Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ!
Амар тайвныг тогтоохдоо бид хамгийн энгийн газраас буюу зүрх сэтгэлээсээ эхэлдэг. Тэгээд гэр орон, гэр бүлдээ тогтоодог.
Ерөнхий чуулганд тавтай морилно уу. Бид цугласандаа ямар их баяртай байна гээч.
Энэхүү чуулганы үйл ажиллагааг бид тэсэн ядан хүлээх энэ цаг үед би өнөөдрийг хүртэл өрнөсөн үйл явдлуудыг гүнээ ухамсарлаж байна. Дэлхий даяарх хүчирхийлэл, эмгэнэлт явдлаас үүдэлтэй тодорхойгүй байдлыг зарим нь мэдэрч, гарз хохиролд нь бидний зүрх сэтгэл гашуудаж байгааг бид ойлгож байна. Сүсэгтнүүд ариун газруудад цугларч, түүний дотор Мичиганы цуглааны байранд амь үрэгдсэн тэдний төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө цугларсан байна. Өнгөрсөн ерөнхий чуулганаас хойш таны, танай гэр бүлийн, дэлхий нийтээрээ туулсан бүхэн зүрх сэтгэлийг тань зовоож буйг би чин зүрхээрээ ойлгож, мэдэрч байна.
Галилын Капернаум
Та нар надтай хамт өөрсдийгөө Галилын тэнгисийн ойролцоох Капернаум хотод Есүс Христийн тохинуулж байсан цаг үед амьдарч буй өсвөр насны хүүхэд гээд төсөөлдөө. Олон түмнийг дагуулсан захиастай Рабби буюу багшийн талаар цуу яриа тархаж байв. Ойр тойрныхон тань бүгд тэнгис рүү харсан уул руу явж Түүнийг сонсохоор төлөвлөжээ.
Та ч бас тэдэнтэй нэгдэж Галилын шороо тоос болсон замаар алхаж байна. Тэнд очингуутаа мөнөөх Есүсийг сонсохоор цугларсан олон түмний ихийг хараад та гайхлаа. Зарим нь аяархан “Мессиа” хэмээн шивнэлдэнэ.
Та Түүнийг сонсож, Түүний үгс зүрх сэтгэлийг тань хөндөв. Гэртээ харих урт удаан замд та бусадтайгаа ярилцахаас илүүтэй чимээгүйхэн алхахыг сонголоо.
Та гайхалтай зүйлсийг, бүр Мосегийн хуулиас ч давсан юмсыг тунгааж байна. Тэрээр нөгөө хацраа тавьж өгөхийг, дайснуудаа хайрлахыг номлож, “Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно” хэмээн амласан.
Бодит байдал дээр хүндхэн өдрүүдийн дарамт, тодорхойгүй байдал, айдас таныг нөмөрч, амар тайван танаас хол мэт санагдана.
Алхаа тань хурдсаж, та амьсгаа даран гэртээ ирлээ. Гэр бүлийнхэн тань цугларч, аав тань танаас “Сонсож, мэдэрсэн зүйлсээ бидэнд хэлээч” гэж хүсэв.
Тэрээр таныг гэрлээ бусдын өмнө гэрэлтүүлэхийг, хавчигдсан ч зөвт байдлыг эрэлхийлэхийг урьсан гэдгийг та хуваалцаж байна. “Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно” гэсэн Түүний үгийг давтан хэлэхдээ хоолой тань чичирхийлэв.
Та “дэлхий үймээн самуунтай, зүрх минь дүүрэн айдастай, амар тайван алсад мэт санагдаж байхад би үнэхээр амар тайвныг тогтоогч болж чадах болов уу?” гэж асуулаа.
Аав тань, ээж рүү тань зэрвэс хараад зөөлнөөр “Чадна аа. Бид хамгийн энгийн газраас буюу зүрх сэтгэлээсээ эхэлнэ. Тэгээд гэр орон, гэр бүлдээ тогтооно. Ингэж дадлагажсаар бид гудамж, тосгонууддаа амар тайвныг тогтоож, түгээж чадна” гэж хариулав.
Үүнээс хойш даруй 2000 жил өнгөрлөө
Үүнээс хойш даруй 2000 жил өнгөрлөө. Төсөөлөн бодох шаардлагагүй, энэ бол бидний бодит цаг үе юм. Туйлшрал, шашнаас ангид байдал, өс хонзон, зам дээрх бүдүүлэг авир, бухимдал, нийгмийн сүлжээний бүлэглэн дайралт гээд өнөөгийн өсөж буй үеийнхэнд ирдэг дарамт нь Галилын өсвөр үеийнхнийхээс өөр хэдий ч бүх үеийнхэн зөрчил, хурцадмал байдалтай нүүр тулдаг.
