Бурханд ханд, тэгээд амьдар
Хувь хүн, гэр бүл, бүр улс үндэстэн хүртэл зөвхөн Бурханд хандсанаар цэцэглэн хөгждөг.
Энэ оны 6-р сард Өмнөд Африкийн Лесото улсад аймшигт осол гарсан юм. Сүмийн Мапуцо салбарын 20 залуу эмэгтэй, долоон удирдагчийнхаа хамт жижиг оврын автобусаар нийслэл хот Масеруд болох Масеру Лесото дүүргийн залуу эмэгтэйчүүдийн цугларалтад оролцохоор явж байв. Өглөө тэднийг хоёр урсгалтай төв замаар явж байхад эсрэг талын урсгалаас нэг машин өмнөх машинаа гүйцэж түрүүлэхээр тэдний автобусны явж байсан урсгал руу орж иржээ. Хангалттай зай, цаг байгаагүйн улмаас хоёр тээврийн хэрэгсэл хормын дотор өөд өөдөөсөө мөргөлдөн, замын хажуу руу өнхөрч, гал авалцсан байна.
Ослын улмаас нийт 15 хүн амиа алдсаны дотор зургаан залуу эмэгтэй, Залуу эмэгтэйчүүдийн хоёр удирдагч, салбарын ерөнхийлөгч эхнэрийн хамт байсан. Ослоос амьд үлдэгсэд, тэдний гэр бүл, найз нөхөд сэтгэл санааны мэдрэмжээ уурлаж бухимдах, гуньж гутрах, гэмших зэргээр олон янзаар илэрхийлж байв. Тэдэнд ийм мэдрэмжүүд болон хариултыг нь мэдэхгүй асуултууд байсан хэдий ч тэд нэг нэгнээ тайтгаруулж, ариун нандин дуу хөгжим сонсох, судар унших, залбирах зэргээр Бурханд хандаж, тайвшралыг олж авч байлаа. Ослоос амьд үлдсэн 17 настай охин Сэцоана Сэлэбэли: “Бидний зүрх сэтгэл шархалсан ч Есүс Христ биднийг хайрлаж, бидэнтэй хамт байдаг” хэмээн гэрчилсэн юм.
Түлэнхийн шархаа эмчлүүлэн эмнэлэгт хэвтэж байсан нэгэн залуу эмэгтэй, удирдагч хоёр хамтдаа Мормоны Номыг судалжээ. Тэр хоёрын нэг нь: “Ойрын үед бид Моронайн Номыг уншиж байгаа. Моронай яг миний мэдэрч байгаа зүйлийг хэлсэн байна лээ. … Түүнийг ярихад яг л ‘Үүнийг даван туулахад чинь туслахын тулд эдгээр үг бичигдсэн болохоор чи тэдгээрийг ойлгож авах ёстой’ гэж хэлж байгаа юм шиг санагдсан” гэж хэлсэн юм.
Амиа алдсан хүмүүсийн оршуулгын нэгдсэн арга хэмжээн дээр Бүсийн далын ахлагч Сияабонга Мкизэ: “Энэ цаг мөчид бид бүгдээрээ Их Эзэнд хандаж, мэдэрч байгаа шаналлаа намжааж, … зүрх сэтгэлээ тайтгаруулахыг Түүнээс хүсэх хэрэгтэй” хэмээн зөвлөжээ. Зэргэлдээх Лэрибэ салбарын Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч Мамфо Макура: “Их Эзэнд ханд. Түүний тааллыг хүлээн зөвшөөрөх хүч тэнхээг ол. Есүс Христ бол ‘бидний итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгч’ [Еврей 12:2] билээ. Түүнээс битгий нүүр буруул. Түүнд ханд” хэмээн хүсжээ.
Түүнд ханд. Түүний хэлсэн үгс Алмагийн хүү Хиламандаа зөвлөсөн “Бурханд хандахаа мэдтүгэй, тэгээд амьдрах болно” хэмээх үгсийг сануулдаг. Лиахонаг бэлгэдэл болгон ашигласан Лихай, түүний хүмүүсийн туршлагын талаар Алма: “Учир нь болгоогтун, мөнхийн жаргалд хүрэх шулуун замыг чамд заах Христийн үгэнд анхаарлаа хандуулах нь амлагдсан нутагт хүрэх шулуун замыг тэдэнд заах уг луужинд эцэг өвгөд маань анхаарлаа хандуулахад амархан байсны адил болой” хэмээн эш татжээ. Тэр: “Хэрэв тэд харсан бол [тэд] амьдарч болохуйц … байв. … мөн хэрэв бид харвал бид үүрд амьдарч болох билээ” гэжээ.
