“Жон Д.Амос,” Лиахона, 2025 оны 5-р сар
Шинэ дуудлагууд
Ахлагч Жон Д.Амос
Далын ерөнхий эрх мэдэлтэн
2020 онд ахлагч Жон Д.Амос амьдралыг нь өөрчилсөн дуудлагад буюу Лүизиана Батон Рүж номлолын ерөнхийлөгчөөр дуудагджээ. Амьдралынхаа олон зүйлийг шинэ дуудлагадаа нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байсан ч ахлагч Амос болон түүний эхнэр хоёр энэ үүргийг итгэлтэйгээр талархан хүлээн авсан юм.
“Шийдвэр болон амлалт нь аль хэдийн тогтсон байсан. Их Эзэнийг дуудах үед бид зүгээр л хариулсан” гэж ахлагч Амос хэлжээ.
Жон Д.Амос 1961 оны 11-р сарын 2-нд Лүизиана мужийн Лафэиэтт хотод Ахмад Жон Н.Амос, Дороти Викториан Амос нарын гэр бүлд төржээ. Тэрээр ирээдүйн эхнэр Мишэлл Ивэтт Враяттай коллежид цахилгааны инженерийн чиглэлээр хамт суралцаж байхдаа танилцжээ.
Аль хэдийн Сүмийн гишүүн байсан Мишэлл анхны болзоогоороо Жоныг сүмийн бүжигт урьжээ. Үүний дараа тэрээр Сүмийн тухай болон сэргээгдсэн сайн мэдээнд Аврагчийн гүйцэтгэх гол үүргийн талаар илүү ихийг суралцаж эхэлсэн байна.
“Бүх зүйл Есүс Христийн тухай юм. Тэр бол бүх юмсын гол цөм билээ” гэж тэр хэлсэн.
Ахлагч Амос, Мишэлл хоёр 1990 оны 6-р сарын 9-нд Атлантагийн Жоржиа ариун сүмд гэрлэжээ. Тэд гурван хүүхэд, зургаан ач зээтэй.
Ахлагч Амос цахилгаан болон цөмийн инженерийн зэрэгтэй. Тэрээр ажил мэргэжлийнхээ туршид Америкийн Нэгдсэн Улсын тэнгисийн цэрэгт алба хааж, Siemens Energy Inc. компанид ажиллаж, Төв Флоридагийн Их Сургуульд багшилж байжээ.
Өмнө нь тэрээр Бүсийн дал (Хойд Америкийн зүүн өмнөд бүс), номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, бишоп, бишопын зөвлөх, тойргийн Ням гаргийн ангийн ерөнхийлөгч, тойргийн гүйцэтгэх нарийн бичиг, дээд пристүүдийн бүлгийн удирдагч, балчир хүүхдийн ангийн удирдагч гэсэн Сүмийн дуудлагуудад үйлчилж байв.