Марк 14–15; Лук 22–23; Иохан 18–19
Есүсийг баривчиллаа
Бурханы Хүүг шүүж байгаа нь
Есүсийг Гетсеманид залбирч, зовж шаналсны дараа Иудас олон иудей харуултай хамт ирэв. Иудас төлөөлөгчдийн нэг байжээ. Тэрээр Есүсийг энэ цэцэрлэг рүү байнга явдаг гэдгийг мэддэг байв. Еврей удирдагчид Иудаст Есүсийг олоод, Түүнийг авч явахдаа туслуулахын тулд мөнгө төлсөн байв.
Иохан 18:2–3
Харуулууд Есүсийг авч явах гэж оролдож байх үед Петр сэлэм гаргав. Тэрээр тэргүүн тахилчийн зарцын чихийг тас огтлов.
Иохан 18:10
Есүс Петрт илдээ хуйнд нь хий гэж хэлэв. Есүс Эцэгийнхээ хүссэн зүйлийг хийх хэрэгтэй байна гэжээ.
Иохан 18:11
Есүс зарцын чихэнд хүрч, эдгээв.
Лук 22:51
Харуулууд Есүсийг тэргүүн тахилчийн гэрт аваачив. Бусад иудейчүүдийн удирдагч ч мөн тэнд байлаа. Тэд Есүсийг цаазлуулах шалтгаан олохыг хүссэн байв. Тэд Түүний тухай худал хэлэх хүмүүсийг авчирчээ.
Марк 14:53–61
Эцэст нь, тэргүүн тахилч Есүсээс Бурханы Хүү мөн үү гэж асуусан. Есүс “Би мөн” гэж хэлэв.
Марк 14:61–62
Ийн хэлсэн нь тэргүүн тахилч болон бусад удирдагчийн уурыг хүргэв. Тэд Есүсийг цохиж, нулимж, шоолж байсан. Тэд Түүнийг алах ёстой гэдэгтэй санал нийлжээ.
Марк 14:63–65
Есүсийг тэргүүн тахилчийн гэрт байх үед Петр гадаа нь хүлээж байв. Тэрээр дулаацахаар галын дэргэд суусан. Хүмүүс Петрийг Есүсийн шавь нарын нэг гэж таньсан болохоо гурвантаа хэлсэн. Гэвч тэр болгонд нь Петр Есүсийг мэдэхгүй гэж хэлж байв.
Марк 14:54, 66–71
Дараа нь тахиа донгодож, Петр Өөрийг нь гурван удаа үгүйсгэнэ гэж Есүсийн хэлсэн үгийг санав. Петр асгартал уйлаад, холдон явав.
Марк 14:72
Иудейчүүдийн удирдагчид Есүсийг Ромын захирагч Пилат руу авч явсан. Олон хүн цугласан байв. Удирдагчид Пилатаас Есүсийг цаазлахыг хүссэн. Тэд Пилатад Есүс Өөрийгөө иудейчүүдийн хаан гэж нэрлэсэн гэжээ.
Марк 15:1–3; Лук 23:2; Иохан 18:28–31
Пилат Есүсээс иудейчүүдийн хаан юм уу гэж асуув. Есүс хариуд нь “Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ” гэжээ. Тэрээр хүмүүст үнэнийг заахаар энэ дэлхийд ирсэн гэдгээ тайлбарлав.
Иохан 18:33–37
Пилат Есүсийг буруу зүйл хийсэн гэдэгт итгэхгүй байгаагаа хэлсэн. Гэхдээ олон хүн "Түүнийг цовдол" гэж хашхиралдлаа. Пилат тэдний хүссэнээр Есүсийг алуулахаар шийдсэн.
Марк 15:12–14; Лук 23:14–24