Аврагчийг хайрлах хайр бол миний “учир шалтгаан”
Би Аврагчдаа хайртай. Энэ нь яагаад би хийдэг зүйлсээ хийдгийн жинхэнэ бөгөөд хамгийн хүчирхэг шалтгаан юм.
Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд байнга ямар нэгэн зүйл хийх урилга өгдгийг та нар анзаарсан уу? Тэрээр өнгөрсөн хоёр ерөнхий чуулганы захиасуудыг судалж, тунгаан бодоорой хэмээн биднийг уриалсанд гайхах хэрэггүй биз ээ. 2024 оны 4-р сарын чуулганы үеэр тэр: “Би та бүхнийг энэ чуулганы захиасыг ирэх саруудад давтан судална гэж найдаж байна” гэж хэлсэн. Дараа нь 2024 оны 10 дугаар сард тэр: “Үг хэлэгчдийн захиасыг судлахыг би та бүхэнд уриалж байна. Дараагийн зургаан сард тэдгээрийг ашиглан юу үнэн, юу худал болохыг ялган таниарай” гэсэн.
Эдгээр урилгыг бид амьдралынхаа туршид, ялангуяа сүүлийн жилүүдэд хүлээн авсан бошиглолын урилгууд дээрээ нэмж болно. Биднийг уриалсан эсвэл биднээс хийхийг хүссэн учраас л эдгээрийг хийх ажлынхаа жагсаалтад нэмж оруулах хэрэгтэй гэж бид бодож байж болох юм. Гэхдээ үүнд илүү гүн утга учир байгаа юм биш биз?
Үүний болон бидний хүлээж авсан бүх урилгын талаар тунгаан бодож байхдаа би сурч мэдсэн, шийдсэн нэгэн зүйлээ эргэн санасан юм. Би Аврагчдаа хайртай мөн Түүнд хайртай учир миний хувьд амин чухал болох тэдгээр зүйлийг хийхийг хичээдэг. Энэ нь яагаад би хийдэг зүйлсээ хийдгийн жинхэнэ мөн хүчирхэг шалтгаан бөгөөд хайрт ах, эгч та бүхнийг хайрлах миний хайр үүнтэй ч бас холбоотой.
Миний эдгээр үгийг та нар хийдэг бүх зүйлээ Аврагчийг хайрлах хайртайгаа холбох боломж гэсэн өнцгөөс харж ойлгохыг эрэлхийлээсэй гэсэн чин сэтгэлийн урилга гэж хүлээн авна гэж ахын хувьд найдаж байна.
Ингэх нь бидэнд Аврагчийн шавийн хувиар бидний хийдэг бүх зүйлийн ард байх жинхэнэ “учир шалтгааныг” ойлгоход туслах юм. Энэ нь бидэнд Бурхантай гэрээгээр байгуулсан харилцаагаа хүчирхэгжүүлэн, Түүний тэнгэрлэг хийгээд мөнхийн үнэн—Түүний мөнхийн, үл өөрчлөгдөх туйлын үнэмлэхүй үнэнийг ойлгоход тусална. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” гэсэнтэй адил Түүний мөнхийн үнэн байх юм.
Сонирхолтой нь, бид аливаа зүйлийг уламжлал болтол нь байнга хийдэг ба энэ нь заримдаа Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх хүчин чармайлтыг маань хүртэл тодорхойлох хэмжээнд хүрсэн байдаг. Бид тэр зүйлсийг олон жилийн турш, Аврагчтай гэрээгээр байгуулсан харилцаанд маань үзүүлэх үр нөлөөг нь бодож үзэлгүйгээр хийдэг бололтой.
Бид өөрсдийн амьдралд ихэнхдээ хийдэг ажил, урдах зорилтдоо хүрэх дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Сүнслэг орчинд бид хийдэг зүйлсийнхээ учир шалтгааныг ойлгосноор тэдгээрийг зүгээр нэр төдий хийх эсвэл зорилтдоо хүрэхээс дээгүүр түвшинд гүйцэтгэх боломжтой. Хэрэв бид тэдгээр боломжийг ашиглан бидний үйлдлүүдийн цаад учир шалтгаан нь Аврагчтай болон Тэнгэрлэг Эцэгийг хайрлах хайртай холбоотой болохыг ойлгож, холбож чадвал учир шалтгааныг нь ойлгохоор адислагдах болно. Ингэснээр Сүмийн үйл ажиллагаа, уламжлал гэх мэт зөв зүйлсийг зохих ёсоор гүйцэтгэх нь сайн гэдгийг мэдэж байвч тэдгээрийг яагаад хийж байгаагаа ойлгох болно. Бид зөвхөн сайн үйл, зөв зүйлийг хийгээд зогсохгүй зөв талаас нь ойлгодог болох юм.
