Матай 21:1–16
Есүс Иерусалим руу мордсон нь
Хүмүүс Аврагчаа угтан авав
Энэ бол Дээгүүр өнгөрөх баяр буюу иудейчүүдийн чухал баяр ойртсон цаг үе байв. Олон хүн Дээгүүр өнгөрөх баяраар Иерусалим руу явав. Есүс болон Түүний шавь нар ч бас явжээ. Хүмүүс Түүнийг ирж байгааг сонсоод, уулзахаар очив.
Матай 21:1; Иохан 12:12–13
Иерусалимд ойртож ирээд, Есүс шавь нараасаа илжиг авчирч өгөхийг хүссэн. Олон жилийн өмнө нэг бошиглогч Аврагч залуу илжиг унан, даруухнаар ирнэ гэж хэлсэн байв.
Матай 21:1–7; ба Зехариа 9:9-ийг үзнэ үү.
Тэрээр хотод илжиг унасаар орж иржээ. Хүмүүс Түүнийг харсандаа маш их баяртай байлаа. Тэд Түүнийг хаан шиг угтан авчээ. Тэд газарт далдуу модны мөчир, хувцсаа тавьсан ба Есүс дээгүүр нь илжигтэйгээ гарч явав. Тэд Бурханд талархаж, “Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилын Хаан ерөөлтэй еэ!” гэж хашхиралдав.
Матай 21:8–9; Лук 19:36–38; Иохан 12:13
Иерусалимд байсан олон хүн юу болж байгааг гайхан, “Энэ хэн билээ?” гэцгээв. Бусад нь Түүнийг Назарын Есүс байгаа юм гэж хариуллаа.
Матай 21:10–11
Дараа нь Есүс ариун сүм рүү явжээ. Тэнд зарим хүн мөнгө сольж, тахил өргөх амьтдыг зарж байв. Есүс тэднийг шударга бус байсныг мэдэж байлаа.
Maтай 21:12
Тэд ариун сүмд шүтэн бишрэхийг хүссэн хүмүүсээс мөнгө авч, худалдаа хийж байгаад Есүс дургүйцэв. Тэр тэднийг ариун сүмээс хөөн гаргаж, ширээг нь хөмөрсөн. Тэр тэдэнд “Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгож байна гэв.
Матай 21:12–13; ба Исаиа 56:7; Иеремиа 7:11-ийг үзнэ үү.
Сохор эсвэл алхаж чадахгүй хүмүүсийг ариун сүмд Есүс дээр ирэхэд Тэр тэднийг эдгээжээ. Хүүхдүүд “Хосанна” хэмээн хашхиралдаж, Есүсийг магтан, Түүнийг Аврагч гэцгээж байв.
Матай 21:14–15
Тахилч, хуулийн багш нарын зарим нь Есүсийн юу хийснийг хараад, бас хүүхдүүдийн хэлж байгааг сонсоод, зэвүүцэн уурласан. Есүс тэдэнд Бурхан хүүхдүүдийн аманд төгс магтаалыг бэлдсэн байдаг гэсэн судрыг сануулсан.
Матай 21:15–16; мөн Дуулал 8:2-ыг үзнэ үү.