2025
Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах нь
2025 оны 11-р сар


13:22

Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах нь

Бид өөрсдийгөө Есүс Христийн нэрээр таниулж, Түүнийг дурсан санах тусам бид Түүнтэй илүү адилхан болохыг хүсдэг.

2018 онд Ютагийн Их Сургуульд “Доктор Рассэлл М.Нэлсон болон Данцэл В.Нэлсоны нэрэмжит Зүрх судас, цээжний хөндийн мэс заслын ерөнхий тэргүүн” гэсэн профессорын онцгой цолыг шинээр бий болгосон юм. Энэ нь ерөнхийлөгч Нэлсоны зүрхний мэс засалчийн хувьд оруулсан чухал хувь нэмрийг үнэлж, талийгаач эхнэр Данцэлынх нь дэмжлэгт хүндэтгэл үзүүлсэн явдал байсан. Энэхүү профессорын цолын зардлыг ирээдүйд тогтвортой үргэлжлэх сангаас гаргаж байхаар болсон юм. Энэхүү нэр хүндтэй профессорын цолыг хүртсэн хүн батламж, цалингийн дэмжлэг, судалгааны санхүүжилт авдаг.

Доктор Сэлзман ерөнхийлөгч Нэлсоны хамт

Уг цолыг хүртсэн анхны хүн нь зүрхний чадварлаг мэс засалч, доктор Крэйг Х.Сэлзман байсан ба тэрээр манай сүмийн гишүүн биш хүн юм. Доктор Сэлзманд профессорын энэхүү цолыг олгох ёслолд ерөнхийлөгч Нэлсон, түүний эхнэр Вэнди В.Нэлсон эгч зэрэг олон чухал зочин оролцжээ. Арга хэмжээний үеэр ерөнхийлөгч Нэлсон мэс заслын шинэ арга барил нэвтрүүлсэн замналынхаа талаар даруухнаар ярьсан юм.

Дараа нь Доктор Сэлзман профессорын энэ цолыг хүртсэн нь түүний хувьд ямар их утга учиртай болохыг хуваалцсан. Тэрээр дөрөв хоногийн өмнө мэс заслын өрөөнд өдөржин ажилласныхаа дараа, нэг өвчтөн нь мэс засалд дахин орох хэрэгтэй болсныг олж мэдсэн тухай ярьсан юм. Тэр дахин нэг шөнийг эмнэлэгт өнгөрөөх болсноо мэдээд ядарч, сэтгэлээр унасан байв.

Доктор Сэлзман ерөнхийлөгч Нэлсон болон Нэлсон эгчийн хамт

Гэвч тэр үдэш доктор Сэлзман өөрөө өөртэйгөө амьдралыг нь өөрчилсөн нэгэн яриаг хүүрнэжээ. Тухайн мөчид тэрээр: “Баасан гарагт би доктор Нэлсоны нэрэмжит профессорын цолыг хүртэх болно. Тэр бол сэтгэл хөдлөлөө үргэлж хянаж чаддаг, хүн болгонд хүндэтгэлтэй ханддаг, хэзээ ч тэвчээр алдан уурладаггүй хүн гэдгээрээ танигдсан нэгэн. Одоо миний нэр түүний нэртэй холбогдох болохоор би түүнтэй адил байхыг илүү хичээх хэрэгтэй” гэж бодсон гэдэг. Доктор Сэлзман бусдад санаа тавьдаг нэгэн байсан. Гэлээ ч тэр улам сайн болохыг хүссэн.

Өмнө нь мэс заслын баг нь түүний гаргаж буй ааш, ярианы өнгө аясаас ядарсан, сэтгэлээр унасан байгааг нь андахгүй мэддэг байв. Гэвч тэр үдэш мэс заслын өрөөнд доктор Сэлзман өөрийн багт онцгой дэмжлэг үзүүлж, өөрийгөө дайчлан ойлгохыг хичээжээ. Энэ нь түүнд өөрчлөлт авчирсан мэт санагдсан ба үүнээс хойш тэрээр доктор Нэлсонтой адил байхыг хичээхээр шийдсэн юм.

