Явж, үүний адил үйлдэгтүн
Би үйлчлэлийн номлолд дуудагдсан номлогчдыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тэд бидэнд үлгэр жишээ болдог.
Аврагчийг Бетсайдад ирэхэд хэдэн хүн нэгэн сохор хүнийг Түүн дээр авч иржээ. Тэд ямар нэг гайхамшгийг өөрсдийн нүдээр үзэхийг хүссэн байж болох юм. Аврагч түүнийг тусад нь эдгээхээр “тэр хүний гараас нь хөтөлж тосгоноос гарга[в].” Эхэндээ эдгээлт нь бүрэн бус мэт байв. Тэр хүн “Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ.” Есүс өрөвч сэтгэлээр “дахиад гараа түүний нүдэн дээр нь тавьж, түүнд тодоор харуулав.” Аврагчийн гар ахин хүрсний дараа сохор хүн “тод харах болжээ.”
Энэ бол Аврагчийн амьдралыг даруухнаар үйлдсэн үйлчлэлээр нь тодорхойлдгийн зөвхөн ганцхан жишээ юм. Тэрээр “үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн” гэдгийг бидэнд сануулдаг. Мөн биднийг шаардсанаас давуулан биелүүлж, биднээс гуйсан хүмүүст өгч, хөршөө хайрлах замаар Өөрийнх нь жишээг дага хэмээн урьдаг. “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” гэж асуухад Христ сайн санаат самари хүний сургаалт зүйрлэлийг ярьж өгснийхөө дараа “Явж, үүний адил үйлдэгтүн” хэмээн захисан.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид бол Христ биднийг үлгэрлэ хэмээн урьсан сайн санаат самари хүний орчин цагийн жишээ билээ. Би үйлчлэлийн номлолд дуудагдсан номлогчдыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тэд бидэнд үйлчлэл хэрхэн (1) Есүс Христийн сайн мэдээнд зүрх сэтгэлийг нээдгийг, (2) нөхцөл байдлаасаа үл хамааран бид бүгдэд тохинуулах боломж олгодгийг, (3) Христийн хүчийг бидний амьдралд авчирдгийг харуулдаг.
Нэгдүгээрт, үйлчлэл хүмүүсийн зүрх сэтгэлийг Есүс Христийн сайн мэдээнд нээж өгдөг.
МЭӨ 91 оны үед, Мормоны Номд гардаг номлогч Аммон өөрийгөө Лемонай хаанд танилцуулж, “би хэсэг хугацаанд … энэ ард түмний дунд амьдрах хүсэлтэй … би таны зарц байх болно” гэж хэлжээ. Хаанд үйлчилсэн учраас Аммон “зоригтойгоор ярьж, … ямар хүчээр” үйлчлэлээ гүйцэтгэснийг Лемонай хаанд ярих боломжтой болсон. Хариуд нь хаан “[Аммоны] хүссэн юуг боловч зөвшөөрнө” гэж амлажээ. Аммоны цор ганц хүсэл нь хаан Есүс Христийн сайн мэдээний захиасыг сонсох байв. Аммоны үйлчлэлийн үр дүн “мянга мянган бодгалийг наманчлалд авч[ирсан].”
Бидний өдрүүдэд үйлчлэл бусдыг сайн мэдээ рүү хөтөлсөөр байна. Бэван эгч заах номлогчоор үйлчилж байхдаа бие нь муудаж, гэртээ харьж эмчлүүлэх хэрэгтэй болсон. Номлолоосоо буухын оронд тэрээр гэрээсээ үйлчлэлийн номлогчоор үйлчлэх боломжтой болсон байна.
Нэгэн удаа Бэван эгч цэцэрлэгт хүрээлэнд найзтайгаа явж байхдаа бага насны дөрвөн хүүхэдтэй нэгэн ээжтэй ярилцах сүнслэг өдөөлт хүлээн авсан ч тэд эргэлзэж өнөөх гэр бүл яваад өгчээ. Маргааш нь тэр хоёр цэцэрлэгт хүрээлэн рүү буцаж очоод, өнөөх гэр бүлийг тэнд байгаасай хэмээн залбирсан байна. Гайхалтай нь тэр ээж өмнөх өдрийн яг тэр газартаа сууж байлаа. Энэ удаа Бэван эгч найзынхаа хамт түүн дээр очоод, түүнтэй танилцаж, түүнд материаллаг тусламж туйлын хэрэгтэй байсныг олж мэджээ. Тэд түүнд туслаад, дараа нь сайн мэдээний талаар сурч мэдэх урилга өгчээ.
Энэхүү үйлчлэл ба урилгын ачаар тэр ээж ууган хүүхдийнхээ хамт баптисм хүртсэн бөгөөд жилийн дараа дараагийн хүүхэд нь баптисм хүртжээ. Тэд өнөөдөр ч идэвхтэй гишүүд хэвээр байна. Энэ үйл явдал тэнгэрээс сүнслэгээр нөлөөлөгдсөн бөгөөд энэ нь “тэрээр яг Бурханд хэрэг болох газраа байгааг нь баталсан” гэдгийг Бэван эгч мэдэж байв.
