Иохан 21; Матай 28:16–20; Марк 16:15–19
Есүс төлөөлөгчдөөс хоньдыг нь тэжээгээсэй гэж хүсдэг
Есүсийн талаар бусдад заах замаар Түүнийг гэх хайраа харуулах нь
Есүсийг амилсны дараа Петр зарим төлөөлөгчийн хамт загас барихаар явжээ. Тэд шөнөжин загасчилсан боловч юу ч барьсангүй.
Иохан 21:1–3
Маргааш өглөө нь шавь нар Есүсийг эрэг дээр харсан ч Түүнийг гэдгийг мэдээгүй. Тэрээр тэднээс загас барьсан уу гэж асуусан. Тэд бариагүй гэж хэлэв.
Иохан 21:4–5
Есүс төлөөлөгчдөд завины баруун талд тороо шидэж, загас барь гэж тушаасан. Төлөөлөгчид Есүсийн хэлсний дагуу хийсэн бөгөөд зуу гаруй загас торыг дүүргэв! Тор нь загастай маш хүнд байсан тул төлөөлөгчид тороо завь руу татах боломжгүй байв.
Иохан 21:6
Тэгээд Иохан тэр хүн хэн болохыг ойлгосон. Тэрээр Петрт “Энэ чинь Эзэн байна” гэж хэлэв. Петр тэнгис рүү үсрэн орж, Есүсийг чиглэн сэлсэн. Бусад төлөөлөгч завь, загасыг эрэг дээр авчирсан. Есүс талх, загасаар хоол хийж байсан бөгөөд төлөөлөгчдийг хамт хооллоход урьсан.
Иохан 21:7–13
Тэднийг хооллосны дараа Есүс Петрээс “Чи намайг эднээс илүү хайрладаг уу?” гэж асуусан. Тэр тийм ээ гэж хариулав. Тэгтэл Тэр түүнд “Хургануудыг минь тэжээ” гэв.
Иохан 21:15
Дараа нь Есүс дахин Петрээс Өөрийг нь хайрладаг уу гэж асуусан. Петр дахин тийм ээ гэж хариулав. Есүс түүнд “Миний хоньдыг тэжээ” гэж хэлсэн.
Иохан 21:16
Есүс гурав дахь удаагаа Петрээс Өөрийг нь хайрладаг уу гэж асуув. Петр хэлэхдээ, “Эзэн! Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ” гэв. Есүс түүнд дахин “Хоньдыг минь тэжээ” гэж хэлсэн. Тэрээр Петрээс Есүсийг дагадаг хүмүүст анхаарал тавихыг хүссэн.
Иохан 21:17
Дараа нь Есүс төлөөлөгчдөөсөө ууланд Өөртэй нь уулзаасай гэж хүссэн. Тэнд Тэрээр тэдэнд Өөрийнх нь сайн мэдээг дэлхий даяар хуваалцах, хүмүүст Түүний зарлигуудыг заах, итгэсэн бүх хүнд баптисм хүртээхийг тушаасан. “Та нар Миний гэрч болно” гэж Тэрээр хэлсэн. Тэр тэдэнтэй хамт байж, Ариун Сүнсээр дамжуулан хүч өгөхөө амласан.
Матай 28:16–20; Марк 16:15–19; Үйлс 1:8
Тэгээд Есүс үүл хөлөглөн тэнгэр өөд дээшилсэн. Тэрээр Тэнгэр дэх Эцэг рүүгээ буцсан. Төлөөлөгчид Түүнийг явахыг харж байх үед хоёр тэнгэр элч гарч ирэв. Тэд Есүсийг тэнгэр өөд дээшилсэн шигээ нэгэн өдөр мөн адил дэлхий рүү буцаж ирнэ гэж хэлсэн.
Үйлс 1:9–11