2025
“Та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно”
2025 оны 5-р сар


15:5

“Та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно”

Энэ бол үнэхээр Аврагчийн Сүм гэдгийг Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлах бидний хайр бүгдэд хүчирхгээр гэрчилдэг.

Олон жилийн өмнө Угдорф эгч бид хоёр Германы өмнөд нутгаар аялж байлаа. Энэ аялал Христийн амилсны баярын өмнөхөн таарсан бөгөөд бид Сүмийн гишүүн бус сайн найзаа ням гаргийн шүтэн бишрэх ёслолд бидэнтэй хамт оролцохыг урьсан юм. Бид тэр дотнын найздаа хайртай байсан тул түүнтэй Аврагч болон Түүний Сүмийн талаар ямар бодолтой явдгаа хуваалцаж, ирж үзэхийг урих нь бидний хувьд хэвийн бөгөөд жам ёсны зүйл байлаа! Тэр ч урилгыг маань хүлээн авч, ойролцоох салбарын цуглаанд бидэнтэй хамт ирэв.

Хэрэв та найзаа сүмд авчирч байсан бол уг ням гаргийн өглөө надад ямар мэдрэмж төрж байсныг ойлгох байх. Бүх зүйл төгс байгаасай гэж би хүсэж байлаа. Найз маань өндөр боловсролтой, сүнслэг хүн байсан ба энэ салбарын цуглаанууд түүнд таатай сэтгэгдэл үлдээж, Сүмийг сайн төлөөлөөсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байв.

Тус салбар хүнсний дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрлах түрээсийн хэдэн өрөөнд цуглардаг байсан. Бид байшингийн арын шатаар гарч, хурааж хадгалсан хоол хүнснээс гарах хурц үнэрийн хажуугаар өнгөрөв.

Ариун ёслолын цуглаан эхлэхэд, найзыгаа цуглаанд анх удаа ирж байгааг бодохоор жаахан ичмээр санагдсан хэдэн зүйлийг би ажиглаж билээ. Жишээлбэл: Дуулж байгаа нь яг Табернаклын найрал дуу шиг сонсогдохгүй; ариун ёслолын үеэр хүүхдүүд тайван суухгүй, чимээ шуугиан гаргана; үг хэлсэн хүмүүс чадлаараа хичээсэн ч уран илтгэгчид байсангүй. Би Ням гаргийн хичээл арай дээр байх болов уу гэж найдан цуглааны туршид яс хавталзан суулаа.

Гэтэл тийм байсангүй.

Найз маань дагуулж ирсэн сүмийн маань талаар юу гэж бодох бол гэж би өглөөжин санаа зовж байв.

Дараа нь харих замдаа найзтайгаа ярилцлаа. Энэ бол зүгээр л нэг жижигхэн салбар, Сүмийг бүхэлд нь төлөөлөхгүй гэдгийг би тайлбарлахыг хүссэн. Гэхдээ намайг үг хэлж амжаагүй байтал тэр

“Маш сайхан байлаа” гэдэг юм даа.

Миний амнаас үг гарсангүй.

Тэр цааш нь: “Танай сүмд хүмүүс бие биетэйгээ хэрхэн харьцаж байгаа нь надад маш гүн сэтгэгдэл төрүүллээ. Тэд бүгд гарал үүслийн хувьд өөр өөр мэт боловч нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг нь илт байсан. Сүмийг ийм л байгаасай гэж Христ хүсдэг байх гэж би бодож байна” гэж билээ.

Би хэт шүүмжлэлтэй хандсандаа гэмшиж, тэр даруй наманчилсан. Би найздаа гайгүй сэтгэгдэл төрүүлэхийн тулд төгс харагдах цуглаан, уулзалтыг хүсэж байв. Харин уг салбарын гишүүд зүрх сэтгэлийн төгс дүр зургийг хайр, сайхан сэтгэл, тэвчээр, энэрлээр харуулсан.

“Түүнчлэн дэлхий дээр итгэл нэмэгдэж болохын тулд юм”

Хүндэт ах, эгч нар аа, эрхэм найзууд аа, би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хайртай. Энэ бол Аврагчийн үнэн, амьд Сүм. Энэ Сүмд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний бүрэн байдлыг заадаг. Түүний санваарын хүч, эрх мэдэл энд оршдог. Есүс Христ Өөрийн дуудаж, эрх мэдэл өгсөн үйлчлэгчдээрээ дамжуулан энэ Сүмийг Өөрөө удирддаг. Аврагч хожмын үеийн гэгээнтнүүдэд Бурханы хүүхдүүдийг цуглуулж, Түүний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх онцгой үүрэг даалгавар өгсөн. Энэ бүхэн үнэн гэдгийг би гэрчилж байна.

