2025
Мөн бид Христийн тухай ярьдаг
2025 оны 5-р сар


14:27

Мөн бид Христийн тухай ярьдаг

Бид Есүс Христийн шавь нар бөгөөд Түүний гэрлийг хүлээн авч, хуваалцахыг эрэлхийлдэг.

Оршил

Миний эхнэр Лиса бид хоёр далайн чанад дахь томилолтоо дуусган, гэр лүүгээ харихаар дахин нэг шөнийн нислэгт бэлдэн онгоцны буудал руу оров. Бид алхам алхмаар урагшлах урт эгнээнд олон хүнтэй мөр зэрэгцэн зогсохдоо онгоцондоо амжиж суух, паспорт, визний шалгалтаар орох, шалган нэвтрүүлэх цэгээр амжилттай гарч чадах гэх зэрэгтээ санаа зовж байгаа бусад аялагчийн түгшүүр улам нэмэгдэж байгааг мэдэрч байлаа.

Эцэст нь тухайн танхим дахь стрессийг огт ажраагүй мэт суугаа гаалийн ажилтны шалгах цэг дээр бид ирэв. Тэр бодох юмгүй шууд л гараа сунган, намайг харах ч үгүй миний бичиг баримтыг авч, зургийг минь баталгаажуулаад, хуудаснуудыг эргүүлэн харж байснаа эцэст нь паспортыг маань тас хийтэл тамгаллаа.

Дараа нь тэр гараа сунган Лисагийн баримт бичгийг авав. Тэрээр ямар ч сэтгэл хөдлөлгүй, доош харан, ажилдаа төвлөрч, урдаа байгаа бичиг баримтын мэдээлэл дээр анхаарлаа хандуулан, хуудаснуудыг нэг нэгээр эргүүлэн мэргэжлийн хүний нүдээр харж байлаа. Түүнийг гэнэт зогсож, толгойгоо алгуурхан өргөн найрсаг харцаар Лиса руу эгц харахад нь бид бага зэрэг гайхав. Тэр сайхан инээмсэглэн Лисагийн паспорт дээр тамгаа зөөлхөн дарж, бичиг баримтыг нь буцаан өгөв. Эхнэр маань хариу инээмсэглэн, бичиг баримтаа аваад, талархлаа илэрхийлэн баяртай гэж хэлэв.

Сая юу болсон бэ?” гэж намайг асуухад,

Лиса уг ажилтны харсан зүйл буюу Аврагчийн зурагтай жижигхэн картаа надад харуулав. Тэр нь Лисагийн цүнхнээс гулган паспортынх нь завсар хавчуулагдсан байжээ. Уг зургийг гаалийн ажилтан олж харсан бөгөөд энэ нь түүний зан араншинг өөрчилсөн байв.

Пасспорт завсар байгаа Аврагчийн зураг

Ач ивээл ба үнэн, Саймон Дюүи, altusfineart.com, © 2025, зөвшөөрөлтэй ашиглав.

Аврагчийн энэхүү жижигхэн зураг хоёр танихгүй хүний зүрх сэтгэлийг холбожээ. Энэ нь Есүс Христийн гэрлийн сэтгэл татам чанар, гайхамшиг, бодит байдлыг ил гарган хол хөндий харилцааг ойр дотно болгож өөрчилсөн юм. Тэр өдөржингөө мөн түүнээс хойш үе үе би тэрхүү энгийн сайхан мөчийн талаар сэтгэл уяран бодож, Бурханы хүүхдүүдийн дээрх Христийн гэрлийн сүр жавхлант нөлөөнд баясдаг.

Бид Христийн тухай ярьдаг

Бид Есүс Христийн шавь нар бөгөөд Түүний гэрлийг хүлээн авч, хуваалцахыг эрэлхийлдэг. “Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь” хэмээх шашны номлолыг Сүмийн нэрээс шууд харж болно. Тэнгэрлэг Эцэг маань эртний болон амьд бошиглогчдоор дамжуулан “Түүнийг сонс!”, “Христэд ирэгтүн” хэмээн зарлигласан. “Бид Христийн тухай ярьж, бид Христэд баясаж, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошигло[дог].”

