Судрын түүхүүд
Аврагч мэндэллээ—Бурханы амлалт гүйцэлдэв


Лук 2; Maтай 2:1–15

Аврагч мэндэлсэн нь

Бурханы амлалт гүйцэлдэв

Иосеф, Мариа хоёр Бетлехем рүү явж байгаа нь

Иосеф, Мариа хоёр Назарт амьдардаг байв. Мариа удахгүй төрөх гэж байлаа. Хүн бүр татвар төлөхийн тулд төрөлх хот руугаа явах ёстой байв. Үүний дагуу Иосеф, Мариа хоёр Иосефын төрсөн хот Бетлехем рүү явах ёстой болов. Тэд тийшээ очихын тулд урт зам туулах хэрэгтэй байлаа

Лук 2:1–5

Мариа, Иосеф хоёр Бетлехемд

Мариагийн хувьд энэ аялал амар хялбар байгаагүй. Бетлехемд маш олон хүн ирсэн учраас Мариа, Иосеф хоёр хүүхдээ төрүүлэх газар олж чадсангүй.

Лук 2:6–7

Бяцхан Есүсийг тэвэрч буй Мариа, Иосеф хоёр

Тэд ихэвчлэн амьтад байлгадаг нэг газар олж буудаллав. Ийм эгэл даруухан газар Есүс мэндэлсэн юм. Мариа, Иосеф хоёр бяцхан Есүсийг хайрлаж, халамжлав. Тэд Түүнийг дулаан, тухтай байлгахын тулд даавуунд ороож, мал амьтдыг тэжээхэд ашигладаг тэжээлийн тэвшинд унтуулав.

Лук 2:6–7

Тэнгэр элч хэсэг хоньчдод үзэгдсэн нь

Ойролцоох газарт хоньчид шөнөжин хонио хариулж байв. Гэнэт тэдний эргэн тойронд хурц гэрэл туяарч, нэгэн тэнгэр элч үзэгдэв. Хоньчид айн балмагдав.

Тэнгэр элч Есүс дөнгөж сая мэндэлснийг хоньчдод хэлж байгаа нь

Тэнгэр элчид гайхалтай мэдээ байгаа тул тэр тэднийг айх хэрэггүй гэв! Аврагч Бетлехемд мэндэлсэн бөгөөд тэд Түүнийг тэжээлийн тэвшнээс олж болох байв. Тэгээд өөр олон тэнгэр элч ирж, “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай” хэмээв.

Лук 2:10–15

Бяцхан Есүстэй мэндэлж буй хоньчид

Хоньчид Бетлехем рүү яаран очиж, тэнгэр элчийн яг хэлсэнчлэн, бяцхан Есүсийг олжээ. Тэд үзсэн, сонссон гайхамшгийнхаа тухай хүмүүст хэлэв. Тэд Есүсийг онцгой хүүхэд гэдгийг мэдэж байв.

Лук 2:16–17

Бяцхан Есүсийг тэвэрч буй Симеон

Мариа, Иосеф хоёр бяцхан Есүсийг Бурханд танилцуулахаар ариун сүм рүү аваачив. Тэнд тэд Симеон гэдэг хүнтэй танилцжээ. Нас барахаасаа өмнө Аврагчтай уулзах болно хэмээн Ариун Сүнс Симеонд хэлсэн ажээ. Тэрээр нялх хүүхдийг тэвэрч, Есүс Бурханы бүх хүүхдүүдийг аварна хэмээв Түүний хэлсэн зүйлс Иосеф, Мариа хоёрыг гайхшируулав.

Лук 2:22–35

Бяцхан Есүстэй уулзаж буй Анна

Ариун сүмд Анна гэдэг өөр хүн байв. Нөхөр нь олон жилийн өмнө нас барсан аж. Одоо Анна хамаг цагаа ариун сүмд Бурханыг шүтэн бишрэхэд зориулдаг болсон. Тэр Аврагчтай уулзах боломжтой болсондоо Бурхандаа талархав. Тэр Аврагчийг хүлээж байсан хэн нэгэнтэй тааралдах бүрдээ тэдэнд Есүсийн тухай ярьдаг байв.

Лук 2:36–38

Тэнгэрт шинэ од үзэгдэхийг харж буй мэргэд

Есүсийг төрөхөд өөр орны мэргэд шинэ од олж харжээ. Энэ нь Бурханы Хүү, дэлхийн Аврагч болох онцгой хүүхэд төрнө гэсэн утгатай гэдгийг тэд мэдэж байв. Тэд хүүхэд дээр очиж мөн Түүнийг шүтэн бишрэхээр урт аян замаа эхлүүлэв. Тэд Түүнд хайраа харуулахын тулд бэлэг барихыгхүсэв.

Maтай 2:1–7; Иосеф Смитийн Орчуулга, тэмдэглэл, 2а

Иерусалимаас Аврагчийг хайж буй мэргэд

Удаан аялсны эцэст мэргэд Иерусалимд ирэв. Тэд иудейчүүдийн шинэ Хаан, Аврагч мэндэлсэн тул Түүнд мөргөхөөр ирсэн хэмээн хэлэв. Тэд шинэ хааныг хаанаас олж болохыг асуув.

Матай 2:1–2

Шинэ хааныг олохыг хүмүүстээ тушааж буй Херод

Херод хэмээх хаан мэргэд шинэ хааныг хайж байгааг дуулжээ. Тэр зовниж байлаа. Шинэ хааныг Бетлехемд төрөх болно гэж судруудад өгүүлсэн хэмээн санваартнууд, хуулийн багш нар түүнд хэлжээ. Херод мэргэдэд Бетлехемээс хайгаад, шинэ хааныг олсныхоо дараа эргэн ирж түүнд мэдэгдэхийг тушаав.

Maтай 2:3–8

Бяцхан Есүст мөргөж буй мэргэд

Мэргэд Бетлехемд ирэв. Тэд өөрсдийг нь Есүс рүү хөтөлсөн одыг дагаж явлаа Тэд Түүнийг болон Мариа, Иосеф нарыг олоод, Есүст гурван онцгой бэлэг өгч, Түүнд мөргөв. Бурхан тэдэнд Херод руу буцаж очихгүй байхыг анхааруулсан учраас тэд өөр замаар гэртээ харьжээ.

Maтай 2:9–12

Тэнгэр элч Иосефт гэр бүлээ Египет рүү авч явах хэрэгтэй гэж хэлсэн нь.

Мэргэдийг явсны дараа Иосеф нэгэн зүүд зүүдэлжээ. Херодыг ууртай байгааг тэнгэр элч Иосефын зүүдэнд хэлжээ. Иосеф Мариа, Есүс хоёрыг аюулгүй байлгахын тулд Египет рүү авч явах хэрэгтэй байлаа.

Maтай 2:13

Есүстэй хамт Египет рүү явж буй Иосеф, Мариа хоёр

Иосеф тэр даруй босов. Шөнө болоход тэр Мариа, Есүс хоёртой хамт Египет рүү явжээ.

Maтай 2:14

Иосеф, Мариа, Есүс гурав гэртээ

Тэнгэр элч Херод нас барсныг, эргэж очиход аюулгүй болсныг хэлэх хүртэл Мариа, Иосеф, Есүс гурав Египетэд байжээ. Тэгээд тэд амар тайван амьдрахаар Назар руу буцан аж.

Матай 2:15, 19–23