Гэхдээ ихэнх хүн Есүс Христийн Сүмд анх ирэхдээ санваарын эрх мэдэл, ёслолууд эсвэл Израилын цугларалтын талаар боддоггүй гэдгийг санах нь чухал. Гол нь тэд бидэнтэй хамт байхад төрсөн мэдрэмжээ, бидний бие биедээ хэрхэн хандаж байгааг анзаарч харах нь гарцаагүй.

Есүс: “Бие биеэ хайрлагтун. Та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” хэмээсэн. Хүмүүсийн Есүс Христийн талаарх анхны гэрчлэл ихэнхдээ Есүс Христийн шавь нарын дундах хайрыг мэдрэх үед ирдэг.

Аврагч “дэлхий дээр итгэл нэмэгдэж болохын тулд” Сүмээ сэргээснээ тунхагласан. Тиймээс манай Сүмийн цуглаанд зочлон ирэхдээ хүмүүс Өөрт нь илүү итгэдэг болж гараасай гэж Аврагч хүсдэг! Найзуудын маань биднээс мэдэрсэн хайр тэднийг Есүс Христэд улам ойртуулна! Энэ бол бидний цугларах бүрдээ тавьдаг энгийн зорилго юм.

Христэд илүү их итгэлтэй болохыг эсвэл Тэнгэрлэг Эцэгтэй илүү ойр дотно харилцаа тогтоохыг эрэлхийлж буй хэнд ч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд орж ирэхэд гэртээ ирж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Цуглаандаа урих нь тэднийг гэртээ урихтай адил хэвийн бөгөөд жам ёсны зүйл байх ёстой.

Төгс хүлээлт ба бодит амьдрал

Одоо би төгс хүлээлтийг дүрсэлж байгаагаа ойлгож байна. Мөн энэ мөнх бус амьдралд бид төгс төгөлдөр зүйлтэй таарах нь ховор. Мөн “төгс өдрийг хүртэл” төгс хүлээлт, бодит амьдрал хоёрын хооронд завсар үргэлж байсаар байна. Тэгэхээр, Сүм төгс хүлээлтэд хүрэхгүй байх үед бид яах ёстой вэ? Тойрог маань ямар нэгэн шалтгаанаар төгс итгэл эсвэл хайрыг төлөвшүүлэхгүй байвал яах вэ? Эсвэл бид тойрогтоо таарч тохирохгүй байгаа мэт санагдвал яах вэ?

Бид төгс байдлыг эрэлхийлэхээ ямар ч байсан зогсоож болохгүй!

Мормоны Номын нүүр хуудсанд “Хэрэв буруу буй бөгөөс тэдгээр нь хүмүүсийн алдаа бөлгөө; иймийн тул, та нар Христийн шүүлтийн суудлын өмнө толбогүй байж болохын тулд Бурханы зүйлсийг бүү шүүмжил” хэмээх чухал сэрэмжлүүлгийг өгсөн байдаг.

Ном эсвэл сүм эсвэл хүн нь “өөтэй,” “алдаатай” байлаа ч Бурханы ажил хэвээр байж чадах уу?

Үүнд би чадна гэж чанга хариулмаар байна!

Тиймээс бид Их Эзэний өндөр жишгүүдийг дагаж мөрдөхийг хичээхийн зэрэгцээ нэг нэгэндээ тэвчээртэй байцгаая. Бидний хүн нэг бүр өсөж хөгжих замдаа явж байгаа бөгөөд өсөж хөгжихийн тулд бүгд Аврагчид найддаг. Энэ нь хувь хүний хувьд ч, дэлхий дээрх Бурханы хаант улсын хувьд ч үнэн юм.

Их Эзэн биднийг зөвхөн Өөрийн хаант улсад нэгдэн ороод зогсохгүй, мөн үүнийг барьж байгуулах ажилд санаа сэтгэлээ бүрэн зориулахад урьдаг. Бурхан хүмүүсийг “нэг зүрх сэтгэлтэй мөн нэг оюунтай” болсон байхыг хүсдэг. Нэг зүрх сэтгэлтэй байхын тулд бид зүрх сэтгэлдээ цэвэр ариун байх ёстой. Харин ийм болоход зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт шаардлагатай.

Гэхдээ энэ нь би зүрх сэтгэлээ чинийхтэй нийцүүлэн өөрчилнө гэсэн үг биш юм. Бас энэ нь чи зүрх сэтгэлээ минийхтэй нийцүүлэн өөрчилнө гэсэн үг ч биш. Энэ нь бид бүгд зүрх сэтгэлээ Аврагчийнхтай нийцүүлэн өөрчилнө гэсэн үг юм.

