“Ахлагч Аарон Т.Холл”, Лиахона, 2025 оны 5-р сар
Ахлагч Аарон Т. Холл
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Аарон Т.Холл эхнэр Кимбэрлитэйгээ Тэксасын Хюүстон Өмнөд номлолын удирдагчаар томилогдсон үеэ мартдаггүй ажээ. Тэд мэгдэн сандрахаас авхуулаад догдлон баярлах хүртэл олон янзын мэдрэмж авсан тухайгаа Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарт ярьжээ. Ахлагч Бэднар талархалтай байхын ач тусын талаар тайлбарласан гэдэг.
“Хүлээн авч буй ямар ч дуудлагадаа ‘Бид зүгээр л талархалтай байдаг’ гэж түүний заасан зүйл миний бодлоос хэзээ ч гардаггүй. Ямар учир шалтгаанаар Их Эзэн намайг сонгосон юм бол гэсэн бодол танд төрж болох ч юутай ч Тэр сонгон дууддаг гэсэн гэрчлэл бидэнд бий. Бид хүсэлтэй, боломжтой байх аваас Тэрээр биднийг чадавхжуулах болно” гэж тэр хуваалцсан юм.
Аарон Трэйси Холл 1971 оны 3-р сарын 4-нд Юта мужийн Прово хотод Алан Южийн Холл, Пола Жийн Новак Холл нарын хүү болон мэндэлжээ. Тэрээр Чилийн Осорно номлолд бүрэн цагийн номлолд үйлчилсэн бөгөөд дараа нь 1993 оны 12-р сарын 28-нд Юта мужийн Логан ариун сүмд Кимбэрли Вэйд Холлтой гэрлэжээ. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх.
Ахлагч Холл энэхүү дуудлагад дуудагдах үедээ Юта бүсэд Бүсийн далаар үйлчилж байв. Тэрээр гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, дээд зөвлөлийн гишүүн, гадасны гүйцэтгэх нарийн бичиг, бишоп, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилсэн.
Ахлагч Холл Вибэр Стэйт Их Сургуульд борлуулалтын мэргэжилтнээр бакалаврын зэрэг, Ютагийн Их Сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Өмнө нь технологи болон хувийн хөрөнгийн компаниудын гүйцэтгэх захирал байсан тэрээр хамгийн сүүлд Сүмийн Номлолын албанд захирлаар ажиллаж байжээ.