2025
Таны наманчлал Есүс Христэд ачаа дарамт бус баяр баясгалан мэдрүүлдэг
2025 оны 5-р сар


11:44

Таны наманчлал Есүс Христэд ачаа дарамт бус баяр баясгалан мэдрүүлдэг

Наманчлах урилга бол Бурханы хайрын илэрхийлэл юм. Энэ урилгыг хүлээн авах нь бидний хайрын илэрхийлэл болдог.

Хэдэн жилийн өмнө би Флорида руу явсан аяллынхаа үеэр ном уншин гадаа сууж байлаа. Номны гарчиг нь бид одоо төгс биш ч тэнгэрт хүрэх боломжтой гэсэн утгатай байв. Хажуугаар алхаж явсан нэгэн эмэгтэй: “Та үүнийг боломжтой гэж бодож байна уу?” гэж асуухад

би өндийн түүн рүү гайхан харахдаа миний уншиж байсан номын тухай асуусныг нь ойлгосон юм. Би түүнд: “Тэр талаар өгүүлсэн хэсэгт нь би хараахан хүрээгүй л байна. Хүрчхээд танд хэлье” гэсэн тэнэг ч юм шиг хариулт өгч билээ.

Би цаг хугацааг ухраан буцаж очоод, түүнд: “Тийм ээ, боломжтой!” гэж хэлж чаддаг ч болоосой! Учир нь диваажин бол төгс байсан биш харин өршөөгдөж, Христийг ахин дахин сонгосон хүмүүст зориулсан газар билээ.

“Наманчлал болон өршөөл надаас бусад хүнд л хүрч байгаа мэт” санагддаг, “Би нэг алдаагаа давтан хийгээд байгаагаас хойш, би ийм л хүн бололтой” гэж битүүхэн бодож явдаг болсон, заримдаа гэрээний зам хэт эгц, бараг л гэрээний авиралт хийх ёстой мэт санаж явдаг өөр шигээ хүмүүст би өнөөдөр хандан ярихыг хүсэж байна.

Австралид үйлчилж байсан нэгэн гайхалтай Фижи номлогч, ахлагч Ганга гэртээ харих үедээ үүнтэй төстэй зүйл хуваалцсан юм. Тэр “Би Бурханыг надад хайртайг мэддэг ч Тэр намайг Өөрт нь хайртай гэдгийг мэддэг болов уу? гэж заримдаа боддог. Учир нь би төгс биш бас одоо ч алдаа гаргадаг” гэсэн юм.

Сэтгэл хөндсөн, санаанаас гарамгүй тэрхүү асуултдаа ахлагч Ганга яг л надад олонтоо тулгардаг байсан зүйлийг товчхон дүрсэлсэн. Магадгүй та ч мөн адил “Би маш их хичээж байгаа ч Бурхан энэ их зүтгэлийг маань мэддэг болов уу? Би бүтэлгүйтсээр байгаа ч Бурхан намайг Өөрт нь хайртай хэвээр гэдгийг мэддэг болов уу?” гэж бодож байж болох юм.

Үүнийг хүлээн зөвшөөрөхөд надад гунигтай байгаа ч би Аврагчтай харилцах харилцаагаа өөрийнхөө амьдралыг хэр төгс байгаагаар дүгнэдэг байсан. Дуулгавартай амьдрах юм бол наманчлах шаардлагагүй гэж би боддог байлаа. Тэгээд өдөр тутамдаа алдаа гаргах үедээ би “Бурхан надад маш их урам хугарсан байхаас гарцаагүй” гэж бодон өөрийгөө Түүнээс холдуулдаг байв.

Би буруу бодож байсан.

Аврагч руу очихын тулд хангалттай цэвэр эсвэл төгс болохоо хүлээх нь үнэхээр буруу ойлголт юм байна гэдгийг би мэдэж авсан.

Хэрэв бид зарлигууд болон дуулгавартай байдлын талаар өөрөөр бодож байсан бол яах вэ?

