2025
Бурхантай эвлэр
2025 оны 11-р сар


10:22

Бурхантай эвлэр

Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрэх нь бидний итгэлийг гуйвшгүй болгодог.

Судруудыг судлах үед амьдралд минь тохиолдсон үйл явдлуудаас болж надад онцгой санагдах болсон үгс нүдэнд минь шууд тусдаг. Би санхүүгийн зөрчлийн нягтлан бодогчийн ажил хийдэг байсан хүн. Судруудыг уншиж байх үед мэргэжлийн онцлогоос болж эвлэрэх гэдэг үг анхаарлыг маань татаж байлаа. Би нягтлан бодох, аудит явуулах, хянан шалгах чадваруудыг ашиглан санхүүгийн бүртгэлийг тайлант дүнтэй нь тулган нийцүүлэх ажил хийдэг байв. Өөрөөр хэлбэл, би санхүүгийн тайланг санхүүгийн эх баримттай нь харьцуулж, үнэн зөв, үндэслэлтэй эсэхийг баталгаажуулахыг зорьдог байлаа. Би илэрсэн зөрчлийг шийдвэрлэхээр их хөдөлмөрлөдөг байсан ба өчүүхэн жижиг зөрчлийг шийдвэрлэхэд их цаг орох нь хэвийн үзэгдэл байв.

Төлөөлөгч Паул коринтчуудаас “Бурхантай эвлэр[эхийг]” гуйсан. Бурхантай эвлэрэх гэдэг нь Түүнтэй эргэн зохицох буюу Бурхантай харилцах харилцаа маань бидний өөрсдийн нүгэл, гаргасан үйлдлээс болж хөндийрч, тасарсныг сэргээх гэсэн утгатай юм. Энгийнээр тайлбарлавал, Бурхантай эвлэрэх гэдэг нь бид хүсэл болон үйлдлээ Түүний хүсэлтэй нийцүүлэх буюу ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасанчлан, амьдралдаа Бурханыг ялуулна гэсэн үг.

Судруудад заасанчлан, бид өөрсдийнхөө төлөө “үүрдийн үхлийн замыг, эсвэл мөнх амьдралын замыг сонгох” эрхтэй. Хэрэв бид хичээнгүй байхгүй аваас өөрсдийнхөө төлөө сонгох энэ эрх чөлөө биднийг Бурханы хүсэлтэй зөрчилдөхөд хүргэж ч магадгүй.

Бошиглогч Иаков бидэнд Бурхантай зохицохгүй, зөрчилдөж байгаагаа мэдсэн үедээ эвлэрэх цорын ганц арга зам бол “Христийн цагаатгалаар дамжуулан Түүнтэй эвлэр[эх]” явдал гэж заасан. Энэ эвлэрэл нигүүлслээс хамаардаг буюу цаад утгаараа Есүс Христийн нигүүлсэнгүй цагаатгагч үйлдэл нь эвлэрлийг боломжтой болгодог гэдгийг бид ойлгох учиртай.

Та амьдралаа тунгаан бодохдоо, өөрийгөө Тэнгэрлэг Эцэгээс холдуулсны улмаас Түүнээс хол байсан үеэ эргэн санаарай. Жишээ нь: Та Түүнд хандан залбирахдаа эсвэл Түүний зарлигуудыг дагахдаа хойрго болсон байж магадгүй. Бид Бурханаас холдохыг сонгодог шигээ эвлэрэхээр хичээж чармайхыг ч мөн адил сонгодог байх ёстой. Их Эзэн бидний үүрэг хариуцлагыг дараах үгсээр онцолжээ. “Надад ойрт, мөн би та нарт ойртох болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно; гуй, тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно.”

Энэ чухал харилцаагаа сэргээж, эвлэрүүлэхэд Аврагч бидэнд хэрхэн тусалдаг вэ? Миний хувьд, би ерөнхийлөгч Нэлсоны зөвлөсний дагуу өдөр бүр наманчлах үедээ Бурхантай эвлэрэх аялалдаа томоохон ахиц гаргадаг. Үүний шалтгаан нь, эвлэрэл гэж аливаа тасарсан харилцааг сэргээх, ялангуяа нүглийн саадыг арилгах замаар Бурхан, хүмүүн хоёрын хоорондын харилцааг сэргээхийг хэлж байгаа юм.

