2025
Гэрчлэлийн мөнхийн бэлэг
2025 оны 11-р сар


12:17

Гэрчлэлийн мөнхийн бэлэг

Бурханы хүү, охин бүр өөрийн гэсэн илүү гүн гүнзгий, баттай, гуйвшгүй мэдлэгийг олж авч чадна.

Хайрт ах эгч нар аа, сүүлийн үед би Сэргээлтийн гурван хүчирхэг үнэний тухай эргэцүүлэн бодох болсон. Эдгээр хүчирхэг үнэн миний амьдралыг гүн гүнзгий адисалсан юм. Өнөөдөр би эдгээр үнэн хэрхэн намайг Есүс Христийн сайн мэдээний баттай гэрчтэй болох аялалыг минь чиглүүлсэн талаар хуваалцахыг хүсэж байна.

1. Бурхан бол бидний Хайрт Тэнгэрлэг Эцэг юм

Тэр бол бүхнийг мэдэгч мөн бүхнийг чадагч. Христийн Гэрлээр мөн Ариун Сүнсний тохинууллаар дамжуулан Түүний нөлөөлөл хаа сайгүй байдаг. Биднийг адислах нь Түүний мөн чанар юм.

Тэр бидний өнгөрсөн, одоо, мөнхийн хувь тавиланг хардаг. Түүнээс юу ч нуух боломжгүй.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “селестиел ухаанаар бодогтун” хэмээх урилга нь биднийг Тэнгэрлэг Эцэгийнхээ алсын харааг болон мөн чанарыг даган дуурайхад урамшуулдаг.

Тэнгэрлэг Эцэг маань бурханлаг мөн чанартай тул Тэрээр Өөрийн мөнхийн алсын хараа, хэтийн төлөвийн дагуу бүх сайн бэлгийг бидэнд өгдөг.

2. Сонгох эрх бол өөрсдийнхөө төлөө сонгох мөн үйлдэх бэлэг юм

Энэ нь бас сайныг сонгох хариуцлага юм.

Есүс Христ энэхүү давуу эрхийн төлөө туйлын үнийг Өөрийн үнэт цусаар төлсөн.

Заримдаа бид сонгох эрх гэдэг нь юу хүссэнээ хийнэ гэсэн үг гэж ойлгодог байж магадгүй. Харин сонгох эрхийн төлөөсийг төлсөн явдал нь үүнийг ариун бэлэг болгож байгаа юм.

Бид бие төлөөлөгчид бөгөөд бие төлөөлөгч хүн ямар нэгэн зүйлийг хариуцдаг. Энэ тохиолдолд бид өөрсдийн мэдлэг болон хүлээн авсан бэлгүүд дээрээ тулгуурлан хийж буй сонголтынхоо хариуцлагыг хүлээдэг. Бид үр дагавраа үүрэхгүйгээр сонголт хийх боломжгүй.

Бидэнд яагаад сонгох эрх байдаг вэ?

Сайныг,

Христийг,

мөнх амьдралыг ахин дахин сонгохын тулд бидэнд сонгох эрх байдаг.

3. Гэрчлэл нь Ариун Сүнсний хүчээр ирдэг

Ариун Сүнсний гэрч нь нүдээр үзэхээс ч агуу. Тэр бол Эцэг, Хүү хоёрын хамгийн шилдэг гэрч юм. Ерөнхийлөгч Нэлсон “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлэх, удирдах, тайтгаруулах, үргэлж хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” хэмээн заасан.

Ах эгч нар аа, иймээс өнөөдөр бидний хүн нэг бүрд Ариун Сүнсний хүч хэрэгтэй.

Ариун Сүнсний гэрчлэл олон арга замаар ирж болно. Харанхуй өрөөнд гэрлийн чийдэн асаж байгаа мэт энэ нь огцом, гэнэт ирж болно. Эсвэл нар мандаж байгаа мэт алгуур, цаг хугацааны явцад ирж болно. Мөн энэ нь гэрлийн туяа шиг цэвэр оюун ухаанд үе үе ирж болох юм. Ямар ч арга замаар байлаа гэсэн энэ нь Ариун Сүнсээр ирдэг.

