2025
Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна
2025 оны 11-р сар


14:55

Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна

Их Эзэнийг ажлаа яаравчлуулж байхад бид Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийг хайрлаж, халамжилж, тэдэнд үйлчлэх хэрэгтэй.

Чарлз Диккэнс Хоёр хотын тууж хэмээх сонгодог бүтээлээ “Энэ бол хамгийн сайхан цаг үе, нөгөө талаараа хамгийн хэцүү цаг үе байсан” гэсэн алдартай үгээр эхлүүлжээ. Нэг ёсондоо энэ цаг үед энэ үг яг тохирно.

Бид “бүхэл дэлхий үймээн самуунд [байгаа]” цаг үед амьдарч байна. Өнөө өглөө ахлагч Гари Э.Стивэнсон Есүс Христийн дагалдагчдын хувьд амар тайвныг тогтоогчид байх тухай ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны сануулгыг тун сайхан онцолсон. Энэ бол “хамгийн хэцүү цаг үед” зориулсан эдгэрлийг, эв нэгдлийг, амар тайвныг тэтгэдэг амин чухал сургаал юм.

Бид бас “хамгийн сайхан цаг үед” амьдарч байгааг би онцлон ярих болно. Их Эзэн Сургаал ба Гэрээнүүдийн 1-р хэсгийн өмнөтгөлд сайн мэдээний бүрэн байдал “дэлхийн хязгааруудад … тунхаглагда[на]” хэмээн айлдсан. Их Эзэн энэ цаг үед үнэхээр Өөрийн ажлыг яаравчлуулж байна. Ийм сорилт бүхий цаг үеийн дундуур тохиосон мөн тохиож буй яаралтай ажлуудад бид гүнээ талархах хэрэгтэй. Их Эзэний дагалдагчид Түүний дуу хоолойг сонсох, зүрх сэтгэл, оюунаа нээн хариулах боломж заяасан үед бид амьдарч байна. Аврагчид болон Түүний зарлиг тушаалд үнэнч байдаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд зорилго, хувийн амар амгаланг олж авч байна.

Сүмийн түүхийн янз бүрийн цаг үеүдэд гэрээний замд орсон хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байв. Ийм нэгэн үе 1837-1850 оны хооронд тохиосон юм. Их Эзэний сэргээгдсэн Сүмийн анхны төлөөлөгчдийн зарим нь Их Британид номлолд үйлчилжээ. Ийм номлолуудын үр дүнд Сүмд хэдэн мянган хүн нэгдсэн бөгөөд 1850 он гэхэд Их Британид амьдарч байсан гишүүдийн тоо Америкийн Нэгдсэн Улсынхаас давсан байв. Тухайн үед Их Эзэн эдгээр гэгээнтнийг Ютад цуглуулахаар удирдан чиглүүлжээ. Олноороо цагаачилж, зарим нь Тасралтгүй цагаачлалын сангаас зээл авч байв.

Би 1852 онд Англи, Вэйлсийн маш олон хөрвөгч Солт Лэйк Валлид ирсэн тухай цэдгийг унших дуртай. Тэрхүү бүлэг хүмүүсийг Тэргүүн зөвлөл Эмигрэшн хавцлын аманд ахмад Питтийн цэргийн хөгжмийн хамтлагтай хамт угтан авчээ. Дэзэрэт Нюүс дээр тэдний тухай “эгч нар болон хүүхдүүдээс бүрдсэн дүрвэгчдийн бүлэг явганаар аялж, наранд түлэгдэн, салхи шороонд гандсан байсан ч сэргэлэн цовоо харагдсан. Тэдний жаргалтай, баярласан царай төрхөөс зүрх сэтгэл нь гэрэл гэгээтэй, өөдрөг байгаа нь илэрхий байсан” хэмээн бичиж байв.

Тэднийг “Ариун сүмийн газрын хажуугаар өнгөрөхөд … алдар суут, баяр баясгалант угталтад оролцохоор хотын янз бүрийн хэсгээс хэдэн мянган эрэгтэй, эмэгтэй, хүүхэд нэгдэн цугласан байжээ.” Ерөнхийлөгч Бригам Янг тэдэнд хандан: “Израилын Бурхан Эзэн та бүхнийг адислах болтугай. … Бид та нарын төлөө тасралтгүй залбирсан; бидэнд Израилыг цуглуул, сайн мэдээг номлон хүмүүний үрсийг авар, Мессиаг ирэхэд тэднийг бэлтгэ хэмээн тушаасан Түүнд хандан мянга мянган хүн өдрөөс өдөрт та нарын төлөө залбирсан” гэжээ.