Есүс Христ бол Бурханы Хүү, мөн Тэр дэлхий дээрх тохинууллынхаа үеэр Өөрийн сайн мэдээг зааж, Сүмээ байгуулс[ныг]” бид заадаг.

Есүс амьдралынхаа төгсгөлд Гетсеманы цэцэрлэгт зовж шаналан, загалмай дээр цовдлогдсоныхоо дараа амилж бидний нүглийг цагаатгасныг бид гэрчилдэг.

Бид Аврагчийн цагаатгагч золиослолын ачаар наманчилбал уучлагдаж, нүглээсээ цэвэршигдэх боломжтойдоо баясдаг. Энэ нь бидэнд амар амгаланг авчирч, Бурханы оршихуйд эргэн очих, баяр баясгалангийн бүрэн дүүрэн байдлыг хүлээн авах боломжийг олгодог.

Христ, Мариа хоёр булшны дэргэд

Бид Есүсийн Амилалтын ачаар үхэл бол төгсгөл биш, харин урагшлах нэгэн чухал алхам юм гэдгийг бошиглодог. “Бид бүгд нас барсныхаа дараа амилуулагдах болно. … Энэ нь хүн бүрийн сүнс, бие махбод ахин нэгдэж, мөнх амьдрах болно гэсэн үг юм.

Христэд ирэгтүн

Бидэнд зааж, удирдан чиглүүлэхээр Бурханаас илчлэл хүлээн авдаг өнөө үеийн амьд бошиглогчид биднийг Христэд ирэгтүн хэмээн ахин дахин урьсаар байна. Тэд бидэнд зүрх сэтгэл, харах нүд, сонсох чихээ Түүн дээр бүрэн дүүрэн төвлөрүүлэхэд тусалж байна. Бид Тэргүүн зөвлөлийн зарласан биднийг Есүс Христэд төвлөрүүлэх зорилготой зохицуулалт, сайжруулалтын олон жишээг цохон тэмдэглэж болно. Заримыг нь дурдвал:

  • “Мормоны Сүм” гэдэг нэрийг халж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэсэн зөв нэрээр солих шийдвэр.

  • Христэд төвлөрсөн сэдэвтэй шинэ уран зургуудыг цуглааны байруудад тавих.

  • “Христийн шавь”, “Христ рүү харагтун” гэх мэтчилэн Есүс Христэд төвлөрсөн залуу эмэгтэйчүүд, Аароны санваарын чуулгын уриа.

  • Түүхэн дэх хамгийн сүр жавхлант үйл явдал болох Есүс Христийн Цагаатгалыг болон бодит Амилалтыг илүү онцлох болсон явдал.

  • Христийн амилсны баярыг зүгээр нэгэн баярын өдөр биш харин Есүс Христийг онцолсон өдрүүд болгон тэмдэглэх.

  • Сүмийн таних тэмдэг, үүний бэлгэдлийн мөн чанарын талаарх танилцуулга.

Эдгээрээс заримынх нь нөлөөг илүү гүнзгийрүүлэн авч үзье. Нэгдүгээрт, Сүмийн бэлгэ тэмдэг.

Сүмийн бэлгэ тэмдэг

Сүмийн бэлгэ тэмдэг

2020 онд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн шинэ таних тэмдгийг танилцуулсан. Энэхүү бэлгэ тэмдэг нь Христ бол Өөрийн Сүмийн гол цөм бөгөөд бидний амьдралын төвд байх ёстой гэсэн үнэнийг харуулдаг. Бид одоо энэхүү танил болсон бэлгэ тэмдгийг ариун сүмийн зөвшөөрлийн бичиг, Сүмийн вэбсайт, сэтгүүл, Gospel Library аппликэйшны дүрс зураг, бүр цэргийн алба хашиж байгаа Сүмийн олон гишүүний цэргийн бичиг баримт дээрээс харж болно. Уг бэлгэ тэмдэгт Есүс Христ бол гол булангийн чулуу гэдгийг сануулсан Сүмийн нэрийг булангийн чулуун дотор бичсэн байдаг бөгөөд үүнийг энд харагдаж байгаа Камбож хэлээс гадна 145 өөр хэл дээр орчуулан хэрэглэж байгаа юм.

