Гэрээт шавь байснаар ирдэг баяр баясгалан
Биднийг гэрээт шавийн замналаар замнахыг хичээх үед Эцэг, Хүү хоёртой харилцах харилцаа маань баяжиж, баяр баясгалан маань нэмэгдэн, бидний мөнхийн ойлголт өргөжин тэлдэг.
2023 оны нэгэн өдөр Алтансүхийн Уянгыг Монголын хойд хэсэгт орших Дархан хотод ажил дээрээ байж байхад Монголын номлолын ерөнхийлөгч ороод иржээ. Тэр ингэж бичжээ:
“Түүнийг харахад надад царайнаас нь гэрэл цацарч байгаа мэт санагдсан. Тэр эргэн тойрныхоо хүмүүст хөгжилтэй, эелдэг хандаж байсан бөгөөд надад маш дотно дулаахан мэдрэмж төрсөн. Явахаас нь өмнө би түүнээс хэдэн зүйл асуусан юм. Хэдэн өдрийн дараа түүнийг ажил дээр маань ирээд, сүмдээ ирээрэй гэж урихад надад үнэхээр тус нэмэр болох юм шиг бодогдсон. Нийгэм хямралтай, хар бараан зүйлээр дүүрэн санагддаг учраас би хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовдог байлаа. Би хүүхдүүдээ энэ хүн шиг гэрэлтэж, эргэн тойрныхоо хүмүүст баяр баяслыг түгээж байгаасай гэж хүссэн.
Нэг өдөр номлогчдыг бидэнд аравны нэгийн хуулийг заахад, хүүхдүүд маань сэтгэл нь хөдлөн ‘Ээж ээ, бид аравны нэгээ төлөх хэрэгтэй’ гэж хэлсэн. Яг тэр агшинд би хүүхдүүдийнхээ итгэлийг олж харсан. Сүмд нэгдэхээсээ өмнө би ерөнхий чуулган үзэж, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны үгийг сонссон юм. Түүнийг дэлхий даяар баригдах ариун сүмүүдийг зарлахдаа Монголын Улаанбаатарт ариун сүм баригдах болно гэж хэлэхэд, яагаад гэдгээ ойлгоогүй ч би баярлаж, нүдэнд минь нулимс цийлгэнэж билээ. Энэхүү баяр хөөрийг мэдрээд би итгэл, гэрчлэлээ өсөж байгааг мэдсэн.”
Сая сая хүний адил Уянга эгч Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн бэлтгэл болгон Израилыг цуглуулах ажлын нэг хэсэг болж байна. Тэр гэрээний зам дээрх замналаа эхлүүлж, Есүс Христийн шавь болсон. Христийн шавь байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Шавь гэх үгийг япон хэлнээ дээш гэдэг ба дэ нь дүү, ши нь хүүхэд гэсэн утгатай.
Есүс Христ: “эхлэлд би Эцэгтэй хамт байсан билээ, мөн би Ууган Хүү нь болой” хэмээн тунхагласан. Түүний хэн гэдгээс мөн Түүний хийсэн зүйлсийн улмаас бид Түүнийг шүтэн биширч, хүндэтгэж, алдаршуулж мөн дагадаг. Христ биднийг гэтэлгэсэн учир бид Түүний хэмжээлшгүй, цагаатгагч золиослолд үүрд талархдаг.
Биднийг хүүхдүүдийнхээ хувиар хайрладаг Тэнгэрлэг Эцэг бидэнд бий. Түүний биднийг хайрлах хайр төгс юм. Есүс Христ ба Түүний үйл хэрэг биднийг хайрлах Бурханы хайрыг илтгэн харуулдаг. Иоханы цэдэглэснээр “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.”
Бид мэдэхгүй зүйлээ ойлгохыг эрэлхийлэхдээ заримдаа өөрсдийн танил мөнх бус амьдралын туршлагад эсвэл өөрийн мэддэг зүйлсэд тулгуурлаж магадгүй. Жишээлбэл: Бид Бурхан Эцэгийн талаарх зарим ойлголтыг өөрсдийн эцэг эх байх туршлагаас мөн мөнх бус амьдрал дахь гэр бүлийн харилцаанаас сурч мэдэх боломжтой. Гэхдээ бид Тэнгэрлэг Эцэгээ ойлгох гэж оролдохдоо эдгээр зүйрлэлийг хэтрүүлж хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Бурхан Эцэгийн зан чанаруудыг унасан хүний төгс бус зан чанаруудтай зүйрлэшгүй. Бурхан Эцэг бол төгс Эцэг. Тэр хайраар дүүрэн, сайхан сэтгэлтэй, тэвчээртэй, ойлгох чадвартай, төгс алдар суутай. Бид Түүнд төгс найдаж болно. Христийн хайр Бурхан Эцэгийн хайрыг илэрхийлдэг бөгөөд энэхүү хайрын илрэл мөн.