Завшаантай нь манай залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ч гэсэн өөрсдөд нь зориулсан Уулан дээрх номлолын цаг буюу семинар, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө чуулган, Ирээд, Намайг дага хөтөлбөрт сэтгэл татагдан оролцдог. Ийнхүү Их Эзэнээс тэд гэрлээ бусдын өмнө гэрэлтүүл, хавчигдсан ч зөвт байдлыг эрэлхийл, дайснуудаа хайрла гэсэн мөнх үргэлжлэх ижил урилгыг хүлээн авдаг.
Мөн тэд Сэргээлтийн амьд бошиглогчдоос “Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй”, Санал нийлэхгүй байлаа ч хүндэтгэлтэй бай, Зөрчилдөөн, бардамналыг уучлал, хайраар соль, Ялгаварлан гадуурхал, тусгаарлалтын ханыг бус нөхөрлөл, ойлголцлын гүүрийг барь, “Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно” гэсэн ижил амлалт, мөн урамшуулсан үгсийг хүлээн авдаг.
Өнөөгийн өсөж буй үеийнхний зүрх нь Есүс Христийн талаарх гэрчлэл, ирээдүйгээ харах итгэл найдвараар дүүрэн байна. Гэвч тэд ч бас “дэлхий үймээн самуунтай, зүрх минь дүүрэн айдастай, амар тайван алсад мэт санагдаж байхад би үнэхээр амар тайвныг тогтоогч болж чадах болов уу?” гэж асуудаг.
Дахин нэг удаа “чадна аа!” гэж эргэлзэлгүй чангаар хариулъя. “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. … Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ” гэсэн Аврагчийн үгийг бид эрхэмлэн хүлээн авдаг.
Амар тайвныг тогтоохдоо бид хамгийн энгийн газраас буюу зүрх сэтгэлээсээ эхэлдэг. Тэгээд гэр орон, гэр бүлдээ тогтоодог. Ингэж дадлагажсаар бид хөршүүддээ, нийгэмдээ амар тайвныг тогтоож, түгээх болно.
Тэгвэл өнөө цагийн Хожмын үеийн гэгээнтнүүд “амар тайвныг тогтоодог” эдгээр гурван газрын талаар лавшруулан авч үзэцгээе.
Зүрх сэтгэлдээ амар тайвныг тогтоох нь
Амар тайвныг тогтоох эхний газар нь бидний зүрх сэтгэл юм. Христийн тохинууллын нэг тод илрэл нь хүүхдүүд Түүнд хэрхэн татагдаж байснаас харагддаг. Үүнээс бид сэжүүр авч болно. Хүүхдийн цэвэр, гэмгүй, амар тайвныг тогтоогч зүрх сэтгэл рүү өнгийснөөр бид тэднээс сүнслэг нөлөөг авч чадна. “Амар тайвныг тогтоогч гэж ямархуу хүнийг хэлэх вэ?” гэсэн асуултад хүүхдийн хэсгийн насны хэд хэдэн хүүхэд хэрхэн хариулсныг танилцуулъя.
Би тэдний чин сэтгэлийн хариултыг илэн далангүй хуваалцъя! Лүк: “Үргэлж бусдад тусалдаг” гэж хариулсан. Грэйс шударга бус санагдсан ч нэг нэгнийгээ уучлах нь хэр чухал талаар хуваалцсан. Анна: “Би ганцаараа тоглож байсан хүүхдийг хараад хамт тоглохоор очсон” гэж ярьсан. Линди: “Амар тайвныг тогтоогч байна гэдэг нь бусдад туслахыг хэлдэг. Тэгээд та өөр нэгэнд тусална. Ингээд цааш тасралтгүй үргэлжилнэ” гэж хэлсэн. Лиам: “Хүмүүс эхлээд тантай муухай харьцсан ч, та тэдэнд муухай хандаж болохгүй” гэсэн. Лондон: “Хэн нэгэн таныг шоолж, эсвэл тантай муухай харьцвал ‘Болино уу‘ гэж хэлээрэй” гэж хариулсан. Трэвор: “Ганцхан хөөмөл боов үлдээд бүгд идэхийг хүсэж байвал, хуваалцаарай” гэсэн.