Бүх шинэ хөрвөгчид болон Их Эзэний Сүмд буцаж ирж буй хүмүүст хандан, бид та нарт хайртай, та нар бидэнд хэрэгтэй, Их Эзэнд та нар хэрэгтэй байна гэсэн баталгааг тэрхүү баяр баясгалант үйл явдлын сүнсээр дахин өгөхийг минь зөвшөөрнө үү. Бид та нарыг жагсаалын хөгжимтэй хүлээн авахгүй байж магадгүй ч селестиел хаант улсад Бурхан Эцэг, Есүс Христ хоёр луу хөтлөх гэрээний замаар өсөж хөгжихөөр хичээл зүтгэл гаргах үед тань тэнгэрийн адислал буугаасай хэмээн залбирдаг.

Энэ цаг үед Есүс Христэд итгэх итгэл өсөн нэмэгдэж буй нь тодорхой. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хөрвөгчид болон хөрвөгчийн оролцоо гайхамшигтай өссөн цаг үе бий. Сүүлийн 36 сард ойролцоогоор 900,000 хүн Сүмд нэгджээ. Энэ хөрвөгчид Сүмийн гишүүнчлэлийн бараг таван хувийг эзэлж байна. Бид шинэ гишүүдийг гараа дэлгээд, сонгосон замын тань төлөө гүнээ талархан угтдаг.

Сүүлийн 36 сард нэгдсэн 900,000 хөрвөгч Сүмийн 110 жилийн ой буюу 1940 оны нийт 860,000 гаруй гишүүнийг тооны хувьд давж гарлаа. Тэр жил ахлагч Жэффри Р.Холланд, ахлагч Дийтр Ф.Угдорф бид гурав мэндэлсэн юм.

Энэ шинэ хөрвөгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн. Энэ оны эхний зургаан сард хөрвөгчдийн тоо Европ, Африк, Ази, Номхон далайн орнууд, Латин Америк зэрэг газруудад өмнөх оныхоос 20 гаруй хувиар нэмэгджээ. Хойд Америкт энэ тоо 17 хувиар өссөн байна. Их Эзэний ажил хүчирхэг арга замаар үргэлжлэн урагшилсаар байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй тоо бол сайн мэдээ зүрх сэтгэлд хүрч, газар бүрд хүмүүсийн амьдралыг өөрчилж байгаагийн тод гэрч юм.

Өнөө цагт энэ эрхэм хөрвөгчид тодорхой нэг байршилд цугларахаа больжээ. Сүмийн гишүүдийн итгэл болоод бүхнээ зориулсны ачаар бүхэл дэлхий даяар цуглааны байр, ариун сүм баригдахын зэрэгцээ цуглааныг дэмжих эх сурвалжууд хүртээмжтэй болсон. Зохих санваарын түлхүүрүүд болон эх сурвалжуудаар дамжуулан дэлхийн ихэнх хэсэгт авралын ёслолыг гүйцэтгэх боломжтой боллоо.

Миний түрүүн ярьсан Сүмийн эртний түүхэнд бид Англи, Вэйлсийн гэгээнтнүүдийг халуун дотноор угтан авсан шиг өнөө үеийн гишүүд хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хэдэн зуун мянган шинэ гишүүнийг угтан авах хэрэгтэй байна. Энэ хуралдаан дээр ахлагч Гэррит В.Гонг хэн ч сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд ганцаардахгүй хэмээн заасан нь надад сайхан санагдаж байна.

Бидний ариун нандин үүрэг бол шинэ болон буцаж ирж буй гишүүдийг хүлээн авах, угтах явдал юм. Их Эзэнийг ажлаа яаравчлуулж байхад бид Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийг хайрлаж, халамжилж, тэдэнд үйлчлэх хэрэгтэй байна. Бид “нэг зүрх сэтгэлтэй мөн нэг оюунтай, зөв шударга ёсоор оршин суу[даг]” Сионы ард түмнийг бий болгоход тусалж чадна. Их Эзэнтэй нэгдмэл нэг байхын тулд бид Их Эзэний өмнө нэгдмэл нэг байх ёстой. Баптисм хэзээ хүртсэнээс үл хамааран бүх гишүүн бусдыг угтах үүрэгтэй.

Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан энэ эрхэм сонгомол хүмүүсийг тэврэн аваарай гэж Сүмийн гишүүдэд зөвлөе.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли бидэнд шинэ хөрвөгчид “найзтай байх, дуудлага авах, “Бурханы сайн үгээр тэжээгдэх” (Моронай 6:4)” хэрэгтэй гэж заасан. Бид энэ шинэ хөрвөгчдөд зөвхөн зочин биш, харин энд харьяалагддаг гэдгийг нь батлан хэлдэг найз нь байж чадна. Өөрсдийгөө бусдад тохинуулах, үйлчлэх дуудлага хүлээн авах боломжтой Есүс Христийн шавь гэдгээ ойлгоход нь бид тэдэнд тусалж чадна. Залуу хөрвөгчид бүрэн цагийн номлолд үйлчлэх талаар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Бүгдээрээ Христийн адил амьдрахын тулд хичээж чармайх зориг шийдэмгий байх хэрэгтэй.

Олон хүн хувийн зүгээс агуу золиос гарган Сүмд нэгддэг. Тэдэнд гэгээнтнүүдийн хайр, дэмжлэг ус, агаар шиг хэрэгтэй байдаг.

Шинэ хөрвөгч, итгэлдээ буцаж ирж буй гишүүдэд хандан хэлэхэд та нар сорилт бэрхшээлтэй тулгарч магадгүй. Өөртөө тэвчээртэй хандаарай. Номлогчид та нарт чухал сургаалыг зааж, судруудад болон Миний сайн мэдээг номло гарын авлагад тусгасан хаант улсын гэрээ, ёслолуудыг тайлбарлаж өгсөн.

Ёслол, гэрээнүүдийг хүлээн авч, зарлигуудын дагуу амьдрах нь чухал. Өргөмжлөлд шаардлагатай гэрээнүүд дээрээ төвлөр. Сайн мэдээ нь өргөмжлөлийг боломжтой болгодог ба энэ нь биднээс Бурхантай ариун нандин гэрээ байгуулж, сахихыг шаарддаг. Баптисм хүртэх, гишүүнээр батлуулах, эрэгтэйчүүд Мелкизедек санваарт томилогдох зэргээс өөр бидний нэгддэг гэрээнүүдийг ариун сүмд гүйцэтгэдэг. Нас барагсдын хувьд эдгээр авралын ёслолыг зөвхөн ариун сүмд гүйцэтгэдэг. Иймээс өөрсдийгөө ариун сүмд ороход бэлтгэхийг бид нэн даруй зорилго болгох хэрэгтэй.

Танд заримдаа мэддэг зүйлдээ тохирохгүй мэт санагдана. Сайн мэдээний мэдлэг бол цагийн явцад аажим олж авах адислал хэдий ч авралын ёслол биш юм. Сайн мэдээ бол мэдлэгийн сорил биш. Гэхдээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно. … Судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэж, та нар асуултууддаа хариулт, хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно” гэж амласан.

Түүнчлэн Ням гаргийн ангид жил бүр Сүмийн сургалтын хөтөлбөрийн дагуу Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ, Мормоны Ном, Сургаал ба Гэрээнүүд зэрэг судруудыг ээлжлэн судалдаг. Цаг хугацаа өнгөрөхөд таны сайн мэдээний мэдлэг өсөж, та илүү итгэлтэй болох болно. Судраас тогтмол судлах нь Есүс Христийн сайн мэдээнд хөрвөх хөрвөлтийг тань гүнзгийрүүлэх замаар амьдралыг тань адислан, илүү баялаг болгоно.

Есүс Христийн цэвэр сургаалаас суралцах нь сургаалыг ойлгох, Христтэй адил амьдрахын аль алиных нь төлөөх насан туршийн эрэл хайгуул юм. Чухал гэрээнүүд бидний гэрээний зам хэмээн тодорхойлдог хүрээг тогтоож өгдөг. Эдгээр зарчмыг ерөнхийлөгч Нэлсон хүчирхэг аргаар заасан. Бүх гишүүн, нэн ялангуяа шинэ гишүүн болон буцаж ирж буй хүмүүс гэрээ, гэрээний замын талаарх түүний бошиглолын захиасыг хүлээн авч, хэрэгжүүлснээрээ адислагдах болно.