Доктор Сэлзман РМН гэсэн бичигтэй тэмдгээ зүүсэн байгаа нь

Таван жилийн дараа ерөнхийлөгч Нэлсон мэргэжлийн судалгаануудаа Ютагийн Их Сургуульд хандивласан ба Их сургуулийн удирдлагууд ерөнхийлөгч Нэлсонд албан ёсоор талархал илэрхийлэхээр хүрэлцэн ирэв. Уг арга хэмжээний үеэр Доктор Сэлзман дахин үг хэлэв. Тэрээр ерөнхийлөгч Нэлсоны нэрийг эхний гурван үсгээр нь товчлон, “Одоо Ютагийн Их Сургуулийн Зүрх судас цээжний хөндийн мэс заслын тэнхимд ‘РМН’ ёс зүй өргөн тархсан” гэжээ.

Ярвигтай нөхцөл байдал үүсэхэд Доктор Сэлзман: “Дадлагажигчдадаа анхаарлаа төвлөрүүл, сэтгэл хөдлөлөө барь, өөрсдийн чадах хамгийн сайнаараа хий гэж заадаг зүйлсээ би өөрөө хийдэг болсон. Энэ ёс зүй бидний өдөр тутмын ажилд тусгалаа олдог. Бид тэнхмийнхээ гишүүн болон шинэ дадлагажигч бүрд энгэрийн тэмдэг өгдөг. Тэмдгийн доор ‘РМН’ гэсэн үсгүүд бичээстэй байдаг. РМН ёс зүй нь манай сургалтын суурь зарчим бөгөөд бид үүнийг хүн бүрд заадаг” хэмээн тайлбарласан юм. Доктор Сэлзманы нэр одоо ерөнхийлөгч Нэлсоны нэртэй холбоотой болсон учир тэр өөрийн өмнөх хандлага, хүсэл эрмэлзлээ зориуд сайжруулжээ.

Доктор Сэлзмантай холбоотой эдгээр үйл явдлыг хараад би өөрөөсөө “Би нэрээ Есүс Христийн нэртэй холбосноос хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ? Ийн холбосноор би Христийн адил ёс зүйг баримталдаг болсон уу? Би илүү сайжирч, Түүнтэй адил болохыг чин сэтгэлээсээ хичээдэг үү? гэж асуусан.

Бид Доктор Сэлзманы жишээнээс Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах үйл явцтай төстэй хамгийн багадаа таван зүйлийг олж харж болно. Хэдийгээр энэ үйл явц баптисмаар эхэлдэг ч бид илүү цэвэр ариун болж, Түүнтэй илүү адил болох хүртэл энэ нь бүрэн гүйцэд болохгүй.

Эхний ижил төстэй зүйл бол өөрийгөө нэрээр нь таниулах явдал юм. Доктор Сэлзманд Нэлсоны нэрэмжит профессорын цолыг олгосон нь түүний нэрийг ерөнхийлөгч Нэлсонтой холбож, доктор Сэлзман өөрийгөө ерөнхийлөгч Нэлсоны нэрээр таниулж эхэлсэн. Бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авснаар өөрсдийн нэрийг Түүнийхтэй холбодог. Бид өөрсдийгөө Түүний нэрээр таниулдаг. Бид Христийн шашинтан гэдгээ дуртайяа хүлээн зөвшөөрдөг. Бид Аврагчийг хүлээн зөвшөөрч, Түүнийх хэмээн тооцогдохоор нүүр бардам зогсдог.

Нэрээр нь таниулахтай нягт холбоотой өөр нэг ижил төстэй зүйл бол дурсан санах юм. Доктор Сэлзманыг ажлын өрөөндөө ороход Нэлсоны нэрэмжит профессорын цолыг хүртэхдээ хүлээн авсан медаль нь түүний нүдэнд тусдаг. Энэ медаль түүнд РМН ёс зүйг өдөр бүр сануулдаг. Бидний хувьд долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь бидэнд Есүс Христийг долоо хоногийн турш дурсан санахад тусалдаг. Бид ариун ёслолоос хүртэхдээ, биднийг гэтэлгэхийн тулд Түүний төлсөн төлөөсийг дурсдаг. Бид Түүнийг дурсан санаж, агуу байдлыг нь хүлээн зөвшөөрч, сайн сайханд нь талархан гэрээгээ шинэчилдэг. Бид зөвхөн Түүний ач ивээлээр дамжуулан биеийн болоод сүнсний үхлээс аврагдана гэдгээ ахин дахин хүлээн зөвшөөрдөг.

