Есүс Христийн сайн мэдээ
Бидний сургаал, мөнхийн гэр бүлүүдэд итгэх итгэл биднийг хүчирхэгжүүлж, холбож байдаг.
Хайраар дүүрэн ах, эгч нар минь, миний төлөө залбирч байсанд баярлалаа. Залбирал нь надад мэдрэгдсэн шүү.
I.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал гэр бүлд төвлөрдөг. Ариун сүм нь гэр бүлийн талаарх сургаалд нэн чухал. Тэнд хүлээн авдаг ёслолууд нь биднийг Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд мөнхийн гэр бүлээрээ буцаж очих боломжтой болгодог.
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулганы байдлаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон шинээр баригдах 200 ариун сүмийг зарласан. Тэрээр ерөнхий чуулган бүрийн төгсгөлд шинэ ариун сүм зарлах дуртай байсан бөгөөд бид бүгд ч түүнтэй хамт баярладаг байсан. Хэдий тийм ч одоо баригдаж, төлөвлөгдөж буй ариун сүм тооны олны улмаас шинэ ариун сүм зарлахаа азнах нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс Арван хоёрын төлөөлөгчийн чуулгын зөвшөөрснөөр бид энэ чуулганаар шинэ ариун сүм зарлахгүй болно. Бид дэлхий даяарх Сүмийн гишүүдээ одоо зарлагдсан байгаа ариун сүмүүдээрээ дамжуулан ёслол үйлдэх боломжоор хангана. Харин цаг нь ирэхээр бид шинэ ариун сүмүүдийг үргэлжлүүлэн барих болно.
Би хэлэх үгийнхээ дөнгөж сая хэлсэн хэсгийг бидний хайрт Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг таалал төгссөний дараа бичсэн. Одоо үргэлжлэх хэсгийг нь хэдэн долоо хоногийн өмнө бичиж, батлуулсан байсан бөгөөд энэ нь Их Эзэний надад илчилсэн сургаалыг агуулсан болно.
II.
30 жилийн өмнө зарлагдсан гэр бүлийн тунхагт “гэр бүл нь Бурханаас заяагддаг” мөн “Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг” хэмээдэг. Мөн үүнд “Бурханы хүүхдүүддээ өгсөн, өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээх зарлиг хүчин төгөлдөр байгааг” тунхаглажээ. Түүнчлэн “Бид үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэн, эхнэр нөхөр болсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой хэмээх Бурханы зарлигийг тунхаглаж байна” гэсэн байдаг. Тэр үед ахлагч байсан Рассэлл М.Нэлсон Бригам Янгийн Их Сургуулийн оюутнуудад гэр бүл бол “Бурханы төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь. … Үнэндээ, гэр бүлийг өргөмжлөх нь уг төлөвлөгөөний зорилго юм” гэж заажээ.
Зарим тохиолдолд Есүс Христийн Сүм гэр бүлд төвлөрсөн Сүм гэдгээрээ танигдсан байдаг. Энэ нь ч үнэн юм! Бидний Бурхантай харилцах харилцаа болон мөнх бус амьдралын зорилгыг гэр бүлтэй хамаатуулж тайлбарладаг. Есүс Христийн сайн мэдээ бол Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдийнхээ тусын тулд бүтээсэн төлөвлөгөө юм. Бид сайн мэдээний төлөвлөгөө нь анх мөнхийн гэр бүлийн зөвлөлд заагдаж, мөнх бус гэр бүлүүдэд хэрэгжсэн, мөн Бурханы хүүхдүүдийг мөнхийн гэр бүлд өргөмжлөх нь үүний урьдаас тогтоосон хувь заяа гэж үнэхээр хэлж чадна.
III.
Сургаалын энэ хам сэдвээс үл хамааран үүнд эсрэг тал гэж байна. Америкт гэрлэлт болон хүүхэд төрүүлэх үзүүлэлтийн тоо буурч байгаа нь асуудал болоод байна. Гэрлэсэн хосоос бүрдэх айл өрхийн эзлэх хувь хэмжээ бараг зуун жилийн турш буурч байна. Төрөлтийн хувь ч мөн адил. Манай Сүмийн гишүүдийн хувьд гэрлэлт болон төрөлтийн хувь хэмжээ хамаагүй эерэг үзүүлэлттэй байгаа ч мөн адил нэлээд багассан. Хожмын үеийн гэгээнтнүүд гэрлэлтийн зорилго болон хүүхдүүдийн үнэ цэний талаарх ойлголтоо алдахгүй байх нь чухал. Энэ бол бидний хүрэхийг зорьдог ирээдүй. Ерөнхийлөгч Нэлсон: “Өргөмжлөл бол гэр бүлийн ажил хэрэг. Зөвхөн Есүс Христийн сайн мэдээний авралын ёслолуудаар дамжуулан гэр бүлүүд өргөмжлөгдөх боломжтой” хэмээн бидэнд заасан.