Есүс Христ бидэнд үлгэр жишээ, арга замын аль аль нь болдог. Христийн жишээнээс бид Эцэгийн төгс зан чанарыг төдийгүй Түүний төлөвлөгөөг ойлгож авдаг. Христээр дамжуулан бидэнд Эцэгтэй илүү адил болохын тулд эгэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хандлагыг ялан дийлэх боломжтой хүч өгөгдсөн.
Есүс Христ Тэнгэрлэг Эцэгтэй маань адил төгс нигүүлсэнгүй бөгөөд шударга. Шударга ёс, нигүүлсэл зэрэг бурханлаг чанарууд хоорондоо зөрчилддөггүй. Эдгээр нь нэг нэгнээ бүрэн дүүрэн болгодог. Шударга ёс, нигүүлсэл хоёрын аль аль нь Бурханы хүүхдүүдээ хайрлах төгс хайрыг харуулдаг. Бурхан Эцэг, Есүс Христ хоёр бид бүгдэд шударга, адил тэгш ханддаг учраас бид Тэдэнд найдаж болно.
Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр зорилго, хайраараа төгс нэгддэг. Бурхан, Есүс Христ хоёр бидэнд хайртай учраас бидэнд үнэнч шавийн хувьд Тэдэнтэй гэрээ байгуулах боломжийг олгосон. Ингэснээр Бидний Христтэй харилцах харилцаа өргөждөг. “Мөн эдүгээ, та нар хийсэн гэрээнийхээ улмаас Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, мөн түүний охид гэж нэрлэгдэх болно; учир нь болгоогтун, энэ өдөр тэрээр та нарыг сүнслэг байдлаар тань төрүүллээ; учир нь та нарын зүрх сэтгэл түүний нэрэнд итгэх итгэлээр өөрчлөгдсөн хэмээн та нар хэллээ; тиймийн тул, та нар түүнээс төрсөн мөн түүний хөвгүүд мөн түүний охид болсон бөлгөө.”
Шавь болох бидний хувьд ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахивал сүнслэг хүчээр адислагддаг. Бид Христ, Бурхан Эцэг хоёртой онцгой харилцаагаар холбогдсон ба гэрээнүүдийг байгуулж, сахидаг хүмүүст зориулсан хэмжээгээр Тэдний хайр, баяр баяслыг мэдрэх боломжтой. Бурханы хайрыг бүрэн хэмжээгээр мэдрэх буюу Түүний хайр дотор үргэлжлүүлэн орших чадвар маань бидний зөв шударга хүсэл, үйлдлээс хамаардаг.
Иохан 15-р бүлгийн 9-р шүлгээс бид “Эцэг Намайг хайрласны адил Би бас та нарыг хайрласан” хэмээн уншдаг. Тэгээд “хайранд минь байгтун” гэх урилгыг Тэр бидэнд өгсөн.
Дараагийн шүлэгт Түүний хайр дотор үргэлжлүүлэн байх арга замыг өгсөн байдаг. “Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно.”
11-р шүлгээс бид зарлигуудыг дагахын зорилгыг үздэг. “Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв.”
Бид гэрээт шавь байснаар Бурханы мөн чанарыг төдийгүй Түүний бүх хүүхдээ мэдрээсэй хэмээн хүсдэг баяр баясгаланг илүү сайн ойлгож чадна. Эхэндээ ойлгомжгүй санагдаж болох зарим зарчмыг бид ойлгож эхлэх болно. Жишээ нь: Өөрийнх нь хүүхдүүд маш их зовж байхад Бурхан хэрхэн бүрэн дүүрэн баяр баяслыг мэдэрч чаддаг вэ? Хариулт нь Бурханы төгс хараа, Түүний төгс төлөвлөгөөнд байдаг. Тэрээр биднийг эхлэлээс авхуулаад ирээдүйд хүрч чадах алдар сууг маань хүртэл хардаг. Тэрээр Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан Өөрийн хүүхдүүд болох бид бүгдэд мөнх бус амьдралын өвдөлт, зовлон шаналал, нүгэл, гэм буруу, ганцаардлыг даван туулах арга замыг өгсөн билээ. Бурхан бидэнд замыг бас сонголтыг өгсөн.
Шавийн замналаар баяр баясгаланг мэдэрсэн хүмүүсийн жишээ энэхүү ухагдахууныг илүү сайн ойлгоход бидэнд тусалж магадгүй. Бид хамгийн аз жаргалгүй хүүхэд шигээ л жаргалтай байдаг гэсэн хэллэгийг та нар сонссон байх. Энэ нь ийм байх албагүйг би ойлгосон. Миний 94 настай ээжийн үр удамд 200 гаруй амьд сэрүүн хүн байдаг. Ямар ч үед уг 200 хүнээс дор хаяж нэг нь аз жаргалгүй байх болно. Хэрэв дээрх хэллэг үнэн бол ээж минь үргэлж аз жаргалгүй байх байсан. Гэвч тийм байгаагүй. Түүнийг таньдаг хүмүүс түүний хэчнээн их баяр баясгалантайг мэднэ.
