Мөнх бус амьдралд зориулсан бурханлаг тусламж
Бидний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө мөнх бус амьдралын маань аян замд хөтлөн чиглүүлэх тусламжийг өгдөг.
I.
Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан дэлхийд ирэхээс өмнөх бидний амьдралын талаар хэдэн зүйл илчилсэн билээ. Тэнд бид Бурханы сүнслэг хүүхдүүд болон оршин амьдарч байв. Бурхан хүүхдүүддээ өсөж хөгжихөд нь туслахыг хүссэн учир Тэр бидэнд бие махбодыг хүлээн авч, туршлагаасаа суралцаж, бурханлаг зан чанарыг хөгжүүлэн, Бурханы зарлигуудыг сахихаа харуулах дэлхийг бүтээхээр шийдсэн. Шаардлага хангасан хүмүүсийн “тэргүүн дээр сүр жавхлан үүрд мөн мөнхөд нэмэгдэх [байв]” (Абрахам 3:26).
Энэхүү бурханлаг төлөвлөгөө хэрэгжих нөхцөлийг бий болгохын тулд Бурхан Өөрийн Цорын Ганц Хүүг бидний Аврагч болгохоор сонгосон. Люсифер хүмүүний сонгох эрхийг устгах өөр санал дэвшүүлж Сатан болж, “доош хая[гдсан]” аж. Дэлхий рүү хөөгдөж, мөнх бус оршихуйд амьдрах давуу эрхийг хүлээн авах боломжгүй болсон Сатанд “хүмүүсийг мэхлэн мөн харалган болгохоор, мөн тэднийг, бүр [Бурханы] дуу хоолойг үл анхаарах болгоныг тааллаараа олзлон дагуулах[ыг]” (Мосе 4:4) зөвшөөрсөн.
“Бүх зүйлд сөрөг талыг” мэдрэх нь хүүхдүүдийнхээ мөнх бус амьдрал дахь өсөлт хөгжилд зориулсан Бурханы агуу төлөвлөгөөний амин чухал хэсэг байв (2 Нифай 2:11). Бидний биеийн булчинг таталцлын хуулийг сөрөн ачаалуулснаар хөгжүүлж, хэвээр хадгалан авч үлддэгтэй адил мөнх бус амьдралд дахь өсөлт хөгжил нь Сатаны уруу таталт, болон мөнх бус амьдралын бусад сөрөг талыг сөрж зогсохыг хүнээс шаарддаг. Сүнслэг өсөлтөд хэрэгтэй хамгийн чухал зүйл бол сайн ба муугийн аль нэгийг сонгоход тавигддаг шаардлага юм. Сайныг сонгосон хүмүүс мөнхийн хувь тавилан руугаа урагшилна, харин хилэнцийг болон мөнх бус амьдралын янз бүрийн уруу таталтыг сонгосон хүмүүст авралын тусламж хэрэгтэй бөгөөд хайраар дүүрэн Бурхан уг тусламжийг үзүүлэхээр төлөвлөсөн.
II.
Бүх тусламжийн дундаас Бурханы мөнх бус амьдралд үзүүлсэн хамгийн жинтэй тусламж бол наманчилсан нүглийн төлөөсийг төлж, өршөөл үзүүлэхээр зовж шаналах Аврагч Есүс Христийг бидэнд өгсөн явдал байв. Тэрхүү нигүүлсэнгүй, алдар суут Цагаатгал яагаад Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл нь сайн мэдээний анхны зарчим байдгийг тайлбарладаг. Түүний Цагаатгал “нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгодог” (Алма 42:23) бөгөөд энэ нь “дэлхийнхний нүглийг цагаатга[ж]” (Алма 34:8), наманчилсан бүх нүглийг маань арчиж, мөнх бус сул дорой байдалд маань туслах хүчийг бидний Аврагчид өгдөг.
Биднийг хайрладаг Эцэг, Хүү хоёрын төлөвлөгөө үйлдсэн нүглийг маань гайхамшигтай арчин арилгаж, уучлахаас гадна биднийг хамгаалах өөр олон бэлгийг өгч, түүний дотор эхлэлээс нүгэл үйлдэхээс хамгаалдаг. Бидний мөнх бус амьдрал үргэлж аав, ээж хоёроос маань эхэлдэг. Төгс хувилбараар бол хоёул өсөж хөгжих замыг маань зааж чиглүүлэх өөр өөр авьяас бэлэгтэй байна. Харин эцэг эхгүй бол энэ нь бидний даван туулах ёстой сөрөг талуудын нэг юм.
III.
Бидний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө мөнх бус амьдралын маань аян замд хөтлөн чиглүүлэх өөр бусад тусламжийг өгдөг. Би тэдгээрийн дөрвийнх нь талаар ярья. Зарим нь давхцаж байгаа тул үнэндээ эдгээр тусламж нь дөрвөөр хязгаарлагдахгүй. Түүнчлэн эдгээрээс гадна өөр олон нигүүлсэнгүй хамгаалалт бий.
