Зүрх сэтгэлээ Есүс Христэд нийцүүл: Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийн ариун нандин бэлэг
Хүүхдийн хэсгийн дуунууд нь Есүс Христийн шавь нарт зориулсан номлол, сэргээгдсэн сайн мэдээний үнэний тухай гэрчлэл, дуу хөгжимд шингээсэн залбирал юм.
Хүүхдийн хэсэгт үйлчилснээр миний хүлээн авсан олон адислалын нэг нь мэдэхгүй хэлээр маань ярьдаг бяцхан хүмүүсийг хайрлаж сурсан явдал юм. Ариун дуу хөгжмийн нийтлэг хэлээр дамжуулан гэгээнтнүүдтэйгээ холбогдох би дуртай. Ялангуяа Хүүхдийн хэсгийн энгийн дуунуудаар дамжуулан Ариун Сүнс хэлний саадыг арилгаж, зүрхийг минь шивнээгээрээ бялхуулсан юм. Хүүхдүүдийн дуу хоолой Бурхан, Түүний Хүү Есүс Христ хоёрын хайрыг үнэн тодоор тунхагладаг.
Би Хүүхдийн хэсэгт явж үзээгүй ч Сүнс надад дуунуудынх нь ариун нандиныг хурдан зааж, тэдгээр нь миний шүтлэг бишрэлийн нэг хэсэг болсон. Хүүхдийн хэсгийн дуунууд амьдралд маань ариунаар нөлөөлж, бодгалийг минь өргөж, мөнхийн үнэнүүдийг зааж, намайг Аврагч болон Түүний сайн мэдээнд улам ойртуулсан.
“Дууллуудыг дуулах нь сэргээгдсэн сайн мэдээний сургаалыг сурах хамгийн шилдэг аргуудын нэг юм” гэж ерөнхийлөгч Даллин Х.Өүкс заасан. Энэ үг бид бүгдэд хамаарах ч ялангуяа хүүхдүүдэд илүү хамаатай. Хүүхдийн хэсгийн дуу хөгжим нь Аврагчийн бяцхан шавь нарын зүрх сэтгэлд гэрчлэлийн үрийг суулгах Бурханы хамгийн зөөлөн арга хэрэгсэл билээ. Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ, Ариун Сүнс гурвыг таньж мэдэхээр суралцаж буй бүх хүүхдэд эцэг эх, удирдагч, багш нар нь гэрчлэлээ хуваалцаж мөн тэднийг гэрчлэхэд урих замаар тэрхүү үрийг торддог.
Үйлчлэлийнхээ сүүлийн жилүүдэд би Хүүхдийн хэсгийн дуунуудыг дуулж, тэдгээрээс суралцахдаа дараах асуултуудын талаар тунгаадаг байлаа.
-
Багадаа сурсан Хүүхдийн хэсгийн дуунууд нь хүүхдүүдэд хэрхэн амьдралынхаа турш гэрчлэлдээ ашигладаг сүнслэг хэл болж болох вэ?
-
Сайн мэдээний үнэнүүдийг дуулах нь хүүхдүүдэд гэрээнийхээ дагуу Их Эзэнийг санаж, Түүний ёслолуудад бэлтгэхэд хэрхэн тусалдаг вэ?
-
Бурханы хуулийг энэ балчир шавь нарын зүрхэнд бичихэд Хүүхдийн хэсгийн дуунууд хэрхэн тусалж болох вэ?
1878 онд Хүүхдийн хэсэг анх зохион байгуулагдахад анхны ерөнхийлөгч нь байсан Аурэлиа Спэнсэр Рожэрс “дуу дуулах хэрэгтэйг” анзаарчээ. Хүүхдүүдэд сайн мэдээг заахад дуу хөгжим голлох үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хүүхдийн хэсгийн дуунуудын энгийн, тогтооход хялбар аялгуу нь сайн мэдээний үнэнүүдийг ойлгомжтой болгодог учраас хүүхдийн анхны сүнслэг хэл болж чаддаг. Эдгээр дуу нь хүүхдүүдэд амьдралынх нь туршид хоногшин үлдэх хүчтэйгээс гадна шавь байх замналынх нь нэг хэсэг болж, Аврагчийг гэрчлэх энгийн бөгөөд хэвийн арга нь болдог.
