“Иосеф, Хайрум хоёр сайн мэдээний төлөө амиа өгөв,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Иосеф, Хайрум хоёр сайн мэдээний төлөө амиа өгөв,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1844 оны 3-р сараас 6-р сар
Иосеф, Хайрум хоёр сайн мэдээний төлөө амиа өгөв
Бошиглогч нас барсан ч Их Эзэний ажил үргэлжлэв
Иосеф Смитийн санаа зовж байлаа. Түүнийг нас барвал Сүмд юу тохиолдох бол? Тэр Их Эзэний ажил цаашид үргэлжлэх болно гэдэгт итгэлтэй байхыг хүсжээ. Тиймээс тэр төлөөлөгчдийг цуглуулан, Есүс Христийн өөрт нь өгсөн санваарын түлхүүрүүдийг тэдэнд өглөө. Ингэснээр төлөөлөгчид Их Эзэний Сүмийг удирдаж, Түүний ажлыг хийх боломжтой болох байлаа. Үүний ачаар Иосефын сэтгэл санаа тайвширчээ.
Гэгээнтнүүд, 1:519–520
Гэвч Иосефт уурласан олон хүн байсан юм. Зарим нь бүр түүнийг алахыг хүсэж байлаа. Тэдэнд түүний заасан зүйлс таалагдаагүй юм. Тэд илүү олон хүнийг Иосеф болон Сүмийн эсрэг уурлуулахын тулд сонинд түүний тухай бичсэн байв. Тэдний зарим нь Науву руу дайрахыг хүссэн аж.
Гэгээнтнүүд, 1:526–528, 530–532, 533–534
Иосеф болон Наувугийн бусад удирдагчид үзэн ядалтыг намжаахын тулд хэвлэх газрыг устгуулсан байна. Энэ нь хүмүүсийг бүр ч их уурлуулсан юм. Иосеф хууль зөрчсөн эсэхийг шүүгчээр шийдвэрлүүлэхийн тулд хотын захирагч түүнийг Картейж хот руу яв гэжээ. Иосеф Картейж руу очвол хүмүүс түүнийг ална гэдгийг мэдэж байлаа.
Сургаал ба Гэрээнүүд 135:4; Гэгээнтнүүд, 1:533–537, 539–541
Гэвч Иосеф гэгээнтнүүдийг аюулгүй байлгахыг хүссэн юм. Хэрэв тэр Картейж руу явбал хүмүүс Наувуд байгаа гэгээнтнүүдийг тайван орхиж магадгүй байлаа. Иосеф явахаар шийдэв. Тэр Эммаг болон хүүхдүүдээ адисалж, баяртай гэж үнсээд, Картейж руу явлаа.
Гэгээнтнүүд, 1:542–544
Иосефын ах Хайрум түүнтэй хамт явав. Жон Тейлор, Виллард Ричардс болон бусад найзууд нь ч мөн явжээ. Иосеф явах замдаа морио зогсоогоод, Науву руу эргэж харав. Тэр “Энэ бол тэнгэрийн доорх хамгийн сайхан газар, хамгийн сайн хүмүүс” гэж хэлсэн аж.
Гэгээнтнүүд, 1:543–545
Тэднийг Картейжид ирэхэд нь шоронд хийжээ. Хайрум шоронд байхдаа тэдэнд Мормоны Номоос уншиж өглөө. Иосеф харгалзагчдад Мормоны Ном үнэн гэдгийг хэлэв.
Гэгээнтнүүд, 1:546
Жон Тейлор найз нараа тайтгаруулахын тулд Есүсийн тухай дууллыг дуулжээ. Тэр үнэхээр сайхан дуулсан ба Хайрум түүнээс дахиад дуулахыг хүсэв.
Гэгээнтнүүд, 1:549
Тэр өдрийн оройхон уурлаж хилэгнэсэн буутай хүмүүс шорон руу дайран орж ирлээ. Тэд хаалгыг түлхэж, Иосеф болон түүний найзуудын байсан өрөө рүү буудаж эхлэв. Жон Тейлор хүнд бэртжээ. Харин Хайрум, Иосеф хоёр алагдсан юм.
Сургаал ба Гэрээнүүд 135:1–2; Гэгээнтнүүд, 1:550–552
Гэгээнтнүүд Иосеф, Хайрум хоёрыг нас барсныг мэдээд маш ихээр гашуудав. Гэвч бошиглогчийг алсан нь Сүмийг зогсоохгүй гэдгийг тэд мэдэж байлаа. Энэ бол Аврагчийн Сүм бөгөөд Тэр Сүмээ цаашид удирдах байв. Сүм өсөж хөгжин, дэлхий даяарх Бурханы хүүхдүүдийг адисалсаар байх болно.
Гэгээнтнүүд, 1:553–559