Одоо би өөр нэг туршлагаасаа хуваалцмаар байна. 2019 оны 1-р сард миний эхнэр Дэбби бид хоёр ерөнхийлөгч Нэлсоны албан өрөөнд уригдав. Тэрээр сандлаа бид хоёртой бүр ойртуулж, бараг л өвдгөө нийлүүлэн суулаа. Ерөнхийлөгч Нэлсон бидэнд одоогийн дуудлагыг маань өгснийхөө дараа Дэбби рүү анхаарлаа хандуулав. Тэр төгс эцэг, төгс өвөө шиг маш сайхан сэтгэлтэй, хайраар дүүрэн, эелдэг зөөлөн, баяр хөөрөөр дүүрэн хүн байлаа. Тэрээр Дэббигийн гарыг атган зөөлөн алгадаад, бүх зүйл сайхан болно мөн гэр бүл тань адислагдана гэж түүнд батлан хэлэв. Тэр мөчид бид түүний хувьд хамгийн чухал хүмүүс бас бүх цагаа бидэнд зориулж байгаа мэт санагдаж байлаа. Бид уг баасан гаргийн үдээс хойш түүний албан өрөөнөөс гарахдаа тайтгарал, хайр, баяр баяслыг мэдэрч байсан.
Даваа гарагт бид мэдээ харлаа. Ерөнхийлөгч Нэлсоны бидэнтэй хамт өнгөрүүлсэн тэр өдөр нэг охин нь хорт хавдраар нас барсан байв. Бид хоёр маш их цочирдсон. Түүний болон гэр бүлийнх нь төлөө зүрх сэтгэл маань эмтрэх шиг болж байлаа. Түүнчлэн зовж шаналж байгаа охиныхоо төлөө гашуудахын хажуугаар бидэнд Христийнхтэй адил анхаарал халамж тавьсанд нь бидний зүрх сэтгэл талархлаар дүүрэн байлаа.
Бид энэ туршлагынхаа талаар тунгаан бодож байхдаа “Тэр яаж ийм хүнд хэцүү цаг үед ийм сайхан сэтгэлтэй, хайраар дүүрэн бас баяр баясгалантай байж чадав аа?” гэж өөрсдөөсөө асуусан юм. Тэр мэддэг учраас тэгсэн. Тэр Христ ялсан гэдгийг мэддэг. Тэр охинтойгоо дахин хамт байж, түүнтэй үүрд мөнх амьдарна гэдгээ мэддэг. Гэрээнүүд байгуулж, сахиж, Христтэй адил шавь байснаар Аврагчтай холбогддог ба улмаар баяр баясгалан, мөнхийн ойлголт ирдэг.
Ерөнхийлөгч Нэлсон: “Аврагч ‘бүх оюун ухаанаас дээгүүрх’ [Филиппой 4:7] амар тайвнаас гадна эгэл хүмүүний логик сэтгэлгээ, ойлголтоос илүү хүчтэй, гүн гүнзгий, өргөн хүрээтэй баяр баясгаланг мөн адил өгдөг. Жишээлбэл: Хүүхэд тань эдгэршгүй өвчнөөр өвдөх, та ажлын байраа алдах, хань ижил тань хууран мэхэлсэн зэрэг нөхцөл байдалд танд баяр баясгаланг мэдрэх боломжгүй мэт санагдаж болох юм. Харин энэ үед л яг Аврагчийн бидэнд өгөхийг хүсдэг баяр баясгалан хэрэгтэй болдог” хэмээн заасан.
Бид гэрээнүүд байгуулж, сахивал энэхүү гэрээт харилцаанаас ирдэг баяр баясал, хайрыг мэдрэхэд нь бусдад туслах хүсэл бидэнд цаанаасаа л төрөх болно. Бид дэлхий дээрх хамгийн агуу ажил болох Израилын цугларалтын нэг хэсэг байж чадна. Бид Бурханы хүүхдүүдийг Христэд авчирч чадна. Бошиглогч Иаковын заасанчлан, “Мөн та нар адислагдсан болой; учир нь та нар надтай хамт миний жимсний талбайд хөдөлмөрлөхдөө хичээнгүй байлаа, мөн миний зарлигуудыг дагасан, мөн надад унаган жимсийг дахин гаргуулснаас, … жимсний талбайн минь жимсний улмаас та нар надтай хамт баясах болно.”
Бидний чадвар ямар түвшинд байхаас үл хамааран, биднийг гэрээт шавийн замналаар замнахыг хичээх үед Эцэг, Хүү хоёртой харилцах харилцаа маань баяжиж, баяр баясгалан маань нэмэгдэн, бидний мөнхийн ойлголт өргөжин тэлдэг. Тэгээд бидэнд хүч өгөгдөж, бид Бурханы жинхэнэ гэрээт шавь нарт зориулсан баяр баяслыг мэдэрч чадна. Есүс Христийн ариун нэрээр, амен.