Хэрэв бид хараахан ийн өөрчилж чадаагүй бол Их Эзэний тусламжтайгаар боломжгүй зүйл үгүй гэдгийг санаарай.

Таарч тохирох ба нэгэн хэсэг байх

Хэрэв та өөрийгөө сайн таарч тохирохгүй байна гэж бодож байвал ганцаараа биш гэдгээ мэдээрэй. Баахан танихгүй хүмүүстэй хамт нэг өрөөнд орсон мэт санагдах үе бидний амьдралд тохиолдож байгаагүй гэж үү? Би ганц ч биш хэд хэдэн удаа ийм нөхцөл байдалд орж байсан. Намайг 11 настай байхад манай гэр бүл гэр орноо орхиж, таних мэдэх хүнгүй газар луу нүүхээс аргагүй болсон юм. Бүх зүйл миний дассан сурснаас тэс өөр байв. Мөн миний аялга намайг бусад хүүхдээс өөр гэдгийг илтгэж байлаа. Надад найз нөхөдтэй болох, нэгэн хэсэг гэдгээ мэдрэх хэрэгцээ маш их байсан тэр үед би ганцаардаж, уснаас гарсан загас шиг л санагдаж байв.

Энэ дэлхий дээр бидний зарим нь анзаарч хардаг ихэнх ялгаа—зарим хүний бие биеэ ангилан хуваахад ашигладаг ялгаанууд нь гаднах төрх, иргэншил, хэл яриа, өмссөн хувцас, зан заншил гэх мэт дэлхийн зүйлстэй холбоотой байдаг. Гэвч “Бурхан аливаа зүйлсийг хүмүүсийн адилаар хардаггүй. Хүмүүс гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг.”

Бурханы өнцгөөс харах юм бол Бурханы хүүхэд гэдэг нэг л ангилал бий. Бид бүгд энэ ангилалд төгс тохирно.

Бид өөрсөд шигээ харагддаг, ярьдаг, үйлддэг, боддог хүмүүсийн дунд байхыг хүсэх нь зүй ёсны хэрэг. Үүнд зориулсан газар бий.

Харин Аврагчийн Сүмд бид цугларах хүсэлтэй, үнэнийг эрэлхийлдэг Бурханы бүх хүүхдийг цуглуулдаг. Биднийг гаднах төрх, улс төрийн үзэл бодол, соёл, үндэс угсаа маань нэгтгэдэггүй. Ижил орчинд төрж өссөн маань биднийг нэгтгэдэггүй. Нийтлэг зорилго, Бурханыг болон хөршөө хайрлах хайр, Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд үнэнч байх явдал маань биднийг нэгтгэдэг. Бид “Христ дотор нэг” билээ.

Бидний эрэлхийлж буй нэгдмэл байдал бол хүн бүрийг нэг газар байлгах явдал биш юм. Энэ нь хүн бүрийг нэг зүгт—Есүс Христ рүү харуулах явдал юм. Бид хаана байснаараа биш, харин хаашаа явахыг эрмэлзэж байгаагаараа, хэн гэдгээрээ биш, харин хэн болохыг эрэлхийлдгээрээ нэг юм.

Христийн үнэн Сүмийн утга учир үүнд л оршдог.

Нэг бие

Хэрэв та нар Бурханыг хайрладаг бол Хүүг нь дагаснаар Түүнийг илүү сайн мэдэхийг хүсвэл энэ бол та нарын байх ёстой газар. Хэрэв та нар хараахан төгс дагаж чадахгүй байгаа ч Аврагчийн зарлигуудыг дагахыг чин сэтгэлээсээ эрэлхийлж л байвал та нар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд яг тохирно.

Харин та нар эргэн тойрныхоо хүмүүсээс өөр бол яах вэ? Энэ нь та нар таарч тохирохгүй байна гэсэн үг биш. Энэ нь таныг Христийн биеийн чухал хэсэг болгож байгаа юм. Бүгд Христийн биед хэрэгтэй. Нүдээр харж чадахгүй зүйлийг чихээр сонсдог. Хөлөөр хийдэг зүйлсийг гараар үр дүнтэй хийж чадахгүй.

Энэ нь таны үүрэг бол хүн бүрийг өөртэйгөө адил болгох явдал гэсэн үг биш юм. Гэхдээ энэ нь хувь нэмэр оруулах чухал үүрэг, сурч мэдэх ёстой чухал зүйл танд байна гэсэн үг!