Эхлээд би Христийн Гэрэл буюу Сүнсний тухай ярья. Моронай Номын агуу сургаалдаа Моронай Христийн Сүнс нь “сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг” (Моронай 7:16) хэмээн эцгээсээ эш татсан байдаг. Бид энэ сургаалыг орчин үеийн илчлэлүүдээс мөн уншиж болно:
“Мөн Сүнс нь дэлхийд ирдэг хүн болгонд гэрлийг өгдөг; мөн дэлхий даяар Сүнсний дуу хоолойг анхаардаг хүн болгоныг Сүнс нь гэгээрүүлдэг бөлгөө” (Сургаал ба Гэрээнүүд 84:46).
“Учир нь миний Сүнс даруу төлөв бөгөөд гэмшдэг тэднийг гэгээрүүлэхийн тулд, мөн бурханлаг бус тэднийг буруутгахын тулд дэлхийд урагш илгээгддэг бөлгөө” (Сургаал ба Гэрээнүүд 136:33).
Ерөнхийлөгч Жозэф Фийлдинг Смит эдгээр судрыг ийн тайлбарласан: “Их Эзэн хүмүүсийг (энэ ертөнцөд төрөхөд нь) гэрэл ба үнэнийг олохын тулд тэмтчин явах хэрэгтэй арчаагүй байдалд орхиогүй, … харин хүн бүр Христийн Сүнс, Үнэний Гэрлийн удирдамж, заавар, зөвлөгөөг хүлээн авах эрхтэй төрсөн.”
Зөв зүйлийг сонгоход туслах Их Эзэний өгсөн хоёр дахь агуу тусламж бол авралын төлөвлөгөө (аз жаргалын төлөвлөгөө)-ний нэгэн хэсэг болох судрууд дахь тэнгэрлэг багц удирдамж заавар бөгөөд тэдгээр удирдамж заавар бол зарлиг, ёслол, гэрээнүүд билээ.
Зарлигууд мөнх амьдрал руу өсөж хөгжихөд маань туслах зорилгоор Тэнгэрлэг Эцэгийн маань бидэнд тэмдэглэн зааж өгсөн замыг тодорхойлдог. Зарлигууд нь Бурхан хэнийг шийтгэхээ шийддэг арга зам гэж боддог хүмүүс Бурханы хайраар дүүрэн аз жаргалын төлөвлөгөөний дээрх зорилгыг ойлгодоггүй. Энэ зам дээр байснаар бид Аврагч бидний хооронд байх ёстой харилцаанд аажим аажмаар хүрч, Тэр биднийг очоосой хэмээн хүсдэг тэр газарт хүрч очих замд маань туслах Түүний хүчийг өсгөн нэмэгдүүлэхэд тавигддаг шаардлагыг хангадаг. Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн бүх хүүхдийг Бурханы болон бидний Аврагчийн оршдог селестиел хаант улс руу буцаж очин, тэрхүү селестиел алдар суунд оршин сууx хүмүүсийн адил амьдралаар амьдраасай хэмээн хүсдэг.
Ёслол ба гэрээнүүд нь мөнх амьдралд хүрэх замыг тодорхойлдог хуулийн нэг хэсэг юм. Ёслолууд болон тэдгээрээр дамжуулан Бурхантай байгуулдаг ариун гэрээнүүд нь уг замаар явахдаа хийсэн байвал зохих алхам, нэн шаардлагатай чиглүүлэгч бариулууд юм. Би гэрээний үүрэг бол Бурханы төлөвлөгөөний дагуу тодорхой зарлигуудыг биелүүлэхээ урьдчилан амлаж, тэдгээр амлалтаа биелүүлдэг хүмүүст Түүнийг өгдөг хамгийн эрхэм дээд адислалуудыг харуулах явдал гэж бодох дуртай.
Зөв сонголт хийхэд тусалдаг Бурханы өгсөн бусад тусламж нь Ариун Сүнсний илрэл билээ. Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн. Сударт тодорхойлсноор Эцэг, Хүү хоёрын талаар бидэнд гэрчилж, зааж, хэлсэн бүхнийг нь сануулж, бүх үнэн рүү биднийг хөтлөх нь Түүний үүрэг юм. Мормоны Ном үнэн эсэх талаар асуухад хариулах сүнсний гэрч гэх мэт Ариун Сүнсний “илрэлийн” олон дүрслэл судруудад бий. Энэ илрэлийг баптисм хүртсэний дараа өгөгддөг Ариун Сүнсний бэлэгтэй андуурч болохгүй.
Өөрийн үнэнч хүүхдүүдэд өгсөн Бурханы тусламжийн нэг бол Ариун Сүнсний бэлэг юм. Энэ бэлгийг наманчилж, усаар баптисм хүртсэний дараа албан ёсоор өгсний “дараа [сударт тайлбарласнаар] Ариун Сүнсээр мөн галаар та нарын нүглүүдийн ангижрал ир[нэ]” (2 Нифай 31:17) гэснээс үүний ач холбогдлыг тод томруун харж болно. Нүглүүдийн ангижралаа ийн авч, дараа нь өдөр бүр наманчилж, ариун ёслолоор дамжуулан байгуулсан гэрээнүүдийнхээ дагуу амьдарснаар ариусгалаа тогтмол шинэчилдэг хүмүүс Их Эзэний Сүнс болох Ариун Сүнсийг “өөрсөдтэйгөө үргэлж хамт байлга[на]” (Сургаал ба Гэрээнүүд 20:77) гэсэн амлалтыг хүлээн авах шаардлагыг хангадаг.
