“Чи намайг хайрладаг уу?”
Бид Бурханд хайраа харуулахыг хүсвэл бидний хайрын илэрхийллийг Тэр хэрхэн таньж мэддэгийг ойлгох хэрэгтэй.
Дүү нь “дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хий[ж],” муу сонголтуудыг хийн хэсэг хугацааны дараа гэртээ эргэж ирэхэд баярлан угтан авч тэмдэглэхэд ахад нь эхэндээ хэцүү байсан тухай Үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэлд гардаг. Ахынх нь бардам зан, өөрийгөө зөв шударга гэж үздэг байдал нь дүүгээ гэмээ наманчлан эргэн ирэхэд баяр баяслыг мэдрэхэд саад болж байлаа. Бидэнд ч мөн адил хайртай хүмүүстээ үг, үйлдлээрээ чин сэтгэлийн хайраа илэрхийлэх боломжуудыг өнгөрөөх үе гардаг.
Судруудад Наоми ба Рут, Аммон ба Лемонай хаан, үрэлгэн хүү ба түүний эцэг, Аврагч ба Түүний дагалдагчид зэрэг чин сэтгэлийн хайрыг хуваалцаж, хүлээн авсан олон хүчирхэг жишээ байдаг.
Хайрыг өгөөмрөөр өгч, чин сэтгэлээр хүлээн авах үед өгөгч, хүлээн авагч хоёрын хооронд хайрыг улам бүр нэмэгдүүлэх эерэг эргэлт бий болдог.
Бурханы хайр бол төгс, хязгааргүй, тэвчээртэй мөн “тэргүүн амтат“ зүйл билээ. Энэ нь бодгалийг “үлэмж агуу баяраар” дүүргэдэг. Хэдий тийм ч зарим үед бидэнд амьдралдаа Бурханы хайрыг мэдрэхэд хэцүү байж болох юм. Гэсэн хэдий ч төгс хайрладаг Тэнгэрлэг Эцэг маань биднээс Түүний хайрыг мэдрэхийг гүн гүнзгий хүсдэг учраас Тэрээр “[бидэнд ойлголтын маань] дагуу … ярьдаг.” Тэрээр бидэнд хувь хүний хувьд ойлгож чадах арга замаар хайраа илэрхийлэх болно. Бид байгалийн гоо үзэсгэлэнг анзаарч харах, залбирлынхаа хариултыг хүлээн авах, яг хэрэгтэй мөчид бидний оюун бодолд санаа орж ирэх зэрэгт эсвэл баярт мөчийн сайн сайхныг мэдрэх үедээ Бурханы биднийг гэх хайрыг мэдэрч болно. Тэнгэрлэг Эцэг Хайрт Хүүгээ цагаатгагч нэгэн болгохоор өргөхийг зөвшөөрөх үедээ Өөрийн хайрыг бидний оюун, зүрх сэтгэлд хүрч нөлөөлөхөөр агуу ихээр харуулсан юм.
Үрэлгэн хүүгийн ахтай адилаар, бидний анхаарал ихэнхдээ өөрсөд дээрээ төвлөрсөн байдаг. Бид Бурхан биднийг хайрладаг гэдэг нотолгоо хайхад санаа сэтгэлээ чилээн, олж харахгүй болохоороо урам хугарч эхэлдэг. Харин эсрэгээрээ бид Бурханд хайраа үзүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх үедээ биднийг гэсэн Түүний хайрыг илүү амархан олж хардаг. Тийм л учраас Аврагч “Хуулийн аль тушаал нь агуу вэ?” гэсэн асуултад “Чи Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” хэмээх энэхүү энгийн хэр нь чухал урилгаар хариулсан нь гарцаагүй.
Зарим үед бидний хамгийн хайртай дотнын хүнээ хайрлаж буй арга зам тэдний хайрыг мэдэрдэг арга нь биш байж ч болох юм. Энэ нь өгөгч, хүлээн авагч хоёрын хоёулангынх нь урмыг хугалж ч мэднэ. Хайртай хүмүүсээсээ хайрыг хэрхэн мэдэрдэг талаар асуух нь тустай байж магадгүй. Яг үүнтэй адилаар, бид Бурханд хайраа харуулахыг хүсвэл бидний хайрын илэрхийллийг Тэр хэрхэн таньж мэддэгийг ойлгох хэрэгтэй. Аз болоход, Тэрээр Өөрт нь хайртай гэдгийг харуулж болох цөөн хэдэн арга замыг сударт тодорхой гэгч харуулсан байдаг.
Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?
Тиберийн тэнгис дээрх Петр, амилсан Их Эзэн хоёрын хоорондох сургамжит харилцаанаас бид Их Эзэнд хайраа үзүүлж болох арга замуудыг мэдэж авдаг.
“Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв.”