Сүмийн камбож хэл дээрх бэлгэ тэмдэг

Бэлгэ тэмдгийн голд дэлхий даяар Сүмтэй холбон ойлгон хүлээн авдаг болсон, дэлхий даяарх ариун сүмийн газруудад болон зочдын төвүүдэд байдаг Бэртэл Торвалдсэны бидний хайр хүндлэлийг хүлээсэн Христус хэмээх гантиг чулуун хөшөөний дүрслэл бий. Сүмийн бэлгэ тэмдэг дээрх үүний байрлал бидний үйлддэг бүх зүйлийн төвд Христ байвал зохино гэдгийг харуулдаг. Үүний адилаар Аврагчийн дэлгэсэн гар Өөрт нь ирэх бүгдийг тэврэн угтан авах Түүний амлалтыг илтгэдэг. Энэхүү бэлгэ тэмдэг бол Аврагчийн хайрыг төлөөлөн харуулсан дүрслэл бөгөөд Амьд Христийн байнгын сануулагч юм.

Есүс бунхнаас гарч ирж байгаа нь

Би олон найз, гэр бүлийнхнээсээ Сүмийн бэлгэ тэмдгийн нэгэн чухал хэсгийн талаар сонирхон асуусан юм. Гайхалтай нь олон хүн үүнд агуулагддаг нэгэн ариун нандин хэсгийн талаар мэдэхгүй байсан. Есүс Христ нуман хаалганы доор зогссон байдаг. Энэ нь булшнаас гарч ирж буй амилсан Аврагчийг төлөөлдөг. Бид үнэхээр Сүмийн бэлгэ тэмдэгт ашиглахдаа ч амилсан, амьд Христийг алдаршуулдаг.

Илүү дээд түвшний, илүү ариун Христийн амилсны баяр

Одоо Христийн амилсны баярын ач холбогдлыг эргэцүүлэн бодъё. Христийн амилсны баярын талаар Тэргүүн зөвлөлийн саяхан гаргасан захиасанд биднийг “сургаалыг нь судлан, Христийн амилсны баярын уламжлалыг нийгэмд, ялангуяа гэр бүлдээ бий болгох замаар амьд Аврагчийнхаа Амилалтыг тэмдэглэн өнгөрүүлэх[ийг]” уриалсан. Товчхон хэлэхэд биднийг Христийн амилсны баярыг илүү дээд түвшинд, илүү ариун байдлаар тэмдэглэн өнгөрүүл хэмээн урамшуулсан.

Би Христийн амилсны баярын талаарх илчлэл үргэлжлэн өгөгдөж байгаад баярлаж байна. Мөн энэхүү баярыг ариун нандин үйл явдал болгохын тулд гаргаж буй та бүгдийн ихээхэн хичээл зүтгэлд талархаж байна. Христийн амилсны баярын ням гарагт ариун ёслолын цуглааныг нэг цаг байлгахаас гадна Далдуу модны ням гараг, Ариун долоо хоногт тойрог, гадасны онцгой цугларалт, үйл ажиллагаа зохион явуулах зэрэг өөр бусад зохистой үйл ажиллагааг жишээ болгон дурдаж болох юм. Ийн дурсан санахад хүүхдүүд, өсвөр үеийнхнийг хамруулсан үйл ажиллагаанууд болон ихэвчлэн шашин хоорондын хамтын найрал дуу багтдаг. Зарим нь “Амьд Христ” нээлттэй хаалганы өдөрлөгийг гишүүдэд болон найз нөхдөдөө зориулан зохион байгуулж, олон шашны хамтын нийгэмлэгийн зохион байгуулдаг Христийн амилсны баярын үйл ажиллагаануудад оролцдог.