Тиймээс ерөнхийлөгч Жозэф Ф.Смитийн заасанчлан Ариун Сүнс “Бурханы зүйлсийн талаар хүмүүсийн оюун санааг гэгээрүүлж, Эцэгийн хүслийг биелүүлэх гэсэн хөрвөлтийн үед нь тэднийг ятган сэнхрүүлж, насан туршид нь тууштай гэрчлэн хамтрагч нь байж, бүх үнэн рүү хөтөлдөг бат бөх, аюулгүй чиглүүлэгч нь болохын зэрэгцээ өдөр бүрийг баяр баясгалан, баяр хөөрөөр, бүх хүнд сайн сайхныг үйлдэх сэтгэлээр, бурууг бус сайн сайхныг хийхийг эрэлхийлэхээр, эелдэг, нигүүлсэнгүй, удаан тэвчдэг, энэрэнгүй байх хүслээр дүүргэдэг. Энэхүү үнэлж баршгүй бэлэг, агуу үнэт сувдыг эзэмшдэг хэн боловч зөвт байдлын төлөө байнга цангасаар байх болно.” Ариун Сүнсний тусламжгүйгээр “ямар ч мөнх бус хүмүүн шулуун хийгээд нарийн замаар алхаж чадахгүй” гэж Ерөнхийлөгч Смит үгээ төгсгөжээ.
IV.
Мөнх бус амьдралын аян замд маань хөтлөн чиглүүлэх ийм олон хүчирхэг тусламж байсаар байхад олон хүн бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христтэй товлосон уулзалтдаа бэлтгэлгүй хэвээр байгаад миний урам хугардаг. Энэ чуулган дээр ойр ойрхон давтагдан яригдсан Арван охины тухай сургаалт зүйрлэл нь Түүнтэй уулзахаар уригдсан хүмүүсийн тал нь бэлтгэгдэнэ гэдгийг харуулдаг.
Бид бүгд идэвхгүй болж сүнслэг өсөлт хөгжлөө тасалдуулсан буцаж ирсэн номлогчид, Сүмийн сургаал, үйл ажиллагаанд оролцоогүйгээсээ болж сүнслэг өсөлтөө эрсдэлд оруулсан өсвөр үеийнхэн, Мелкизедек санваарт томилогдохоо хойшлуулсан эрчүүд, зарим нь агуу анхдагчдын, зохистой эцэг эхийн үр удам ч ариун сүмд гэрээ байгуулж, уг гэрээгээ сахилгүй гэрээний замаасаа гарсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэх зэрэг бэлтгэгдээгүй хүмүүсийн жишээг мэднэ.
Замаас ийн гарах явдал гишүүд хувийн залбирал, тогтмол судраас суралцах, байнга наманчлах зэрэг сүнслэг байдлаа хадгалан үлдэхэд туслах үндсэн төлөвлөгөөг дагаж мөрдөхгүй байх үед тохиолддог. Эсрэгээрээ зарим нь ариун ёслолоос хүртэх замаар гэрээнүүдээ долоо хоног бүр шинэчлэхээ чухалчилдаггүй. Зарим нь сүм тэдний хэрэгцээг хангахгүй байна гэж үздэг. Тэд ирээдүйн хэрэгцээ нь хэмээн үзэж байгаа зүйлээ Их Эзэний олон сургаалаараа дамжуулан өгсөн зүйлс, бусдад үзүүлэх нэн чухал үйлчлэлд зориулж өгсөн боломжуудын дээгүүр тавьж, тэдгээрээр орлуулдаг.
Даруу байж, Их Эзэнд найдах нь ийн замаас гарахаас сэргийлдэг арга дом юм. Мормоны Номд заасанчлан Их Эзэн “Өөрт нь найдлага тавьдаг тэднийг хэмжээлшгүй агуу сайн сайхнаараа адисалж мөн дэгжүүлд[эг]” (Хиламан 12:1). Тэр тусмаа муйхарлан Бурханы зарлигуудыг болон Түүний бошиглогчдын сургаалыг хүмүүний хамгийн сүүлийн үеийн нээлт, мэргэн ухаантай харьцуулдаг хүн бүр Их Эзэнд найдах хэрэгтэй.
Тэнгэр дэх хайрт Эцэгтээ эргэн очихын тулд Түүний хүүхдүүддээ өгсөн олон тусламжийн талаар би ярьсан. Бурханд найдаж, тэдгээр бурханлаг тусламжийг, нэн ялангуяа Түүний Хайрт Хүү, бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христийн Цагаатгалыг эрэлхийлж, ашиглах нь энэхүү бурханлаг төлөвлөгөөнд гүйцэтгэх бидний үүрэг юм. Бид эдгээр зарчмыг зааж, амьдралдаа дагаж мөрдөх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.