Бүхнийг сэргээх үе
(Үйлс 3:21)
Хамгийн чухал, алдар суут “сайн сайхан мэдээ” бол Их Эзэн Есүс Христ хожмын өдрүүдэд Өөрийн сайн мэдээг болон Сүмийг сэргээсэн хэмээх захиас юм.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм өнөөдрөөс 195 жилийн өмнө буюу 1830 оны 4-р сарын 6-нд зохион байгуулагдсан.
Итгэгчид, сайн мэдээг сонирхсон анд нөхөд гээд цөөхөн хүн энэхүү чухал баярт үйл явдалд оролцохоор цугларчээ. Ариун ёслолыг түгээх, Ариун Сүнсний бэлэг хүртээх, санваарын томилгоог гүйцэтгэх, Есүс Христийн сайн мэдээний үнэнийг номлох үеэр Сүнс асар их юүлэгдэн цугларагсдыг адислав.
Их Эзэн Өөрийн Сүмийг дахин зохион байгуулахдаа илчлэлтээр 24 настай Иосеф Смитийг үүний дэлхийн удирдагчаар буюу “үзмэрч, орчуулагч, бошиглогч, Есүс Христийн төлөөлөгч, сүмийн ахлагчаар Бурхан Эцэгийн таалал ба Их Эзэн Есүс Христийн ач ивээлээр” томилсон.
Биднийг дэлхийн түүхнээ тохиосон энэхүү чухал үйл явдлын ач холбогдол, үргэлжлэн буй нөлөөг бодож үзэхэд Ариун Сүнс туслаасай хэмээн би чин сэтгэлээсээ залбирч байна.
Анхны үзэгдэл
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм албан ёсоор байгуулагдсан нь дараалсан гайхамшигт үйл явдлуудын оргил цэг байсан юм. Эхний үйл явдал Нью-Йоркийн хойд хэсэгт үүнээс арван жилийн өмнө тохиосон аж.
1820 оны хавар Иосеф Смит хэмээх хүү гэрийнхээ ойролцоох ой руу залбирахаар явжээ. Түүнд бодгалийнх нь авралтай холбоотой асуух зүйл олон байсан бөгөөд “[сүмүүдээс] аль нь зөвийг, мөн алинд нь нэгдэж болохыг” мэдэхийг туйлын их хүсэж байв. Бурхан залбиралд нь хариулж, өөрийг нь удирдан чиглүүлнэ гэж Иосеф найдаж байлаа.
Иосеф ердөө л юу зөв бэ гэдгийг мэдэх гэж залбираагүй гэдгийг анхаараарай. Харин тэрээр зөвийг хийж болохын тулд юу зөв бэ гэдгийг мэдэхээр залбирчээ. Иосеф итгэлээр асууж, хүлээн авсан хариултынхаа дагуу үйлдэхээр зориг шулуудсан байв.
“Түүний [чин сэтгэлийн] залбирлын [хариуд] Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр түүнд үзэгдэж, Библид зөгнөснөөр ‘бүхнийг сэргээх’ (Үйлс 3:21) үеийг эхлүүлснийг тунхаглажээ. Энэ үзэгдлээр тэрээр анхны төлөөлөгчдийг нас барсны дараа Шинэ Гэрээний үеийн Христийн Сүм дэлхий дээр байхаа больсныг мэджээ.” Иосеф Смит Аврагчийн эртний Сүмийн сургаал, эрх мэдэл, гэрээ, ёслолуудыг дахин нэг удаа сэргээх явцад зэмсэг болох байв.
“Гэрэл гэгээ болон сүр жавхланг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс! гэсэн” хэмээн Иосеф хэлжээ.
Иосеф Смит энэхүү үзэгдэл, удаах тэнгэрлэг үйл явдлуудаар дамжуулан Бурхан, Есүс Христ хоёр түүнийг хувь хүнийх нь хувьд мэддэг, түүний мөнхийн авралд санаа тавьдаг, өөрөөр нь гүйцэтгүүлэх үйлс Тэдэнд байгаа гэдгийг ойлгож авчээ. Мөн тэрээр Бурхан Тэргүүтэний шинж, зан чанар, төгс төгөлдөр байдлын талаарх чухал зүйлсийг, түүнчлэн Эцэг, Хүү хоёр тусдаа ангид Биес гэдгийг мэдэж авсан. Есүс Христ бол сүнс хийгээд маханбодод төрсөн Бурханы Хүү юм.
