2025
Шүтлэг бишрэл
2025 оны 5-р сар


14:14

Шүтлэг бишрэл

Бурханыг шүтэн бишрэх гэдэг нь та бидний хувьд ямар утгатай вэ?

“Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, дорно зүгээс мэргэд Иерусалимд хүрч ирээд,

Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ.”

Заримдаа “мэргэд” гэж нэрлэдэг байсан тэр хүмүүс нь Мессиаг олж, шүтэн бишрэхийг эрэлхийлж байсан нь ухаалаг явдал байв. Тэдний хувьд шүтэн бишрэх гэдэг нь Түүний өмнө доош сөхөрч, Түүнд алт, үнэт эдлэл, анхилуун үнэртнийг бэлэглэн өгөх гэсэн утгатай байв.

Бурханыг шүтэн бишрэх гэдэг нь та бидний хувьд ямар утгатай вэ?

Шүтлэг бишрэлийн талаар бодоход ихэвчлэн хувиараа болон Сүмийн цуглаан дээр шашиндаа үнэнч гэдгээ үзүүлдэг арга замууд бидний бодол санаанд орж ирдэг. Тэнгэрлэг Эцэгээ болон Түүний Хайрт Хүү, Аврагчаа шүтэн бишрэх талаар эргэцүүлэн бодох үед: нэгдүгээрт, шүтлэг бишрэлийг маань бүрдүүлдэг үйлдлүүд; хоёрдугаарт, шүтлэг бишрэлийн нэг хэсэг болох хандлага ба мэдрэмж; гуравдугаарт, шүтлэг бишрэлд маань зөвхөн Бурхан багтдаг; дөрөвдүгээрт, бид өөрсдийн шүтэн биширдэг Ариун Биетнүүдийг үлгэрлэн дуурайх хэрэгцээ гэсэн дөрвөн ойлголт оюун санаанд минь буусан.

Нэгдүгээрт, шүтлэг бишрэлийг маань бүрдүүлдэг үйлдлүүд

Шүтлэг бишрэлийн хамгийн түгээмэл бөгөөд чухал хэлбэрийн нэг бол онцгойлон адисалсан газар цуглаж, үнэнчээ харуулах үйлдлүүд гүйцэтгэх явдал юм. Их Эзэн: “Мөн чи өөрийгөө дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбогүй байлгаж болгохын тулд, чи залбирлын өргөөнд очиж мөн миний ариун өдөрт ариун ёслолуудаа өргөх ёстой” хэмээн хэлсэн. Энэ нь мэдээж бидний цуглааны байр барьдаг үндсэн сэдэл юм. Гэхдээ шаардлагатай бол бид онцгойлон адислаагүй байрыг тодорхой хэмжээнд ариун нандин болгож чадвал тухайн байрыг хэрэглэж болно.

Ариун ёслолын цуглаан

Их Эзэний өдөр цугларах үедээ бид юу хийдэг вэ гэдэг нь хамгийн чухал юм. Мэдээж бид баян тансаг биш ч боломжийн хэрээр сайхан, Бурханд хүндэтгэл, бишрэлийг харуулах замаар даруухан хувцасладаг. Бидний биеэ авч явах байдал ч бишрэл хүндэтгэлийг харуулах ёстой. Бид хамтдаа нэгдэн залбирахдаа, дуулал дуулахдаа (зөвхөн сонсох биш, дуулж), нэг нэгэндээ зааж, нэг нэгнээсээ сурч мэдэх замаар шүтэн биширдэг. Есүс: “Их Эзэний энэхүү өдөр, чи нүглүүдээ сүмийн ах дүүстээ, мөн Их Эзэний өмнө тоочиж, өөрийнхөө өргөлүүд [‘Бурханд болон ах эгч дүүстээ үйлчлэхэд цаг зав, авьяас болон эд хөрөнгөө … өргөх гэсэн утгатай’] мөн өөрийнхөө ариун ёслолуудыг Бүхний Дээдэд өргөх ёстой гэдгийг санагтун” хэмээн хэлсэн. Бид хамтлаг үзэн, зугаацуулж эсвэл зугаацахын тулд хамтдаа цуглардаггүй, харин Түүнийг дурсан санаж, Түүний сайн мэдээнд “илүү төгс зааварлагда[хын]” тулд цуглардаг.

Хамгийн сүүлчийн ерөнхий чуулганаар ахлагч Патрик Кийроны ийн сануулсанчлан: “Бид хүндэтгэлийн өдөр зүгээр л ариун ёслолын цуглаанд ирж, хийх зүйлсийн жагсаалтаасаа үүнийг хасах гэж цугладаггүй. Бид бишрэн шүтэхээр хамтдаа ирдэг. Энэ хоёрын хооронд ихээхэн ялгаа бий. Ирэх гэдэг нь тэнд байх гэсэн үг. Гэвч бишрэн шүтэх гэдэг нь өөрсдийгөө өөрчлөх замаар Бурханаа ухамсартайгаар магтаж, шүтэн бишрэхийг хэлнэ!”