Үндэсний хэмжээнд гэрлэлт болон хүүхэд төрүүлэх хувь хэмжээ буурч байгаа нь түүхэн шалтгаануудын үүднээс ойлгож болохуйц боловч хожмын үеийн гэгээнтнүүдийн үнэ цэн, үйлдэл нь тэдгээр чиг хандлагыг дагах биш сайжрах учиртай.
80 жилийн өмнө би залуу байхдаа өвөө эмээгийнхээ ферм дээр амьдардаг байсан. Тэнд өдрийн турш болдог бүх зүйл гэр бүлийн удирдлага доор явагддаг байлаа. Гэр бүлийн үйл ажиллагаануудад саад болох зурагт эсвэл өөр бусад электрон хэрэгсэл огт байгаагүй. Эсрэгээрээ, өнөөдрийн хотожсон нийгэмд гэр бүлд төвлөрсөн үйл ажиллагааг цөөн хэдэн гишүүн л тогтмол хийж байна. Хотын амьдрал, орчин үеийн тээврийн хэрэгсэл, зохион байгуулалттай үзвэр цэнгээн, өндөр хурдны харилцаа холбоо зэрэг нь өсвөр үеийнхэнд өөрсдийн гэрийг хааяа нэг хоол идэж, унтаж амардаг дотуур байр мэт хандахад амархан болгосон ч тэдний үйл ажиллагаанд тавих эцэг эхийн хараа хяналт, заавар чиглүүлэг бүр багассан.
Сүмийн одоогийн дийлэнх гишүүдийн амьжиргаагаа залгуулдаг арга замаас хамаараад эцэг эхийн нөлөө ч бас багасаж байна. Дээр үед газар хагалах, хоол хүнс, хэрэгцээт зүйлсээ залгуулах гэх мэт нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэх нь гэр бүлүүдийг нэгтгэхэд асар том нөлөө үзүүлдэг байсан. Гэр бүл нь зохион байгуулалттай, удирдлагатай эдийн засгийн үйлдвэрлэлийн нэгж байсан. Харин өнөөдөр гэр бүлүүд нь зохион байгуулалт, хамтын ажиллагааг төдийлөн шаарддаггүй, эдийн засгийн зарцуулалтын нэгж болсон байна.
IV.
Эцэг эхийн нөлөө багасаж байгаа ч хожмын үеийн гэгээнтнүүдэд Бурханаас өгөгдсөн, гэр бүлийнхээ мөнхийн хувь заяанд бэлдэхийг хүүхдүүддээ заах үүрэг даалгавар нь хэвээрээ байгаа (Сургаал ба Гэрээнүүд 68:25-ыг үзнэ үү). Гэр бүлүүд маань бүгдээрээ уламжлалт ёс заншилтай биш болсон энэ үед бидний олон нь ийн үйлдэх ёстой. Гэр бүл салалт, үхэл, хагацал зэрэг нь бодит байдал юм. Миний өсөж торнисон гэрт ийм зүйлүүд тохиолдож байсан.
Намайг долоон настай байхад аав минь нас барж, бэлэвсэн үлдсэн ээж минь 2 дүү бид гурвыг өсгөсөн. Хамгийн хүнд бэрх үеүдэд ч тэр шаргуу ажилласаар байсан. Тэр ганцаардаж, сэтгэлээр унасан байсан ч сэргээгдсэн Сүмийн сургаалыг Их Эзэний тусламжтай хүчирхгээр зааж, биднийг удирдан чиглүүлж байсан. Хүүхдүүдээ өсгөхөд нь тус болох тэнгэрлэг тусламж авахын тулд тэр хэрхэн залбирдаг байсан, тэгж л тэр адислагдсан! Аав минь нас барсан нь үнэн бодитой ч бид аз жаргалтай гэр оронд өсөж торнисон. Бидэнд аав байсан, түүнд нөхөр байсан, бид тэдний ариун сүмийн гэрлэлтээр дамжуулан үргэлж гэр бүл хэвээрээ байх болно гэж ээж минь бидэнд заасан. Их Эзэн аавыг минь өөр ажилд дуудсан учраас бидний аав түр зуур хол байсан юм.
