Хоёр дахь уруу таталтаас болгоомжил
Та нарыг хайрлаж, дэмжих хүмүүсээс бүү нуугд харин тэдэн рүү гүйж оч.
Дөнгөж саяхан л юм даа, 12 нас хүрэх үедээ би Аароны санваарын чуулгын хоногоор явах хээрийн анхны аялалдаа уригдаж билээ. Аав маань чуулгын удирдагч байсан болохоор тойргийн хөвгүүдтэй хээрийн аялалд байнга явдаг, харин би гэртээ үлддэг байсан тул энэ нь миний хувьд удаан хүлээсэн урилга байсан.
Аялалд гарах өдөр болоход би маш их догдолж байв. Мөн би өөрөөсөө ах хөвгүүдэд үнэлэгдэхийн хүслэн болж байснаа нуух хэрэггүй байх. Би өөрийгөө батлахаар шийдсэн байв. Ингээд нэг их удалгүй бүлгийн нэг хэсэг болж чадах эсэх, дүрсгүйтэж чадах эсэхийг маань сорьж билээ.
Надад оноосон даалгавар бол аавынхаа машины түлхүүрийг авах байлаа. Ингэснээр удирдагчдаар тоглоом хийж чадах байв. Би аавыгаа ятгахдаа яг юу гэж хэлснээ санадаггүй ч даалгавраа биелүүлсэндээ бахдан гартаа түлхүүр барьсаар хөвгүүд рүү гүйлээ.
Удалгүй дараагийн даалгавар ирэв. Би машины хаалгыг онгойлгож, жолоочийн суудлаас машины дуут дохиолол руу саваа модоор шаантаглаж зоох ёстой болов. Тэгснээр дуут дохио орой болтол хангинаж, удирдагчид саваа модыг авахаар машин руу орох ямар ч аргагүй байдлаар хаалгыг түгжих ёстой байлаа.
Энэ үеэс л уг түүх миний хувьд дэндүү ичгүүрт хэрэг болж хувирсан юм. Би саваа модыг байрлуулж, хаалгыг түгжээд, ойролцоох хэсэг буттай газар нуугдахаар хамаг хурдаараа гүйлээ. Би газарт явган суухдаа хүчтэй өвдөлт мэдрэв. Харанхуйд яарахдаа би өргөст лийрэн кактус дээр суучихсан байлаа.
Өвдөлтөөсөө болж орилсон ч дуут дохионы хангинах чимээнд дарагдсан тул машин руугаа баацганан буцаж очоод “нүглээ” наманчлан, ичмээр эмнэлгийн тусламж авахаас өөр арга надад байсангүй.
Тэр шөнөжингөө би майхандаа элгээрээ хэвтэж, аав минь чимхүүрээр миний тэр хэсгээс кактусны өргөсийг түүв. Дараагийн хэдэн өдөр би олигтой ч сууж чадахгүй байсан юм даг.
Би энэ явдлын талаар олон удаа эргэцүүлсэн. Үүнээс би хэд хэдэн үндсэн зарчмыг сурч авсан ч залуу насныхаа тэнэглэлд одоо ч инээд минь хүрдэг.
Эгэл хүнд хүлээн зөвшөөрөгдөх хүсэл, өөрийгөө батлах хүсэл, хоцрохоос айх айдас, үр дагавраас зайлсхийхийн тулд нуугдах туйлын хэрэгцээ зэрэг олон янзын зан авир нийтлэг байдаг юм шиг санагддаг. Би өнөөдөр сүүлийнх дээр нь буюу хийх ёсгүй зүйлийг хийсний дараах нуугдах зан авирт төвлөрч ярья.
Би хүүхэд насныхаа дүрсгүйтлийг ноцтой нүгэлтэй адилтгаагүй. Гэвч бид мөнх бус амьдралынхаа туршид сорилтод орох үед хэрэг болохуйц зарим зарчмыг үүнээс сурч болно.
Едений цэцэрлэгт Адам, Ева хоёр элбэг дэлбэг хоол хүнстэй, юутай ч зүйрлэшгүй үзэсгэлэнт цэцэрлэгт амар жимэр амьдарч байсан. Энэ нь зөвхөн гоо үзэсгэлэнтэй төдийгүй хогийн ургамал ч, өргөст лийр ч үгүй цэцэрлэг байв.
Гэсэн хэдий ч цэцэрлэг дэх амьдрал тэдний хэрэгцээтэй өсөлт хөгжлийг хязгаарладаг байсныг бид бас мэднэ. Цэцэрлэг бол эцсийн зорилго байгаагүй, харин Эцэг, Хүү хоёрын оршихуйд буцаж очих эцсийн зорилгодоо хүрэхийн тулд өсөж хөгжих боломжийг олгох, бэлтгэх, батлах олон сорилтын эхнийх нь байсан юм.