Аврагчийн энэхүү асуумж дахь гол асуулт нь “Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?” гэх үгс юм. Бид Их Эзэнийг “эднээс” дээгүүр тавих үедээ Түүнд хайраа харуулж байдаг. “Эд” гэдэг нь Түүнийг амьдралынхаа хамгийн чухал нөлөөлөл байлгахаас холдуулж буй хэн ч, ямар ч үйл ажиллагаа эсвэл юу ч байж болно.
Өдөр, долоо хоног, сар эсвэл жил аль нь ч бидэнд хүссэн эсвэл хэрэгтэй бүхнээ хийж гүйцэтгэхэд хэзээ ч хангалттай байхгүй. Мөнх бус байдал дахь сорилтын нэг хэсэг нь энэхүү үнэ цэнтэй цагийг өөрсдийнхөө мөнхийн сайн сайхны төлөө хамгийн чухал зүйлсэд зарцуулж, тийм ч чухал биш зүйлсийг орхих явдал юм.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ингэж хэлсэн юм. “Бидний хүн нэг бүрд тавих асуулт … нэг л байдаг. … Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү? Та Түүний үгс, зарлиг, гэрээнүүдэд өдөр бүр үйлддэг зүйлдээ нөлөөлөх боломж олгох уу? Түүний дуу хоолойг бусдаас чухалд тавихыг та хүлээн зөвшөөрөх үү? Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихад та бэлэн үү? Та өөрийн хүслийг Түүний таалалд нийцүүлэхэд бэлэн үү?” Бид Бурханыг хамгаас чухалд тавих үедээ Түүний шавь гэдгээ төдийгүй Түүнийг хайрладаг гэдгээ харуулдаг.
Хоньдыг минь тэжээ
Петр, Аврагч хоёрын дунд өрнөсөн энэхүү ярианы дараах шүлгээс бид Их Эзэн бидний хайрын илэрхийллийг таньж мэддэг бас нэгэн арга замыг мэдэж авдаг. “Дахин Есүс хоёр дахь удаагаа түүнд —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хоньдыг минь хариул гэлээ.”
Бид Түүний хүүхдүүдэд үйлчилж, тэднийг сонсож, хайрлаж, дэмжиж, тохинуулах үедээ Их Эзэнийг хайрладаг гэдгээ харуулж байдаг. Тэрхүү үйлчлэл нь бусдыг шүүхгүйгээр чин үнэнээр харах зэрэг үнэхээр энгийн байж болно. Сургаал ба Гэрээнүүдийн 76-р хэсгээс бид селестиел алдар сууг хүлээн авах тэдний шинж чанарыг цухас олж хардаг. “Бурханд үзэгддэгийн адилаар тэд үздэг ажгуу, мөн тэд Бурханд мэдэгддэгийн адилаар мэддэг ажээ.” Тэд Бурхан тэднийг яаж үздэгийн адилаар бусдыг үздэг ба Тэрээр тэднийг алдар суут Тэнгэрлэг ирээдүйд хэн болж чадах чадавхаар нь хардаг билээ.
Номлолоосоо бууж ирээд би өсвөр насандаа ах нартайгаа эхлүүлж байсан зүлэг хадаж тэгшлэх бизнесээ хариуцан авсан ба хажуугаар нь их сургуулийн хичээлээ хийгээд их завгүй байлаа. Хаврын нэгэн долоо хоног ширүүн бороо бас ойртож буй төгсөлтийн шалгалт намайг туйлдуулж, талбайн ажлаа хийж амжихгүйд хүрсэн байв.
Долоо хоногийн дундуур тэнгэр цэлмэж, би хичээлийнхээ дараа талбайн ажлаа амжуулахаар төлөвлөсөн байлаа. Гэвч гэртээ ирэхэд миний ачааны машин болон багаж хэрэгслүүд минь алга болсон байв. Гайхаж хоцорсон би зүлгийг нь хадаж тэгшлэхээр төлөвлөсөн айлуудаараа очиход бүгдийг нь сайхан гэгч хадаад тайрчихсан байлаа. Хуваарь дахь сүүлчийн айлын гадаа очоод, дүүгээ зүлэг тайрагчийг түрэн явж байгааг олж харсан юм. Тэр намайг хараад инээмсэглэн даллахад би баярласандаа түүнийг тэврэн авч, талархлаа илэрхийлсэн. Дүүгийн минь утга учиртай үйлчлэл түүнийг улам их хайрлаж, түүнд улам их итгэдэг болоход хүргэсэн юм. Бие биедээ үйлчлэх нь Бурханыг болон Түүний Хайрт Хүүг хайрладаг гэдгээ харуулах гарцаагүй арга зам мөн.