Миний хувьд энэ хүүхдүүдийн хариулт бид бүгдээрээ эелдэг, өрөвч сэтгэл рүү тэмүүлэх тэнгэрлэг эрмэлзэлтэй төрдөг гэсэн нотолгоо болдог. Есүс Христийн сайн мэдээ амар тайвныг тогтоогч байхаас авхуулаад эдгээр бусад бурханлаг шинж чанаруудыг тордож, зүрх сэтгэлд маань бэхэлж, энэ болон ирэх амьдралд биднийг адисалдаг.
Гэртээ амар тайвныг тогтоох нь
Хоёрдугаарт бид Их Эзэний үлгэрлэсэн ятгалгаар, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн бөгөөд номхон даруу байдлаар, чин сэтгэлийн хайраар харилцах загварыг нэг нэгтэйгээ харилцах харилцаандаа жишин баримталснаар гэртээ амар тайвныг тогтоодог.
Нэгэн гэр бүл амар тайвныг тогтоох зарлигийг хэрхэн гэр бүлийн ажил хэрэг болгож, эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлснийг харуулсан үлгэр дуурайл болох түүхийг би хуваалцъя.
Уг айлын хүүхдүүдэд нэгэн ууртай, дээрэнгүй, хүйтэн хөндий авиртай том хүнтэй харилцахад хүндрэлтэй байжээ. Гомдож, бухимдсан хүүхдүүд түүний хахир зан авирыг дуурайхаас өөр аргагүй юм болов уу хэмээн бодож байв.
Нэг үдэш гэр бүлээрээ үүсээд буй хурцадмал байдал, үүний хор хохирлын талаар нээлттэй ярилцжээ. Тэгтэл тэд шийдлийг нь олоод зогсохгүй туршилт хийх санаа төржээ.
Хүүхдүүд дуугүй байх эсвэл адилхан муухай зан гаргахын оронд эелдэг хандах гэсэн төсөөлөөгүй үйлдлийг хийхээр болов. Тэд зүгээр л эелдэг байгаад зогсохгүй, яаж ч харьцаж байсан хариуд нь сайхан үг, бодолтой үйлдлийг зориудаар чин сэтгэлээсээ урсган гаргахаар болжээ. Бүгд үүнийг тодорхой хугацаанд оролдож үзээд, дахин цугларч, эргэн дүгнэхээр тохиролцжээ.
Зарим нь эхэндээ эргэлзсэн ч тэр төлөвлөгөөг тууштай, чин үнэнчээр дагаж байлаа.
Дараа нь тохиолдсон зүйл гайхалтай гэхэд ч багадахаар байв.
Хүйтэн хөндий харилцаа аажмаар гэсэж эхлэв. Уур бухимдал нь инээмсэглэлээр солигджээ. Зожиг, ширүүн зантай өнөөх хүн нь өөрчлөгдөж эхэлсэн байна. Хүүхдүүд хайраар удирдахыг сонгосноор хүчирхэгжиж, гарсан өөрчлөлтөд баяр хөөртэй байлаа. Энэхүү өөрчлөлт үнэхээр гүн гүнзгий байсан учраас дүгнэх хурал хийх шаардлагагүй болжээ. Эелдэг байдал нь чимээгүйхэн ажлаа гүйцэлдүүлжээ.
Цаг хугацаа өнгөрөхөд жинхэнэ нөхөрлөлийн холбоо бий болж, бүх хүнийг хүчирхэгжүүлсэн байна. Амар тайвныг тогтоогсод байхын тулд бид бусдыг уучилж, тэднийг унагахын оронд зориудаар дэмжиж урамшуулдаг.
Нийгэмдээ амар тайвныг тогтоох нь
Гуравдугаарт бид нийгэмдээ амар тайвныг тогтоодог. Дэлхийн 2-р дайны сорилт бэрхшээлтэй он жилүүдэд ахлагч Жон А.Видцөү: “Амар тайван нийгмийг бий болгох цорын ганц арга зам бол энх тайвныг хайрлагч, бүтээгч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бий болгох явдал юм. Христ[ийн] …сургаалаар дамжуулан хувь хүн бүр гартаа дэлхийн энх тайвныг атгасан байдаг” хэмээн заасан.
Миний ярих дараах түүх энэ зарчмыг уран яруу илэрхийлдэг.
Хэдэн жилийн өмнө Нигериэс гаралтай хоёр эр, нэг нь лалын шашны имам, нөгөө нь христийн шашны пастор шашны гачлант хуваагдлын хоёр талд эсрэг байр суурин дээр зогсжээ. Аль аль нь маш их зовлонг амсав. Тэгээд уучлалын эдгээгч хүчээр тэд эвлэрч хамтдаа урагшлахаар шийдсэн байна.