Судруудаас бидний уншдаг хамгийн агуу эвлэрлүүдийн нэг нь Иносын түүхэд гардаг. Түүний амьдралын ямар нэг зүйл Бурхантай нийцэхгүй байв. Тэр Бурхантай эвлэрэхийн тулд Есүс Христийн Цагаатгалд найдан жишээ үзүүлсэн юм. Тэр өөрийн наманчлах хүсэл, даруу байдал, анхаарах зүйлс, шийдвэрийг тайлбарласан. “Инос оо, нүглүүд чинь өршөөгдсөн, мөн чи адислагдах болно” гэсэн дуу хоолой сонстох үед тэр Бурхантай эвлэрснээ мэджээ. “Мөн Инос би, Бурхан худал хэлж эс чадахыг мэдэж байв; иймийн тул, миний гэмшил арилгагдсан бөлгөө” гэж хэлэхдээ Инос наманчлал болон эвлэрэл өөрт нь ямар нөлөө үзүүлснийг ойлгосон юм.

Эвлэрэл нь зөвхөн гэм буруугийн мэдрэмжийг арилгаад зогсохгүй дотоод амар амгаланг мэдрүүлж, бусадтай эв найртай байхад хүргэдэг. Энэ нь бусадтай харилцах харилцаа холбоог эдгээж, зүрх сэтгэлийг зөөлрүүлж, Бурханы өмнө илүү их итгэлтэй болоход хөтлөх шавь байх чадварыг сайжруулдаг. Надад агуу найдвар, өөртөө итгэх итгэлийг авчирдаг эвлэрлийн бас нэгэн үр жимсийг Инос дараах байдлаар тодорхойлсон юм. “Мөн Инос би эдгээр үгийг сонссоны дараа, Их Эзэнд итгэх итгэл минь гуйвшгүй болж эхлэв.”

Намайг жаахан хүү байхад ээжийн талын өвөө маань интоорын том цэцэрлэгтэй байлаа. Надад тэр цэцэрлэгт ихэнхдээ зуны улиралд интоор хураах үеэр ажиллах боломж гардаг байв. Би нэлээн жаахан байсан тул намайг модон дээр гарган, хувин өгч, интоор түүлгэдэг байлаа.

Өвөө маань интоор сэгсрэгч төхөөрөмж худалдаж авснаас хойш интоор хураах үйл явц эрс өөрчлөгдсөн юм. Уг төхөөрөмжийг модны их биетэй бэхэлж байгаад модыг сэгсрэхэд доорх тор луу нь интоорууд унадаг байлаа. Сэгсрэгч машин модыг сэгсэрч эхлэх үед хэдхэн хормын дотор бараг бүх интоор модноосоо унаж байгааг би анзаарсан. Бас модыг 10 секунд ч бай эсвэл бүтэн нэг минут ч сэгсэрсэн бай зарим интоор модноосоо унахгүй үлдэж байгааг ч би бас ажигласан юм. Зарим нь үнэхээр бөх бэхлэгдсэн байдаг байсан.

Этилен гэдэг бодис ялгарснаар, сэгсрэх үед интоор модноосоо унах боломж бүрддэг. Энэ бодис нь интоорын иш дэх мөчиртэй холбогддог эсийн давхаргыг сулруулдаг аж. Ингэснээр боловсорсон интоорын иш уг суларсан хэсгээрээ модноосоо илүү амархан салдаг байна.

Судруудаас бид Иессийн хожуул бол Давид хааны эцэг болох Иессийн удмаас төрнө хэмээн бошиглогдсон Мессиа буюу Есүс Христийг зүйрлэсэн зүйрлэл гэдгийг сурдаг. Боловсорсон интоорын ишийн холбоосыг этилен гэдэг бодис сулруулдгийн адил дуулгаваргүй байдал, эргэлзээ, айдас биднийг амархан ганхуулж, Есүс Христээс холдуулах замаар Иессийн хожуулаас буюу Түүнээс бидний холбоог сулруулдаг. Бид итгэлтэй байгаа үедээ ч Есүс Христээс холбоогоо сулруулахгүйн тулд сэргийлэх арга хэмжээг авч байх ёстой юм.