Дурсан санах гэдэг нь бид Мормоны Номын бошиглогч Алмагийн дараах зөвлөгөөг дагана гэсэн үг. Бидний “бүхий л үйлүүд … Их Эзэний төлөө байг, мөн [бид] хаана ч явсан Их Эзэний дагуу яваг; … [бидний] бүх бодол санаа … Их Эзэнд чиглэсэн байг; … зүрх сэтгэлийн [маань] хайр Их Эзэн дээр үүрд байрлаг.” Бид өөр зүйлс хийгээд завгүй, өөр зүйлд төвлөрч байсан ч гэсэн өөрсдийнхөө нэрсийг санадаг шигээ Түүнийг санаа бодолдоо байлгаж байдаг.

Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлсийг санасны үр дүн нь гурав дахь адил төстэй зүйл болох үлгэрлэн дуурайх явдал юм. Доктор Сэлзман ерөнхийлөгч Нэлсоныг мөн РМН ёс зүйг үлгэрлэн дуурайж эхэлсэн. Ерөнхийлөгч Нэлсоны ёс зүй бол түүний насан туршдаа Есүс Христийн шавь байсны илрэл гэдэгт би итгэдэг. Бид өөрсдийгөө Есүс Христийн нэрээр таниулж, Түүнийг дурсан санах тусам бид Түүнтэй илүү адилхан болохыг хүсдэг. Түүний шавь нарын хувьд бид өөрсдөдөө анхаарлаа төвлөрүүлэхээс илүүтэй Түүн дээр төвлөрснөөр илүү сайн тал руугаа өөрчлөгддөг. Бид Түүнтэй илүү адил болж, Түүний зан чанараар адислагдахыг хичээдэг. Бид төгс хайр болох Христийн цэвэр хайраар дүүргэгдэхийн төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр залбирдаг.

Ерөнхийлөгч Нэлсон 4-р сард: “Төгс хайр бидний мөн чанарын нэгэн хэсэг болсноор бид бусдыг дорд үзэх хүсэлгүй болно. Бид бусдыг шүүхээ болино. Бид олон янзын хүнд төгс хайраар хандах болно. Бү[гдийн] зүг хандсан төгс хайр нь бидний өсөлт хөгжилд амин чухал. Төгс хайр бол бурханлаг зан чанарын үндэс суурь мөн” хэмээн заасан. Бид төгс хайрын хажуугаар үнэнч байдал, тэвчээр, хичээнгүй байдал зэрэг Аврагчийн бусад сүнслэг бэлгийг “тордож, ашиглаж мөн хөгжүүлэхээр” эрэлхийлдэг.

Есүс Христийг үлгэрлэн дуурайх нь дөрөв дэх ижил төстэй зүйл болох Түүний зорилготой нийцэх алхам руу хөтөлдөг. Бид Түүний ажилд Түүнтэй нэгддэг. Мэс засалчийн хувьд доктор Нэлсон багш, эдгээгч, судлаач гэдгээрээ танигдсан нэгэн байв. Доктор Сэлзманы тэнхимийнхний зүүдэг энгэрийн тэмдэг дээр эдгээр хүчин чармайлтыг онцолсон заа, эдгээ, олж нээ гэсэн үгс байдаг. Бидний хувьд Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахын тулд өөрсдийн зорилгыг хүсэл, эрмэлзэл, эрч хүчтэйгээр Түүнийхтэй нийцүүлэх шаардлагатай болдог. Бид “хайрлаж, хуваалцаж мөн урих” үедээ Түүний ажилд Түүнтэй нэгддэг. Бид бусдад, ялангуяа энэ дэлхий дээр тохиолддог зүйлсээс болж шархалж, туйлдаж, шантарсан хүмүүст тохинуулах Түүний ажилд Түүнтэй нэгддэг.