Цэцэрлэгт эсэргүүцэл байсан гэдгийг та нар санаж байгаа байх. Люсиферт Адам, Ева хоёрыг сорихыг зөвшөөрсөн байв. Тэр сайн, муугийн мэдлэгийн модны жимснээс идүүлэхээр эхлээд Адамыг уруу татсан. Уг жимснээс хүртэхгүй байх зарлигийг санаж байсан тул Адам эсэргүүцэв. Дараа нь адислагдсан Ева жимснээс хүртэхийг сонгож, Адамыг мөн адил үйлдэхэд ятгасан билээ.
Хожим нь Адам, Ева хоёр энэ шийдвэр нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай байсан хэмээн тунхаглажээ. Гэхдээ тэд жимснээс хүртсэнээр Эцэгээс шууд тэдэнд өгөгдсөн хуулийг зөрчсөн юм. Цэцэрлэгт эргэн ирснээ зарлах Эцэгийн дуу хоолойг сонсоод, сайн ба муугийн үр дагаврын талаар хүлээн авсан асар их ойлголт нь тэднийг шаналгаж байв. Тэд нүцгэн байснаа анзаарав, учир нь тэд үнэхээр хувцасгүй, гэм зэмгүй гэнэн байдалд амьдарч байлаа. Гэвч тэр агшинд хувцасгүй байснаас илүү тэдний үйлдсэн зөрчил ил болсон нь зовлонтой байсан биз. Тэдэнд халхалж хамгаалах зүйл юу ч үгүй, эмзэг турьхан байв. Тэд бүх талаараа нүцгэн байлаа.
Ямар ч үед боломжийг эрэлхийлэгч Люсифер тэдний ил, сул дорой байдлыг мэдээд, энэ удаад Бурханаас нуугд хэмээн тэднийг дахин уруу татсан.
Миний “хоёр дахь уруу таталт” гэж нэрлэх энэ зүйл нь, хэрэв бид үүнд автвал биднийг хамгийн муу үр дагаварт хүргэж болзошгүй уруу таталт юм. Мэдээж, Бурханы хуулийг зөрчихийг ятгах бүх эхний уруу таталтаас зайлсхийх нь хамгийн оновчтой сонголт боловч дэлхий дээрх янз бүрийн эхний уруу таталтад бүгд автана гэдгийг бид мэднэ. Бид илүү төлөвшиж, илүү ихийг ойлгох тусам Аврагч Есүс Христтэй илүү адил болох гэж хичээснээр эхний уруу таталтаас зайлсхийх хүч чадал маань цаг ямагт сайжирна гэж найддаг.
Зарим хүн илчлэгдэхийг, ил болохыг хүсдэггүй тул Бурханаас нуугдах гэж оролдож болох ч тэд ичгүүртэй байдал, гэм буруугаа мэдэрдэг. Гэсэн хэдий ч олон сударт Бурханаас нуугдах нь боломжгүй хэмээн заадаг. Би тэдгээрээс цөөн хэдийг нь хуваалцъя.
Их Эзэн дараах асуултуудаар дамжуулан Иеремиад ийн заажээ. “Надад харагдахгүй байхаар Хүн далд газруудад нуугдаж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Би тэнгэр хийгээд газрыг дүүргэдэггүй гэж үү?”
Мөн Иов ингэж заасан.
“Түүний мэлмий хүний замуудын дээр тогтож, Тэрээр бүхий л алхмыг нь хардаг.
Ёс бусыг үйлдэгчид нуугдаж болохоор тийм харанхуй, үхлийн харанхуй байдаггүй билээ.”
Дуулалч Давид хамгийн уран яруу ийн тунхаглажээ.
“Аяа ЭЗЭН, Та намайг судлан намайг мэдлээ.
Миний сууж, босохыг Та мэддэг бөгөөд Хаа холоос санаа бодлуудыг минь ойлгодог.
Хэлэн дээр минь ганц үг ч байхаас өмнө, Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг.
Таны Сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтах вэ?
Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд, Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, Харагтун, Та тэнд.”
Шинэ хөрвөгчид
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд саяхан нэгдсэн хүмүүсийн хувьд хоёр дахь уруу таталт нь илүү төвөгтэй санагдаж магадгүй. Баптисмаар дамжуулан та нар Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахаар гэрээлсэн ба олон хүний хувьд амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлага үүнд багтдаг. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь амар биш. Ихэнхдээ энэ нь хайрт Тэнгэрлэг Эцэг рүүгээ ойртож, өсөж хөгжихийн тулд дадал зуршил, тэр ч бүү хэл харьцдаг хүмүүсээ хүртэл өөрчлөхийг шаарддаг.
Дайсан та нарыг нарийн зальхай дайралтад нь автаж болзошгүйг мэддэг. Таны олон талаараа сэтгэл хангалуун бус байсан өнгөрсөн амьдралыг тэр итгэхийн аргагүй сэтгэл татам мэт харагдуулах болно. Илчлэлийн номд буруутгагч хэмээн нэрлэгдсэн тэрээр та нарыг дараах маягийн бодлоор уруу татах болно. “Чи амьдралаа өөрчлөх хангалттай хүчтэй биш, чи үүнийг хийж чадахгүй, чи энэ хүмүүсийн нэг биш, тэд чамайг хэзээ ч хүлээж авахгүй, чи хэтэрхий сул дорой.”
