Бурханы оршихуйд итгэх итгэл
Бид төгс хайр, ариун журмаар амьдралаа дүүргэхийг хичээнгүйлэн эрэлхийлснээр Бурханд ойртох итгэл маань өсөн нэмэгдэх болно.
Хайрт ах, эгч нар минь, өнөөдөр энэхүү чухал ерөнхий чуулганы үеэр та бүхэнд хандан ярьж байгаадаа би талархаж байна. Миний хараа улам бүр муудсаар байгаа. Захиасаа хуваалцах үед минь ойлгож хүлээн авдаг та нарт баярлалаа.
Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм агуу инерцээр урагшилж буй цаг үед амьдарч байна. Би маш олон бүсэд ахиц дэвшил гарч байгааг хараад сэтгэл минь баяр хөөрөөр дүүрдэг.
Би ялангуяа өсвөр үеийнхнээсээ урам зориг авдаг. Тэд үй олноороо үйлчилдэг. Тэд өвөг дээдсээ эрж хайн, ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэдэг. Номлолд үйлчлэхээр өргөдлөө илгээж буй манай залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн тоо урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдсэн. Өсөж буй үеийнхэн маань Есүс Христийн эрэлхэг зоригтой дагалдагчид болон өсөж байна.
Саяхан би шинэ зээнцэртэйгээ уулзсан юм. Тэр минь энэ амьдралд саад бэрхшээлүүдтэй тулгарна гэдгийг эргэцүүлэн бодож байхдаа би түүнд Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхэд нь туслах агуу хүслийг мэдэрсэн. Сайн мэдээний дагуу амьдрах нь түүний ирээдүйн аз жаргалд амин чухал.
Бидний нэгэн адилаар тэр сорилт бэрхшээлтэй тулгарна. Бид бүгд өвдөж, сэтгэлээр унаж, соригдож, гай зовлонг туулна. Эдгээр сорилт бидний өөртөө итгэх итгэлийг сулруулж болно. Гэсэн хэдий ч Есүс Христийн шавь нар янз бүрийн итгэлийг ашиглах боломжтой.
Бид Бурхантай гэрээ байгуулж, сахиснаар Сүнснээс ирдэг итгэлийг олж авч чадна. Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд бидний итгэлтэй байдал “Бурханы оршихуйд хүчтэй болох” боломжтой гэж заасан. Бурханы оршихуйд итгэлтэй байснаар хэрхэн тайвшрахыг төсөөлөөд үз дээ.
Бурханы өмнө итгэлтэй байх гэдэг нь яг одоо Бурханд итгэлтэйгээр ойртохыг хэлж байгаа! Тэнгэрлэг Эцэг биднийг сонсдог учраас, бидний хэрэгцээг өөрсдөөс маань илүү мэддэг учраас итгэлтэйгээр залбирахыг хэлж байгаа. Тэр биднийг ухаарч чадахаас маань илүү биднийг хайрладаг ба бидэнтэй болон хайртай хүмүүстэй минь хамт байлгахаар тэнгэр элчүүдээ илгээдэг гэдэгт итгэхийг хэлж байгаа юм. Бидний хүн нэг бүрд хамгийн өндөр чадавхдаа хүрэхэд туслахыг Тэрээр хүсэн хүлээдэг гэдэгт итгэх тухай би ярьж байна.
Тэгвэл бид ийм итгэлийг хэрхэн олж авах вэ? Их Эзэн энэ асуултад дараах үгсээр хариулсан. “Дотор чинь … бүх хүний … зүг төгс хайраар дүүрэн байг, мөн бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг; тэгвэл Бурханы оршихуйд өөртөө итгэх байдал чинь баттай болох болно.”
Энэ бол түлхүүр нь юм! Их Эзэн өөрийн үгээр төгс хайр, ариун журам нь Бурханы өмнө итгэлтэй байх замыг нээдэг гэсэн. Ах, эгч нар аа, бид ийн үйлдэж чадна! Бурханы оршихуйд өөртөө итгэх байдал маань яг одоо үнэхээр баттай болох боломжтой!
Төгс хайр, ариун журам хоёрыг авч үзье.
Эхлээд төгс хайрыг. Хоёр жилийн өмнө би бүх хүнээс Есүс Христийн гэрээт дагалдагчдын хувьд амар тайвныг тогтоогчид байхыг хүссэн. Би тэр үед хэлсэн үгээ давтъя. “Уур хилэн хэзээ ч ятгаж чаддаггүй. Дайсагнал хэнийг ч сайхан харагдуулдаггүй. Зөрчилдөөн хэзээ ч сүнслэгээр өдөөгдсөн шийдэлд хүргэдэггүй.”
Бүх хүний зүг хандсан төгс хайр нь амар тайвныг тогтоогчдын онцлох шинж юм. Бид гадуур ч, гэртээ ч төгс хайрыг агуулсан үг яриа ашиглах нь зайлшгүй чухал. Миний өмнөх зөвлөгөөг хүлээн авч дагасан хүмүүст би талархаж байна. Гэсэн ч бид илүү сайнаар хичээж чадна.
Олон нийтийн ярианд, сошиал медиа дээр дайсагнал улам бүр газар авч, сэтгэл түгшээж байна. Хорон үгс бол үхлийн зэвсэг юм. Зөрчилдөөн нь Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байх боломжийг хаадаг.
