Судрын түүхүүд
Паул Сүмийг Христийн биетэй зүйрлэсэн нь—Сүнслэг бэлэг, эв нэгдэл, хайрын тухай сургаал


1 Коринт 12–13

Паул Сүмийг Христийн биетэй зүйрлэсэн нь

Сүнслэг бэлэг, эв нэгдэл, хайрын тухай сургаал

Захидал бичиж буй Паулын ард Коринтын хүмүүс байна

Коринт хөл хөдөлгөөн ихтэй том хот байсан. Есүс Христийн Сүмийн олон гишүүн тэнд амьдардаг байв. Гэхдээ тэд бүгд өөр өөр газраас ирсэн, бие биеэсээ огт өөр байв. Паул тэднийг нэгдмэл байж, нэг нэгийнхээ сайн талыг хардаг байгаасай гэж хүссэн. Тэгээд тэр тэдэнд захидал бичсэн.

1 Коринт 1:11–13

Коринт дахь Бурханы өөр өөр бэлэг бүхий хүмүүс

Паул захидалдаа гэгээнтнүүд бүгд Бурханы онцгой авьяастай гэж тэдэнд бичсэн. Зарим хүн итгэлийн авьяастай байв. Өөр зарим нь гайхамшиг үйлдэх авьяастай байсан. Зарим нь ухаалаг, зарим нь бусдыг эдгээж чаддаг байжээ. Зарим хүн өөр өөр хэлээр ярьж чаддаг байв. Бүх гэгээнтэн өөр өөр бэлэгтэй байсан ч тэр бүх бэлэг Бурханаас ирсэн.

1 Коринт 12:3–11, 29–30

Коринт хотын хүмүүс баптисм хүртэж байгаа нь

Паул гэгээнтнүүд хоорондоо өөр өөр байсан хэдий ч Есүст итгэх итгэл нь тэднийг нэгтгэсэн гэж заасан. Тэд Есүсийн сургаалыг дагаж, баптисм хүртэж, Түүний Сүмд нэгдэхээр шийдсэн үедээ нэгэн бүлэг болж, Есүс Христэд нэгдсэн.

1 Коринт 12:27

Хоёр хүн талх хуваалцаж, хоёр хүн хамт алхаж, нэгэн ээж хүүхдүүдийнхээ хамт байгаа нь.

Паул Сүм бол толгой, гар, хөлтэй бие шиг гэж хэлсэн. Биеийн эрхтэн бүр өөр өөр зүйл хийдэг. Чих нүднээс ялгаатай учраас таагүй санагдах ёсгүй. Толгой нь хөлдөө “Надад та нар хэрэггүй” гэж хэлж чадахгүй. Бүх эрхтэн чухал бөгөөд бүгд хамтран ажилладаг.

1 Коринт 12:12–14

Коринт хотын хүмүүс цугларсан байгаа нь

Паул Коринт дахь гэгээнтнүүдийг “Христийн бие” гэж нэрлэсэн. Тэр тэднийг биеийн өөр өөр эрхтэн шиг хамтран ажиллаж, өөр өөр авьяасаараа бие биедээ тусалж, адислаасай гэж хүссэн.

1 Коринт 12:15–27

Паул захидал бичиж, Есүс хүнд талх өгч байгаа нь

Үүнийг хийхийн тулд хүмүүст маш онцгой хайр хэрэгтэй байсан бөгөөд үүнийг энэрэл гэж нэрлэдэг. Энэ бол Есүс Христийн хүн бүрийг гэх хайр юм. Паул энэрэл гэдэг нь бусдад, бүр муу хүнд ч тэвчээртэй хандах гэсэн үг гэж хэлсэн. Энэ нь бүдүүлэг, хувиа хичээхгүй эсвэл атаархахгүй байх гэсэн үг. Энэ нь үнэнийг хайрлаж, найдвартай байх гэсэн үг.

1 Коринт 13:1–7; Моронай 7:47

Нэгэн эрэгтэй эмэгтэйд талх өгч байгаа нь

Паул Коринт дахь гэгээнтнүүдэд хайр үүрд оршдог гэж хэлсэн. Бидэнд өөр ямар ч бэлэг байсан хамаагүй бид бүгдэд энэрэл байх хэрэгтэй. Бид Тэнгэрлэг Эцэгээс бүх зүрх сэтгэлээрээ гуйж, Есүс Христийн жинхэнэ дагалдагч байхыг хичээвэл бид энэрэлтэй байж чадна.

1 Коринт 13:1–3, 8; Моронай 7:48