”Элайжа Эйбл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
”Элайжа Эйбл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1838 он
Элайжа Эйбл
Итгэл ба эр зоригийн номлол
Их Эзэн Элайжа Эйбл хэмээх эрийг номлолд дууджээ. Элайжа Юнис болон Чарльз Франклин нарт Есүс Христийн сайн мэдээний тухай заав. Тэр тэдэнд Мормоны Ном ба бошиглогч Иосеф Смитийн талаар заасан юм. Юнис, Чарльз хоёр түүний заасан зүйлд итгэсэн бөгөөд Сүмд нэгдэхийг хүсжээ. Элайжа тэдэнд баптисм хүртээв.
Гэгээнтнүүд, 1:316
Элайжа өөр хотод сайн мэдээг хуваалцахаар явжээ. Хэдэн сарын дараа нэгэн шөнө тэрээр найз Юнисийнхээ тухай зүүд зүүдэлжээ. Зүүдэнд нь Юнис Мормоны Ном үнэн эсэх, эсвэл Иосеф Смит бошиглогч мөн гэдэгт эргэлзэж байв. Элайжа сэрээд шууд Юнистэй уулзахаар эргэн явлаа.
Сургаал ба Гэрээнүүд 75:27; Гэгээнтнүүд, 1:315–16
Элайжаг үүдэнд нь зогсож байхыг хараад Юнис ихэд гайхжээ! Элайжагийн зүүд зөв байлаа. Юнис Мормоны Номонд болон Иосеф Смитэд итгэхээ больсон байв.
Гэгээнтнүүд, 1:317
Элайжа Юнисийг сургууль дээр ирж, номлолыг нь сонсохыг хүслээ. Элайжагийн үгсийг сонсоод Юнис Ариун Сүнсийг дахин мэдэрчээ. Тэр сайн мэдээ үнэн гэдгийг мэдэж байв!
Гэгээнтнүүд, 1:317
Элайжа Юнисд хоёр 7 хоногийн дараа дахин ирж номлоно гэж амлажээ. Гэвч хотын зарим хүмүүс түүнийг буцаж ирэхийг хүсэхгүй байв. Элайжаг явсны дараа тэд түүнийг хүн алсан хэмээн хүн болгонд ярьж эхлэв. Тэд түүнийг олсон хүнийг шагнахыг санал болгож байлаа.
Гэгээнтнүүд, 1:318
Хүмүүс Элайжагийн талаар худал ярьж байгааг Юнис мэдэж байв. Тэр хэнийг ч алаагүй байжээ. Тэр сайн хүн бөгөөд Бурханы үйлчлэгч байсан юм. Тэдний худал хуурмаг үгс Элайжаг хотод нь номлохоор ирэхэд саад болохгүй гэдгийг тэр мэдэж байв. Юнис Элайжаг буцаж ирнэ гэдгийг хүмүүст хэллээ. “Бурхан түүнийг хамгаалах болно“ гэж тэр хэлэв.
Гэгээнтнүүд, 1:318
Элайжа эргэн ирэв. Тэрээр урьд нь номлож байсан сургуульдаа ирлээ. Тэнд түүнийг баривчлахыг хүссэн хүмүүсээр дүүрсэн байв. Элайжа олны өмнө зогсов. Хэрэв тэд түүнийг баривчлахыг хүсвэл зааж эхлэхээс нь өмнө яг одоо баривчлах хэрэгтэй гэж тэр хэлжээ. Хэрэв үгүй бол түүнд номлохыг нь зөвшөөр гэв.
Гэгээнтнүүд, 1:318
Хэн ч хөдөлсөнгүй. Элайжа хүлээж байсан ч, цугласан олон чимээгүй сууцгаав. Элайжа дуулал дуулж, залбирал хэлээд, Есүс Христийн сайн мэдээг заав. Бурханы хүч түүнтэй хамт байлаа. Тэр зааж дуусаад найз Юнис, Чарльз хоёртойгоо ярилцаж, номлолоо амар тайвнаар үргэлжлүүлсэн билээ.
Гэгээнтнүүд, 1:319