Ийм үйл ажиллагаанууд нь Аврагчийг Иерусалим хот руу ялгуусан байдалтай орох үед нэгэн дуугаар Түүнийг магтан дуулж байсан цугласан олонтой төстэй юм. Энэхүү нэн чухал баярын өдрийг гэр бүлээрээ гэртээ тэмдэглэн өнгөрүүлж, шүтэн бишрэх Тэргүүн зөвлөлийн гаргасан уриалгыг та нар халуун дулаан хүлээн авсан тухай мэдээ мөн адил гүн сэтгэгдэл төрүүллээ.

Христийн амилсны баяртай холбоотой гэр бүлийн сүсэг бишрэл гайхалтайгаар нэмэгдсэн гэж би итгэж байна. Хоёр жилийн өмнө би Христийн амилсны баярт хүндэтгэлтэй хандах арга замаа сайжруулах гэр бүлийнхээ зорилгын талаар ярьсан. Бид одоо ч үүн дээр ажиллаж байгаа гэдгээ хэлье. Бид үргэлж Христийн амилсны баярын онцгой зоог барих, сагстай бэлэг, өндөг хайж олох тоглоом тоглох дуртай байсан, одоо ч дуртай хэвээрээ. Гэсэн ч, тэмдэглэлт баяртаа Есүс Христэд болон Түүний Цагаатгалд төвлөрсөн сүнслэг үйл ажиллагаануудыг нэмснээр бүхнээс ариун эдгээр үйл явдлыг тэмдэглэхдээ аль алинд нь ач холбогдол өгдөг болсон.

Стивэнсоныхон Христийн амилсны баяраар

Бидний хувьд энэ жил Христийн амилсны баярыг Христэд илүү төвлөрсөн болгох гурав дахь оролдлого байх болно. Христийн мэндэлсэн түүхийг жүжигчлэн үзүүлдэг шиг манай гэр бүлийн Христийн Амилалтын өдрийн жүжигчилсэн тоглолтод энгийн хувцас чимэглэл, Шинэ Гэрээ, Мормоны Номын хэсгүүдээс унших, хөгжим, Христийн амилалтын зургууд, далдуу модны мөчрүүд ордог. Нуулгүй хэлэхэд бага зэрэг замбараагүй байдаг л даа. Хүүхдүүд, ач зээ нар маань Далдуу модны ням гаргийн “… Хосанна. … Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна!” мөн “Энэ чинь Галилын … Есүс байгаа юм” гэх Христийн мэндэлсний баярын “Газарт амар тайван байг” хэмээх хэллэгтэй адил санагддаг магтаал дууллыг уншиж, давтдаг.

Бид одоо гэрээ янз бүрийн зүйлээр чимэглэдэг болсон. Өмнө нь зөвхөн туулай, өндөгнүүд байдаг байсан бол одоо Христус, хоосон булш, булшны гадаах цэцэрлэгт үзэгдэж буй амилсан Аврагч, нифайчуудад үзэгдэж буй Аврагчийн зураг зэргийг эн тэнцүү оруулдаг болсон. Мөн бид Христийн амилсны баярыг зөвхөн нэг өдөр биш олон өдөр тэмдэглэхийг хичээж байгаа. Бид Далдуу модны ням гараг, Сайн баасан гарагт болон Ариун долоо хоногийн турш болсон ариун үйл явдлуудын талаар илүү их ярьж, илүү их бодож, илүү ихээр баярлан өнгөрүүлэхийг хичээн чармайж байгаа.

