:5–6
Иаков бичихдээ, бид амаараа Тэнгэрлэг Эцэгт залбирдаг гэжээ. Гэхдээ заримдаа бид амаараа Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд болох бусад хүнд муухай үг хэлдэг. Иаков ийм байж болохгүй гэж хэлсэн.
Иаков 3:9–10
Иаков гэгээнтнүүдэд сайхан үг хэлэхийг заахдаа булгийн нэг эхээс цэвэр цэнгэг ус, гашуун ус зэрэг гардаггүй гэж заасан. Инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг ургуулж чадахгүй. Үүнтэй адил, хэрвээ бидний зүрх сэтгэлд сайн сайхан ба хайр байвал бидний үгс ч мөн сайхан бөгөөд хайраар дүүрэн байх ёстой!
Иаков 3:11–18