Ямайкад гэрчлэлтэй болсон нь

Би үзэсгэлэнт Ямайкад өссөн ба тэнд үнэхээр хөгжилтэй, бас гайхамшигтай байсан. Гэхдээ ахлах сургуульд орох үед Есүс Христийн Сүмийн гишүүн байх шийдвэрийг минь найз нөхөд, ангийн хүүхдүүдийн маань зарим нь ойлгоогүй. “Чи яагаад тэр сүмд нэгдсэн юм бэ?” Анхны үзэгдлийн түүхэд чи яаж итгэдэг байна аа?” Чи яагаад Мормоны Ном уншдаг вэ? “Чи үнэхээр энэ бүхэнд итгээд байгаа юм уу?” “Чи яагаад амьдралаа дэмий зүйлд үрнэ вэ?” гэдэг байв.

Солт Лэйкийн Ариун сүм
Ариун төгөл
Мормоны Ном

Ялангуяа хайртай хүмүүс маань ийм хандлага гаргахад надад үнэхээр хэцүү байсан.

Гэвч тэд намайг Ариун Сүнсийг мэдэрсэн гэдгийг мэдэхгүй байв. Тэр гэрчлэл зүрх сэтгэлийг минь дүүргэж, олон өдрийн шаналлыг минь намдааж “хосгүй сайхан тэнгэрийн орон хором зуур үзэгд[сэн].”

Танаас ч бас эдгээр асуултын заримыг нь асууж байсан байх. Магадгүй одоо ч гэсэн надаас асууж байсан шиг иймэрхүү асуултыг танаас асууж байгаа байх.

Ариун Сүнсний бэлэг ба гэрчлэл нь бүх хүнд нээлттэй.

Иосеф Смитийн хувьд Палмира чухал газар байсан шиг миний хувьд Ямайка чухал байсан. Энэ бол миний Ариун төгөл. Иосеф Смит Ариун төглийн яг хаана нь очиж өвдөг сөгдөн залбирсныг мэдэхгүй ч миний Ариун төгөл бодит болох үед би яг хаана байснаа мэднэ. Энэ нь намайг баптисм хүртсэнээс гурван жилийн дараа, лхагва гаргийн өглөөний 6 цагт Ямайкын Мандэвилл хотын Фор Грөүв Рөүд байрлах манай гэрийн угаалгын өрөөнд болсон юм. Энэ ариун нандин туршлага хоёр долоо хоногийн өмнө сүнсээр өдөөгдсөн нэгэн номлогч эгч намайг Мормоны Номыг уншихад урьсны ачаар тохиосон юм. Оодри Краус эгч өнөөдөр энэ чуулганд гэр бүлтэйгээ ирсэн байгаа. Би түүнд үүрд хайртай.

Залуу ахлагч Браун систер номлогчийн хамт

Энэ үйл явдал намайг өөрчилсөн.

Ах эгч нар аа, гэрчлэл нь түр зуур л ашиглагдахаар өгөгддөггүй. Өгөгч нь мөнхөд оршдог учир биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн энэ бэлэг ч бас мөнхийн байх учиртай. Гэрчлэлд дуусах хугацаа гэж байх ёсгүй. Гэрчлэл нь миний амьдралд эсвэл дэлхийд гарсан ямар нэгэн өөрчлөлтөөс болж суларч, ганхах ёсгүй. Энэ нь улам хүчирхэгжих ёстой. Учир нь талантын сургаалт зүйрлэл дэх зарцынхтай адил миний хувийн гэрчлэл бол булшлагдах ёсгүй харин ч улам өсөж үржих ёстой бэлэг юм.

Хүүхэд насныхаа сорилт, хавчлага бүхий хүнд хэцүү өдрүүдээ эргэн харвал энэ нь Одоо би өөрөө мэднэ гэж хэлж чадах хэмжээнд хүрэхэд маань тусалсан. Хэдийгээр итгэл найдвар нь баттай гэрчтэй болох замын чухал хэсэг ч би зөвхөн итгэж, найддаггүй. Асуулт асууж, судалж, залбирч, мацаг барьж мөн тунгаан бодох замаар өөрийн замыг бүтээхийг би танд зөвлөж байна. Зогсолтгүй урагшлаарай. Гэрчлэлд хүргэх энэ замыг дагах хичээл зүтгэл бүр үнэ цэнтэй. Энэ боломжийг хэн эсвэл юу танаас авах вэ? “Бурханаас илүү агуу ямар гэрчийг та авч чадах билээ?”

