2025
Ахлагч Роналд М.Барсэллос
2025 оны 5-р сар


“Ахлагч Роналд М.Барсэллос”, Лиахона, 2025 оны 5-р сар

Ахлагч Роналд М.Барсэллос

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Роналд М.Барсэллос 12 настайдаа Мормоны Номыг анх удаа уншжээ. Тэр уншиж дуусаад, тойргийнхоо семинарын багш руу очин, семинарын хичээлд сууж болох уу гэж асуусан гэдэг.

“Би семинарт сууж, Библи болон Мормоны Номын түүхүүдийг сонсох дуртай байсан учраас 12-оос 18 нас хүртлээ семинарт явсан. Би сайн мэдээнд үргэлж хайртай бөгөөд үнэн гэдгийг нь мэддэг байсан” гэж тэр хуваалцсан юм.

Хожим номлолд үйлчилсэн нь түүний итгэлийг бэхжүүлсэн бөгөөд тэр сайн мэдээг амьдралдаа үргэлж эн тэргүүнд тавихаа тангараглажээ.

“[Тэнгэрлэг Эцэгтэй] ойр байж, гэрээнүүддээ хүндэтгэлтэй ханд, тэгвэл чамд зориулсан Түүний төлөвлөгөө биелэх болно” гэж тэр хэлжээ.

Роналд Малдонадо Барсэллос 1975 оны 11 сарын 4-нд Бразил улсын Сан Пауло хотод Сэргио Барсэллос Силвэйра, Марсия Малдонадо Барсэллос Силвэйра нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1999 оны 12-р сарын 4-нд Бразилын Сан Паулогийн ариун сүмд Карин Спат Албино Барсэллос Силвэйратай гэрлэсэн. Тэд гурван хүүхэдтэй.

Ахлагч Барсэллос Сан Пауло дахь Сан Маркосын Их Сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцжээ. Тэр мэргэжлээрээ хэд хэдэн компанид борлуулалт, маркетингийн албан тушаалд ажиллаж, бизнес эрхэлж байв. Тэрээр GreenMile LLC зэрэг хэд хэдэн бизнесийг хамтран үүсгэн байгуулж, хэдэн жилийн турш гүйцэтгэх захирлаар нь ажиллажээ.

Саяхан ахлагч Барсэллос Португалын Лисбон номлолын ерөнхийлөгчийн үйлчлэлээ дуусгасан. Мөн тэр гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, дээд зөвлөлийн гишүүн, гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, бишоп, бишопын зөвлөх, дээд пристүүдийн бүлгийн удирдагч, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, семинарын багшаар тус тус үйлчилсэн.