Лук 24:1–12, 36–49; Иохан 20
Тэр амилсан
Есүс Христ бүгдийн төлөө үхлийг ялан дийлсэн нь
Есүсийн шавь нар Түүний биеийг булшинд тавив. Тэд Түүний биеийг илүү сайн бэлдэхийг хүссэн ч бараг Амралтын өдөр болж байлаа. Тэд амралтын өдрийн дараа эргэн ирж дуусгахаар төлөвлөж байв.
Лук 23:52–56
Есүсийг нас барснаас хойш гурав дахь өдрийн өглөө эрт Магдалын Мариа бусад хүний хамт булш руу очжээ.
Лук 24:1; Иохан 20:1
Тэд ирээд, булшийг халхалсан хадыг зайлуулсан байхыг харав. Тэд булш руу дотогш орсон бөгөөд Есүсийн бие тэнд байсангүй.
Лук 24:2–3; Иохан 20:1
Мариа Петр, Иохан хоёрт хэн нэгэн нь Есүсийн биеийг авч явсан гэж хэлэхээр гүйв. Петр, Иохан хоёр булш руу гүйсэн.
Иохан 20:2–4
Петр, Иохан хоёр булш руу очоод, дотогш оржээ. Тэд Есүсийн бие алга болсныг харсан. Түүнийг ороосон байсан даавуу байрандаа байв.
Иохан 20:5–7
Петр, Иохан хоёр гэртээ харьсан ч Мариа булшны дэргэд уйлаад үлдэв. Түүнийг булш руу харахад хоёр тэнгэр элч харагджээ. Тэд түүнээс яагаад уйлж байгааг нь асуув. Тэр хэн нэгэн Есүсийн биеийг авчихсан байна, Түүнийг хаана тавьсныг мэдэхгүй гэж хэлсэн.
Иохан 20:11–13
Дараа нь Есүс ирсэн ч Мариа Түүнийг мэдээгүй. Есүс түүнээс “Эмэгтэй, чи юунд уйлна вэ?” гэж асуув. Мариа Түүнийг цэцэрлэгч байна гэж бодов. Тэр Түүнээс Есүсийн биеийг хаана тавьснаа хэлнэ үү гэж гуйв.
Иохан 20:14–15
Есүс “Мариа” гэлээ. Тэр эргэж харав. Одоо тэр Түүнийг Есүс гэдгийг мэдсэн! Тэрээр түүнд “Рабуни” гэжээ. Есүс түүнд бусад шавьд нь Түүнийг Тэнгэрлэг Эцэгтээ очих хэрэгтэй гэдгийг хэл гэв. Мариа бусад шавийг олж, Есүсийг харсан бөгөөд Тэр дахин амьд болсон гэж хэлсэн!
Иохан 20:16–18
Тэрхүү орой олон төлөөлөгч хамтдаа байв. Иудейчүүдийн удирдагчид тэднийг олох вий гэж тэд айгаад, хаалгаа хаажээ. Гэнэт тэд Есүсийг дунд нь зогсож байхыг харав. Эхэндээ тэд айцгаав. Тэд Түүнийг сүнс гэж бодож байв. Есүс “Амар амгалан та нарт байх болтугай” гэж хэлсэн.
Лук 24:33–38; Иохан 20:19
Есүс шавь нараа хуруугаа гар, хөлд нь хүргэ гэжээ. Тэдэнд Тэр зөвхөн сүнс биш, биетэй гэдгийг мэдүүлэхийг хүссэн. Тэр тэдэнтэй хамт загас, зөгийн бал идэв. Түүнтэй уулзаж байгаадаа шавь нар нь их баяртай байлаа!
Лук 24:39–44; Иохан 20:20
Дараа нь Есүс төлөөлөгчдөдөө үхэл, амилалтын тухай заасан судруудыг ойлгоход тусалсан. Түүний ачаар наманчилж, өршөөгдөх боломжтой гэдгийг бүгдэд нь ойлгуулахыг Тэр хүссэн. Төлөөлөгчид Түүний гэрч байх байсан.
Лук 24:44–48
Төлөөлөгч Томас Есүсийг ирэхэд тэнд байгаагүй. Тэрээр Есүсийн гар дахь хадаасны ормыг үзэхээс нааш Түүнийг амьд гэдэгт итгэхгүй гэж хэлсэн.
Иохан 20:24–25
Найман өдрийн дараа шавь нар хамтдаа цугларсан. Есүс дахин үзэгдэв. Энэ удаа Томас тэнд байлаа.
Иохан 20:26
Есүс Томаст хуруугаа гар, хажуугийн шарханд минь хүргэ гэв. Тэрээр Томаст “Итгэлгүй бус, харин итгэлтэй бай” гэжээ. Томас “Эзэн минь, Бурхан минь” гэж хэлэв. Одоо Томас Есүсийг амилсан гэдэгт итгэсэн. Есүс Түүнийг хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ гэж хэлэв.
Иохан 20:27–29