Өөр олон гэр бүл тийм ч аз жаргалтай биш байгааг би мэднэ. Гэсэн ч ганц бие ээж бүр Тэнгэрлэг Эцэгийн хайрын талаар болон ариун сүмийн гэрлэлтээс хожим ирэх адислалуудын талаар зааж чадна. Та ч бас чадна! Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө энэ боломжийг хүн бүрд зориулсныг баталдаг. Бид бүгд ариун сүмийн гэрлэлтэд мөн гэр бүлээрээ мөнхөд лацдан холбогдсоноор ирдэг адислалуудад талархдаг. Бурхан “зүдгүүрүүдийг чинь чиний ашиг тусын тул ариулан адислах болно” (2 Нифай 2:2) хэмээн хүү Иаковтаа амласан Лихайн амлалтыг бид ээж шигээ эш татах дуртай. Энэ нь бүтэн эсвэл одоогоор бүтэн биш байгаа хожмын үеийн гэгээнтэн гэр бүл болгонд хамааралтай. Бид бол гэр бүлийн сүм.
Бидний сургаал, мөнхийн гэр бүлүүдэд итгэх итгэл биднийг хүчирхэгжүүлж, холбож байдаг. Ютагийн Пэйсонтой ойролцоо байдаг ферм дээр нь биднийг амьдарч байх үед өгсөн Харрис өвөөгийнхөө (ээжийн минь аав) амлалтыг би хэзээ ч мартахгүй. Алс холын Колорадо мужийн Дэнвэр хотод аав минь нас барсан тухай эмгэнэлтэй мэдээг өвөө минь надад дуулгаж билээ. Би өрөө лүүгээ гүйн орж, орныхоо дэргэд сөхрөөд, цурхиран уйлсан. Өвөө маань миний араас орж ирээд, хажууд минь өвдөглөн суугаад, “Би чиний аав байх болно” гэж хэлсэн. Энэ нинжин сэтгэлийн амлалт бол гэр бүл нэг гишүүнээ алдах эсвэл нэг гишүүн нь байхгүй тэрхүү орон зайг нөхөхийн тулд өвөө, эмээ нар юу хийж болохын гайхалтай жишээ юм.
Ганц бие эсвэл гэрлэсэн эцэг эхчүүд мөн эцэг эхийн үүрэг гүйцэтгэдэг өвөө эмээ шиг хүмүүс бол мастер багш нар. Тэд үлгэр жишээгээрээ хамгийн үр дүнтэй заадаг. Гэр бүлийн нэгж бол гэрлэлтийн болоод үр хүүхдүүдийн ач холбогдол, амьдралын зорилго, баяр баяслын жинхэнэ эх үүсвэр зэрэг мөнхийн зарчмуудыг үзүүлэх, заах төгс орчин билээ. Энэ нь бас эелдэг байх, уучлах, өөрийгөө хянах болон боловсрол, шударга хөдөлмөрийн үнэ цэн гэх мэт амьдралын чухал хичээлүүдийг суралцах хамгийн тохиромжтой газар юм.
Мэдээж, Сүмийн олон гишүүнд сайн мэдээний үнэ цэн, хүлээлтийг ойлгож хүлээж авдаггүй гэр бүлийн хайрт гишүүд байдаг. Ийм гишүүдэд бидний хайр, тэвчээр хэрэгтэй. Бид гэрийнхэнтэйгээ харилцахдаа бидний эрэлхийлж буй төгс төгөлдөр байдал мөнх бус байдлын стресстэй нөхцөл байдлаар хязгаарлагдахгүй гэдгийг санах хэрэгтэй. Сургаал ба Гэрээнүүд 138:57–59 дэх агуу сургаал нь наманчлал болон сүнслэг өсөлт нь мөнх бус амьдралын дараах сүнсний дэлхийд үргэлжилж болно гэж заадаг. Илүү чухал нь, гэр бүлүүд бие биеэ хүчирхэгжүүлэхээр нэгдэхдээ мөнх бус амьдралд бид бүгдэд гарцаагүй тохиолддог гэм нүгэл, алдаа дутагдал Есүс Христийн алдар суут аврах Цагаатгалын ачаар наманчлалаар дамжуулан өршөөгдөх боломжтой гэдгийг бид бүгд санавал зохино.
V.