Ийнхүү бид өөрсдийгөө Түүний нэрээр таниулж, Түүнийг дурсан санаж, үлгэрлэн дуурайж, Түүнтэй нийцсэнээр Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ илүү бүрэн дүүрэн авдаг. Энэ дөрвөн зүйлийг хийх нь биднийг тав дахь төстэй зүйл болох хүч чадал руу хөтөлдөг. Бид амьдралдаа Бурханы хүч чадал, адислалуудыг хүртдэг. Нэлсоны нэрэмжит профессорын цол нь доктор Сэлзманд нэр хүнд, мөнгөн тэтгэмж олгодог бөгөөд тэр үүнийг өөрийн салбарын соёлыг өөрчлөхөд ашиглаж байгаа. Тэрээр энэхүү “хүч чадлын хишгийг” бусдад туслахын тулд ашигладаг. Үүнтэй адилаар, биднийг Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авахад Тэнгэрлэг Эцэг мөнх бус амьдрал дахь үүргээ биелүүлэхэд туслах Өөрийн хүчээр биднийг адисалдаг.

Бид Бурхантай нэмэлт гэрээнүүдийг байгуулснаар өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг илүү бүрэн дүүрэн авдаг. Улмаар Бурхан биднийг Өөрийн илүү их хүчээр адисалдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “баптисмын усан санд болон ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүн бүр Есүс Христийн хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой болдог. Бурхантай байгуулсан гэрээгээ сахисны шагнал бол сорилт, уруу таталт, сэтгэлийн зовлонгоо илүү сайн даван туулахад биднийг хүчирхэгжүүлдэг тэнгэрлэг хүч юм” гэж хэлсэн.

Бид сүнслэг зүйлсэд илүү мэдрэг болдог. Бид боломжгүй мэт санагдах нөхцөл байдлыг даван туулахдаа илүү зоригтой болдог. Бид Есүс Христийг дагах шийдвэртээ илүү ганхашгүй болдог. Бид нүгэл үйлдсэн үедээ даруй наманчилж, Түүн рүү эргэн очдог. Бид Түүний сайн мэдээг Түүний хүч, эрх мэдлээр илүү сайн хуваалцаж эхэлдэг. Бид гачигдалтай хүмүүст шүүмжлэхгүйгээр, огт шүүмжлэхгүйгээр тусалдаг. Бид нүглүүдийнхээ ангижралыг хадгалдаг. Бид үргэлж баясаж болох болохоор илүү амар амгалан, хөөр баяртай байдаг. [Түүний] сүр жавхлан [бидний] эргэн тойронд байж, мөн [Түүний] тэнгэр элч нар [биднийг] хариуцах болно.

Аврагч биднийг “миний нэрээр та нар Эцэгт ирж, мөн тогтоосон цагт түүний бүрэн байдлыг хүлээж ав” хэмээн урьдаг. Би та бүхнийг ийн үйлдэхэд урьж байна. Тэнгэрлэг Эцэгтээ ир. Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ ав. Түүний нэрээр танигд. Түүнийг үргэлж дурсан сана. Түүн шиг байхыг хичээ. Түүний ажилд Түүнтэй нэгд. Түүний хүч чадал, адислалыг амьдралдаа хүлээн ав. Хүсэл эрмэлзлээрээ Түүний нэрийг зүрхэндээ сийл. Энэ нь та нарт Бурханы өмнө “зогсох” боломжийг олгох ба та нар Аврагчаар өмгөөлүүлэх шаардлагыг хангана. Та нар Тэнгэр дэх Эцэгийнхээ хаант улсад өргөмжлөгдсөн өвлөгч, Түүний Ууган Хүү, бидний хайрт Аврагч, Гэтэлгэгчтэй хамт өв залгамжлагч болох болно.

Тэр амьд. Би үнэхээр үүнийг мэднэ. Тэр та нарт хайртай. Тэр та нарын төлөө амиа өргөсөн. Тэр та нарыг Өөрөөр нь дамжин Эцэгт ирэхийг гуйдаг. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Энэхүү санг тэтгэлгийн сан гэж нэрлэдэг.

  2. Ерөнхийлөгч Нэлсон зүрхний нээлттэй мэс засалд ашигладаг анхны зүрх-уушгийг орлуулагч аппаратыг зохион бүтээсэн нь түүний нэгэн онцгой амжилт юм.