Жишээлбэл: Судар унших, чин сэтгэлээсээ залбирах, эсвэл гэр бүл, тойргийн үйл ажиллагаандаа бэлтгэх үед таны жинхэнэ зорилго зүгээр үүрэгт ажлаа хийхэд оршиж байна уу? Эсвэл эдгээр үйлдэл нь жинхэнэ зорилгодоо хүрэхэд туслах арга, хэрэгсэл үү? Үйл ажиллагаа зохион байгуулж буй зорилго нь ердөө олон жилийн турш хийсээр ирсэн учраас хийчхээд, хийж гүйцэтгэсэн гэж чагтлах явдал уу? Эсвэл дээр дурдсанчлан энэ бүхэн Аврагчаас сурч, Түүнийг мэдэрч, Түүнтэй холбогдох арга зам уу?
Үйл ажиллагаа зохион байгуулах, уламжлалтай байх эсвэл зорилго тавих, мөн түүндээ хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх нь буруу зүйл огтхон ч биш. Энэ талаарх миний санааг бүү буруугаар ойлгоорой. Гэхдээ бид яагаад тэдгээрийг хийдгээ мөн шашны зан үйлээ хэрхэн гүйцэтгэдгээ ойлгохын адислал, боломжид сэтгэл зүрхээ нээхийг би та бүхнээс хүсэж байна.
Христэд төвлөрсөн уламжлалын хамгийн оновчтой жишээ бол Тэргүүн зөвлөлийн нэрийн өмнөөс ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн бидэнд өгсөн дараах урилга юм. Ерөнхийлөгч Өүкс: “Энэ шинэ оноо угтан бүгдээрээ Есүс Христийн цагаатгагч золиослолыг баярлан тэмдэглэх Христийн амилсны баяртаа бэлдэцгээе. … Бусад хүн юунд итгэж, юу хийж байгаагаас үл хамааран бид амьд Аврагчийнхаа сургаалыг судлан, Христийн амилсны баярын уламжлалыг нийгэмд, ялангуяа гэр бүлдээ бий болгох замаар амьд Аврагчийнхаа Амилалтыг тэмдэглэн өнгөрүүлэх ёстой” гэж хэлсэн. Таны харж байгаачлан, энэ нь зөвхөн уламжлалтай болох хэрэг биш, харин биднийг эдгээр уламжлалаа Аврагчийн талаар илүү ихийг сурч мэдэх, Түүний Амилалтыг дурсан санах арга зам болгох урилга юм.
Учир шалтгааныг Аврагчийг хайрлах хайртайгаа холбохынхоо хэрээр бид хэрэгтэй эсвэл хайж буй зүйлээ олж авах боломжтой. Ерөнхийлөгч Нэлсон: “Танд ямар ч асуудал тулгарсан бай хариулт нь үргэлж Есүс Христийн амьдрал болон сургаалаас олддог билээ. Түүний Цагаатгал, хайр, нигүүлсэл, сургаал хийгээд эдгээлт, өсөлт хөгжлийн сэргээгдсэн сайн мэдээнийх нь талаар илүү ихийг сурч мэд. Түүнд ханд! Түүнийг дага!” хэмээн хэлсэн.
Дараах асуултыг зүрх сэтгэл, оюундаа тунгаан бодоорой. Ерөнхийлөгч Нэлсоны урилга нь биднийг мэдлэгээ тэлж, ажил үүргүүдийг гүйцэтгэх жагсаалт бэлдчихээд, хийж дууссаныхаа дараа дууссан гэж чагтлахад л туслах зорилготой гэж бодож байна уу? Эсвэл тэр биднээс эдгээр мөнхийн үнэн ба зарчмын энэхүү олон талын “учир шалтгаан”-ыг ойлгож, Аврагчийн биднийг гэх гэрээний хайрыг насан туршийн шавь байх аян замтайгаа холбох боломж хэмээн үзэхийг хүсэж байна уу?
Би ойлгуулах гэсэн зарчмаа тайлбарлая. Хэт туйлширсан байж болох ч нэг хувилбар нь ерөнхий чуулганы бүх захиасыг уншаад, уншиж дууссаныхаа дараа уг зүйлээ ажил хэрэг болголгүй хийх ажлынхаа жагсаалт дээр энэ урилгыг хийсэн гэж чагталж орхино. Энэ нь хэтэрхий туйлширсан жишээ гэдгийг би ойлгож байгаа ч бодит бус зүйл үү гэвэл бас үгүй юм. Магадгүй дийлэнх нь энэ жишээ болон төгс хувилбарын гол хавьцаа байдаг болов уу.