Бидний Аврагч, Есүс Христ бол бидний хамгийн сайн үлгэр жишээ юм. Хэрэв бид Түүний сургаал, бусдын төлөө гэсэн чанарыг нь амьдралдаа даган дуурайж, хэрэгжүүлбэл адислагдах болно. Христийг дагаж, нэг нэгэндээ үйлчлэхэд өөрсдийгөө зориулах нь өнөө үед маш түгээмэл болоод байгаа хувиа бодох үзлийг хамгийн сайн эдгээдэг.
Эцэг эхчүүд сайн мэдээний зарчмуудаас гадна амьдралд хэрэгтэй мэдлэг чадварыг хүүхдүүддээ заах үүрэгтэй. Гэр бүлүүд утга учиртай зүйлсийг хамтдаа хийхдээ нэгдмэл болдог. Гэр бүлээрээ цэцэг ногоо тарих нь харилцааг сайжруулдаг. Гэр бүлийн аз жаргалтай мөч, туршлагууд гэр бүлийн харилцаа холбоог хүчирхэгжүүлдэг. Амралт зугаалга, спортын үйл ажиллагаанууд гэр бүлүүдийг нэгдмэл байлгахад онцгой үүрэгтэй. Гэр бүлүүд ариун сүм рүү хөтөлдөг өвөг дээдсээ дурсан санах гэр бүлийн ургийн баярыг зохион байгуулж байх хэрэгтэй.
Эцэг эхчүүд хүүхдүүддээ гэр орон, хашаа хороондоо ажиллах зэргээр амьдралын энгийн ур чадваруудыг зааж сургах хэрэгтэй. Гадаад хэл сурах нь номлолд үйлчлэхэд болон орчин үеийн амьдралд хэрэгтэй бэлтгэл болдог. Эдгээр хичээлийг заах багш нь эцэг эх, өвөө эмээ, хамаатан садан нь байж болно. Гэр бүл, гэр бүлийн гишүүдтэй холбоотой бүхий л асуудлаар хамтдаа зөвлөлдөж суралцахад гэр бүл өсөж хөгждөг.
Зарим нь “Гэхдээ бидэнд ийм зүйлд зарцуулах ямар ч цаг зав байхгүй шүү дээ” гэж хэлж магадгүй. Үнэхээр чухал зүйлд цаг гаргахын тулд, хэрэв бүгд электрон хэрэгслүүдээ унтраавал гэр бүлийн цагийг асааж болдог гэдгийг олон эцэг эх мэдэж авах болно. Эцэг эхчүүд ээ, хүүхдүүдийн чинь оройн хоолондоо үнэхээр их хүсэж буй зүйл бол тантай хамт өнгөрөөх цаг юм гэдгийг санаарай.
Гэр бүлүүд өглөө оройдоо өвдөг сөгдөн хамтдаа залбирч, адислалууддаа талархан, тулгарсан асуудлууддаа тусламж хүсэн залбирахад агуу адислалууд ирдэг. Мөн гэр бүлүүд Сүмийн үйлчлэл болон бусад онцгой цугларалтад хамтдаа шүтэн бишрэх үедээ адислагддаг. Гэр бүлийн түүхүүдээ хуваалцаж, гэр бүлийн уламжлалыг бий болгож мөн ариун нандин туршлагуудаа хуваалцсанаар гэр бүлийн холбоо харилцаа бэхэждэг. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “бидэнд болон өвөг дээдэст маань тохиолдсон урам өгөх түүхүүд нь … хүчирхэг заах хэрэгсэл юм” гэж сануулсан байдаг. Тэдгээр нь бидэнд төдийгүй үр хүүхдүүдэд маань урам зориг авах хамгийн сайн эх үүсвэр болдог.
Бидний Мөнхийн Эцэгийн Төрсөн Ганц Хүү бол Их Эзэн Есүс Христ гэдгийг би гэрчилж байна. Тэрээр тэнгэрлэг гэр бүлийн цугларалт луу хөтөлдөг гэрээний замыг дагахад биднийг урьдаг. Көртландын ариун сүмд сэргээгдсэн түлхүүрүүдээр удирдуулсан санваарын лацдан холбох хүч нь гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэдэг (Сургаал ба Гэрээнүүд 110:13–16-г үзнэ үү). Үүнийг одоо дэлхий даяарх өсөн нэмэгдэж буй Их Эзэний ариун сүмүүдэд хэрэгжүүлдэг. Энэ бол бодит юм. Бүгдээрээ үүний нэг хэсэг байцгаая гэж би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.