Иосеф Смит Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бол бодит биес гэдгийг тунхаглав. “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх махан болон ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө; харин Ариун Сүнс бол махан болон ясан биегүй, харин Сүнсэн хүн буюу” хэмээн тэрээр хэлжээ.
Эцэг, Хүү хоёрын Иосеф Смит дээр айлчилсан айлчлал бол “дэлхий эхэлсэн цагаас хойш бүх ариун бошиглогчдын амаар хэлэгдсэн … бүх зүйлийн [агуу] сэргээлт” дэх эхний үйл явдал байсан гэдгийг би гэрчилж байна.
Мормоны Ном
Аврагчийн сэргээгдсэн Сүм албан ёсоор зохион байгуулагдахад хүргэсэн хоёр дахь гайхамшигт үйл явдал бол Мормоны Номыг гаргаж ирэн, орчуулсан явдал байв.
“Иосеф Смитэд Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ хэмээх эртний цэдгийг орчуулах Бурханы бэлэг суу, хүч өгөгдсөн. … Энэхүү ариун нандин цэдгийн хуудаснууд Есүс Христийн амилсныхаа дараахан дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дахь хүмүүст өөрийн биеэр тохинуулсан түүхийг багтаадаг. [Мормоны Ном] амьдралын зорилгын талаар зааж, уг зорилгын төвд орших Христийн сургаалыг тайлбарладаг. Библитэй эн зэрэгцэх судрын хувьд Мормоны Ном нь бүх хүн төрөлхтөн бол биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэгийн охид, хөвгүүд; бидний амьдралд зориулсан бурханлаг төлөвлөгөө Түүнд байдаг; Түүний Хүү, Есүс Христ эрт дээр үед ярьдаг байсанчлан өнөө үед ч ярьдаг гэдгийг гэрчилдэг.”
Аврагчийн сэргээгдсэн Сүмийн гишүүдийн хувьд “Библи зөв орчуулагдсан байхын хэрээр Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг; тэрчлэн Мормоны Ном бол Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг.” Мормоны Ном бол Есүс Христийн өөр нэгэн гэрээ бөгөөд Библийн үнэн байдлыг нотлон, Библиэс алдагдсан тодорхой хийгээд эрхэм үнэнийг сэргээдэг.
Санваар сэргээгдэв
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Аврагчийн байгуулсан анхны Сүмийг тэнгэрлэг эрх мэдэл, сургаал, ёслол, гэрээнүүдийн хамт дэлхийгээс алдагдсан гэж заадаг. Хожмын өдрүүдэд бүх зүйл сэргээгдэх бошиглолын нэг хэсэг болох эртний бошиглогч, төлөөлөгчид Иосеф Смитэд биечлэн санваарын эрх мэдэл хүртээж, санваарын түлхүүрүүдийг даалгажээ. Энэ бол Аврагчийн сэргээгдсэн Сүм албан ёсоор зохион байгуулагдахад хүргэсэн гурав дахь гайхамшигт үйл явдал байв.
Санваарын эрх мэдэл Бурханы үйлчлэгчдэд “[Түүнийг] төлөөлөх, Түүний нэрээр үйлдэх” боломж олгодог. “Санваарын түлхүүр бол Бурханы хүүхдүүдийн өмнөөс санваарыг хэрхэн ашиглахыг удирдан чиглүүлэх эрх мэдэл юм.”
Амилсан Баптисч Иохан Эцэг, Хүү хоёрын удирдлаган доор 1829 онд нүглээс ангижруулахын төлөө усанд умбуулах эрх мэдлийг сэргээсэн. Тэр ондоо анхны арван хоёр төлөөлөгчийн гурав нь болох Петр, Иаков, Иохан нар төлөөлөгч байх дуудлагыг болон санваарын нэмэлт эрх мэдэл, түлхүүрүүдийг сэргээжээ.