Бурханы хүү, охин бүр өөрийн гэсэн илүү гүн гүнзгий, баттай, гуйвшгүй мэдлэгийг олж авч чадна. Бид эсэргүүцэлтэй тулгарсан ч гэрчлэлээ баталсан Иосеф Смит шиг бид ч бас “Би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй, мөн ингэж зүрхлэх нь үгүй” хэмээн зоригтой хэлж чадна.

Хүндэт ах эгч нар аа, гэрчлэлийн бяцхан үрийг дотроо нахиалуулж мөнхийн алдар суут баттай мэдлэг болтол нь өсгөн үржүүл.

Хэрэв та баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсон ч “Би мэддэг гэдэгтээ эргэлзэж байна” гэж бодож байвал ариун ёслолын залбирлын “Түүний Сүнс тэдэнтэй үргэлж хамт байж болохын тулд” хэмээх амлалтыг санаарай. Энэхүү амлалтын ачаар бидний хүн нэг бүр гэрчлэлийн болон баттай мэдлэгийн замаар алхах боломжтой.

Гэрчлэлдээ эзэн бол

Нэгэн чухал үнэн гэвэл: Гэрчлэл нь нар мандаж буй мэт алгуур эсвэл агуу үзэгдлээр ирсэн ч бай энэхүү үнэт бэлгийг хүлээж авахын тулд заавал сонголт хийсэн байх шаардлагатай.

“Би итгэхийг сонгож байна” гэж хэлэх нь Бурханаас гэрч хүлээн авах замыг хялбар болгодог. Хэрвээ гэрчлэл маань суларч байгааг анзаарвал энэ нь бид гэрчлэлийн хүчээ сулруулж буй сонголт хийж байгаатай холбоотой гэдгийг санаарай. Гэвч гэрчлэл нь хаашаа ч алга болоогүй. Бид зөвхөн дахин холбогдох сонголтоо л хийх хэрэгтэй.

Итгэхийг сонгох нь сонгох эрхээ зөв ашиглах ухаалаг бөгөөд хүчирхэг арга зам юм.

Миний үзэж байгаагаар гэрчлэлээ хамгаалахад сонгох эрхээ ашиглах нь хамгийн оновчтой арга зам юм.

Ерөнхийлөгч Нэлсон: “Би та нараас гэрчлэлдээ эзэн болохыг гуйж байна. Үүний төлөө зүтгэ. Эзэн нь бай. Үүнд анхаарал тавь. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Гэрчлэлээ үнэнээр хоолло” хэмээн заасан.

Миний бодлоор гэрчлэлдээ эзэн болох, үүний төлөө зүтгэ, эзэн нь бай, анхаарал тавь, тэтгэ, хоолло гэсэн үг нь нандин, үнэт зүйлийг хариуцахаар авсан төлөөлөгчийг хэлж байгаа хэрэг.

Сүмийн эхэн үед Парли П.Пратт бошиглогч Иосеф Смитэд дургүйцэж, түүнийг болон Сүмийг шүүмжлэхийг сонгосон. “Парлигийн сургаал зааж сүмд авчирсан Жон Тэйлор хотод ирэх үед Парли түүнийг дуудан авчраад Иосефыг дагаж болохгүй гэж сануулжээ. Жон Тэйлор Парлид хандан:

‘Чи Канадаас явахаасаа өмнө Иосеф Смит Бурханы бошиглогч, бас энэ бүхнийг илчлэлээр мөн Ариун сүнсний бэлгээр мэдэж авсан гэж маш хүчтэй гэрчлэл хуваалцсан.

Чиний тэр үед баярлан хуваалцаж байсан гэрчлэл яг одоо надад байна. Хэрэв энэ ажил зургаан сарын өмнө үнэн байсан бол өнөөдөр ч үнэн байх ёстой. Хэрэв Иосеф Смит тэр үед бошиглогч байсан бол одоо ч бошиглогч мөн” гэжээ.

Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсан бөгөөд түүний хүлээн авсан бошиглолын нөмрөг энэ эрин үед ч байгааг би гэрчилж байна. Энэ ажлыг Есүс Христ удирдан чиглүүлдэг.

Би та бүхнийг Есүс Христийн болон Түүний сайн мэдээний баттай гэрчид хүргэх замынхаа тухай бодохыг хүсэж байна. Гэрчлэлдээ эзэн бол. Сонгох эрхээ ухаалгаар ашиглаж Өгөгчийг болон Түүний бүхий л алдар суут зан чанаруудыг хүлээн зөвшөөр. Энэ хүч таны дотор байгаа гэдгийг би гэрчилж байна. Хэн ч таны өмнөөс сонголт хийж чадахгүй. Хэн ч энэ бэлгийг тань булааж авах боломжгүй. Та итгэхийг сонгож чадна.

Ийн хийвэл таны гэрчлэл “мөнх амьдрал руу урсах амьд усны ундарга” мэт байна гэдгийг би амлаж байна. Энэ нь таны зангуу, хөдөлгөх хүч болох бөгөөд хүнд хэцүү үед тань дэмжин тэтгэнэ. Энэ нь танд сүнслэг бэлгээ хөгжүүлэх боломжийг олгоно. Бас хувийн тохинуулал, үйлчлэлээ хийхэд тань тусална. Мөн Сатаны болон дайснуудын тань эсрэг зэмсэг болох болно. Гэрчлэл тань таны үр хүүхэд, ач зээ, ачинцар, зээнцрүүдэд мөн хайртай, үйлчилдэг хүмүүст тань дамжихыг харах үед энэ нь баяр хөөр болон хувирна. Хуваалцаж, гэрчлэх үед гэрчлэл тань хүчирхэгжинэ.

Хэрэв та гэрчлэлтэй бол миний юу ярьж байгааг мэдэж байгаа. Би үүнийг мэднэ. Бидэнд Есүс Христийн болон Түүний сайн мэдээний илүү олон баттай гэрч хэрэгтэй. Баттай гэрчтэй бол! Гэрчтэй болохыг эрэлхийл! Яаравчлагтун! Энэ бол сүүлийн эрэн үе—цаг хугацааны бүрэн байдлын эрин үе.

Есүс Христ: “Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй” хэмээн энэ үнэнийг тунхагласан.

Хайрт ах эгч нар аа, Есүс Христийн талаарх гэрчлэл хэзээ ч түр зуурын бэлэг байгаагүй. Өгөгч нь, бэлэг нь өөрөө, бэлгийг дамжуулан өгөгч нь, бэлгийн утга учир болох хүн нь гээд аль нь ч зуурдынх биш ээ. Таны гэрчлэл ч бас үүн шиг үүрд байгаасай. “Тэнгэр газар өнгөрөн одовч” Есүс Христийн тухай мөн Түүний сургаалын талаарх таны гэрчлэл үгүй болохгүй. Энэ ариун нандин бэлгээс барьж авах цаг нь одоо иржээ. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. “Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд бид Түүний хүүхдүүд. Тэр биднийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Тэрээр алдар суут, төгс төгөлдөржсөн “хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой” (Сургаал ба Гэрээнүүд 130:22).

    “Бурхан бидний хэн болохыг мэддэг бас бидний ухаарч байгаагаас ч илүү биднийг хайрладаг. Тэр бидний сорилт бэрхшээл, уй гашуу, сул талыг ойлгодог бөгөөд тэдгээрийг туулахад тусламж дэмжлэг үзүүлдэг. Тэр бидний ахиц дэвшилд баярлаж, зөв сонголт хийхэд тусална. Тэр бидэнтэй харилцахыг хүсдэг бөгөөд бид залбирлаар дамжуулан Түүнтэй холбогдох боломжтой” (Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж [2023], 33).

  2. Сургаал ба Гэрээнүүд 84:46–47; 88:12–13-ыг үзнэ үү.

  3. “Бид Бурхан, Есүс Христ хоёр дээр, Тэдний нигүүлслийн сэнтийд зүрх сэтгэлээрээ номхон дөлгөөн болон очих юм бол Бурхан Бурхан учраас, Христ ч Христ учраас биднийг харж халамжлан, адисалж, тусална. Тэд биднийг адислах нь гарцаагүй. Тэгэх ч учиртай. Учир нь энэ нь тэдний мөн чанар юм” (Jeffrey R. Holland, “Come unto Me” [Brigham Young University devotional, Mar. 2, 1997], 4, speeches.byu.edu).

