Судрын түүхүүд
Жаксоны гэр бүл


“Жаксоны гэр бүл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Жаксоны гэр бүл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1856 оны 5-р сараас 11-р сар

Жаксоны гэр бүл

Итгэл, авралын аян зам

Жаксоны гэр бүл Английн Ливерпүүлд усан онгоцонд сууж байгаа нь.

Эхний бүлэг гэгээнтнийг Солт Лэйкийн хөндийд ирсний дараа мянга мянган гэгээнтэн мөн аян замд гарчээ. Тэд урт замыг туулсан бөгөөд Их Эзэн тэдэнд тусалсан юм. Энэ аян замд гарсан нэг гэр бүл бол Жаксоны гэр бүл байлаа. Тэд Англи дахь гэр орноо орхин, гэгээнтнүүдэд Сионыг барихад нь туслахаар явж байгаадаа баярлаж байв.

Сургаал ба Гэрээнүүд 136:1–11; Saints, 2:222–223

Жаксоныхон усан онгоцоор аялж байгаа нь.

Жаксоныхон усан онгоцоор далайг гаталжээ. Дараа нь тэд Солт Лэйкийн хөндийд хүрэх замынхаа хагасыг галт тэргээр явав. Харин үлдсэн замаа явганаар туулах хэрэг гарчээ.

Saints, 2:222–223

Жаксоныхон гар тэрэгтээ эд зүйлсээ ачиж байгаа нь.

Тэд хоол хүнс, хувцас хунар болон авчрах гэсэн бусад эд юмсаа зөөх жижигхэн гар тэрэг хийв. Олон гэгээнтэн ийм арга замаар хөндийд эсэн мэнд хүрч чаджээ.

Saints, 2:223–226

Жаксоныхон гар тэргээрээ өрнөд рүү аялж байгаа нь.

Элизабэт, Аарон Жаксон хоёр хүнд тэргээ чирж, тэдний хүүхдүүд болох Марта, Мэри, Бага Аарон нар алхав. Энэ нь амаргүй байлаа. Тэд өвөл болохоос өмнө хөндийд хүрнэ гэж найдаж байв. Гэвч намар болоход тэдэнд мөн л туулах ёстой маш урт үлдсэн хэвээр байлаа. Хүйтний эрч чангарч, хоол хүнс нь дундрав.

Saints, 2:223–226, 229, 231–232

Бригам Янг өрнөд рүү аялж буй гэгээнтнүүдэд туслахыг Солт Лэйкийн гэгээнтнүүдээс хүсжээ.

Солт Лэйк Ситид байхдаа Бригам Янг хөндийг зорин ирж байгаа гэгээнтнүүдийн талаар олж мэдэв. Тэр тэдний төлөө санаа зовж, маргааш нь сүм дээр эдгээр гэгээнтэн хүнд бэрхшээлтэй тулгарсан байгааг хүн бүрд хэлжээ. Тэр тэднээс гэгээнтнүүдэд хэрэгцээтэй зүйлсээр тэрэгнүүдээ дүүргэхийг хүссэн юм. “Явж, тэр хүмүүсийг авчирцгаая” гэж тэр хэлжээ.

Saints, 2:229–230

Солт Лэйкийн гэгээнтнүүд өрнөд рүү аялж байгаа гэгээнтнүүдэд туслах эд зүйл цуглуулж байгаа нь.

Цуглаанд ирсэн эмэгтэйчүүд дулаан оймсоо тайлж, морин тэргэнд хийв. Бусад нь хоол хүнс, хөнжил, гутал, хувцас өглөө. Хоёр өдрийн дараа 20 морин тэрэгтэй 50 гаруй хүн тусламж хүргэхээр хөндийг орхин явав.

Saints, 2:230

Аарон Жаксон болон бусад гэгээнтэн Хойд Платтэ мөрнийг гаталж байгаа нь.

Жаксоны гэр бүлийг алхаж байхад цас орж эхэллээ. Аарон маш хүнд өвдөж, алхаж явах ч хэцүү болов. Гэгээнтнүүд хөлдсөн голыг гатлах хэрэгтэй болсон нь Аароны биеийг улам бүр доройтуулж, тэр шөнөө Аарон нас баржээ. Харамсалтай нь, гэр бүл нь түүнгүйгээр явах болсон юм.

Saints, 2:232–234

Жаксоны гэр бүл бусад гэгээнтний хамт гар тэргүүдээ цасан дундуур чирж байгаа нь.

Маргааш өглөө нь дахин цас орж газрыг бүрхсэн байлаа. Жаксоны гэр бүл бусад гэгээнтний хамт гар тэргүүдээ цасан дундуур чирэв. Тэд Бурхнаас тусламж гуйн өдөр бүр залбирч байлаа.

Сургаал ба Гэрээнүүд 136:29; Saints, 2:234–235

Элизабэт Жаксон нөхрөө зүүдэлж байгаа нь.

Нэг орой Элизабэт хүүхдүүдийнхээ төлөө санаа зовж байлаа. Тэд өлсөж, даарсан байв. Тэд Солт Лэйкийн хөндийд хүрч чадах болов уу? Тэр нойрондоо автан дуг хийхдээ Аароныг зүүдэндээ харжээ. Тэр “Өөдрөг бай, Элизабэт” гээд, тусламж ирж байгааг түүнд хэлэв.

Saints, 2:235–236

Гэгээнтнүүдэд туслахаар хүмүүс ирж байгаа нь.

Аароны зөв байлаа. Удалгүй Солт Лэйкээс эрчүүд морин тэрэгнүүдтэй ирж, гэгээнтнүүдэд хоол хүнс, хувцас хунар өгөв. Гэгээнтнүүд баярлан, инээлдэж, эрчүүдийг чанга тэвэрч мөн дуулал дуулан, залбиралд нь хариулсанд Тэнгэрлэг Эцэгтээ талархжээ.

Сургаал ба Гэрээнүүд 136:28; Saints, 2:236

Аялж байсан гэгээнтнүүд эцэст нь Солт Лэйкийн хөндийд хүрч ирэв.

Тэднийг хөндийд ирэхэд ням гараг болж байлаа. Бригам Янг Солт Лэйк Сити дэх Сүмийн гишүүдэд сүмдээ явахын оронд ирсэн гэгээнтнүүдийг халуун дотноор хүлээн авах хэрэгтэй гэж хэлэв. Тэд даарч хөрч, ядарч туйлдсан гэгээнтнүүдийг угтан авч, гэр орондоо урьж, байлгажээ.

Saints, 2:239–240