Өөр нэгэн тохиолдолд Алма эртний израилчууд галт могойд хазуулахад Мосегийн өргөж харуулсан хүрэл могойн жишээг эш татсан. Их Эзэн Мосед могойн дүрс хийж, шураг дээр байрлуулан, “хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно” гэсэн амлалтыг өг хэмээн хэлсэн. Алма хүрэл дүрс нь загалмай дээр өргөгдөх Христийн бэлгэдэл, бэлгэ тэмдэг юм хэмээн тайлбарлажээ. Олон хүн харж мөн амьдарсан боловч бусад нь Алмагийн хэлснээр зүрх сэтгэл нь хатуугийн учир зүгээр л харалгүй, мөхсөн юм.
Алма ийнхүү асуусан байдаг.
“Хэрэв та нар эдгээгдэж болохын тулд зөвхөн харц чулуудсанаар эдгээгдэж болдог бол, та нар хурдхан болгоохгүй гэж үү, эсвээс та нар мөхөж болохын тулд та нар харцаа эс чулуудан залхаг байж, итгэлгүй байдалд зүрх сэтгэлээ хатууруулах нь дээр хэмээн үзнэ гэж үү?
“… Тэгвэл харц чулуудан мөн Бурханы Хүүд, тэрээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно гэдэгт, мөн тэрээр тэдний нүглүүдийг цагаатгахаар зовж мөн егүүтгэгдэх болно гэдэгт, эцсийн хийгээд шүүлтийн өдөр бүх хүн үйлүүдийнхээ дагуу шүүгдэхээр түүний өмнө зогсохын тулд тэрээр амилуулалтыг улируулан тохиолгохоор үхэгсдийн дундаас босно гэдэгт итгэж эхлэгтүн.”
Мэдээж хэрэг, “Бурханд ханд, тэгээд амьдар” хэмээх зөвлөгөө бидний хувьд зөвхөн үүрд мөнхөд бус түүнчлэн зуурдын амьдралын шинж байдал, мөн чанарт том өөрчлөлт авчирдаг. Лесотогийн Сэлэбэли эгчийн хэлсэн “Бидний зүрх сэтгэл шархалсан байгаа ч Есүс Христ биднийг хайрлаж, бидэнтэй хамт байдаг” хэмээх үгсийг санаарай.
Урам хугарал ба гомдол, зовлон зүдгүүр ба харуусал гуниг, бүтэлгүйтэл ба ялагдал, хавчлага ба шударга бус байдал орших нь төгс хүн үгүй, чөтгөр хилэгнэн байдаг, унасан дэлхийн мөн чанар юм. Хувь хүн, гэр бүл, бүр улс үндэстэн хүртэл зөвхөн Бурханд хандсанаар цэцэглэн хөгждөг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Аврагч Өөрийн хязгааргүй Цагаатгалаар дамжуулан бидний хүн нэг бүрийг сул дорой байдал, алдаа, нүглээс гэтэлгэж мөн зовлон шаналал, санаа зовнил, ачаа дарамт бүрийг туулсан учраас [Алма 7:11–13-ыг үзнэ үү], хэрэв та үнэхээр наманчилж, Түүний тусламжийг эрэлхийлбэл өнөөгийн аюултай ертөнцийг ялж чадна” хэмээн заасан.
“Та нар миний зарлигуудыг сахихынхаа хэрээр уг нутагт дэгжих болно; харин та нар миний зарлигуудыг сахихгүй байхынхаа хэрээр миний оршихуйгаас тусгаарлагдах болно” гэсэн амлалтаас өөр ямар ч амлалт Мормоны Ном сударт илүү олон давтагддаггүй. Хэдэн зуун дамжсан Мормоны Ном дахь хүмүүсийн амьдралын туршлага эдгээр үгийн үнэнийг нотлон харуулдаг. “Дэгжих” гэдэг нь өөрсдийн амьдрал дахь тэнгэрийн удирдамж, адислалд баясах гэсэн утгыг илэрхийлдэг. “Дэгжих” гэдэг нь гэрлэх, гэр бүлээ тэтгэх, бусдад хэрэгтэй зүйлээр нь туслах зэргийг тэдэнд боломжтой болгох эдийн засгийн ая тухтай түвшинд хүрэхийг хэлж байна. “Дэгжих” гэдэгт бэрхшээл, сорилтыг даван туулж, дээшлэх чадвар багтана. Христийн ач ивээлээр дамжуулан “[Тэдний] сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилла[ж],” тэднийг цэвэршүүлж, Түүнтэй харилцах харилцааг нь гүнзгийрүүлсэн.
