2025
Ахлагч Майкл Чиэсла
2025 оны 5-р сар


“Ахлагч Майкл Чиэсла,” Лиахона, 2025 оны 5-р сар

Ахлагч Майкл Чиэсла

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Майкл Чиэсла 2017 онд өөрт нь тохиолдсон сорилт бэрхшээлүүдийн талаар ер мартдаггүй. Нэгдүгээр сарын нэгэн мягмар гарагт өөрийнх нь ажиллаж байсан олон улсын хуулийн фирм дампуурлаа зарлахад тэрээр ажилгүй болжээ. Маргааш нь усны шугам гэмтсэнээс гэр нь усанд автжээ. Нөгөөдөр нь хулгайчид гэрт нь орж үнэ цэнтэй зүйлсийг нь хулгайлахыг оролджээ. Хэдхэн хоногийн дотор амьдрал нь орвонгоороо эргэв.

“Тэр долоо хоногийн ням гарагт индэр дээр би гадасны ерөнхийлөгчийн хувьд сууж байхдаа ердийнхөөрөө инээмсэглэн байж билээ. Хэн ч юу болж байгааг мэдээгүй. Гэвч дотроо би аймшигтай уй гашууд автаж байлаа. Дотор минь маш их харанхуйлж байлаа” гэж тэр дурсав.

Цуглааны дараа тойргийн нэгэн үг цөөтэй, эелдэг зөөлөн хүн юу болсныг түүнээс асуужээ. “Тэр намайг зүгээр л сонсож, намайг тэвэрсэн. Их Эзэн намайг тэвэрч, миний зовлон зүдгүүрийг, бүх зүйл сайхан болно гэдгийг мэдэж байгааг би мэдэрсэн” гэж тэр ярьсан юм.

Майкл Чиэсла 1972 оны 7-р сарын 26-нд Германы Ноймүнстэр хотод Армин Людвиг, Ирмтраут Ханна нарын гэр бүлд төржээ. Тэр Шлэзвиг-Холштайн хотод өссөн бөгөөд хожим нь Ютагийн Огдэн номлолд үйлчилжээ. Түүний гэргий Маргрэт Анн Раух Ариун Сүмийн талбайн номлолд үйлчилсэн байна. Тэд 1997 оны 4-р сарын 4-нд Солт Лэйкийн ариун сүмд гэрлэсэн. Түүнийг дуудагдах үед тэд таван хүүхдийнхээ хамт Германы Грисхайм хотод амьдарч байсан бөгөөд Данийн нэгэн арал дээр ой дундуур зугаалж, амарч байжээ.

Ахлагч Чиэсла 2000 онд Майнцын Их Сургуульд хуулийн мэргэжил эзэмшсэн. Хамгийн сүүлд тэрээр McDermott Will & Emery хуулийн фирмд хуулийн ахлах мэргэжилтнээр ажилласан байна.

Ахлагч Чиэсла Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа өмнө Европын Төв бүсэд Бүсийн дал, Германы Франкфурт номлолд түр хугацаагаар номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч, дээд зөвлөлийн гишүүн, бишопын зөвлөхөөр тус тус үйлчилж байжээ.