Хүндэтгэлийн өдрийг Их Эзэнд болон Түүний зорилгод зориулах нь шүтэн биширч байгаагаа харуулах үйлдэл юм. Хэдэн жилийн өмнө тухайн үед ахлагч байсан Рассэлл М.Нэлсон: “Бид Хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариун байлгадаг вэ? Би залуу байхдаа Хүндэтгэлийн өдөр хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийг жагсаан бичсэн хүмүүсийн үгийг судалдаг байв. Дараа нь би судруудаас Хүндэтгэлийн өдөрт хэрхэн хандаж байгаагаа болон энэ өдөр хийдэг зүйлүүд маань Тэнгэрлэг Эцэг бид хоёрын хооронд тэмдэг болдог гэдгийг мэдэж авсан юм [Гэтлэл 31:13; Езекиел 20:12, 20-ийг үзнэ үү]. Би үүнийг ойлгосноор, хийх ёстой болон хийж болохгүй зүйлсийн жагсаалт гаргах хэрэггүй болж билээ. Би ямар нэгэн үйл ажиллагаа Хүндэтгэлийн өдөрт тохирох эсэх талаар шийдвэр гаргахдаа ‘Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?’ гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг” хэмээн хэлсэн.

Их Эзэний өдөр шүтэн бишрэх нь Есүс Христийн цагаатгагч агуу золиос дээр онцгойлон төвлөрдгөөрөө өвөрмөц юм. Бид Христийн амилсны баяраар Түүний Амилалтыг зохис ёсоор, онцгойлон тэмдэглэдэг ч бас долоо хоног болгон Түүний Цагаатгалын болон Амилалтын ариун ёслолын бэлгэ тэмдгээс хүртэхдээ мөн адил тэмдэглэдэг. Наманчлагч нэгний хувьд ариун ёслолоос хүртэх нь Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэлийн онцлох мөч нь байдаг.

“Христийн биеийн” хувьд хамтдаа шүтэн бишрэх нь бие биедээ заах, үйлчлэх, дэмжин туслах онцгой хүч, ашиг тусыг агуулдаг. Сонирхолтой нь, сүүлийн үеийн нэгэн судалгаагаар сүнслэг амьдралаа зөвхөн хувийн хэрэг гэж үздэг хүмүүс сүнслэг өсөлтөө эн тэргүүнд тавих, итгэл нь маш чухал гэж хэлэх нь эсвэл Бурханыг шүтэн бишрэхэд тогтмол цаг гаргах нь бага байдгийг олж тогтоожээ. Гэгээнтнүүд гэх хамт олны хувьд бид шүтлэг бишрэл, итгэл үнэмшилдээ бие биеэ хүчирхэгжүүлдэг.

Гэсэн ч бид өдөр бүр хувь хүнийхээ болон гэр бүлээрээ шүтэн бишрэх үйлдлүүдээ мартаж болохгүй. Аврагч бидэнд: “Гэсэн хэдий ч, чиний амлалтууд бүхий л өдрүүдэд мөн бүхий л цагт зөв шударга байдалд өргөгдөх ёстой” хэмээн сануулдаг. Нэгэн эгчийн ухаалгаар ажигласанчлан, “Бурханы бяцхан хүүхдүүдийг амьдралдаа авчирч, тэднийг асарч халамжлан, тэдэнд зориулсан Түүний төлөвлөгөөг зааж өгөхөөс илүү Бурханыг шүтэн бишрэх гүн гүнзгий арга зам байхгүй.”

Алма, Амюлек хоёр синагогуудаасаа хөөгдсөн зорамчуудад долоо хоногт ганц удаа биш, харин үргэлж мөн “байж болох газар бүрдээ” Бурханыг шүтэн бишрэхийг заасан. Тэд залбирал бол шүтлэг бишрэлийн нэг хэлбэр болох талаар:

“Өрөөнүүддээ мөн нууц газрууддаа, мөн аглаг буйддаа та нар өөрсдийн бодгалийг уудлан нээх ёстой.

Тийм ээ, мөн та нар Их Эзэнээс гуйгаагүй үедээ ч, зүрх сэтгэл тань дүүрэн байг, … үргэлжийн залбирлаар зүрхээ түүнд хандуулж бай” гэжээ.

