Матай 26:36–46; Лук 22:39–46
Есүс Гетсеманид
Ертөнцийн гэм нүглийн төлөөх шаналал
Есүс төлөөлөгчидтэйгөө хамт Гетсемани хэмээх цэцэрлэгт очив. Есүс Петр, Иаков, Иохан нараас Өөрийг нь дагахыг хүсээд, бусдад нь хүлээж бай хэмээв.
Матай 26:36–37; Иохан 18:1
Есүс Петр, Иаков, Иохан нарт сэтгэл нь маш их шаналж байгаагаа хэлэв. Өөрийг нь залбирч байх хооронд сэрүүн байхыг Тэрээр тэднээс хүсжээ.
Матай 26:38
Тэгээд Есүс цэцэрлэгийн гүн рүү цааш бага зэрэг алхлаа. Бид наманчилж, өршөөгдөж болохын тулд Тэрээр бидний нүглийн төлөө шаналж эхлэв. Есүс мөн бидэнд хэрхэн туслахаа мэдэхийн тулд бидний бүх зовуурь, өвчин эмгэг, уй гашууг мэдэрсэн. Тэр биднийг хайрладаг учраас энэ бүхнийг туулсан. Энэ бүхэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм.
Матай 26:39; Лук 22:41; Ром 3:23; Алма 7:11–13; 3 Нифай 27:19
Шаналалдаа цөхөрсөн Есүс Тэнгэрлэг Эцэгээс зовлонг нь байхгүй болгож өгөхийг гуйв. Гэвч Тэрээр Эцэгийнхээ Өөрөөс нь хүсэж байсан зүйлийг хийхэд бэлэн байсан. Тэр “Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог” хэмээн хэлсэн.
Лук 22:42
Есүс Петр, Иаков, Иохан гурав дээр очиход тэд унтаж байлаа. Тэр тэднийг сэрээгээд, тэднээс унталгүй залбирахыг дахин хүссэн. Есүс тэднийг сэрүүн соргог байхыг хүссэн ч маш их ядарч байгааг нь мэдэж байлаа.
Матай 26:40–41
Есүс дахин залбирлаа. Тэнгэр элч Есүсийг тэнхрүүлэхээр иржээ. Тэрээр маш ихээр зовж, шаналахдаа бүр ч илүү хүчтэйгээр залбирав. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.
Матай 26:42; Лук 22:43–44; Мозая 3:7; Сургаал ба Гэрээнүүд 19:16–19
Есүс Петр, Иаков, Иохан гурав дээр дахин хоёр удаа очиход тэд мөн л унтаж байлаа. Эцэст нь, Өөрийг авч явах цаг нь болсон тул Тэр тэднийг сэрээв.
Maтай 26:43–46