Хэрэв та өргөмжлөлд шаардлагатай гэрээ болгоныг зохистойгоор хүлээн авах зорилго тавивал селестиел хаант улсад хүргэх зам дээр гарах болно. Бид ариун сүм болон ариун сүмийн ёслолуудыг эн тэргүүнд тавих хэрэгтэй. Ихэнх гэрээг хувь хүн бүр байгуулах боломжтой. Нэг гэрээ болох мөнхийн гэрлэлтэд та ханьтайгаа хүчин чармайлтаа нэгтгэдэг. Бидний зорилго бол тэрхүү мөнхийн ханиа олох явдал юм.

Гэсэн хэдий ч энэ цаг үед мөнхийн гэрлэлт боломжгүй байгаа бол бүү урам хугараарай. Бошиглогчид зарлигуудыг дагадаг итгэлтэй гишүүдээс ямар ч адислал авагдахгүй хэмээн заадаг. Мормоны Номын нэгэн бошиглогч Бенжамин хаан: “Бурханы зарлигуудыг сахидаг тэд …бүх зүйлд … адислагдсан … хэрэв тэд төгсгөл хүртэл үнэнчээр тэвчвээс … тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж бол[но]” хэмээн тун сайхнаар хэлсэн байдаг.

Хэрэв та нар нэгэнт мэдээгүй байгаа бол гишүүд төгс биш гэдгийг мэдэх болно. Илчлэгдсэн сургаалд биднийг энэ дэлхий дээр түр байх хугацаандаа алдаа гаргана гэж тодорхой заадаг. Бид селестиел дэлхийд биш харин төгс бус, унасан дэлхийд амьдарч байгаа. Энэ амьдрал бол сорилтын цаг бөгөөд наманчлах, өөрсдийгөө нотлон харуулах боломж байнга тохиолддог.

Бид бүгд Есүс Христтэй адил болохыг хичээх явцдаа өөрсдийгөө хангалтгүй мэт мэдэрдэг. Түүний Цагаатгал бидэнд бүтэлгүйтсэн ч өдөр бүр наманчлах боломжийг олгодог. Мормоны Номын өөр нэгэн бошиглогч Нифай: “[Бид] найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэг ийн хэлдэг болой: Та нар мөнх амьдралыг хүртэх болно” хэмээн хэлсэн.

Бид энэ цаг үеийн сорилт бэрхшээлийн талаар бодохдоо, Аврагч энэ дэлхийд тохинуулж байхдаа бас үймээн самуунтай, догшин ширүүн цагт амьдарч байсныг санаж байх ёстой. Тэрээр тухайн цаг үеийн улс төрийн сорилт бэрхшээлд бус гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхэд анхаарч байсан.

Аврагчийг болон Түүний сургаалыг мөн заасан зүйлийг нь дагах нь байнга үймээн самуунтай байдаг дэлхийд хэзээ ч амар хялбар байгаагүй. Энэ тогтворгүй дэлхийд мөнх бус амьдралаар түр хугацаанд амьдрах нь Аврагчид амархан байгаагүй, эхэн үеийн удирдагчид, гишүүдэд маань амархан байгаагүй, бас бидэнд ч амархан байхгүй. Аз болоход, энэ цаг үед нэн чухал хэрэгтэй удирдамжийг амьд бошиглогчид өгдөг. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс тэрхүү сүнслэг хүчирхэг өвийг үргэлжлүүлэх болно.

Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал мөнхийнх бөгөөд үнэн гэдгийг гэрчилж байна. Есүс Христ амьд, Түүний Цагаатгалын ачаар бид Түүнтэй нэгдмэл нэг байх боломжтой хэмээх тодорхой бөгөөд баттай гэрчлэлээ би хуваалцаж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Charles Dickens, A Tale of Two Cities (Хоёр хотын тухай тууж) (1859), 1.

  2. Диккэнсийн хөндсөн сэдвүүдийн нэг бол нийгэм үймээн самуунтай үед хувь хүн хэрхэн өөрчлөгддөг тухай байв.

  3. Сургаал ба Гэрээнүүд 45:26

  4. Гари Э.Стивэнсон, “Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ!,” Лиахона, 2025 оны 11-р сар, 6-9-ийг үзнэ үү.

  5. Сургаал ба Гэрээнүүд 1:23

  6. Сургаал ба Гэрээнүүд 88:73-ыг үзнэ үү.