  3. Ерөнхийлөгч Нэлсоныг мэс заслын дадлага хийж байх үед мэс заслын өрөөнд байсан нэгэн мэс засалч уурандаа мэс заслын хутгаа шидэж, хутга нь ерөнхийлөгч Нэлсоны шуун дээр унасан тухай тэрээр өгүүлсэн байдаг. Ерөнхийлөгч Нэлсон: “Энэ үйл явдал надад мартагдашгүй үл мөр үлдээсэн. Би яг тэр мөчид мэс заслын өрөөнд маань юу ч болж байсан, сэтгэл хөдлөлөө барих чадвараа хэзээ ч алдахгүй гэж өөрөө өөртөө амлаж билээ. Мэс заслын хутга байна уу, үг байна уу—юуг ч хэзээ ч уурандаа шидэхгүй гэж би бас амласан” гэжээ (“Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” Лиахона, 2023 оны 5-р сар, 98).

  4. Уг хандив нь 7000 гаруй мэс заслын тайлан, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны анагаах ухааны ер бусын ажил мэргэжлийнхээ туршид эмхэтгэсэн судалгааны баримт бичгүүд болон бусад мэргэжлийн бүтээлүүдийг багтаасан байна.

  5. Ютагийн Их Сургуулийн ерөнхийлөгч болон ерөнхийлөгч Тэйлор Р.Рандалл зэрэг нэлээд хэдэн хүн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг онцлон, түүнийг Ютагийн Их Сургуулийн хамгийн нэр хүндтэй төгсөгч хэмээн нэрлэжээ.

  6. Ethos буюу ёс зүй гэдэг үг нь хувь хүн, бүлэг, байгууллагын онцлог шинж чанар, үзэл бодол, ёс суртахууны мөн чанар эсвэл чиглүүлэгч итгэл үнэмшлийг тодорхойлдог (Merriam-Webster.com Dictionary, “ethos”).

  7. 2018 онд би эхнэр Рутын хамт Доктор Сэлзманд Нэлсоны профессорын цолыг хүртээх ёслолд оролцох завшаан тохиосон. 2023 онд би ерөнхийлөгч Нэлсон мэргэжлийн судалгаануудаа Ютагийн Их Сургуульд хандивласан албан ёсны арга хэмжээнд оролцсон.

  8. Моронай 7:48-ыг үзнэ үү.

  9. “Христийн нэрийг өөр дээрээ авах” гэдэг хэллэгийн еврей хэл дээрх “авах” гэдэг үг нь “дээш өргөх” эсвэл “авч явах” гэсэн утгатай бөгөөд бүлэг эсвэл хувь хүнийг төлөөлсөн туг дарцгийг дээш өргөх, авч явах гэсэн утгыг илэрхийлдэг (James Strong, The New Strong’s Exhaustive Concordance of the Bible [1984], Hebrew dictionary section, хуудас 80, дугаар 5375-ыг үзнэ үү).

  10. 2 Нифай 10:24; Моронай 10:32–33; Сургаал ба Гэрээнүүд 76:69-ийг үзнэ үү.

  11. Aлмa 37:36

  12. Доктор Сэлзман: “Та нарыг [ерөнхийлөгч Нэлсонтой] эрүүл мэндийн үйлчилгээний талаар ярьж эхлэх бүрд царай нь гэрэлтдэг. … Түүнийг энэ бүх зүйлийн тухай ярихдаа хэчнээн их эрч хүчтэй болж байгааг нь харах үнэхээр гайхалтай” гэж ярьсныг нь эш татсан байна (in Sydney Walker, “As President Nelson Turns 100, His Family and Associates Reflect on His Life and Legacy,” Church News, 2024 оны 9-р сарын 7, thechurchnews.com). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг “эрүүл мэндийн асуудлаар ярих үед түүний царайд мишээл тодорч байхыг” би хувьдаа харж байсан ч энэ нь Есүс Христийн тухай ярихдаа түүнд тодордог мишээлтэй харьцуулшгүй билээ.

  13. Моронай 7:47–48-ыг үзнэ үү.

  14. Рассэлл М.Нэлсон, “Бурханы оршихуйд итгэлтэй байх нь,” Лиахона, 2025 оны 5-р сар, 128.

  15. 1 Коринт 12:31, Сургаал ба Гэрээнүүд 46:8-ыг үзнэ үү.