Гэрээний замд шинэхэн таригдсан та нарт эдгээр бодол үнэн санагдаж байвал буруутгагчийн дуу хоолойг сонсохгүй байхыг бид та нараас гуйж байна. Бид та нарт хайртай, та нар үүнийг хийж чадна, бид та нарыг хүлээж авдаг, Аврагчтай хамт та нар бүхнийг хийх хүч чадалтай байх болно. Бидний хайр, дэмжлэг хамгийн их хэрэгтэй байгаа энэ үед тань та нарыг өмнөх амьдралын хэв маяг руугаа нэг алхам ухарвал биднийг та нараас татгалзах болно гэвэл, үүнд битгий хууртагдаарай. Есүс Христийн Цагаатгалын зүйрлэшгүй хүч чадлаар дамжуулан та нар эдгээгдэх боломжтой. Гэвч хэрэв та нар Түүнээс нуугдаж, шинээр олж авсан итгэл нэгт хүмүүсээсээ зай барих аваас даван туулах хүч чадлыг өгч чадах, өгөх цор ганц эх сурвалжаас өөрсдийгөө холдуулна.
Шинэхэн хөрвөгч эрхэм найз маань тусгаарлагдмал байдалд итгэлээ хадгалах нь хэчнээн хэцүү талаар хуваалцсан. Бүгд бүдэрдэг хэдий ч Есүс Христийн хайраар адислагдаж, ахиж дэвшиж буй тус нийгэмлэгийн нэг хэсэг болж, үлдэх нь агуу хүч чадлыг авчирдаг.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Ертөнцийг ялна гэдэг нь ганц, хоёр өдрийн дотор явагддаг үйл явдал биш. Энэ нь бид амьдралынхаа туршид, Христийн сургаалыг ахин дахин хүлээн зөвшөөрөхөд тохиодог. Бид өдөр бүр наманчилж, хүч өгдөг гэрээгээ сахиснаар Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлдэг. Бид гэрээний зам дээр үлдэж, сүнслэг хүч чадал, хувийн илчлэлт, өсөж буй итгэл, тэнгэр элч нарын тохинууллаар адислагддаг.“
Хэрэв та нарын бие махбод гэмтэж, эрүүл мэндийн зохих тусламж үйлчилгээ авахгүй бол бие тань муудаж, амь насанд тань аюул учирч болзошгүй. Энэ нь сүнслэг байдлаараа шархадсан үед ч мөн адил юм. Эмчлэгдээгүй сүнслэг шарх та нарын мөнхийн авралд аюул учруулж болзошгүй. Та нарыг хайрлаж, дэмжих хүмүүсээс бүү нуугд харин тэдэн рүү гүйж оч. Сайн бишоп, салбарын ерөнхийлөгч, удирдагчид Есүс Христийн Цагаатгалын эдгээх хүчийг хүлээн авахад тань туслах болно.
Нуугдаж байж болзошгүй хүмүүст хандаж хэлэхэд, бид та нарыг эргэн ирээч гэж гуйж байна. Есүс Христийн сайн мэдээ болон Цагаатгал та нарт хэрэгтэй бас бидэнд та нар хэрэгтэй. Бурхан та нарын нүглийг мэддэг тул та нар Түүнээс нуугдах боломжгүй. Түүнд өөрсдийгөө нийцүүл.
Түүний гэгээнтнүүдийн хувьд бид Сүмийг Түүний замаар урагшлахыг хүсдэг бүх хүнийг хайрлаж, хүлээн зөвшөөрч, урамшуулдаг, ирээд нэг хэсэг нь гэдгээ мэдэрдэг газар болгон бүтээх ёстой.
Энэхүү хоёр дахь уруу таталтаас болгоомжил! Эртний болон орчин үеийн бошиглогчдын зөвлөгөөг дагаж, хайраар дүүрэн Эцэгээс нуугдаж чадахгүй гэдгээ мэдэж ав.
Үүний оронд та нар Есүс Христийн Цагаатгалын гайхамшигт эдгээх хүчээс өөрсдөө хүрт. Эхний олон уруу таталтад харамсалтайгаар бууж өгөх “янз бүрийн сул дорой байдлын харьяат” болж хүчин мөхөсдөн, мөнх бус бие махбодыг хүлээн авч, эдгээр уруу таталтад унасан ч өсөж хөгжин, үүнийхээ дараа тэнгэрлэг тусламжийг эрэлхийлсээр өөрсдийн Аврагч болон Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адил болох нь бидний оршихуйн гол зорилго билээ. Энэ бол Түүний зам. Энэ бол цорын ганц зам юм. Би эдгээр үнэнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.