2025
Бидний тэнгэрлэг удирдлагын тогтолцоо
2025 оны 5-р сар


10:48

Бидний тэнгэрлэг удирдлагын тогтолцоо

Бид амьдралаа Есүс Христэд төвлөрүүлснээр гэртээ эргэн очих замаа олж, эцсээ хүртэл тэвчиж, эцсээ хүртэл баясах болно.

Намайг 26 насандаа өөрийн хайртай нутаг Чилийн Фрутилларт баптисм хүртэх үед Есүс Христ миний амьдралыг өөрчилсөн. Тэр үед би ажлынхаа шугамаар үзэсгэлэнт Чили дэх Патагониагийн гол, нуур, далай тэнгисийг гаталдаг байв. Баптисмынхаа дараа би өөрийн ажил, амьдралыг шинэ, бас арай өөр байдлаар харж, “бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг” гэдгийг үнэхээр ойлгож эхэлсэн юм.

Байгаль дээр яргай загас голын эхэнд төрдөг. Амьдралынхаа явцад тэд далайд хүрэхийн тулд гол уруудан сэлэх шаардлагатай болдог ба тэнд тэд өөрсдийн өсөлт хөгжилд шаардлагатай шим тэжээл бүхий орчин нөхцөлийг олдог.

Гэсэн хэдий ч далай бол махчин амьтад отож байдаг, загасчид яргай загасыг шим тэжээлээр тэтгэх бус харин ч хоол шиг харагдах гялтганасан дэгээгээр хуурч агнахаар оролддог аюултай газар ч байж болдог. Хэрэв яргай загас эдгээр аюулыг даван гарч чадвал өөрсдийн хүчирхэг удирдлагын тогтолцоог ашиглан, төрсөн газар болох голын эх рүү эргэн очиж, шинэ мөн танил сорилтуудыг туулахад бэлэн байх болно. Эрдэмтэд олон жилийн турш тэдгээр загасны нүүдлийн зан төлөвийг судалснаар хүрэх газарт нь гайхалтай нарийвчлалтайгаар чиглүүлдэг GPS-тэй төстэй нэгэн төрлийн соронзон газрын зургийг ашигладгийг нь нээн илрүүлсэн юм.

Бид бүгдээрээ нэгэн өдөр өөрсдийн тэнгэрлэг гэрт эргэн очих боломжтой. Яргай загасны адил биднийг удирдах өөрсдийн гэсэн соронзон газрын зураг буюу Христийн гэрэл бидэнд бий. Есүс шавь нартаа “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” хэмээн заасан.

Бид амьдралаа Есүс Христэд төвлөрүүлснээр гэртээ эргэн очих замаа олж, эцсээ хүртэл тэвчиж, эцсээ хүртэл баясах болно. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой” гэж заасан.

Бидний бурханлаг мөн чанар ба хувь тавилан

Бид дэлхий дахинаа өргөх тунхгаас “[бидний хүн нэг] бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнсэн хүү, охин бөгөөд бурханлаг мөн чанар, хувь тавилантай. … Мөнх бус байдлын өмнөх амьдралд сүнсэн охид, хөвгүүд Бурханыг өөрсдийнх нь Мөнхийн Эцэг гэдгийг мэдэж, бишрэн шүтдэг байсан ба төгс төгөлдөр болохын тулд хөгжин дэвжиж, эцэст нь мөнх амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяандаа хүрэхийн тулд бие махбодтой болж, энэ дэлхийн амьдралыг туулах Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн” хэмээн уншдаг.

Есүс Христ мөнх бус амьдралд төрөхөөсөө өмнө Мосед үзэгдэж, Эцэгийн өмнөөс түүнд хандан ярьсан. Тэрээр Мосед хандан түүнд зориулсан агуу ажил байгаа гэдгийг хэлсэн бөгөөд уг уулзалтын үеэр түүнийг “миний хүү“ хэмээн хэд хэдэн удаа дуудсан.

Үүний дараа Сатан түүнийг уруу татахаар ирж, “Мосе, хүний хүү, намайг шүтэгтүн!” гэхэд,

Мосе өөрийн бурханлаг мөн чанарыг санаж, “Чи хэн бэ? Учир нь болгоогтун, Бурханы хүү байна би” хэмээн хариулсан. Уг үнэн Мосег дайсны цохилтоос чөлөөлсөн юм.