Бүх зүйл дээр Түүний мутрын нөлөөг хүлээн зөвшөөр
Бид мөн талархалтай зүрх сэтгэлээр Бурханд хайраа илэрхийлдэг. Их Эзэн “Бүх зүйл дээр Түүний мутрын нөлөөг хүлээн зөвшөөрдөггүй … тэднээс бусад хүн ямар ч зүйлээр Бурханд гэм бурууг үйлддэггүй” хэмээн хэлжээ. Бид Бурханыг амьдралынхаа сайн сайхан бүхний эх үүсвэр хэмээн хүлээн зөвшөөрснөөр Түүнд хайраа харуулж байдаг.
Компаниа байгуулсан эхний өдрүүдэд би бизнесийн хамтрагчтайгаа чухал уулзалт хийхээс өмнө Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэн залбирдаг байж билээ. Тэдгээр цаг хугацаанд Бурхан бидний залбиралд хариулж, уулзалтууд маань амжилттай болж өнгөрдөг байв. Нэгэн уулзалтын дараа бизнесийн хамтрагч маань бид тусламж эрэлхийлэхдээ гавшгай хэр нь талархахдаа хойрго байгааг онцлон хэлэв. Үүнээс хойш бид Их Эзэний тусламжтай амжилтад хүрч буйгаа олж харан, чин сэтгэлээсээ талархан залбирдаг болсон юм. Бид “талархаж хандсанаар“ Бурханд хайраа үзүүлдэг.
Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь
Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг хайрладаг гэдгээ харуулах бас нэгэн арга зам бол Тэднийг дагахаар сонгох явдал юм. Аврагч “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” хэмээн хэлсэн. Ийм төрлийн дуулгавартай байдал нь сохроор эсвэл албадлагаар дагаж буй хэрэг биш, харин чин сэтгэлийн хүсэл эрмэлзлээр хайраа илэрхийлж буй хэрэг юм. Тэнгэр дэх Эцэг маань биднийг Өөрийг нь дагахыг хүсээсэй хэмээн хүсдэг. Тамара В.Рүниа эгч үүнийг “хайраар дүүрэн дуулгавартай байдал” гэж нэрлэсэн. Тэрээр “Одоо бид төгс дуулгавартай биш ч Түүнд хайртай учраас дуулгавартай байхыг хичээн, зам дээрээ үлдэхийг ахин дахин сонгоно” хэмээн хэлжээ.
Тэнгэрлэг Эцэг биднийг Өөрийг нь сонгохыг хүсэхэд сүнслэгээр өдөөхийн тулд сонголтыг өгсөн. Түүний ажил, алдар суу нь мөнх амьдралыг бидэнд тохиолгон авчрах явдал төдийгүй, бидний хамгийн агуу хүсэл Түүнд буцаж очих хүсэл байгаасай гэсэн найдварыг мөн багтаасан байдаг. Гэсэн хэдий ч тэр хэзээ ч биднийг дуулгавартай дагахад хүчилдэггүй. “Бодгаль бүхэн чөлөөт гэдгийг мэдэгтүн” хэмээх дуулалд:
Зөвхөн номлогчийн жишиг учраас биш, харин Их Эзэнийг төлөөлөн Түүнд хайраа харуулахыг хүсэж байсан учраас дуулгавартай байхыг сонгосон маш олон номлогч номлолын удирдагчид болох миний эхнэр Кристина бид хоёрт сүнслэгээр нөлөөлдөг байсан.
Ахлагч Дэйл Г.Рэнланд ингэж хэлсэн юм: “Тэнгэрлэг Эцэгийн маань хүмүүжүүлэх зорилго нь Өөрийнхөө хүүхдүүдээр зөв зүйлийг хийлгэх явдал биш, харин хүүхдүүд нь зөв зүйлийг хийхээр сонгож, улмаар Өөртэй нь адилхан болох явдал юм. Хэрвээ Тэр биднээс зөвхөн дуулгавартай байхыг хүсэж байсан бол бидний зан байдалд нөлөөлөхийн тулд нэн даруй шагнах эсвэл шийтгэх аргыг хэрэглэх байсан”. Бид Түүнийг дуулгавартай дагахаар сонгохдоо Түүнд хайраа харуулдаг.
Биднийг амьдралдаа Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрыг эн тэргүүнд тавьж, бие биедээ үйлчилж, адислал бүрийг нь талархан хүлээн авч мөн Тэднийг дуулгавартай дагахаар сонгох үед Тэд бидний хайрын илэрхийллийг олж хардаг.
Бидний хүн нэг бүр үнэхээр Бурханы хүүхэд бөгөөд Тэрээр биднийг төгс хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Түүний хайрыг бид өөр өөрсдийн ойлгох арга замаар олж харан, мэдрэхийг Тэрээр чин сэтгэлээсээ хүсдэг гэдгийг би гэрчилж байна. Мөн үнэхээр гайхамшигтай зүйл нь бид Түүнд хайраа үзүүлэх үедээ Түүний хайрыг илүү гүн гүнзгий мэдэрдэг явдал юм Есүс Христийн нэрээр, амен.