Тэд мөн судруудыг судлах, Христийн талаар гэрчлэлээ хуваалцах, халамжийн үйлчлэл үзүүлэх, Ариун Сүнсийг хүлээн авах, өдөр бүр талархалтайгаар амьдрах талаар ярьсан. “Өдөр бүр талархалтайгаар амьдрах” талаар эргэцүүлэн бод доо. Энэ нь миний хоёрдугаар ойлголт руу хөтөлж байна.

Шүтлэг бишрэлийн нэг хэсэг болох хандлага ба мэдрэмж

Бурханд талархаж байгаагаа мэдрэх, үүнийгээ илэрхийлэх нь үнэндээ шүтлэг бишрэлийг зүгээр л өөр нэг даалгавар гэж үзэхийн оронд баяр хөөрт шинэчлэлтийн мэдрэмжээр дүүргэдэг.

Үнэн шүтлэг бишрэл гэдэг нь Бурханыг хайрлан, өөрсдийн өгч чадах хамгийн эрхэм үнэт бэлэг болох өөрсдийн хүслийг Түүнд нийцүүлэх гэсэн утгатай. Бүх хууль дахь хамгийн агуу зарлиг юу вэ гэж асуухад Есүс: “Чи Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” хэмээн хариулсан. Тэр мөн үүнийг анхны тушаал гэж нэрлэсэн.

Энэ нь Есүсийн Өөрийнх нь Эцэгийг шүтэн биширч буйн нэгэн хэлбэр байв. Түүний амьдрал, Түүний цагаатгагч золиос Эцэгийн алдар сууд зориулагдсан байв. Төсөөлшгүй зовлон, шаналлын дунд: “Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог” хэмээх Есүсийн зүрх шимшрүүлэм гуйлтыг бид тод томруун санадаг.

Христ Гетсеманид

Шүтлэг бишрэл бол энэхүү төгс жишээг дагахыг хичээх явдал юм. Бид энэ замналдаа нэг шөнийн дотор төгс болчихгүй, гэхдээ хэрвээ бид өдөр бүр “харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлийг [Түүнд] өргөл болгон өргөх” аваас Тэрээр Өөрийн Сүнсээр бидэнд дахин баптисм хүртээж, ач ивээлээрээ биднийг дүүргэх болно.

Гуравдугаарт, шүтлэг бишрэлд маань зөвхөн Бурхан багтдаг

Сургаал ба Гэрээнүүд судрын эхний хэсэгт Их Эзэн дэлхийнхнийг ийн зэмлэсэн:

“Учир нь тэд миний ёслолуудаас холдож, мөн миний үүрдийн гэрээг зөрчсөн билээ;

“Түүний зөв шударга ёсыг тогтоохын тулд тэд Их Эзэнийг эрэлхийлдэггүй, харин хүн болгон өөрийнхөө замаар мөн өөрийнхөө бурхны дүр төрхийн дагуу замнадаг буюу, тэдгээр нь … дэлхийнхтэй адил дүр төрх бүхий бөлгөө.”

Хананиа, Мишаел, Азариа гэдэг гурван еврей залуугийн жишээг санах нь бидэнд тустай. Лихайг гэр бүлийнхээ хамт Иерусалимыг орхиод удаагүй байхад тэднийг олзлон Вавилонд авчирчээ. Вавилоны оффицер тэднийг Шадрах, Мешах, Абеднего хэмээн нэрлэв. Хожим нь, энэ гурван залуу Небухаднезарын босгосон хиймэл шүтээнийг шүтэхийг эсэргүүцэхэд тэр тэднийг галт зууханд шидэхийг тушаан, “Миний гараас та нарыг аварч чадах ямар бурхан байна?” гэв.

Тэд хэрхэн зоригтой хариулсныг та нар санаж байгаа байх.

“Бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна.

Хэдийгээр тэгэхгүй байсан ч … бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй” хэмээн зоригтойгоор хариулсныг та нар санаж байгаа.

Шадрах, Мешах, Абеднего гурав галт зууханд аврагдав.

Галт зуух маш халуун байсан учраас тэднийг дотогш нь шидсэн хүмүүс үхсэн боловч Шадрах, Мешах, Абеднего нар гэмтээгүй. “Небухаднезар —Шадрах, Мешах, Абеднего нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр … Өөрт нь итгэн, … Бурханаасаа өөр ямар ч бурханд үйлчлэх ч үгүй, мөргөх ч үгүйгээр биеэ тушаан өгсөн зарц нараа аварчээ. … гэв.” Тэд Иехова өөрсдийг нь чөлөөлнө гэдэгт найдсан бөгөөд “хэдийгээр тэгэхгүй байсан ч”, өөрөөр хэлбэл Бурхан Өөрийн мэргэн ухаанд тэднийг үхлээс хамгаалахгүй байсан ч тэд Түүнд үнэнч хэвээр үлдэх байв.