  16. Рассэлл М.Нэлсон, “Израилыг цуглуулах ажил дахь эгч нарын оролцоо,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган,.

  17. Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад зориулсан удирдамж (2023), 123–138-ыг үзнэ үү.

  18. Moсе 1:39-ийг үзнэ үү. Аароны санваарын чуулгын уриа “Би Бурханы хайртай хүү бөгөөд Түүнд надаар хийлгэх ажил байгаа” гэж эхэлдэг. Залуу эмэгтэйчүүдийн урианд “Есүс Христийн шавийн хувьд би Түүнтэй адил болохыг хичээдэг. Би хувийн илчлэл эрэлхийлэн, үүндээ тулгуурлан үйлддэг. Мөн би Түүний ариун нэрээр бусдад тохинуулдаг”(Gospel Library) гэсэн байдаг.

  19. Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган; Гари Э.Стивэнсон, “Хайрла, хуваалц, урь,” Лиахона, 2022 оны 5-р сар, 84–87.

  20. Мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа эхэнд Аврагч бидэнд Өөрийн зорилгыг Исаиагаас эш татан ийн тайлбарласан. “Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой” (Лук 4:18).

  21. Бидний Тэнгэрлэг Эцэгтээ хандах залбирал хүртэл өөрчлөгдөнө. Bible Dictionary дээрх “Залбирал” гэсэн доор: “Христийн шашинтнууд Христийн нэрээр залбирахыг сурдаг. “Бидний бодол санаа Христийн бодол санаа болж, бидний хүсэл Христийн хүсэл байж, Түүний үгс бидний дотор байх үед бид Христийн нэрээр залбирдаг. Дараа нь бид Бурханы өгөх боломжтой зүйлсийг гуйдаг. Христийн нэрэн дээр биш учраас олон залбирал хариулагдахгүй үлддэг. Тэдгээр нь Түүний оюун санааг огт төлөөлдөггүй бөгөөд хүмүүний зүрхний аминч байдлыг илэрхийлдэг” гэж тайлбарласан байдаг.

  22. Сургаал ба Гэрээнүүд 109:26-г үзнэ үү.

  23. Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 96; тодотгол нэмсэн.

  24. Сургаал ба Гэрээнүүд 109:21–22-ыг үзнэ үү. “Мөн таны хүмүүсийн хэн нь ч зөрчил гаргахад” хэмээх үгэнд “хэрэв гаргахад” гээгүй, “гаргахад” гэсэн. Энэ нь Аврагч бид бүгдийг зөрчил, алдаа гаргаж, нүгэл үйлдэхийг мэддэгийг харуулж байна. Гэсэн ч бид “нэн түргэнээр наманчилж,” “адислалуудад сэргээгдэж” болох нь төлөвлөгөө юм.

  25. Иохан 16:33; Moзая 4:11; 18:26; Алма 36:2, 28–29; Ифер 7:27; Moронай 9:25-ыг үзнэ үү.

  26. Сургаал ба Гэрээнүүд 109:22-ыг үзнэ үү.

  27. Сургаал ба Гэрээнүүд 93:19

  28. Мормон өөрийнх нь хүмүүсийн амьдралд Христ оролцоогүй үед тэдэнд юу тохиолдсоныг дүрсэлсэн. Түүний хүмүүс “нэгэн цагт тааламжит хүмүүс байв, мөн тэд Христийг өөрсдийн хоньчин болгосон байв; тийм ээ, тэд бүр Бурхан Эцэгээр удирдуулдаг байв. Гэвч эдүгээ, болгоогтун, тэд Сатанаар хөтлүүлж байгаа бөлгөө, бүр салхинд туугдах буудайн хальс адил, эсвээс далбаа юм уу зангуугүй, эсвэл түүнийг жолоодох юу ч үгүйгээр давалгаан дээр шидэгдэх хөлөг адил буюу; мөн тэд үүний адил байгаа болой” (Мормон 5:17–18). Аврагч бидний амьдралд байснаар бид хүч чадал, тогтвортой байдал, удирдамжаар адислагддаг.

  29. Сургаал ба Гэрээнүүд 109:24

  30. Сургаал ба Гэрээнүүд 45:3–5-ыг үзнэ үү.

  31. Ром 8:17-г үзнэ үү.