Бид Аммон болон Бэван эгч нарын адил бусдад үйлчилснээр “сайн үлгэр жишээг тэдэнд үзүүл[дэг]” бөгөөд улмаар тэд “[бидний] найдварын талаар” мэдэхийг хүсдэг.
Есүс биднийг “явж, үүний адил үйлдэгтүн” хэмээн урьдаг.
Хоёрдугаарт, үйлчлэл бидэнд өөрсдийн нөхцөл байдлаас үл шалтгаалан тохинуулах боломжийг олгодог.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлтгэж, номлолд үйлчлэхийг” мөн боломжтой залуу эгч бүрийг “Их Эзэн [өөрийг нь] номлолд үйлчлээсэй хэмээн хүсэж буй эсэхийг мэдэхийн тулд залбира[арай]” хэмээн уриалсан билээ. “Сургаал заах номлол, үйлчлэлийн номлолын аль нь ч бай та нарын номлолд үйлчлэх шийдвэр та нарыг болон бусад олон хүнийг адислах болно” хэмээн тэрээр амласан. Үйлчлэлийн номлолууд боломжтой гэдэг үгийн тодорхойлолтыг дахин бичсэн. Одоо Их Эзэний төлөө бүрэн цагийн номлолд үйлчлэхийг хүссэн зохистой залуу эрэгтэй, эмэгтэй бүр цөөн хэдэн тохиолдлоос бусдаар үүнийг хийж чадна.
Ахлагч Холгадо бол хувийн нөхцөл байдлаасаа үл хамааран үйлчлэх боломжтой байхын үлгэр жишээ юм. Тэрээр төрөлхийн ховор тохиолддог генийн өвчтэй төрсөн нь түүнийг заах номлогчоор үйлчлэх боломжгүй болгожээ. Ахлагч Холгадо үйлчлэлийн номлогчоор дуудагдсан бөгөөд бишопын агуулахад сайн дураараа ажиллаж, хүмүүст шаардлагатай тусламжийг нь үзүүлжээ. Тэр тавиуруудыг дүүргэж, хүнсний ногоо ууталж, цаасан хайрцгуудыг хавтгайлдаг байв.
Ахлагч Холгадо номлолынхоо дараа ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхдээ: “Бурханд үйлчлэлийн номлогчид хэрэгтэй. Түүнд бусдыг хайрлаж, үйлчилдэг хүмүүс хэрэгтэй. Энэ хүмүүс ариун цэврийн цаас өрж, брокколи ууталж, тавилга угсарч, хүмүүст сайн ханддаг” гэжээ.
Сайн үйлс хийхэд үйлчлэлийн даалгавар авах эсвэл нэрийн тэмдэгтэй байх шаардлагагүй. Үйлчлэл бүрийг Аврагч хүлээн зөвшөөрдөг. Бид бүгдээрээ бусдад хайр, сайхан сэтгэлээр үйлчилснээр Христэд ирэхэд нь тусалж чадна. Бид хүмүүст Христийн нэрээр, Ариун Сүнсний хүчээр тохинуулж, Есүс Христэд итгэх итгэлийн үлгэр жишээ үзүүлэн амьдарч чадна. Үйлчлэл бидэнд өөрсдийгөө Бурханд тааламжтай, амьд тахил болгон өргөх боломж олгодог.
Есүс биднийг “Явж, үүний адил үйлдэгтүн” хэмээн урьдаг.
Гуравдугаарт, үйлчлэл бидний амьдралд Христийн хүчийг авчирдаг.
Заах номлолоосоо үйлчлэлийн томилолтоор шилжиж ирсэн нэгэн залуу номлогч хувийн зарим бэрхшээлтэй тулгарч, түүнд Христийн эдгээх хүч хэрэгтэй болжээ. Өөрийгөө зориулсан үйлчлэл нь түүний амьдралд тэрхүү хүчийг авчирчээ. Тэрээр “надад хүнд хэцүү мэт санагдах үед Христ намайг дээш өргөж байгааг би мэдэрсэн. Хүнсний агуулах, ариун сүм мөн Өөрийн сайн мэдээгээр дамжуулан хүмүүсийг адисалж байгааг харах нь онцгой завшаан юм” гэж хэлсэн.
Энэ ахлагч илүү их баяр баяслыг мэдэрч эхэлсэн бөгөөд шинээр олж авсан урам зориг нь түүнийг болон гэр бүлийг нь бүхэлд нь адисалсан юм. Ариун Сүнс тэдний гэрт элбэг дэлбэгээр орж ирж, тэд ариун сүмд илүү тогтмол ордог болж, тэдний гэр бүл Христэд илүү анхаарал төвлөрүүлэх болжээ. Энэ номлогч үйлчлэлээр дамжуулан Христ түүний амийг аварч, гэр бүлийг нь адисалсан гэдэгт итгэдэг.