Нөгөө хувилбар нь ерөнхий чуулганы захиаснуудыг судалж, тунгаан бодож, өсөн дэвжихийн тулд бидний хүн нэг бүр юу хийхээ тодорхойлж, ойлгоход ашиглах урилга юм.
Урилгыг хүлээн авч, цаад талын “яагаад”-ыг ойлгосноор бидэнд Аврагчтай ойртох илүү их боломж гарч ирнэ. Бид Аврагчийг хайрладаг учраас амьд бошиглогчдын үгсийг судалснаар Түүний талаар илүү ихийг сурч мэдэхийг хүсдэг юм байна гэдгийг ойлгож эхэлнэ. Мөн би ахан дүүстээ хайртай учраас бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн сургаалыг хайртай хүмүүсээсээ эхлэн бусадтай хуваалцана.
Хоёр жишээний аль алинд нь та зөвийг хийж байгаа юм. Эхний хувилбарын зорилго бол Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын бидэнд өгсөн арга зам буюу ерөнхий чуулганы үеэр хуваалцсан захиаснуудыг ашиглах байсан. Харин хоёр дахь хувилбар нь цаад учир шалтгааных нь талаар ойлголттой болохын агуу адислалыг хүлээн авах зорилготой. Энэ нь мөнхийн үнэнийг ойлгох арга замыг болон бидний Аврагч Есүс Христийн сургаал, амьдралыг амьдралынхаа төвд тавьсан бүгдэд амласан адислалуудыг авчирдаг.
Хайрт ах эгч нар аа, та бүхэн үйлдлээ Аврагчийг хайрлах хайртайгаа холбохын ач холбогдлыг ойлгож, харах байх гэж би найдаж байна. Глобалчлагдсан дэлхий ертөнцөд олон дуу хоолой та нарт нөлөөлөхийг оролдож, боломж гарвал Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний суурь үнэнүүдийн зарим нь шаардлагагүй гэж итгүүлэхийг хичээнэ. Тухайлбал: Эцсийн өдрүүд дэх сэргээлт, ялангуяа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сэргээгдсэн Сүмийн төлөөлж буй Бурханы хаант улс дэлхийд байхын ач холбогдлыг няцаах гэж оролдоно.
Зөвхөн Аврагчтай хувийн харилцаа, харилцан ойлголцолтой байхад л хангалттай, шашин, сэргээгдсэн Сүм шаардлагагүй, чухал биш гэсэн дуу хоолойг та нар сонсож магад. Би та бүхэнд эдгээр төөрөгдүүлсэн үзэл санааг хүлээж авалгүй, бүр эсэргүүцэх дархлаатай байхыг, эрт үеэс Аврагчийн бидэнд хэлж, заасаар ирсэн зүйлсийг санаарай гэж уриалж байна. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднийг гэх хайрын тухай мөн Тэднийг хайрлах хайраа Тэднийг дагах шалтгаантайгаа холбох талаар байнга санахыг уриалж байна.
Бурхан Эцэг, Түүний Хүү хоёр Иосеф Смитэд үзэгдэж Есүс Христийн Сүмийг сэргээхээр, цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийг буюу хаант улсыг эхлүүлэхээр ярилцсан юм. Тиймээс Есүс Христийн Сүм бол бидэнд гэртээ эргэн очих боломжийг олгодог гэрээнүүдэд хүргэх Тэнгэрлэг Эцэгийн бэлтгэсэн арга зам билээ. Иймд бид Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүүтэй хувийн харилцаатай байхаас гадна бидэнд Тэдэнтэй гэрээ байгуулахад хэрэгтэй амин чухал санваарын ёслолууд хэрэгтэй. Энэ нь бидэнд Тэдэнтэй гэрээгээр холбогдож, гэрээний хайрыг нь хүртэж, гэрээнүүддээ үнэнч, итгэлтэй байсан бүх хүнд зориулсан хамгийн дээд алдар суугийн хаант улсад орох боломжийг олгодог.
Би бодгалийнхаа бүхий л эрч хүчээр бидний Аврагч, Есүс Христ бодит гэдгийг мөн Түүний бурханлаг байдлыг гэрчилж байна. Тэр та нарт хайртай. Таны амьдралд юу тохиолдож байгааг Тэр мэддэг. Тэр гараа алдлан: “Над дээр ир. Би та нарыг амраая” хэмээн урьж байна.
Би Аврагчид хайртай. Түүнийг хайрлах хайр бол миний “учир шалтгаан” билээ. Есүс Христийн нэрээр, амен.