Сүм байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа Көртланд ариун сүмд Мосе, Елиас, Елиа нар хожмын өдрүүдэд Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд шаардлагатай нэмэлт эрх мэдлийг Иосефт даатгав.
Мосе Израилыг цуглуулах түлхүүрүүдийг хариуцуулсан.
Елиас Абрахамын гэрээний сэргээлтийг оролцуулан Абрахамын сайн мэдээний эрин үеийг даалгасан.
Елиа үхлээс цааш үргэлжлэх мөнхийн харилцаанд гэр бүлүүдийг нэгтгэх зэрэг мөнхөд холбогдохын тулд дэлхий дээр гүйцэтгэгдэх ёслолуудыг боломжтой болгодог эрх мэдэл олгогч лацдан холбох хүчний түлхүүрүүдийг хариуцуулжээ.
Есүс Христийн Сүм зохион байгуулагдав
Иосеф Смит Мормоны Номыг орчуулж байхдаа Есүс Христийн Сүм дахин зохион байгуулагдах болно гэсэн илчлэлтүүдийг хүлээн авчээ. Гэвч Их Эзэн Иосефт Өөрийнх нь Сүмийг нэн даруй зохион байгуул гэж зааварлаагүй. Харин Их Эзэн Иосефт “бошиглолын болон илчлэлийн суу билгээр” “яг хэдний өдөр … [тэр] Түүний Сүмийг дэлхий дээр [дахин] зохион байгуулах ёстойг” илчилжээ.
Санваар сэргээгдэн, Мормоны Ном хэвлэгдсэний дараа л Сүм зохих дарааллаараа зохион байгуулагдсан юм. Мормон Номын анхны хувиуд 1830 оны 3-р сарын 26-нд гарсан ба 4-р сарын 6-нд Сүм албан ёсоор зохион байгуулагдав.
“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Шинэ Гэрээний үеийн Христийн сэргээгдсэн Сүм мөн. … Сүм нь өөрийн булангийн суурь чулуу болох Есүс Христийн төгс амьдрал, хязгааргүй Цагаатгал, бодит Амилалт дээр зангуугаа бэхэлдэг. Есүс Христ төлөөлөгчдийг дахин дуудаж, тэдэнд санваарын эрх мэдэл олгосон. Тэрээр бид бүхнийг Өөрт нь болон Өөрийнх нь Сүмд ирж, Ариун Сүнс болон авралын ёслолуудыг хүлээн авч, үүрдийн баяр баясгаланг хүртэхэд урьдаг.”
Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе
Эцэг, Хүү хоёр Иосеф Смитэд үзэгдсэн, Мормоны Ном гарч ирэн, орчуулагдсан, санваарын эрх мэдэл, түлхүүрүүд сэргээгдсэн зэрэг үйл явдал 195 жилийн өмнөх энэ өдөр Их Эзэний сэргээгдсэн Сүм зохион байгуулагдахад шаардлагатай урьдчилсан нөхцөлүүд байсан юм.
Хуучин Гэрээнд бошиглогч Даниел гар хүрэлгүйгээр уулнаас цавчигдан урагш өнхөрч дэлхийг дүүргэх чулууны тухай зүүдээ тайлсан. Сүм зохион байгуулагдсанаас хойш нэг жилийн дараа Их Эзэн Иосеф Смитэд Бурханы хаант улсын түлхүүрүүд дахин “дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдсэн” ба “[Есүс Христийн] сайн мэдээ уулаас хүний гар хүрэлгүйгээр цавчигдсан, бүх дэлхийг дүүргэх хүртлээ урагш өнхрөх тэр чулуу адил буюу” хэмээн зааварлажээ.
Их Эзэн амлалтаа биелүүлж байна гэдгийг би гэрчилж байна. Аврагчийн сэргээгдсэн Сүм дэлхий даяар зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ нь “тэнгэр дэх болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх” Бурханы зэмсэг юм.