  4. Лук 12:2; Моронай 7:22; Абрахам 2:8-ыг үзнэ үү.

  5. “Селестиел ухаанаар бодох” дадлыг өөрийн болгоход би та нарыг өнөөдөр урьж байна. Селестиел ухаанаар бодох нь сүнслэгээр сэтгэх гэсэн утгатай. ‘Сүнсээ бодох нь мөнх амьдрал’” болохыг бид Мормоны Ном дээрх бошиглогч Иаковаас сурдаг (Рассэлл М.Нэлсон, “Селестиел ухаанаар бодогтун!,” Лиахона, 2023 оны 11-р сар, 117).

  6. Сэдэв ба асуулт, “Сонгох эрх” (study guide), Gospel Library; мөн 2 Нифай 2:11, 16-г үзнэ үү.

  7. 1 Петр 1:18–20; Абрахам 3:22–28-ыг үзнэ үү.

  8. 1 Коринт 6:20-ийг үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээнүүд 101:78-ыг үзнэ үү.

  10. Есүс Христийн сайн мэдээ бол Тэнгэрлэг Эцэгийн биднээс хүсдэг тийм хүмүүс болохыг бидэнд харуулдаг төлөвлөгөө юм.

    “… Энэхүү толбогүй, төгс төгөлдөр байдал нь гэрээ, ёслол, үйлдэл, зөв сонголтуудын нийлбэрийн үр дүнд мөн тасралтгүй үргэлжлэх наманчлалын үр дүнд бий болдог” (Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Liahona, Jan. 2001, 40, 41; emphasis added); мөн Мосе 7:33-ыг үзнэ үү.

  11. Моронай 10:4–5-ыг үзнэ үү.

  12. “Сүнсний мэдрэмжийг үгээр хязгаарлах аргагүй. Сүнс сүнстэйгээ алдаа мадаггүй хэлээр харилцдаг бөгөөд энэхүү харилцаанд үг хэрэглэгддэггүй. Энэ бол Сүнснээс ирдэг цэвэр мэдлэг ба оюун билгийн харилцаа юм. Мөн энэ нь мэдлэг эзэмших үнэхээр шилдэг арга зам болохыг би мэдсэн. Энэ нь юмсыг барьж үзэх буюу харахаас илүү хүчтэй ба урт удаан хугацаанд оршдог. Бид бие эрхтний мэдрэмжүүдэд эргэлзэж болно, харин Ариун Сүнс бидэнд хандан ярьж байгаа үед ямар ч эргэлзээ байдаггүй. Энэ бол хамгийн баттай гэрч юм. Чухам иймээс Ариун Сүнсийг буюу Ариун Сүнсний гэрчлэлийг үгүйсгэх нь уучлагдашгүй нүгэл байдаг” (Д.Тодд Кристоффэрсон, “Сүнсний хүчтэй мэдрэмжүүд,” Лиахона, 2013 оны 6-р сар, 49).

  13. Иохан 5:32; 2 Нифай 31:18; 3 Нифай 11:36-г үзнэ үү.

  14. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115. Тэрээр уг үгэндээ:

    “Би таныг хувийн илчлэл хүлээн авах одоогийн сүнслэг ур чадвараасаа илүү чармайхыг урьж байна. …

    Тэнгэр дэх Эцэг тань таныг мэдээсэй хэмээн хүсэж байгаа асар олон зүйл бий. Ахлагч Нийл А.Максвэлл “Харах нүдтэй, сонсох чихтэй хүмүүст Эцэг, Хүү хоёр орчлон ертөнцийн нууцуудыг задалж байгаа нь тодорхой байна!”

    “… Ариун Сүнсний бэлэгтэй байж, Сүнсний дуу хоолойг илүү олон удаа, илүү тодорхой сонсоход шаардагддаг сүнслэг ажлууд хийхийг сонго” хэмээн хэлсэн” (95, 96).