Нэг дуу хоолой

Ерөнхий чуулганы хуралдаан бүрээр бид авьяаслаг найрал дуучдын сүнслэгээр өдөөх дуу хөгжмөөр адислагддаг. Та сонсож байхдаа дуучид бүгд нэг ноотыг даган дуулдаггүйг анзаарч магад. Заримдаа аяыг нэг хэсэг нь авч явж байхад, заримдаа нөгөө хэсэг нь авч явдаг. Гэвч бүгд уянгалаг сайхан дуу гаргахад хувь нэмэр оруулж, бүрэн нэгдсэн байдаг. Найрал дууны гишүүн бүр Бурханыг магтан дуулж, бидний зүрх сэтгэлийг Түүнд хүргэх гэсэн ижил зорилготой. Хүн нэг бүр оюун ухаан, зүрх сэтгэлээ нэгэн ижил бурханлаг зорилгод төвлөрүүлсэн байх ёстой. Ийн төвлөрснөөр тэд үнэхээр нэг дуу хоолой болдог билээ.

Хэрэв та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн хараахан болоогүй байвал бид таныг Аврагчийн “гэтэлгэх хайрын дуу[нд],” бидэнтэй нэгдэн баясахад урьж байна. Та бидэнд хэрэгтэй. Бид танд хайртай. Та Их Эзэнд болон Түүний хүүхдүүдэд үйлчилснээр Сүмийг илүү сайжруулна.

Хэрэв та нар баптисм хүртэж, Бурхантай гэрээ байгуулснаар “Бурханы сүрэгт орж, мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүс[лээ]” аль хэдийн харуулсан бол энэхүү агуу хийгээд бурханлаг ажлын нэгэн хэсэг болж, Есүс Христийн Сүмийг Аврагчийн хүссэнээр болгоход тусалсанд тань баярлалаа.

Герман дахь найзаасаа мэдэж авсанчлан, үнэхээр Аврагчийн Сүм гэдгийг дэлхий дахинд хүчирхгээр гэрчилдэг зүйл бол Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлах бидний хайр юм.

Аврагч, Гэтэлгэгч, Эзэний маань бидэнд өгсөн төгс хүлээлтэд хүрч амьдрахыг тэвчээртэй, хичээнгүйлэн эрэлхийлэхэд Бурхан биднийг адислах болтугай. Үүгээр бүгд биднийг Түүний шавь гэдгийг мэдэх болно. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Иохан 13:34–35, New King James Version.

  2. Сургаал ба Гэрээнүүд 1:21

  3. Сургаал ба Гэрээнүүд 46:5–6-г үзнэ үү.

  4. Сургаал ба Гэрээнүүд 50:24

  5. Moсe 7:18

  6. Сургаал ба Гэрээнүүд 97:21-ийг үзнэ үү.

  7. Алма 5:14-ийг үзнэ үү.

  8. Лук 1:37-г үзнэ үү.

  9. 1 Самуел 16:7, New English Translation.

  10. Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), Gospel Library-ийг үзнэ үү.

  11. Галат 3:28

  12. Сургаал ба Гэрээнүүд 6:36-г үзнэ үү.

  13. 1 Коринт 12:12–27-г үзнэ үү. Бид Христийн биед байснаар ялгааг харалгүй өнгөрдөг, зүгээр л тэвчээд ч байдаг юм биш. Бид бүх биеийн сайн сайхны төлөө гишүүн бүрийн оруулдаг онцгой хувь нэмэрт талархдаг.

  14. Яг л чих бие рүү хараад, “Би нүд шиг биш тул энд надад байх газар алга” гэж хэлэх нь буруу байдгийн адил нүд чихэнд “Чи надаас өөр. Энд чамд байх газар байхгүй” гэж хэлэх нь буруу (1 Коринт 12:16, 21-ийг үзнэ үү).

  15. Алма 5:26

  16. Мозая 18:8 Бид баптисм хүртэхдээ өөр бусад зүйлээс гадна “нэг нэгнийх нь ачаа хөнгөн байж болохын тулд тэдгээрийг үүрэлцэхэд бэлэн,” “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруул[даг]” (8–9-р шүлэг) хүмүүсийн нэгэн хэсэг байхыг хүсдэгээ гэрчилдэг. Өөрөөр хэлбэл, бид Есүс Христийн Сүмд нэгдэхдээ хайрт Аврагчтайгаа илүү адилхан болохыг мөн хамтдаа үүнийг хийхийг хүсэж байгаагаа даруухнаар боловч тодорхой хэлж байгаа хэрэг юм.