Бурханд хандах гэдэг нь Түүний зарлигуудыг сахиж, тасралтгүй дэмжлэг тусламж хүсэж, бүх үйлүүдээ Түүнтэй зөвлөж, өдөр ч, шөнө ч зүрх сэтгэл нь Түүнд хандах талархлаар дүүрэн байхыг хэлнэ гэж Алма тайлбарласан. Бурханы зарлиг, зөвлөгөө нь судруудад төдийгүй Түүний үйлчлэгчдийн үгсэд байдаг. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” дээр бичигдсэн жишиг, зарчмууд бол үүний тод жишээ юм. Өөр нэгэн жишээ бол Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дахь удирдамж юм. Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүдийн энэ жилийн уриа бол Их Эзэний Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгсөн “Бодол болгондоо надад хандагтун; бүү эргэлз, бүү ай” хэмээх тайтгаруулах зөвлөгөөнөөс авсан “Христэд хандагтун” хэмээх уриа билээ. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимолд Бурханы хамгийн чухал зарим зарлиг, жишгийг өгүүлэхээс гадна сайн сонголтуудыг хийхдээ хэрхэн Их Эзэнд хандах тухай заадаг. Энэ нь зөвхөн өсвөр үеийнхэнд бус мөн бид бүгдэд зориулсан заавар чиглүүлэг билээ.
Маш чухал нэг жишээ бол Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын “Таны бие махбод бол ариун нандин юм” гэсэн бүлэгт гардаг чухал зөвлөмж юм. Үүнд “Өөрийн болон бусдын бие махбодод хүндэтгэлтэй ханд. Та өөрийн хувцаслалт, үс засалт, гадаад төрхийн тал дээр сонголт хийх үедээ өөрөөсөө ‘Би бие махбодоо Бурханаас ирсэн бэлэг хэмээн хүндэтгэн үзэж байна уу?’ гэж асуу” хэмээн заадаг.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээр цааш нь: “Бэлгийн харьцаа, бэлгийн дур хүслийг ариун нандин байлга. Тэдгээрийг тоглоом шоглоом, зугаа цэнгэлийн сэдэв болгох ёсгүй. Гэрлээгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хүний нууцлаг, нандин газруудад хувцастай байсан ч хүрч болохгүй. Хийх, харах, унших, сонсох, бодох, олон нийтийн сүлжээнд нийтлэх зүйлдээ эсвэл зурвас илгээх сонголт хийх үедээ өөртөө болон бусдад тачаадсан мэдрэмж санаатайгаар төрүүлэх аливаа зүйлээс зайлсхий” хэмээн заадаг.
Энэ нь ерөнхийлөгч Нэлсоны саяхан хэлсэн сануулгыг надад сануулж байна. Тэрээр:
“Энэхүү тэнгэрлэг [ариун явдлын] хуулийг зөрчихөөс илүү амьдралыг тань хурдан бусниулах зүйл цөөхөн байдаг. Бурхантай гэрээ байгуулсан хүмүүсийн хувьд бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал нь гэрчлэлээ хамгийн хурдан алдах арга замуудын нэг юм.
… Амьдралыг бүтээх тэрхүү хүч бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ өгсөн Бурхантай адил байх боломжийг олгодог нэгэн давуу эрх юм. Тиймээс Бурхан энэхүү тэнгэрлэг хүчийг ашиглахад зориулсан тодорхой удирдамжийг өгсөн. Бие махбодын дотно харилцаа нь зөвхөн хууль ёсоор эхнэр, нөхөр болж гэрлэсэн эмэгтэй, эрэгтэй хүмүүст зориулагдсан.
Дэлхийн дийлэнх нь үүнд итгэдэггүй ч олон нийтийн үзэл бодол юу үнэн болохыг шийддэг шүүгч биш. Цэвэр ариун бус хүн селестиел хаант улсыг өвлөхгүй гэж Их Эзэн тунхагласан. … Мөн хэрэв та нар цэвэр ариун бус аваас, би та нарыг наманчлаасай хэмээн гуйж байна. Та нар нүглээ бүрэн наманчлахдаа Христэд ирж, Түүний амласан бүрэн дүүрэн өршөөлийг хүлээн ав [Исаиа 1:16–18; Сургаал ба Гэрээнүүд 58:42–43-ыг үзнэ үү]” хэмээн заасан.
Мормоны Номын амлалтад дэгжихийн эсрэг зүйл бол ядуурал биш, харин Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдах явдал гэсэн байдгийг санаарай. Түүний оршихуй гэдэг нь хүний амьдрал дахь Түүний Сүнсний нөлөөг хэлж байгаа юм. Бүх хүн энэ дэлхийд ирэхдээ Христийн гэрэлтэй байдаг. Үүн дээр нэмээд, зарим нь баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг, нэмэлт гэрлийг хүлээн авах шийдвэр гаргадаг. Тэрээр сүнслэг нөлөө болон удирдамж чиглүүлэг өгч, хүний төрөлхийн бэлэг, авьяас чадварыг хөгжүүлж, сайжруулахаас гадна хорон муу нөлөөнд автах, буруу шийдвэр гаргах, мухардалд орох зэргээс зайлсхийхэд тусалдаг.