Ах, эгч нар аа, мөнх бус амьдралын урхи бол бодит зүйл юм. Тэдгээр нь дур булаам хэдий ч Эцэг рүү болон мөнх амьдрал өөд удирддаг амьд усны замаас биднийг гаргах цор ганц зорилготой.

Би мөнх бус амьдралын урхи хэр бодитойг мэднэ. Нэгэн ням гарагт намайг шинэхэн хөрвөгчийн хувиар санваарын ангид хичээл зааж байх үед тааламжгүй харилцан яриа өрнөсөн юм. Хичээлээ дуусгахад бэрхшээлтэй болов. Үүнд би гомдож, хохирогч болсон юм шиг мэдрэмж төрж, юу ч хэлэлгүй хаалга руу алхахдаа нэг хэсэгтээ дахиад сүмд ирэхгүй гэж бодлоо.

Яг тэр мөчид санаа нь зовнисон санваартан ах миний өмнө гарч зогсоод, ангид болсон нөхцөл байдлаас илүү Христэд төвлөрөхийг надад хайраар сануулсан юм. Намайг түүнтэй ярилцсанаа эргэн санахад, тэрээр надад “Түүний араас яв. Тэр миний хувьд чухал“ гэсэн дуу хоолойг сонссон гэдгээ хэлж билээ.

Ахлагч Варгас ба түүний араас явсан удирдагч

Хүндэт найз нар аа, бид бүгд Түүнд чухал. Ерөнхийлөгч Нэлсон: “Бид Бурхантай гэрээ байгуулснаар Тэр бидэнд туслах хүчин чармайлтдаа хэзээ ч бууж өгөхгүй бөгөөд Түүний бидэнд хандсан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй” хэмээн заасан. Бидний бурханлаг мөн чанар, Бурхантай байгуулсан гэрээт харилцаа биднийг бурханлаг тусламж хүлээн авахаар болгодог.

Шим тэжээлээр тэтгэх хэрэгцээ

Яргай загасанд өсөж торнихын тулд далайн усанд тэжээгдэх хэрэгцээ байдаг шиг бидэнд ч гэсэн сүнслэг дутагдалд орохгүйн тулд өөрсдийгөө сүнслэг байдлаар тэжээн тэтгэх хэрэгцээ байдаг. Залбирал, судрууд, ариун сүм болон ням гаргийн цуглаануудад тогтмол оролцох зэрэг нь бидний сүнслэг цэсэд зайлшгүй байх шаардлагатай.

1956 оны 11-р сард Рикардо Гарсиа Чилид баптисмын усанд орсноор манай улсын хамгийн анхны Сүмийн гишүүн болсон. Тэр нас барахынхаа өмнөх өдөр гэр бүл, найзууддаа хандан “Олон жилийн өмнө номлогчид надад гэр бүлийн хамт аз жаргалтай болох урилга өгсөн. Би аз жаргалтай байна. Чилийн бүх хүнд сайн мэдээ бол аз жаргал гэдгийг хэлээрэй” хэмээн бичсэн байлаа.

Есүс Христийн сайн мэдээгээр тэтгэгдсэний дараа Рикардо бүхий л амьдралаа Бурханд болон хөршдөө хайраар үйлчлэхэд зориулжээ. Түүний шавь болсон үлгэр жишээ олон үеийнхнийг төдийгүй намайг ч мөн адисалсан. Бошиглогч Иосеф Смит: “Бурханы хайраар дүүрэн хүн зөвхөн өөрийнх нь гэр бүл адислагдсанаар сэтгэл ханадаггүй, харин дэлхий даяарх бүх хүн төрөлхтнийг адислахад санаа тавьдаг юм” хэмээн заасан.

Тэнгэрлэг гэртээ эргэн очих нь

Бидний хүн нэг бүрийн дотор тэнгэрлэг гэртээ эргэн очих хүсэл эрмэлзэл байдаг бөгөөд Есүс Христ бол бидний тэнгэрлэг удирдлагын тогтолцоо юм. Тэр бол зам мөн. Түүний цагаатгагч золиослол биднийг Бурхантай ариун гэрээнүүдийг байгуулах боломжтой болгодог. Гэрээнүүдийг байгуулснаар урсгал сөрөн сэлэх үе ч бидэнд тохиолдож мэднэ. Аюул, урам хугарал, уруу таталт, зовлон бэрхшээл бидний итгэлийг болон сүнслэг хүч чадлыг шалгах болно. Тусламж хүс. Есүс Христ биднийг ойлгож, ачаа дарамтыг маань хуваалцахад үргэлж бэлэн байдаг.