Бурхан биднийг алдаа гаргах вий гэж санаа зовнидог хэдий ч алдаа гаргасны дараа бидэнд юу тохиолдох бол гэдэгт илүү их санаа зовнидог гэдгийг би гэрчилж байна. Бид Түүн рүү ахин дахин эргэн очсоор байх уу? Бид энэ гэрээнийхээ харилцаанд үлдэх үү?

Магадгүй та нар бүх зарлигийг дагаагүйнхээ улмаас Их Эзэний “та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” гэсэн үгсийг сонсоод сэтгэлээр унаж болох юм. Энэ нь түүнчлэн наманчил гэсэн зарлиг гэдгийг би та нарт сануулмаар байна! Үнэндээ энэ зарлиг судруудад хамгийн олон удаа давтагдсан зарлиг байх.

Алма: “Ай би тэнгэр элч байсан ч болоосой … наманчлалыг зарлах юмсан гэсэн зүрхний минь хүсэл гүйцэлддэг ч болоосой!” гэж өөртөө хэлэхдээ алдаа дутагдлыг маань онцлон, биднийг ичээхийг зориогүй юм. Тэр таныг мөн намайг хорвоо дээр бүү зовоосой гэсэндээ наманчлалыг тунхаглахыг хүссэн. Нүгэл нь шаналал авчирдаг учир Алма нүглийг үздэггүй байв.

Заримдаа би мартахгүйн тулд зарлигууд бол нүглээс холуур хөтлөх зам гээд духан дээрээ бичээд явмаар санагддаг. Наманчлалын талаар ч мөн адил. Бидний бошиглогч: “Аврагч биднийг үргэлж хайрладаг, ялангуяа биднийг наманчлахад хайрладаг” хэмээн хэлсэн.

Их Эзэн: “наманчлагтун та нар, наманчлагтун та нар гэж хэлэхдээ “Би та нарт хайртай. Би та нарт хайртай” гэж хэлсэн гээд төсөөлөөрэй. Тэр та нарт шаналал авчирдаг зан авирыг орхихыг үзүүлж, харанхуйгаас Өөрийнх нь гэрэлд гарч ирэхийг урьж байна гээд төсөөлөөд үзээрэй.

Манай охин Карлигийн тойргийн шинээр томилогдсон нэгэн прист өвдөг сөгдөн ариун ёслолын усыг адислах үеэрээ “Таны Хүүгийн цусыг дурсан үүнийг үйлдэж болохын тулд” гэж хэлэхийн оронд “Таны Хүүгийн хайрыг дурсан үүнийг үйлдэж болохын тулд” гэж андууран хэлж билээ. Тэрхүү үгсийн үнэнийг мэдрэх агшинд Карлигийн нүдэнд нулимс цийлгэнэсэн.

Аврагч та нарт хайртай учраас Цагаатгалаас ирэх шаналлыг хүлцэхэд бэлэн байсан юм. Үнэндээ та нар Түүний “өмнө тавигдсан баяр баясгалан” байсан учир Тэр тэвчсэн.

Наманчлах урилга бол Бурханы хайрын илэрхийлэл юм.

Энэ урилгыг хүлээн авах нь бидний хайрын илэрхийлэл болдог.

Христийг дүрсэлсэн өөрийн дуртай зургийг төсөөл. Харин одоо Түүний өгсөн бэлгийг ашиглах бүрд Тэр баясгалантай инээмсэглэж байна гэж төсөөл. Учир нь Тэр бол “найдварын төгс гэрэл” юм.

Тийм ээ. Таны наманчлал Есүс Христэд ачаа дарамт бус баяр баясгалан мэдрүүлдэг.

Энэ талаар заацгаая!

Учир нь наманчлал бол бидэнд буй хамгийн сайхан мэдээ юм!

Бид огтхон ч алдаа гаргахгүйгээр гэрээний зам дээр үлдэнэ гэж байхгүй. Өдөр бүр бид наманчилснаар уг зам дээр үлдэж чаддаг.