Ариун Сүнсний бэлэгт баясдаг байсан ч Бурханы зарлигуудыг сахиагүйгээс болж тэрхүү адислалаа алдсан хүмүүсийг та бид мэднэ. Алдаа зөрчлөөсөө болж Сүмийн гишүүнчлэлээс хасагдсан нэг хүнийг би тодорхой санаж байна. Түүнд анх гомдох мэдрэмж төрж, төгс бус удирдагчдаар шүүгдэж байгаа мэт санагдсан гэж тэр хэлсэн. Тэр өөрийнх нь үйлдэл буруу гэдгийг мэдэж байсан ч энэ бүхэн бусдын алдаа, буруутай үйлдлээс болсон гэж үзэж байв. Хэсэг хугацааны дараа тэр дуудлагад үйлчлэх, шүтэн бишрэх арга хэмжээнүүдэд оролцох, бусдад тохинуулах зэрэг үүрэг хариуцлагуудаас холдож, Сүмээс гадуурх амьдралын хэв маягт дасаж эхэлжээ.
Хэсэг хугацаанд иймэрхүү байдалтай явсны эцэст тэр өөрийн амьдралд Ариун Сүнсний орон зай болох Бурханы оршихуйг өмнөхөөсөө ихээр үгүйлж эхлэв. Өөрийн туршлагаас тэрээр өдөр тутам Сүнснээс тайтгарал, итгэлтэй байдал, удирдамж чиглүүлэг авдаг байхад ямархуу байдгийг мэдэж байсан бөгөөд үүнийг санан үгүйлжээ. Эцэст нь тэр наманчилж, усаар болон Сүнсээр дахин баптисм хүртэхэд шаардлагатай зүйлсийг хийсэн юм.
Хүмүүсийн утга учир, аз жаргал, тусламж эрэлхийлэх өөр өөр эх сурвалжид төгсгөл үгүй мэт байдаг. Ихэнх нь “зорьсноосоо алсуур хай[даг].” Гэвч бид цаашид “хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа [үзэмж эсвэл] номлолын салхи[нд] … туугда[хгүй]” байх ёстой. Бурханд хандсанаар бид хүнд бэрх үед амар амгаланг олохоос гадна эргэлзээтэй, сүнслэг сорилттой үед ч итгэлээ улам бүр өсгөж чадна. Эсэргүүцэл, ганцаардалтай нүүр тулсан үедээ бид хүч чадал хүлээн авч, өнөөгийн бодит байдлыг ойлгон, даван гарч чадна. Бурханы Өөрийнх нь тогтоосноос өөр ямар ч зам үгүй. Тэрээр: “Би Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй тул Дэлхийн бүх хязгаар аа, Над уруу эргэж аврагдагтун” хэмээсэн.
Бурханд хандах гэдэг нь Тэр бол бидний эн тэргүүнд тавих зүйлүүдийн зөвхөн нэг нь биш, харин бидний хамгийн түрүүнд тавих цор ганц зүйл гэсэн утгатай. Өнгөрсөн 6-р сард Лесотод болсон аймшигт ослыг дахин сөхье. Сүмд орохоосоо өмнө Бурханд итгэдэггүй байсан, ослоос амьд үлдсэн Залуу эмэгтэйчүүдийн нэг удирдагч эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа, одоо би яагаад амьд үлдсэнээ олж мэдэх зорилготой болсон гэж хэлжээ. Тэрээр: “Хэрвээ хариултаа олж чадах бол би Бурханд байнга үйлчилснээр хариултаа олж авах болно. Би өмнө нь өөрийгөө Бурханд хайртай гэж боддог байсан. Харин одоо би Бурханд бүр маш маш маш маш маш их хайртай болсон. Одоо Тэр бол миний амьдралдаа [эн тэргүүнд тавих] чухал нэгэн юм” гэж хэлсэн.
Үг, бодол санаа, зорилго, үйлдлээрээ төгс нэгдмэл Эцэг, Хүү, Ариун Сүнс гурвыг нэг Бурхан бөгөөд бид бүх сайн зүйлийг Тэднээс эрж хайж болно хэмээн би гэрчилж байна. “Надад хандагтун, мөн эцсээ хүртэл тэвчигтүн, мөн та нар амьдрах болно; учир нь эцсээ хүртэл тэвчдэг түүнд би мөнх амьдрал өгөх болно” хэмээх энэ гайхалтай амлалтыг гүйцэлдүүлэх хүчний эх үүсвэр Есүс Христийн Цагаатгалыг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.