Тэрээр “өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн” гэдгийг санаарай. “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” хэмээн Аврагч заасан. Түүний цагаатгах золиос бидний гэм нүглийг өршөөгдөх болгосноор Тэрээр тэдгээрийг цаашид санах нь үгүй.

Бид дахин давтахгүйн тулд мөнх бус амьдралдаа суралцах явцад гэм нүглээ бүрэн мартахгүй байж болно. Оронд нь бид ням гараг бүр сүм дээр ариун ёслолоос хүртэх үедээ Түүнийг дурсан санах болно. Энэхүү ёслол нь сүсэг бишрэл болон сүнслэг хөгжлийн зайлшгүй нэг хэсэг юм. Биднийг энэ нь ердийн нэгэн өдөр биш юм гэдгийг ойлгох үед баяр хөөр ирдэг. “Амралтын өдөр хүний төлөө бий болсон” нь бидний бие болон сүнсийг шинэчилж, дэлхийгээс амралт өгөх зорилготой.

Мөн бид Их Эзэний өргөөнд буюу ариун сүмд орох үедээ Түүнийг санадаг. Ариун сүмүүд бидэнд “Бурханы хамгийн агуу бэлэг” болох мөнх амьдрал өөд чиглүүлэх гэрээний гол цөм болох Есүс Христийн талаарх гүн гүнзгий мэдлэгийг өгдөг.

Ариун сүмд орох нь бидний мөнхийн хувь тавилангийн талаар амар амгалан болон агуу найдварыг надад өгсөн. Би хөшигний хоёр талд байгаа хүмүүстэй харилцах тэнгэрлэг холбоог мэдэрч байсан. Манай бага насны хүүхдүүдээс хоёр нь үл мэдэгдэх өвчний улмаас насаараа асаргаанд байх шаардлагатай болсон ба тэдний дээр эдгэрэлтийн гайхамшгуудыг би харж байсан.

Манай гэр бүл аз жаргалын төлөвлөгөөний талаар хуваалцахдаа баяр баясалд автдаг. Хүүхдүүд маань Есүс Христийн ачаар “саад бэрхшээл болон зовлон зүдгүүрүүд чинь хэсэгхэн зуур байх болно” гэдгийг сонсоод царай нь гэрэлтдэг. Бид хүүхдүүддээ маш их хайртай. Ерөнхийлөгч Жэффри Р.Холландын хэлсэнчлэн, хэзээ нэгэн өдөр тэд “алдар суу, сүр жавхлантай, зүйрлэшгүй төгс төгөлдөр бие махбод, оюун ухаантайгаар бидний өмнө зогсох болно” гэдгийг бид мэднэ. Бидний гэрээнүүд боломжгүйг боломжтой болгож, эргэлзээ болон харанхуй орон зай бүрийг гэрэл гэгээ, амар амгалангаар дүүргэх хүртэл биднийг Бурхантай ойртуулдаг.

Есүс Христийн ачаар хайртай хүмүүсээ үргэлжлүүлэн хайрлах, дэмжих, тэднийхээ төлөө залбирах нарийн учир шалтгаан, найдвар бидэнд бий.

Тэр амьд гэдгийг би мэднэ. Тэр биднийг мэддэг бас хайрладаг. Тэр бол зам, үнэн төдийгүй дэлхийн амь мөн.

Өнөөдөр би бүх хүнийг Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд амьдралаа төвлөрүүлнэ үү хэмээн урьж байна. Ингэх нь биднийг уруу таталтын урхи, гомдол, өөрийгөө өрөвдөх байдлаас зайлсхийхэд тусална. Бид ариун сүм мэт ариун, бат, тууштай зогсох болно. Бид шуургыг сөрж, эцсээ хүртэл тэвчиж мөн эцсээ хүртэл баяссанаар гэртээ харих болно. Есүс Христийн нэрээр, амен.