Судрын түүхүүд
Корнел ба түүний найзууд Ариун Сүнсийг хүлээн авсан нь—Сайн мэдээ хүн бүрд зориулагдсан


Үйлс 10

Корнел ба түүний найзууд Ариун Сүнсийг хүлээн авсан нь

Сайн мэдээ хүн бүрд зориулагдсан

Корнел гэр бүлийнхээ хамт тусламж хэрэгтэй хүнд тусалж байгаа нь.

Корнел бол Ромын цэргийн удирдагч байв. Тэр ба түүний гэр бүл Бурханд итгэдэг байсан ч тэд иудей үндэстэн биш мөн Есүс Христийн тухай мэддэггүй байв. Корнел өөрт байсан зүйлсээ ядуустай хуваалцаж, Бурханд байнга залбирдаг байжээ.

Үйлс 10:1–2

Тэнгэр элч Корнелд үзэгдэж байгаа нь.

Нэг өдөр Корнелыг мацаг барьж, залбирч байхад нэгэн тэнгэр элч түүн дээр ирэв. Тэнгэр элч “Залбирал чинь Бурханы өмнө дурсгагдав” гэж хэлэв. Бурхан түүний сайхан сэтгэлийг харсан байжээ. Тэнгэр элч Корнелд Иоппа хэмээх хотод байгаа төлөөлөгч Петрийг олж уулзахыг хэлэв. Петр Корнелд юу хийхийг нь зааж өгөх байлаа.

Үйлс 10:3–6, 30–32

Корнел зарц нартаа Петрийг олохыг тушааж байгаа нь.

Корнел зарц нартаа тэнгэр элчийн хэлсэн зүйлийг ярьж өгөв. Тэрээр Петрийг урьж залахаар тэднийг Иоппа руу илгээв.

Үйлс 10:7–8

Петр өвдөг сөгдөн залбирч байгаа нь.

Иоппад Петр байшингийн дээвэр дээр залбирч байв. Тэрээр өлсөж, хоол идэх гэж байхдаа гэнэт нэгэн үзэгдэл харжээ.

Үйлс 10:9–10

Петр үзэгдэл харж байгаа нь.

Петр тэнгэрээс бүх төрлийн амьтан, шувуудаар дүүрэн том бүтээлэг бууж ирэхийг харав. Дараа нь Петр тэр амьтдыг идэхийг тушаасан дуу хоолойг сонсов. Гэтэл тэр нь иудейчүүдийн идэхийг цээрлэдэг амьтад байв. Мосегийн хуулинд тэдгээрийг бузар гэж заасан байжээ. Петр идэхийг хүссэнгүй.

Үйлс 10:11–14

Петр энэхүү үзэгдлийг дахин харж байгаа нь.

Бурханы цэвэр болгосон зүйлийг бузар гэж хэлж болохгүй гэж мөнөөх дуу хоолой хэлэв. Үзэгдэл гурван удаа давтагдав. Петр энэ нь ямар утгатай болохыг гайхаж байв.

Үйлс 10:15–17

Сүнсний дуу хоолой Петрт Корнелын зарц нартай уулзахыг хэлж байгаа нь.

Яг тэр үед Сүнс Петрт гурван хүн түүнийг хайж байгааг хэлэв. “Тэдэн дээр оч. Учир нь Би тэднийг илгээв” гэж Сүнс хэлжээ.

Үйлс 10:16–21

Петр Корнелын зарц нартай ярилцаж байгаа нь.

Тэр гурван хүн бол Корнелын зарц нар байв. Тэд Петрт Корнелын харсан тэнгэр элчийн тухай ярьж, түүнд очиж заана уу хэмээн Петрийг урив. Иудейчүүд ихэвчлэн иудей бус хүмүүсийн гэрт ордоггүй байсан бөгөөд төлөөлөгчид тэдэнд сайн мэдээг заадаггүй байв. Гэвч Петр үзэгдлээ санаж, явахаар шийдэв.

Үйлс 10:22, 28

Петр Корнел ба түүний гэр бүл, найз нөхөдтэй уулзаж байгаа нь.

Петрийг ирэхэд Корнел олон найз нөхөд, гэр бүлийнхээ хамт түүнийг хүлээж байв. Тэрээр тэд Бурхан түүнд тушаасан болгоныг сонсоход бэлэн байгааг Петрт хэлэв.

Үйлс 10:26, 33

Петр Есүс Христийн тухай зааж байгаа нь.

Бурхан үзэгдлээр дамжуулан түүнд юу заасныг Петр одоо ойлгожээ. Бурхан аль нэг үндэстэн эсвэл бүлэг хүнийг нөгөөгөөс нь илүү хайрладаггүй гэдгийг Петр бүгдэд хэлэв. Бурхан Өөрийг нь дагаж, зөв зүйлийг хийдэг хэнийг ч болов хүлээн авдаг. Петр Корнелд болон түүний гэр бүл, найз нөхдөд Есүс Христийн тухай заав.

Үйлс 10:34–43

Петр Корнелын гэр бүл, найз нөхдөд баптисм хүртээж байгаа нь.

Түүнийг заахыг сонсож байсан хүн бүр дээр Ариун Сүнс буув. Петр тэднийг Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг урилаа. Петр Есүс Христийн Сүм Бурханы бүх хүүхдэд нээлттэй гэдгийг мэдэж авсан юм. Есүс Христийн сайн мэдээг хүн бүрд тунхагласан.

Үйлс 10:44–48