Ерөнхийлөгч Нэлсон: “бусдад үйлчилж, бусдыг хүчирхэгжүүлэх хүсэл нь Аврагчийн гэтэлгэгч хүчээр эдгэрэхэд бэлэн байгаагийн бэлгэдэл юм” хэмээн заасан.
Есүс биднийг “Явж, үүний адил үйлдэгтүн” хэмээн урьдаг.
Үйлчлэлийн номлогчид бол Есүс Христийн үйлчлэлд өөрсдийгөө зориулсан шавийн үлгэр жишээ мөн.
Та эсвэл гэр бүлийн тань хэн нэгэн үйлчлэлийн номлогчоор дуудагдах нь тэмдэглэх баярт мөч юм. Одоо танай гэрт Их Эзэн Есүс Христийн онцгойлон адислагдсан төлөөлөгч амьдрах болно. Энэ нь та бүгдийг сайн руу хөтлөн өөрчилнө. Үйлчлэх ямар ч дуудлагыг хүлээж авсан бай гутрах ёсгүй. Бид “Хаа дуудсан ч би явах болно. Хүссэн тэр хүн тань болно, би” хэмээн дуулдаг. Бид ярьдаг зүйлээ хэрэгжүүлдэг гэдгээ харуулах боломж бол энэ юм.
Үйлчилж байгаа та бүгдэд, ялангуяа 4000 гаруй залуу үйлчлэлийн номлогчдоо хандан хэлье, бид та нарт хайртай! Хэрэв заах үүрэг бүхий номлогчид Их Эзэний ам юм бол үйлчлэлийн номлогчид маань Их Эзэний мутар бөгөөд хоёрдугаар зэрэглэлийн номлогчид биш юм шүү. Та нарын хүн нэг бүр Израилын цугларалтад чухал үүрэгтэй. Ерөнхийлөгч Нэлсон бидэнд: “Бурхантай гэрээ байгуулж түүнийгээ сахихад нь туслах ямар нэгэн зүйлийг хийснээр Израилыг цуглуулж байгаа билээ” хэмээн заасан.
Үйлчлэлийн номлогч та нар маань өдөр бүр олон арга замаар Израилыг цуглуулж, та нарын үйлчлэл хүмүүсийн амьдралыг өөрчилдөг. Та нар ихэнхдээ үйлчлэлийн тань ашиг тусыг хэн хүртэж байгааг мэддэггүй ч Бурхан мэднэ. “Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд [үйлчилсэн] бол [Түүнд үйлчилсэн] хэрэг” гэдгийг үргэлж санаж яваарай.” Бид та нарыг Сүмийн дуудлагын төвд сайн дураараа ажиллах үед та нарын дуу хоолойг сонсдог. Хороо, дүүргийнхээ байгууллагуудад инээмсэглэн тусалж байгааг тань хардаг. Мөн та нар ариун сүмүүдэд үйлчлэх үед бид та нарын гэрлийг мэдэрдэг. Та нар өлссөнийг хооллож, нүцгэнийг хувцаслаж, цангасныг ундаалдаг.
Бид бүгдээрээ явж, үүний адил үйлдэх хэрэгтэй.
Үйлчлэл бол Христийн шавийг тэтгэгч амь нь билээ.
Үйлчлэл нь сайн мэдээнд зүрх сэтгэлийг нээх хүчтэй бөгөөд бид бүгдэд бүх бодгалиа Христэд зориулах боломжийг олгодог. Энэ нь бидний зүрх сэтгэлийг өөрчлөн Түүнтэй илүү адил болгож, ингэх явцдаа бид бусдыг дээш өргөдөг. Ерөнхийлөгч Нэлсон нэгэнтээ: “Сүнслэг байдлын ялзралд нэрвэгдсэн энэ дэлхийд хувь хүмүүс … өөрчлөлт гаргаж чадах уу? Тийм ээ! … ‘Агуу алдар суунд Бурханы хүчээр … зэвсэглэсэн … Их Эзэний гэрээт хүмүүс’ … бүх хүн төрөлхтний амьдралыг өргөж чадна” гэж хэлсэн юм. Үйлчлэлээр дамжуулан бид зүрх сэтгэлийг болон дэлхийг өөрчилдөг.
Есүс “сайныг үйлдэж явсан.” Тэрээр өвчтэй хүмүүсийг эдгээж, сохор нэгэнд хараа оруулж, гадуурхагдсан тэдэн дээр зочилсон. Тэр хоол хийж, хуримын найрт тусалж, өлссөн мянга мянган хүнийг хооллосон. Бид Христийн нэрээр тусламж хэрэгтэй нэгэнд үйлчилснээр илүү ариун болж, мөнх амьдралын бэлэг хүртэхүйц зохистой болдог. Есүс Христ амьд. Тэр бол миний бас таны Аврагч. Тэр бол бидний Гэтэлгэгч. Тэр бидэнд тохинууллын агуу үлгэр жишээг харуулсан. Би хүн бүрийг явж, үүний адил үйлдээрэй хэмээн уриалж байна. Есүс Христийн нэрээр, амен.