Наманчлах үед маань Бурхан биднийг ичээж, өөр хэн нэгэнтэй харьцуулж, өнгөрсөн долоо хоногт наманчилсан зүйлээ дахин наманчиллаа хэмээн зэмлэлгүйгээр өршөөдөг.

Биднийг өвдөг сөгдсөн байхыг харах бүрдээ Тэр ихээр баярладаг. Бид Түүний хувьд баяр баясгалан нь учир Тэр биднийг баяр баясгалантайгаар уучилдаг.

Та нар үүнийг үнэн гэж бодохгүй байгаа юм биш биз?

Яагаад үүнд итгэхэд бидэнд тийм хэцүү байдаг вэ?

Хамгийн агуу буруутгагч мөн хууран мэхлэгч болох Сатан биднийг Бурханаас хол байлгахын тулд ичгүүрийг ашигладаг. Ичгүүр нь үнэхээр хүнд дарамт болдог ба үүнээс ангижрах үед нуруунаас авагдах бодит жинтэй байдаг.

Ичгүүр нь “Чи юу бодож байсан юм бэ?”, “Чамд хийдэг зөв юм гэж ер нь байна уу?” гэсэн буруутгалын өнгө аясыг агуулдаг.

Ичгүүр бидэнд алдаа гаргасан гэж биш харин өөрсдийг маань алдаа гэж хэлдэг. Та нар бүр “нуугд” гэж хэлэхийг ч сонсож магадгүй. Энэхүү хүнд мэдрэмжээс биднийг ангижруулахгүйн тулд дайсан чадах бүхнээ хийдэг. Тэр бидэнд дэндүү ихийг алдах учир найдвар гэх зүйлийг мартаж, харанхуйд үлдэх нь илүү хялбар гэж хэлдэг.

Сатан бол итгэл найдварын хулгайч юм.

Одоо миний чангаар хэлэх зүйлийг сайн сонсоод аваарай: Та нарын толгой дахь сөрөг дуу хоолой та нарынх биш бөгөөд та нар өөрсдөө алдаа биш юм шүү. Магадгүй та нар ч мөн миний адил үүнийг чангаар хэлж байх хэрэгтэй. Сатанд “Өнөөдөр биш” гэж хэл. Түүнийг үлдэн хөө.

Аврагч руу чиглүүлэх Бурханлаг уй гашууг мэдрэн, Аврагчийн ач ивээлийг өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амьдралд ирэхийг хар. Бид харууссан зүрхээ Аврагчид зоригтойгоор хандуулах тэрхэн агшинд Тэр бидний дэргэд хоромхон зуурт ирсэн байх болно.

Та нар хэн нэгнийг живж байгааг харвал аврахаар гараа сунгана биз дээ? Аврагч та нарын сунгасан гарыг үл тооно гэж та нарт төсөөлөгдөж байна уу? Тэр бидэнд агаар амьсгалуулахын тулд ус руу шумбан орж, бүхнээс хэцүүг даван туулж биднийг дээш татан гаргана гэж би төсөөлдөг. Хэн ч Христийн гэрэл хүрч чадахгүй гүнд живэхгүй.

Аврагч үүрд мөнхөд ичгүүрийн харанхуйгаас илүү тод гэрэлтдэг. Тэр үргэлж та бүхний үнэ цэнийг эрхэмлэдэг. Тиймээс анхааралтай ажигла.

  • Энэ гар үнэ цэнийг төлөөлж байна гээд төсөөлөөрэй.

  • Харин энэ гар дуулгавартай байдлыг төлөөлж байна. Магадгүй та нар энэ өглөө сэрээд чин сэтгэлээсээ залбиран, Бурханы дуу хоолойг эрэлхийлэн судруудаасаа суралцсан байх. Та нар зөв сонголт хийсэн бөгөөд эргэн тойронд байх хүмүүстээ Христийнхтэй адил зан чанараар хандаж байгаа. Та нар Ерөнхий чуулганаас сонсож байна! Та нар дуулгавартай байдлаа харуулахаар энд ирсэн байна!

