Еврей 11–12
Есүс Христэд итгэх итгэлээр амьдрах нь
Есүс Христ бол “[бидний] итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгч” билээ
Сүмийн эхэн үед Есүс Христийн дагалдагч байх нь үргэлж хялбар байгаагүй. Хүмүүс заримдаа Сүмийн гишүүдийг үзэн яддаг эсвэл итгэл үнэмшлийнх нь улмаас шоолдог байв. Паул тэднийг Есүс Христэд итгэх итгэлээ хадгалахад нь туслахыг хүссэн.
Еврей 10:32–39
Паул еврей буюу жүүд гэгээнтнүүдэд захидал бичсэн. Тэрээр итгэл гэдэг нь харж чадахгүй ямар нэг зүйлдээ итгэж, найдах гэсэн үг гэж заасан. Жишээлбэл: Есүс Христэд итгэх гэдэг нь бид хүссэн адислалаа хараахан аваагүй ч Түүнд болон Түүний амлалтад итгэх гэсэн үг.
Еврей 11:1, 16
Паул еврей гэгээнтнүүдэд сорилт бэрхшээлээ итгэлтэй даван туулахад туслахын тулд судрууд дахь агуу итгэлтэй хүмүүсийн түүхийг сануулсан.
Еврей 11:4–40
Жишээлбэл: Паул Ноагийн тухай ярьсан. Бурхан Ноад үерээс гэр бүлээ аврахын тулд бүхээг барихыг тушаасан. Ноа бороог хараагүй ч дуулгавартай дагах итгэлтэй байв.
Еврей 11:7
Бурхан Абрахам, Сара хоёрыг илүү сайхан газар луу хөтөлнө хэмээн амласан учраас тэд гэрээсээ явах итгэлтэй байсан тухай Паул ярьжээ. Тэд мөн нас ахисан, хүүхэдгүй байсан хэдий ч тэднийг өнөр гэр бүлтэй болно гэсэн Бурханы амлалтад итгэдэг байсан.
Еврей 11:8–16
Паул мөн Мосегийн эх Иохебедын тухай ярьсан. Тэр Мосег нялх байхад нь хорон муу хаанаас хамгаалахын тулд түүнийг нуух итгэлтэй байсан.
Еврей 11:23
Мосе Египетэд өсжээ. Тэр баян мөн тав тухтай байж болох байсан. Гэхдээ тэрээр Бурханд болон Түүний адислалд итгэдэг байсан учраас бүх зүйлээс татгалзсан.
Еврей 11:24–27
Мосе итгэлтэй байсан учраас Бурханы хүмүүсийг боолчлолоос гаргасан. Тэд бүр Улаан тэнгисийн дундуур хуурай газраар алхан гаталжээ.
Еврей 11:29
Паул мөн Рахабын тухай ярьсан. Тэрээр хотод нь өөр хэн ч Эзэнд итгэдэггүй байсан ч Бурханы ард түмэнд туслах итгэлтэй байсан. Түүний итгэл гэр бүлийг нь аварсан.
Еврей 11:30–31
Паул эдгээр олон итгэлийн жишээ амьдрал хүнд үед ч бидэнд Есүс Христэд итгэх боломжийг олгодог гэж хэлсэн. Бид нүглээ наманчилж, “[бидний] итгэлийг эхлүүлэгч, … төгсгөгч” Есүс рүү харж чадна. Тэрээр Цагаатгал нь агуу баяр баясгалан, эдгэрлийг авчирна гэдгийг мэдэж байсан учраас бидний төлөө үхэхэд бэлэн байсан!
Еврей 12:1–2