Есүс Христийн дагалдагчдын хувьд бид амар тайвныг тогтоох тал дээр манлайлах хэрэгтэй. Төгс хайр бидний мөн чанарын нэгэн хэсэг болсноор бид бусдыг дорд үзэх хүсэлгүй болно. Бид бусдыг шүүхээ болино. Бид олон янзын хүнд төгс хайраар хандах болно. Бүх хүний зүг хандсан төгс хайр нь бидний өсөлт хөгжилд амин чухал. Төгс хайр бол бурханлаг зан чанарын үндэс суурь мөн.
Тэнгэрлэг Эцэгээсээ зүрх сэтгэлийг маань илүү агуу төгс хайраар, ялангуяа хайрлахад хэцүү хүмүүсийг хайрлах төгс хайраар дүүргэж өгөхийг бүгдээрээ гуйцгаая. Учир нь төгс хайр бол Тэнгэрлэг Эцэгээс Есүс Христийн үнэн дагалдагчдад өгдөг бэлэг юм. Аврагч бол Энхийн Жонон. Бид амар тайвныг тогтоох Түүний зэмсэг болохоор энд байгаа.
Одоо би ариун журмын талаар ярья. Их Эзэн бидэнд бодол санаагаа ариун журмаар зогсолтгүй чимэн гоё гэж айлдсан. Ямарваа эерэг бодлыг ариун журамтай хослуулснаар хүлээн авах хүчийг төсөөлөөд үз дээ. Ариун журам нь бүх зүйлийг илүү сайхан, илүү аз жаргалтай болгодог! Нөгөөтээгүүр бохир, хэрцгий, гутарсан бодлуудад ариун журмыг нэмснээр юу болохыг төсөөлөөд үз дээ. Ариун журам тэдгээр бодлыг үлдэн хөөх болно. Ариун журам та нарыг түгшүүрт, зовлонт бодлоос чөлөөлнө.
Ах, эгч нар аа, энэ дэлхий ёс бус байдалд автахын хэрээр бид цэвэр байдалдаа улам бүр шамдах хэрэгтэй. Бодол, үг, үйлдлүүд маань хувиршгүй ариун журамтай байж, бид бүх хүний зүг хандсан Есүс Христийн цэвэр хайраар дүүргэгдэх хэрэгтэй. Бурханы хувьд ямар байх хэрэгтэй тийм хүмүүс болох нь бидний өмнө байгаа агуу боломж юм
Их Эзэний өргөөнд тогтмол шүтэн бишрэх нь төгс хайр, ариун журам хоёрыг хоёуланг нь өөртөө төлөвшүүлэх бидний чадавхыг нэмэгдүүлдэг. Тиймээс ариун сүмд өнгөрүүлсэн цаг хугацаа Их Эзэний өмнө итгэлтэй байдлыг маань нэмэгдүүлдэг. Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь бидний Аврагч Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд бидэнд тусална. Бид Түүний ирэх өдрийг ч, цагийг ч мэдэхгүй. Гэхдээ Их Эзэн бид бүгдийг тэрхүү “агуу, аймшигт өдөр[т]” бэлэн болохыг яаравчлуулан, надад сүнслэгээр нөлөөлж байгааг би мэднэ.
Бид төгс хайр, ариун журмаар амьдралаа дүүргэхийг хичээнгүйлэн эрэлхийлснээр Бурханд ойртох итгэл маань өсөн нэмэгдэх болно. Би та бүхнийг Их Эзэний өмнө итгэлтэй байдлаа өсгөхийн тулд зорилготойгоор алхам алхмаар үйлдэхэд урьж байна. Тэгээд Тэнгэрлэг Эцэгтээ илүү итгэлтэйгээр ойртох үед бид илүү их баяр хөөрөөр дүүрч, Есүс Христэд итгэх итгэл маань өсөх болно. Бид өөрсдийнхөө найдлагаас ч давсан сүнслэг хүчийг мэдэрч эхэлнэ.
Бид сүүлийн жилүүдэд ариун сүм барих ажлыг хурдасгаж байгаад Их Эзэнд талархаж байна. Түүний удирдлага доор бид өнөөдөр дараах 15 байрлалд ариун сүм барихаар төлөвлөж байгаагаа зарлаж байна.
-
Мексикийн Рэйноса
-
Перугийн Чорриёос
-
Уругвайн Ривэра
-
Бразилын Кампо Гранжи
-
Португалийн Порто
-
Нигерийн Уёо
-
Филиппиний Сан Хосэ дэл Монтэ
-
Шинэ Каледоний Нөмэяа
-
Австралийн Ливэрпүүл
-
Айдахогийн Калдвэлл
-
Аризонагийн Флагстафф
-
Өмнөд Дакотагийн Рапид Сити
-
Өмнөд Каролинагийн Грийнвилл
-
Виржиниагийн Норфолк
-
Ютагийн Спаниш Форк
Би Израилын Гэтэлгэгч Есүс Христ үүнийг, Өөрийн Сүмийг удирддаг гэдгийг гэрчилж байна. Тэр дахин ирэхээр бэлтгэж байгаа. Бид ч бас Түүнийг хүлээн авахдаа бэлтгэх болтугай. Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр хэллээ, амен.