Эцэг ба Хүүг шүтэн бишрэхээс илүү чухал байр суурь эзэлж буй юу ч шүтээн нь болж хувирдаг. Бурхан үнэний эх сурвалж гэдгийг үгүйсгэж, Түүний өмнө хариуцлага хүлээхээс татгалздаг хүмүүс үнэндээ өөрсдийгөө өөрсдийнхөө бурхан болгодог. Аливаа улс төрийн нам эвсэл, хөдөлгөөнд үнэнч байх буюу бурханлаг удирдамжийн дээгүүр тавьдаг хүн хуурамч бурхныг шүтэн биширч байгаа хэрэг. Бурханыг шүтэн биширдэг гэдэг хэр нь Түүний зарлигуудыг дагадаггүй хүмүүс өөрсдийн замаар алхдаг. “Тэд уруулаараа надтай ойр боловч зүрх сэтгэлээрээ надаас хол байдаг.” Бид “Цорын ганц үнэн Бурхан таныг болон Таны илгээсэн Есүс Христийг” шүтэн биширдэг

Дөрөвдүгээрт, Эцэг мөн Хүүг үлгэрлэн дуурайх хэрэгцээ

Эцэст нь, бидний хэрхэн амьдарч байгаа байдал шүтлэг бишрэлийн маань хамгийн бодит үнэн хэлбэр байж болох юм. Үнэнч гэдгээ харуулах нь Эцэг мөн Хүүг үлгэрлэн дуурайх буюу Тэдний мөн чанар, зан араншинг өөрсдөдөө хөгжүүлнэ гэсэн үг юм. “Үлгэрлэн дуурайх нь хамгийн чин үнэн магтаалын хэлбэр” гэж ярьдаг шиг хэрэв Бурханыг магтъя гэвэл үлгэрлэн дуурайх нь хүндлэл бишрэлийн хамгийн чин үнэн хэлбэр юм гэж хэлж болох билээ. Энэ нь бидний зүгээс ариун байдлыг идэвхтэй, байнга эрэлхийлэхийг хэлнэ. Гэхдээ Христтэй илүү адил болох нь бас бидний шүтэн бишрэх үйлдлийн үр дүн юм. Дээр эш татсанчлан, шүтэн бишрэх талаар ахлагч Кийрон “өөрсдийгөө өөрчлөх замаар” гэж хэлсэн нь маш чухал юм. Үнэн шүтлэг бишрэл бол өөрчлөхүйц нөлөөтэй.

Энэ бол шүтлэг бишрэл, хайр, Бурханд үнэнч байх замнал буюу гэрээний замын гайхамшиг билээ. Бид баптисмаар дамжуулан, Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүний зарлигуудыг сахихаа амлан энэхүү зам дээр гардаг. Бид Ариун Сүнсний бэлгийг буюу наманчлах үед нүглээс маань биднийг гэтэлгэн, ариусгадаг Аврагчийн ач ивээлийн элчийг хүлээн авдаг. Бид наманчлахдаа Түүнийг шүтэн биширдэг гэж ч бас хэлж болох юм.

Дараа нь Их Эзэний өргөөнд гүйцэтгэдэг санваарын нэмэлт ёслол, гэрээнүүд нь биднийг илүү ихээр ариусгадаг. Ариун сүмийн ёс жаяг, ёслолууд нь шүтлэг бишрэлийн дээд түвшний хэлбэрээс бүрддэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Санваарын ёслолуудад оролцож, Бурхантай гэрээ байгуулсан, гэрээндээ үнэнч эрэгтэй, эмэгтэй хүн бүр Бурханы хүчийг шууд хүлээн авах боломжтой” хэмээн онцлон хэлсэн. Энэ нь бидний үйлчилж, адислахдаа хэрэглэдэг хүч төдий зүйл биш юм. Энэ нь түүнчлэн биднийг цэвэршүүлж, ариусгадаг бурханлаг хүч юм. Биднийг гэрээний зам дээр алхах үед биднээр “бурханлаг чанарын [ариусгагч] хүч илэрхийлэгддэг.”

Бүгдээрээ эртний нифай, лемен хүмүүсийн адил “Есүсийн хөлд доош унаж, мөн түүнийг шүтэн биш[ирцгээе].” Түүнчлэн Есүсийн зарлигласнаар “доош сөхөрч мөн [Хүүгийн] нэрээр Эцэгийг бишрэн шүтэ[н],” Ариун Сүнсийг хүлээн авч, зүрх сэтгэлээ Бурханд даатгаж, Түүнээс өөр бурхангүй байж, Есүс Христийн шавь нарын хувьд Түүний зан чанарыг үлгэрлэн дуурайцгаая. Бид ийн үйлдсэнээр шүтэн бишрэхдээ баяр баясгаланг мэдрэх болно гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.