Есүс Христийн сургаалыг дуугаар заах
Хүүхдийн хэсгийн дуунууд сургаалыг заах хүчтэй хэрэгсэл болж чаддаг. Зарим дуунд Аврагчийн амьдрал, тохинууллын тухай түүхийг өгүүлдэг. Заримд нь Түүний итгэл, найдвар, төгс хайр гэх мэт зан чанаруудыг заадаг. Хамгийн ариун нандин дуунууд нь Түүний хязгааргүй Цагаатгал, уг авралын үйлдлээс урсан гарах хайрыг гэрчилдэг юм.
Их Эзэний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “[Дуу хөгжим] нь хүүхдүүдийг том болсон хойно нь ч үргэлжлүүлэн сайн нөлөө үзүүлсээр байдаг. … [Энэ] нь сүнслэг тэжээл өгөх хүчтэй. Үүнд эдгээх хүч бий. Үүнд мөн шүтлэг бишрэлд туслах хүч оршдог бөгөөд [Аврагчийн] Цагаатгал болон сайн мэдээний Сэргээлтийг авралын зарчим, өргөмжлөлийн ёслолуудынх нь хамтаар тунгаан бодох боломжийг бидэнд олгодог. Дуу хөгжим бидэнд бодлоо залбирлаар илэрхийлж, ариун нандин үнэний талаар гэрчлэлээ хуваалцах хүчийг өгдөг” гэж заасан.
Эцэг эх, удирдагч, багш нарын хувьд бид дуу хөгжимд агуулагддаг сайн мэдээний үнэнүүдийг зорилготойгоор заах замаар эдгээр амлагдсан адислалыг олж авахад хүүхдүүддээ туслахыг хичээдэг. “Хүүхдүүд дуулж сурах үедээ сургаалыг хичээл дээр сурч байгаатай адил хэмжээнд ойлгож чаддаг” гэж ерөнхийлөгч Нэлсон заасан. Эдгээр дуу нь хүүхдүүдэд итгэлийн тухай номлолоор дүүрэн мэдлэгийг өгч, тэднийг Аврагч руу чиглүүлэн, Түүний сайн мэдээнд илүү сүсэг бишрэлтэй хандахад тусалдаг.
Зөв шударгыг үйлдэгчдийн зүрх сэтгэлийн дуунд Аврагч баясдаг хэмээн сударт заадаг. Аврагчийн хамгийн балчир шавь нарын дуу хоолой ямар их баяслыг авчрах бол гэж би гайхдаг. Тэдний залбирал бүхий дуу итгэлийн илрэл болон тэнгэрт хүрч, Ариун Сүнсийг мөнхийн үнэнийг батлахад урьж, бусдыг Аврагчаа дагаж, гэртээ ир гэсэн дуудлагыг хүлээн авахад эелдэг зөөлнөөр урьдаг гэдгийг би мэднэ. Ахлагч Хэнри Б.Айрингийн бидэнд сануулснаар, Сүнсийг мэдэрдэг тэр мөчүүд бол Аврагчийн Цагаатгал амьдралд маань биеллээ олж байгаагийн нотолгоо юм.
Үнэнийг зүрхэнд хоногшуулах
Хүүхдийн хэсгийн дуу хөгжим хүүхдүүдийн маань шавь байх насан туршийн аянд гайхамшиг дагуулж чадна. Зургаан настайдаа сурсан дуу бидэнд хоногшин үлдэх хүчтэй ба олон жилийн дараа ч шийдвэр гаргах, соригдох, гашуудах, баярлах үед эргэн бодогдох увдистай. Өнөө үед “Би Бурханы зааснаар амьдарна” дууны үг магадгүй Бурханы бидэнд өгсөн амлалт баттай гэсэн төлөөлөгч Паулын гэрчлэлийг цуурайтуулах сүнслэг зангуу болдог байх. Эсвэл Бурхан амлалтаа сахидаг учраас Түүний гэрээнүүд хүчтэй тайвшрал, хоргодох газрыг санал болгодог төдийгүй Есүс Христ болон цагаатгагч хүчинд нь найдаж, тууштай итгэхэд урьдаг гэдгийг бидэнд сануулдаг байж болох юм.