  7. Сургаал ба Гэрээнүүд 59:23; мөн Иохан 14:27-г үзнэ үү.

  8. Үйлс 2:41-ийг үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээнүүд 112-ыг үзнэ үү. 1837 оны 7-р сарны 23-нд энэхүү илчлэлийг хүлээн авсан бөгөөд энэ эрин үед энэ өдөр Англид сайн мэдээг анх номлосон байв. Номлолуудын талаар дэлгэрэнгүйг James B. Allen, Ronald K. Esplin, and David J. Whittaker, Men with a Mission: The Quorum of the Twelve Apostles in the British Isles, 1837–1841 (1992)-ээс үзнэ үү.

  10. Ихэнх хөрвөгч ажилчин ангиас ирж байв. Чарлз Диккэнс Америкийн Нэгдсэн Улс руу Амазон усан онгоцоор аялахаар бэлтгэж байсан тэдний заримыг ажиглан харжээ. Тэр тэднийг магтан сайшаасан. Тэрээр тэднийг “Английн хамгийн дээд зиндааныхан” (“The Uncommercial Traveller,” All the Year Round, July 4, 1863, 446) шиг байлаа хэмээн дүрслэн бичжээ. Мөн 1 Коринт 1:26–28-ыг үзнэ үү.

  11. “Arrival from England, by the ‘Perpetual Emigrating Fund,’” Deseret News, Sept. 18, 1852, 90-ийг үзнэ үү.

  12. Сургаал ба Гэрээнүүд 76:62, 70; түүнчлэн 1 Коринт 15:40–42-ыг үзнэ үү.

  13. Мэдээллийг Гишүүн ба Статистик бүртгэлийн алба, Номлолын албанаас авав.

  14. Мэдээллийг Гишүүн ба Статистик бүртгэлийн алба, Номлолын албанаас авав.

  15. Мэдээллийг Гишүүн ба Статистик бүртгэлийн албанаас авав.

  16. Мэдээллийг Гишүүн ба Статистик бүртгэлийн алба, Номлолын албанаас авав.

  17. 1890 гэхэд Сүмийн удирдагчид гишүүдийг Ютад цугларахын оронд төрөлх нутагтаа үлдэхэд урамшуулж эхлэв. 1920-оод онд Интэрмаунтэйн Вэстээс өөр газарт анхны гадаснууд зохион байгуулагдсан бөгөөд Америк, Канадаас өөр газар анхны гадас Шинэ Зеландад байгуулагджээ (Brandon S. Plewe, ed., Mapping Mormonism: An Atlas of Latter-day Saint History [2014], 184–85).

  18. Сургаал ба Гэрээнүүд 110:11–16-г үзнэ үү.

  19. Гэррит В.Гонг, “Хэн ч ганцаар суухгүй,” Лиахона, 2025 оны 11-р сар, 40–43-ыг үзнэ үү.

  20. Moсe 7:18

  21. Иохан 17:20–21; 1 Коринт 12:11–31-ийг үзнэ үү.

  22. Gordon B. Hinckley, “Converts and Young Men,” Ensign, May 1997, 47.

  23. Иаков 2:5; Матай 19:29; Ром 2:11; Ефес 2:19; Мозая 18:8–9-ийг тус тус үзнэ үү.

  24. Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023), 17-г үзнэ үү.

  25. Сургаал ба Гэрээнүүд 14:7-г үзнэ үү.

  26. Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 62-63; мөн Спэнсэр В.Кимбалл: “Ямар ч тэнгэрлэг чих сонсохгүй, ямар ч тэнгэрлэг дуу хоолой ярихгүй байгаа мэт санагдах үед … хэрэв [бид] [өөрсдийгөө] сударт умбуулбал хол орон зай ойртож, сүнслэг байдал эргэж ирдэг” (The Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 67-ыг үзнэ үү).

  27. Иохан 5:39-ийг үзнэ үү.

  28. Жишээлбэл: Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–104; “Сүнслэг инерцийн хүч,” Лиахона, 2022 оны 5-р сар, 97–100; “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сарын дугаарыг тус тус үзнэ үү.

  29. Moзая 2:41

  30. Алма 34:32-ыг үзнэ үү.

  31. 2 Нифай 31:20

  32. Ефес 4:11–15-ыг үзнэ үү.

  33. Иохан 17:20–22-ыг үзнэ үү.