  • Эсвэл амьдрал сайнгүй байсан байж болно. Сүүлийн үед тэнгэртэй холбодог өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг хийхэд ч амаргүй байсан байж болно. Ичгүүртэй байдалд хүргэх шийдвэрүүд ч гаргасан байж болно.

  • Таны үнэ цэн хаашаа хөдөлсөн бэ? Энэ гар ер нь хөдөлсөн үү?

Үнэ цэн бол дуулгавартай байдлаас ангид зүйл юм. Та нарын үнэ цэн хувьсан өөрчлөгддөггүй. Үүнийг Бурхан та нарт өгсөн бөгөөд хэн ч, юу ч үүнийг өөрчлөхгүй. Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг. Энэ бол үнэн. Гэхдээ үнэ цэн бол адислал биш юм. Та бүхний шийдвэр та нарыг хааш хөтөлсөн байхаас үл хамааран та нарын үнэ цэн үргэлж “Бурханы мэлмийд агуу” хэвээр байдаг.

Алдаа гаргах үедээ би Христтэй байгуулсан гэрээт харилцаанаасаа гарахыг хүсдэггүй. Би та нарт яагаад гэдгийг нь хэлье.

Хүүхэд байхдаа би усанд шумбалтын дугуйланд явдаг байсан бөгөөд шүүгчид шумбалтын гүйцэтгэл дээр суурилж оноо өгдөг болохыг би ойлгож авсан юм. Ус руу зүсэж орох үед хөлийн хуруунууд шулуун чиглэлтэй, бие өөгүй цэх байж, ус бага үсэрсэн эсэхийг харна. Дараа нь тэд өөр онцгой нэмэлт зүйлийг хардаг нь хүндрэлийн зэрэг юм.

Хүн бүр өөр өөрийн хүндрэлийн зэрэгтэй шумбадаг. Таны шумбалтын хүндрэлийг үнэхээр мэддэг цорын ганц нэгэн бол таны Аврагч юм. Намайг ойлгодог, миний зүрх сэтгэлийг мөн хэр их хичээж байгааг минь мэддэг хүнтэй холбоо харилцаатай байхыг би хүсдэг.

Мөнөөх бохир усны хажуугаар өнгөрөх урт аяныг хийж буй бид бүгдийн дээр харанхуйн манан бууж, төмөр бариулаас зуурсан ч эргэн тойрны ёс бус зүйлс бидэнд нөлөөлөхийг Тэр мэддэг.

Христэд ирэх гэдэг нь “Та надад туслах уу?” гэсэн найдвар тээсэн үг бөгөөд Тэр та нарт үргэлж гараа сунган тусална гэсэн баталгаа илчлэлтээр ирсэн билээ. Наманчлалыг ийм шинэ өнцгөөр харна гэдэг нь одоо бид төгс дуулгавартай биш ч Түүнд хайртай учраас дуулгавартай байхыг хичээн, зам дээрээ үлдэхийг ахин дахин сонгоно гэсэн үг юм.

Хилэнцийг бус харин үргэлж сайныг үйлдэх хүсэлтэй болсон Бэнжамин хааны ард түмнийг санаж байна уу? Та нар тэднийг майхнаа хурааж баглан гэр лүүгээ хариад хэзээ ч алдаа гаргаагүй гэж бодож байна уу? Мэдээж, үгүй! Ганц ялгаа нь тэд дахин нүгэл үйлдэх хүсэлгүй болсонд байсан. Тэд Бурханыг хайрлах хайрынхаа улмаас дуулгавартай байсан! Тэд бэрхшээлтэй тулгарч байхдаа ч зүрх сэтгэлээ Бурханд хандуулж, Түүнд найдсан!