  15. Давид А.Бэднар, “Илчлэлтийн Сүнс,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган 91-94; Алэксандр Душку, “Багана ба цацраг,” Лиахона, 2024 оны 5-р сар, 14–16.

  16. “Гэрчлэл,” Дуулал, 71

  17. Тооллого 11:29; Иаков 1:5-ыг үзнэ үү.

  18. Сургаал ба Гэрээнүүд 20:28; Мосе 1:3-ыг үзнэ үү.

  19. Матай 25:14-30-ийг үзнэ үү. “… Миний Ариун Сүнснээс олж авсан тэр сүнслэг гэрч алга болоогүй. Яг үнэндээ, улам хүчирхэгжиж өссөн. Есүс Христийн сайн мэдээний үндсэн зарчмуудын талаар миний өсвөр насандаа сурч авсан зүйлс амьдралын минь туршид миний бат бөх суурь болж байна” (Дийтр Ф.Угдорф, “Үндсийг нь торд, тэгвэл мөчрүүд нь ургах болно,” Лиахона, 2024 оны 11-р сар, 101).

  20. Сургаал ба Гэрээнүүд 6:23

  21. Иосеф Смит—Түүх 1:25

  22. Алма 32:27, 30, 37–38, 41-ийг үзнэ үү.

  23. Сургаал ба Гэрээнүүд 20:77-г үзнэ үү.

  24. Сургаал ба Гэрээ 88:33-ыг үзнэ үү.

    “Дараа нь магадгүй хамгийн чухал хэсэг нь бэлгийг өөртөө хэрэглэх явдал юм. Бэлгийг үнэнхүү өөртөө хэрэглэхийн тулд бид үүнийг өөрсдийнхөө хувьд үнэлж, амьдралдаа бүрэн ашиглаж, бэлэг өгөгчийг баярлаж талархсан сэтгэлээр дурсдаг.

    Бэлгийг хүлээн авах гэдэг нь идэвхтэй үйлдэл бөгөөд бэлгийг зөвхөн задалж нээх гэсэн ойлголтоос хол давсан, ухамсартай утга учир бүхий үйл явц юм. Бэлгийг өөртөө хэрэглэхийн тулд талархалтай байж, бэлэг болон бэлэг өгөгч, хүлээн авагч хоёрын хоорондох холбоог хүчирхэгжүүлэх байдлаар бэлэг өгөгчийн сэтгэл, бэлэг хоёрыг хооронд нь холбон ойлгох явдал юм” (Патрик Кийрон, “Түүний бэлгийг өөртөө хэрэглэ,” Лиахона, 2025 оны 4-р сар, 121–122).

  25. Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), Gospel Library.

  26. Сургаал ба Гэрээнүүд 70:3–4

  27. Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 280–281

  28. Мозая 4:9–12-ыг үзнэ үү.

  29. Сургаал ба Гэрээнүүд 63:23; тодотгол нэмсэн.

  30. Алма 5:46–48-ыг үзнэ үү. Иосеф Смитийн заасанчлан: “Илчлэл байхгүй бол аврал ирж чадахгүй. Үүнгүйгээр тохинуулах нь хий хоосон зүйл юм. … Бошиглогч болохгүйгээр ямар ч хүн Есүс Христийн төлөөлөгч байж чадахгүй. Есүсийн тухай гэрчлэлгүйгээр ямар ч хүн Есүс Христийн төлөөлөгч байж чадахгүй. Энэ бол бошиглолын сүнс юм” (The Joseph Smith Papers, History, 1838–1856, C-1 боть [1828 оны 11-р сарын 2–1842 оны 7-р сарын 31] [addenda], 12, josephsmithpapers.org; орчин үеийн зөв бичгийн дүрэм, том үсгийн хэрэглээ, цэг таслалын дүрмээр өөрчлөв).

  31. Бид түүхийн агуу мөн чухал цаг үе болох түүхийн оргил хэсэгт амьдарч байна. Өнгөрсөн цаг үе тэр чигээрээ тулгуурласан эцсийн мөн сүүлийн эрин үед бид амьдарч байна” (Gordon B. Hinckley, “At the Summit of the Ages,” Liahona, Jan. 2000, 90).

  32. Матай 24:35

  33. Моронай 10:30-ийг үзнэ үү.