Мухаммад Ашафа имам, Жэймс Вуяа пастор хоёр найзууд бас амар тайвныг тогтоогч төсөөлшгүй хамтрагчид болсон. Тэд нийлж шашин хоорондын эвлэрлийн төвийг байгуулсан байна. Одоо тэд хүмүүст үзэн ядалтаа найдвараар солихыг зааж сургадаг. Нобелийн энх тайвны шагналд 2 удаа нэр дэвшиж байсан тэд саяхан Хамтын нөхөрлөлийн Энх тайвны шагналын анхны эзэд болсон.
Өмнө нь дайсан байсан хүмүүс одоо мөр зэрэгцэн алхаж, хагарч, бутарсныг сэргээж, амар тайвныг тогтоогсод байх Аврагчийн урилга нь боломжтойгоос гадна хүчирхэг гэдгийг нотлох амьд гэрчүүд болжээ.
Бид Бурханы сүр жавхланг ойлгож мэдсэнээр “бие биеэ гэмтээх биш, харин амар амгалангаар амьд[арна].” Бид өөрсдийн цуглаан, нийгэмлэг дэх өөр нэгнээ Бурханы хүүхэд гэж харахыг сонгох болтугай.
Амар тайвныг тогтоогч болох нэг долоо хоногийн төлөвлөгөө
Төгсгөлд нь би нэг урилга өгье. Амар тайвныг тогтоох нь биднээс үйлдэл шаарддаг. Тэгвэл бидний хүн нэг бүр маргаашаас эхлээд ямар үйлдэл хийж болох вэ? Та нар амар тайвныг тогтоох 3 алхамтай төлөвлөгөөг нэг долоо хоногийн турш дагаж үзэх үү?
-
Зөрчилдөөнгүй гэр орон: Зөрчилдөөн гарвал, түр азнаад, найрсаг үг, үйлдлээр дахин эхэл.
-
Цахим гүүр барьж босго: Цахим орчинд нийтлэх, сэтгэгдэл бичихээсээ өмнө “Энэ нь биднийг холбох гүүр болох уу?” гэж асуу. Үгүй бол зогсоо. Бүү илгээ. Оронд нь сайн сайхныг хуваалц. Үзэн ядалтын оронд амар тайвныг нийтэл.
-
Засаж залруулан, эргэж нийл: Гэр бүлийн гишүүн бүр уучлалт гуйх, тохинуулах, засах, эргэн нийлэх шаардлагатай хурцадмал харилцааг гаргаж ирж болно.
Дүгнэлт
Хэдэн сарын өмнөөс надад үгүйсгэхийн аргагүй мэдрэмж төрснөөр би энэхүү “Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ!” гэсэн захиасанд хөтлөгдсөн билээ. Эцэст нь би та бүхэнд энэ хугацаанд миний зүрх сэтгэлд төрсөөр байсан бодол мэдрэмжийг хуваалцах гэсэн юм.
Амар тайвныг тогтоох нь Христийн адил зан чанар билээ. Заримдаа хүмүүс амар тайвныг тогтоогчдыг гэнэн, сул дорой гэж үзэх нь бий. Гэвч амар тайвныг тогтоогч байна гэдэг нь сул дорой бус, харин дэлхийнхний барагтаа ойлгохгүй арга замаар хүчтэй байхыг хэлдэг. Амар тайвныг тогтооход эр зориг, буулт хэрэгтэй ч энэ нь зарчмаа золиослохыг шаарддаггүй. Амар тайвныг хаалттай бодол санаагаар бус, нээлттэй зүрх сэтгэлээр манлайлж тогтоодог. Энэ бол нударга зангидаж бус, гараа дэлгэж бие биедээ ойртох явдал юм. Амар тайвныг тогтоох нь дөнгөж эхэлсэн, цоо шинэ зүйл биш. Есүс Христ Өөрөө үүнийг Библид бас Мормоны Номд гардаг хүмүүст зааж сургасан. Сэргээлтийн эхний өдрүүдээс авхуулаад бүр өнөөг хүртэл өнөө цагийн бошиглогчид амар тайвныг тогтоох тухай заасаар ирсэн.
Бид амар тайвныг тогтоогсод болохыг хичээснээр хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд бурханлаг үүргээ гүйцэтгэдэг. Би Есүс Христ бол амьд Бурханы Хүү, Энхийн Жонон гэсэн гэрчлэлээ Есүс Христийн нэрээр хуваалцаж байна, амен.