Христийн амилсны баяр нь бидэнд Есүс Христийн цагаатгагч золиосыг болон Түүний бодит, баяр баясгалант Амилалтыг хүндэтгэн алдаршуулах боломжийг олгодог. Гетсеманы цэцэрлэг, Калвари дахь Аврагчийн зовлон шаналлыг төсөөлөн бодохдоо бидний зүрх сэтгэл өвддөг ч хоосон булш, “Тэр амилсан!” хэмээх тэнгэрлэг тунхгийг төсөөлөхөд зүрх сэтгэл маань баясдаг.

Бодит Амилалт

Саяхан Тэргүүн зөвлөл биднийг “хүн төрөлхтөнд өгсөн хамгийн сүр жавхлантай, алдар суут захиас болох Есүс Христийн Амилалт, Христийн амилсны баярыг хүсэн хүлээ[хэд]” урамшуулан дэмжсэн нь энэ баярын өдрүүдийн ач холбогдлыг тодотгож байна. Христийн шашны судлаачдын дунд Амилалтыг зүйрлэл, бэлгэдэл төдий нэршил маягаар үзэх хандлага улам бүр нэмэгдэж байгаа ч “Амилалт гэдэг нь амьдарч байсан бүх хүн амилуулагдах болно гэсэн утгатай бөгөөд Амилалт нь бодит” гэсэн сургаалдаа бид бат зогсдог. “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.” Есүс Христ амьд бодгаль бүгдийн төлөө үхлийн хүлээсийг тасчин хаясан.

Би Есүсийн бэлэглэсэн тэр их ач ивээлд нь алмайран байна. Бид Түүний: “Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй” хэмээх үгсийг нандигнадаг.

К.С.Лүис: “Христийн шашныг номлох гэдэг нь [төлөөлөгчдийн хувьд] хамгийн гол нь Амилалтыг номлох гэсэн үг байсан. … Амилалт нь Үйлс номд цэдэглэгдсэн Христийн шашны сургаал бүрийн гол сэдэв юм. Амилалт болон үүний үр дүн нь Христийн шашинтнуудын авчирсан ‘сайн мэдээ’ буюу сайхан мэдээ юм” хэмээн хэлсэн.

Би “Амилуулалт гэж буй, тиймийн тул булш ялахгүй, мөн үхлийн гашууныг Христ ялан дийлс[нийг]” тунхаглаж байна.

Дүгнэлт ба гэрчлэл

Эцэст нь, би амьд бошиглогчийн болон түүний зөвлөхүүдийн Христийн амилсны баярын төлөөлдөг ариун үйл явдлуудыг илүү сэтгэл гарган тэмдэглэх урилгыг хүлээн авсан бүх хүн Есүс Христтэй холбогдох холбоо нь улам бат бөх болж өсөхийг олж харна гэдгийг гэрчилж байна.

Хэдхэн хоногийн өмнө би булш, булшны чулуун хаалга, Есүс, Мариа, шавь нар, тэнгэр элч нарыг дуурайлган хийсэн энгийн жижиг тоглоом ашиглан дөрвөн настай ач хүүтэйгээ хамт Христийн амилсны баярын түүхийг ярьж тоглосон эмээгийн талаар сонссон. Эмээ нь оршуулга, булш хаагдаж, нээгдэх, Амилалтын цэцэрлэг дэх үзэгдэл зэргийг хуваалцахыг жаал хүү анхааралтай үзэж, сонсжээ. Дараа нь тэр өөрөө тоглоомуудыг хөдөлгөн түүхийг гайхмаар дэлгэрэнгүй, анхааралтайгаар аав, ээждээ дахин ярьж өгчээ. Энэхүү сэтгэл хөдөлгөм мөчийн дараа түүнээс бид яагаад Христийн амилсны баярыг тэмдэглэдэг тухай асуухад, тэр дээш хараад, “яагаад гэвэл Тэр амьд” хэмээн цайлган хариулжээ.

Христийн амилсны баярын түүхийг ярьж байгаа хүү

Би түүний мөн та бүхний, мөн тэнгэр элч нар, бошиглогчдын гэрчлэл дээр нэмж Тэр амилсан мөн Тэр амьд гэдгийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.