Дэлхий даяарх насанд хүрсэн гишүүд хүнд хэцүү үе тулгарахад ихэвчлэн хүүхэд ахуйдаа сурсан Хүүхдийн хэсгийн дуунуудаа санадаг. Олон хүний хувьд эдгээр дуу Есүс Христэд итгэх итгэлийнх нь анхны суурийг тавьж, сайн мэдээний хөрвөлт нь тэндээс эхэлсэн байдаг. Эцэг эх, удирдагч, багш нар олон жилийн турш хүүхдүүдэд анхааралтай зааж, дуулж, гэрчилснээр тэрхүү итгэлийг тордсон юм.
Нэг эгч надад Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийг нандигнадаг тухайгаа, 20 жилийн дараа ч энэ дуунууд Есүс Христийн сайн мэдээнд үргэлжлүүлэн хөрвөхөд нь тусалсаар байгаа талаар гэрчлэлээ хуваалцаж билээ. Өөр нэгэн гишүүн бага байхдаа Хүүхдийн хэсэгт гичийн үр шиг итгэлийг суулгасан нь 30 гаран настайдаа Их Эзэний Сүмд эргэн ирэх шалтгаан нь болсон гэж гэрчилсэн. “Туслагч … та нарт бүгдийг заах бөгөөд … бүгдийг сануулах болно” гэж Аврагч амласан. Энэхүү амлалт биелэгдэх нэг арга зам нь Хүүхдийн хэсгийн дуу хөгжим байж болно.
Хүүхдийн хэсгийн бас нэгэн сайхан дуунд энгийн итгэл, бат бөх гэрчлэлээс ирдэг хүчний талаар өгүүлдэг.
Хүүхдүүд дуулахдаа шавь байх хүслээ илэрхийлж, гэрээний дагуу амьдрах загварт суралцаж байдаг. Сүнс дуу хөгжмийг ашиглан тэдний энхрийхэн зүрх сэтгэлд мөнхийн үнэнүүдийг сийлдэг. Цаг нь болоход хүүхдүүд Түүнтэй ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахих замаар зүрх сэтгэл, амьдралаа Есүс Христэд нийцүүлэн, Түүнд хандахыг сонгож чадна.
Гэрээнүүдээ санаж, ёслолуудад бэлтгэх
Ариун нандин дуу хөгжим нь Христийн сургаалыг бодгальдаа шингээхэд тусалж, Түүний ёслолуудыг хүлээн авахад биднийг бэлтгэж чадна. Энэ нь Аврагчийн сургаалыг бидний ой санамжтай, уг ой санамжийг Түүний шавь байх замналтай холбож өгдөг.
Хүүхдийн хэсгийн удирдагчдын хувьд бид Хүүхдийн хэсэгт дуу хөгжмийг Сүнсээр, баяр баясалтайгаар, сургаалыг ойлгуулах замаар зааж байгааг баталгаажуулах боломжтойгоос гадна ийм ариун үүрэгтэй. Үүнд хүүхдүүдийг дуу дуулж байхдаа юу мэдэрч байгаагаа анзаарахад урих, тэдгээр мэдрэмж нь Ариун Сүнснээс ирдэг гэдгийг таньж мэдэхэд туслах багтдаг. Ийм хичээл зүтгэл хүүхдүүдийг маань баптисм, гишүүний баталгаа зэрэг ариун нандин ёслолуудад бэлтгэхээс гадна тэднийг Бурханд өгсөн амлалтаа тогтмол шинэчлэх үедээ гэрээгээ санахад урамшуулдаг.
Сүүлчийн зоог дээр Аврагчийг ариун ёслолыг танилцуулж дуусахад “магтуу дуулсныхаа дараа тэд Чидун уул өөд явцгаав” гэж Матай цэдэглэсэн байдаг. Их Эзэний сэргээгдсэн Сүмд баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан 8 настай хүүхдүүдийг оролцуулаад бүх гишүүн долоо хоног бүр Их Эзэний ариун ёслолоос хүртэхээр бэлтгэдэг. Ариун нандин дуунуудыг дуулснаар Бурханы хүүхдүүд өөрсөд дээрээ Түүний нэрийг авч, үргэлж Түүнийг санаж, зарлигуудыг нь сахих ариун нандин ёслолд зүрх сэтгэлээ бэлтгэх боломжийг олж авдаг.