Нэг удаа далайн эрэг дээр би нэгэн шувууг салхи чиглэн нисэхдээ далавчаа байдгаараа хүчтэй дэвж байсан ч урагшлахгүй байгааг олж харав. Тэгээд би өөр нэг шувууг илүү өндөрт байгааг харав. Тэр салхины дээш чиглэлийн урсгалд орсон байсан ба салхинд ядах юмгүй хөвөн нисэж байлаа. Энэ бол өөрсдөө оролдох болон Аврагч руу очиж, “эдгээх туяагаар” дамжуулан Түүнээс дэмжлэг авах хоёрын хоорондын ялгаа юм.

Австралид байхдаа номлолын удирдагчдын хувьд номлогч бүртэй хийсэн сүүлийн уулзалтынхаа үеэр бид Аврагчид ойртон очиж, Түүнийг өөрсдийнх нь төлөө залбирахыг сонссон хүмүүсийн талаар гардаг 3 Нифай 17-р бүлгийг ярилцсан юм. “Хэрэв Аврагч өөрсдийн чинь төлөө залбирвал Түүнийг залбиралдаа юу хэлнэ гэж та нар бодож байна?” гэж бид асуусан.

Тэдний хариултыг сонссон мөч миний амьдралын хамгийн сүнслэг туршлагуудын нэг болж үлдсэн юм. Биднийг тэдэнд: “Аврагч та нарыг хэр хэцүү амьдралыг туулж буйг мэддэг. Тэр бүхнийг туулсан” гэж сануулан хэлэх үед тэнд байсан номлогч нэг бүр амьсгаа даран, нүдэнд нь нулимс хурсан.

Тэд дараах зүйлсийг намуухнаар, сэтгэлийн гүнээсээ хуваалцсан юм. Нэг эгч: “Есүс Эцэгт хандан, тэр хамгийн сайнаараа хичээж байгаа. Би түүнийг хэр их хичээж байгааг мэднэ” гэж хэлсэн бол өөр нэг ахлагч: “Амьдралд нь тохиолдсон бүх зүйлийн улмаас би түүгээр бахархаж байна” гэж хэлсэн юм.

Үүнийг туршиж үзэцгээе. Өнөө орой та нар залбирахынхаа өмнө Есүс Христийг ойрхон байна гээд төсөөлөөрэй. Тэр бол Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч юм. “Аврагч Эцэгтээ миний талаар юу гэж хэлэх байсан бол?” гэж өөрөөсөө асуугаарай.

Тэгээд сонс.

Таны талаар сайн зүйлсийг хэлэх хамгийн сайн анд нөхөр тань болох Аврагчийн дуу хоолой болон үнэхээр оршин байдаг Тэнгэр дэх Эцэгийнхээ дуу хоолойг сонс. Юу ч болсон бай Тэдний хайр хийгээд та нарын үнэ цэн үргэлж агуу гэдгийг санаж яваарай.

Есүс Христ харанхуйд суугаад хүлээх хүмүүст гэрэл гэгээг өгдөг гэдгийг энд би зогсоод гэрчилж байна. Өнөөх дуу хоолой нуугд гэж хэлэхэд харанхуй өрөөнд ганцаараа нуугдах хэрэгтэй мэт та нарт санагдах тэр өдрүүдэд зоригтой байж, Христэд итгэ гэж би та нарыг урьж байна. Урагш алхан, бидний найдвар болсон тэрхүү төгс Гэрэлд гарцгаая.

Түүний гэрлээр хүрээлүүлэх үедээ та нар ганцаардлыг мэдэрч буй бусад хүнийг мөн олж харж, тэрхүү гэрлийн тусламжтайгаар та нар болон тэр хүмүүс “Яагаад бид энэ харанхуйд тийм их айдастай амьдарч байсан юм бэ? Яагаад энд бид ингэж их удсан юм бол?” гэж гайхацгаах болно.

“Гэрлийн Эзэн та нарыг мутраараа тэврэн тайтгаруулж, хайрласаар байх болтугай.” Бид Түүнийг үргэлжлүүлэн хайрлаж, ахин дахин сонгодог байх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.