Их Эзэний хожмын үеийн ажил бол “эрин зуун бүхэнд Бурханы хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн зорилго юм. Энэ бол бошиглогч, санваартнууд болон хаад онцгой баяртайгаар сэтгэл зүрхэндээ тээж ирсэн сэдэв мөн. Тэд өдгөө бидний амьдарч байгаа үеийг баяртайгаар хүсэн хүлээж, тэнгэрээс сүнсээр нөлөөлөгдөн, манай өнөө үеийн тухай дуулж, бошиглож байсан билээ.”
Сайн мэдээний бүх эрин үеэс хамгийн агуу хийгээд эцсийн энэ эрин үед “Адамын өдрүүдээс бүр өнөө үеийг хүртэл илчлэгдэн, эрин үеүд, мөн түлхүүрүүд, хүчнүүд, мөн тэнгэрлэг үнэний гагнан холболт, бүрэн дүүрэн мөн төгс нэгдэл болох нь зайлшгүй чухал билээ. Мөн ганцхан энэ нь төдийгүй, харин дэлхийн үүслээс огт илчлэгдээгүй байсан … тэдгээр зүйлүүд … энэхүү цаг хугацааны бүрэн байдлын эрин үед илчлэгдэх болно.”
Бошиглогч Иосеф цааш нь тайлбарлахдаа “Бүх эрин үеийн алинд нь ч Бүхнийг Чадагчийн чиглүүлэг болон зарлигуудын дагуу санваараар ямагт гүйцэтгэгдэж ирсэн бүх ёслол болон үүргүүд нь эцсийн эрин үед бүгд оршин байх болно. … бүх ариун бошиглогчдын амаар хэлэгдсэн сэргээлтийг тохиолгон авчрах болно” гэжээ.
Амлалт ба гэрчлэл
Их Эзэн Есүс Христ хожмын өдрүүдэд Өөрийн сайн мэдээг болон Сүмийг сэргээсэн хэмээх захиас нь энэ дэлхийн хаана ч амьдарч буй хэн ч хүлээн авч болох хамгийн чухал, алдар суут “сайн сайхан мэдээ” билээ. Би үүний үндсэн хэсгүүдийг хураангуйлах гэж хичээлээ.
Би бүх хүнийг энэхүү захиасны талаар суралцаж, бас нотлоорой хэмээн урьж байна. “Сэргээлтийн захиасыг залбиран судалж, итгэлээр үйлддэг [хувь хүмүүс] үүний бурханлаг байдлын хийгээд бидний Их Эзэн Аврагч Есүс Христийн амлагдсан Хоёр дахь ирэлтэд дэлхийнхнийг бэлдэх зорилгын тухай өөрийн гэсэн гэрчээр [Ариун Сүнсээр дамжуулан] адислагдах болно” хэмээн амлаж байна. Залуу Иосеф Смитийн адилаар таныг Бурханаас хариулт хүлээн авах, авсан хариултынхаа дагуу үйлдэнэ гэсэн хүлээлттэйгээр чин сэтгэлээсээ залбирах үед тэрхүү тэнгэрлэг гэрчийг таних, хариу үйлдэх чадавх тань өсөн нэмэгдэх болно.
Мөнхийн Эцэг Бурхан бол бидний Эцэг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ бол Эцэгийн хайртай Хүү, Түүний махан биед Төрсөн Ганц гэдгийг би гэрчилж байна. Тэр бол бидний Аврагч мөн Гэтэлгэгч.
Мөн Эцэг, Хүү хоёр хожмын үе дэх Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийг эхлүүлэхээр Иосеф Смит хүүд үзэгдсэн гэдгийг би баяртайяа гэрчилж байна. Мормоны Ном бол Есүс Христийн өөр нэгэн гэрээ бөгөөд Бурханы үгийг агуулдаг. Аврагчийг төлөөлөх, Түүний нэрээр үйлдэх санваарын эрх мэдэл энэ дэлхийд байдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Шинэ Гэрээний үеийн Христийн сэргээгдсэн Сүм мөн. Би эдгээр бүх зүйлийг үнэн гэдгийг Их Эзэн Есүс Христийн ариун нандин нэрээр баттай гэрчилж байна, амен.