Сүүлийн гэрчлэл
Хүндэт найзууд аа, Хүүхдийн хэсгийн дуунууд биднийг Есүс Христ рүү, Түүний сайн мэдээ рүү хөтлөх мөнхийн үнэнүүд болон сургаалыг заадаг гэдгийг би гэрчилж байна. Би та нарыг эдгээр дуунд агуулагддаг энгийн сургаалууд зүрх сэтгэлд тань ямар суурь үнэнийг сийлснийг тунгаан бодож, дуугаар дамжуулан сайн мэдээний сайхан мэдээг заахдаа тэдгээр үнэнийг Аврагчийн балчир шавь нарт гэрчлээсэй гэж урьж байна.
Бурхан Эцэг хязгааргүй хайрандаа Хайрт Хүүгээ дэлхий рүү илгээсэн шалтгаан нь бидэнд зааж, замыг үзүүлж, Түүний Цагаатгалаар биднийг гэтэлгэх явдал байсан юм.
Би Аврагчийн амьдрал, тохинуулал бодит бөгөөд хувьд хүнд зориулсан гэдгийг мэднэ. Судруудад Түүний эдгээлт, нинжин сэтгэл, үйлдсэн гайхамшгуудын талаарх түүхүүд дүүрэн байдаг.
Тэнгэрлэг Эцэг хүүхдүүд нь хэдэн настай, ямар нөхцөлд байгаа, ямар хэлээр ярьдаг гэдгээс үл харгалзан тэдний чин сэтгэлийн залбирлыг сонсож, хариулдгийг би мэднэ. Тэр бидний зүрх сэтгэлийн чимээгүй гуйлтуудыг сонсдог.
Гетсеманид Есүс Христ бидний нүгэл, харуусал, зовлонгийн ачааг үүрсэн гэдгийг би гэрчилж байна. Тэр биднийг хайрладаг учраас Өөрийн хүслээр зовж шаналсан, тиймээс бид өршөөгдөж, гэртээ эргэн очих боломжтой болсон.
Бид Түүний дүр төрхөөр бүтээгдэж, тэнгэрлэг чадавхаар адислагдсан, Есүс Христийг дагахыг сонговол Түүнтэй хамт амьдрахын тулд эргэн очихоор уригдсан Бурханы жинхэнэ хүүхдүүд гэдгийг би мэднэ.
Есүс Христ бол бидний төгс үлгэр жишээ ба бид бусдадаа үйлчилж, уучилж, хайрласнаар өдөр өдрөөр Түүнтэй илүү адилхан болдог гэдгийг би мэднэ.
Их Эзэний ариун сүмүүд газар дэлхий дээрх Түүний өргөө гэдгийг би мэднэ. Тэдгээрт бид ариун нандин гэрээнүүдийг байгуулж, мөнхийн адислалуудыг хүлээн авч, Түүний талаар илүү ихийг суралцаж, Түүний оршихуйг илүүтэй мэдэрдэг. Ариун сүм бол суралцах, амьдралдаа бэлтгэх, амар амгалангийн газар юм.
Хүүхдүүддээ Хүүхдийн хэсгийн дууг зааж, дуулахын төлөө гаргадаг хүчин чармайлт маань манай шашны зүгээр нэг сайхан уламжлал биш гэдгийг би гэрчилж байна. Тэдгээр нь Есүс Христийн шавь нарт зориулсан номлол, сэргээгдсэн сайн мэдээний үнэний тухай гэрчлэл, дуу хөгжимд шингээсэн залбирал юм. Ариун нандин дуу хөгжим нь сонсож буй хүний дээр Христийн гэрлийг гийгүүлж, дуулж буй хүний зүрх сэтгэл рүү үүнийг юүлж чадна. Хүндэт найзууд аа, Есүс биднээс нарны туяа шиг байгаасай гэж хүсдэг хэвээрээ. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.