Сургаал ба Гэрээнүүдэд “Гэвч хүмүүн ач ивээлийг алдаж мөн амьд Бурханаас холдож болох магадлал буй” хэмээн итгэлтэй хүмүүст хүртэл сэрэмжлүүлсэн байдаг. Их Эзэн цааш нь: “Тийм ээ, бүр ариусгагдсан тэд тэрчлэн анхааралтай байг” гэж хэлжээ. Уналтаас зайлсхийхийн тулд Их Эзэн: “Тиймийн тул сүмийнхэн уруу таталтад унахгүйн тулд анхааралтай байж мөн ямагт залбираг” хэмээн зөвлөсөн.

Зарим хүн амархан ганхах байдлыг үйлийнхээ үрийг эдлэхээр сүйрэлд боловсорч гүйцсэн байдал гэж судруудад тайлбарладагтай адилтган үзэж болох юм. Мөн уг хэллэг ялзрал, гажуудал эсвэл ямар нэг зүйлийг сүйрэл юм уу уналтад амархан хүргэдэг доройтлыг тодорхойлж хэлэхэд илүү өргөн ашиглагдаж болно.

Боловсорч гүйцэх гэдгээр юуг илэрхийлж байна вэ? Энэ нь бид өөрчлөгдөх боломжгүй цэг хүртлээ явж чадна гэсэн үг юм болов уу? Үгүй, энэ бол бид өөрчлөгдөх хүсэлгүй болох цэг хүртлээ явж болно гэсэн үг гэж би боддог. Сүйрэлд боловсорч гүйцэхээс сэргийлэх ерөндөг бол Есүс Христтэй холбоогоо сайжруулах зүйлсийг хийх явдал юм. Өмнө дурдсанчлан, наманчлал Иносыг гуйвшгүй итгэлийн цэг рүү хөтөлсөн. Байнга, хойшлуулалгүй, тогтмол наманчилснаар хүч чадал ирдэг. Ерөнхийлөгч Нэлсон: “Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй” гэж заасан.

Наманчлахаас гадна, амьдралд тань оролцож буй Бурханы мутрыг олж харах, илчлэл эрэлхийлэх, хүлээн авах, Бурханыг ярих үед сонсох зэрэг нь бид бүгдийг гуйвшгүй байхад туслах болно гэж бошиглогч Иаков заасан. Мөн Иаков: “Иймийн тул, бид бошиглогчдыг судалдаг, мөн бидэнд олон илчлэл болон бошиглолын суу билиг бий; мөн бид энэ олон нотолгоотой болсон учир найдлага олж, мөн итгэл маань гуйвшгүй болдог” гэж заасан. Бошиглогч, төлөөлөгчдийн үгийг сонсож, урилгын дагуу үйлдэх нь биднийг найдвар, итгэл төгс байдал, хүч чадлаар дүүргэж, үр дүнд нь бидний итгэл гуйвшгүй болох болно.

Бурхантай эвлэрэх хүсэл нь наманчлах хүсэлтэй хамт орших ёстой гэдгийг би ойлгосон. Наманчилж, Есүс Христийн Цагаатгалаас ирдэг адислалуудыг мэдрэх нь бидний итгэлийг гуйвшгүй болгодог. Гуйвшгүй итгэл үргэлж Бурхантай эвлэрэх хүслийг төрүүлдэг. Энэ бол үл тасрах, дахин давтагдах загвар юм.

Ах, эгч нар аа, би та бүхнийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрээсэй гэж урьж байна. Гэрээнүүдийг байгуулж, сахиснаар Аврагч болон бидний хоорондын холбоо хүчирхэгжиж, улмаар бид устгалд бэлтгэгдэн боловсорч гүйцэхээс зайлсхийнэ гэдгийг би гэрчилж байна. Мөн би Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрэх энэ эвлэрэл бидний итгэлийг гуйвшгүй болгоно гэдгийг гэрчилж байна.

Тэнгэрлэг Эцэг та нарыг бас намайг хайрладаг учраас Өөрийн хайрт Хүү Есүс Христийг бидний Аврагч, Гэтэлгэгч, агуу Эвлэрүүлэгч болгохоор илгээсэн гэдгийг би мэднэ. Би Есүс Христийг гэрчилж байна. Мөн энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр хэллээ, амен.