“Ерөнхийлөгч Нэлсоныг санагтун,” Лиахона, 2025 оны 11-р сар.
Сүмийн мэдээ
Ерөнхийлөгч Нэлсоныг дурсан санах нь
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны гэр бүлийнхэн, найз нөхөд, удирдагчид Сүмийн 17 дахь ерөнхийлөгчийг хайр, үйлчлэл, Есүс Христэд үнэнч байсных нь төлөө хүндэтгэл үзүүлэв.
Ерөнхий чуулганаас хойш хоёр хоногийн дараа Сүмийн удирдагчид, гэр бүлийн гишүүд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг хайраар дүүрэн эцэг, нөхөр, дотны найз, Их Эзэн Есүс Христийн үнэнч шавь, Бурханы сүнслэгээр өдөөгдсөн бошиглогч хэмээн магтан дурсав.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс 2025 оны 10-р сарын 7-нд Чуулганы төвд ерөнхийлөгч Нэлсоны оршуулах ёслолын үеэр ерөнхийлөгч Нэлсоны амьдрал “Их Эзэн Есүс Христийн үйлчлэгч бөгөөд бошиглогч хэмээх баттай гэрчлэлээ гэрчилсэн” хэмээн хэлжээ. Ерөнхийлөгч Өүкс 2025 оны 9-р сарын 27-нд гэртээ амар тайван таалал төгссөн ерөнхийлөгч Нэлсоныг “миний хамгийн сайн найз, хамгийн үр бүтээлтэй багш” хэмээн нэрлэв.
Ерөнхийлөгч Өүкс ерөнхийлөгч Нэлсоныг “Израилын хамгийн хүчирхэг номлогчдын нэг” хэмээн нэрлэжээ. Тэрээр “Түүний инээмсэглэл, халуун дотно дуу хоолой, хүчирхэг оршихуй нь [улс үндэстнүүд болон шашны удирдагчдын] зүрх сэтгэлийг хайлуулдаг байв” гэж дурсав.
Ерөнхийлөгч Өүкс болон өөр таван хүн ерөнхийлөгч Нэлсоныг Их Эзэн Есүс Христэд болон дэлхий даяарх Бурханы хүүхдүүдэд өгсөн хайр, үйлчлэлийнх нь төлөө хүндэтгэн дурсаж, үг хэллээ.
Гэрлэснээсээ хойш 19 жилийн туршид ерөнхийлөгч Нэлсоныг халамжилж, дэмжиж байсанд Вэнди Нэлсон эгчид тэрээр бусад үг хэлсэн хүнтэй хамт талархал илэрхийлэв. Тэрээр мөн ерөнхийлөгч Нэлсоны талийгаач эхнэр Данцэл Вайт Нэлсон, тэдний 10 хүүхдэд “түүний номлол хийгээд амьдралын зорилгод” итгэлтэй байсных нь төлөө талархлаа илэрхийлэв.
Тэргүүн зөвлөлд ерөнхийлөгч Өүкс, ерөнхийлөгч Нэлсон нартай хамт үйлчилж байсан ахлагч Хэнри Б.Айринг ерөнхийлөгч Нэлсоны бошиглолын дуудлага, бусдыг адислах чадвар, хүслийнх нь талаар гэрчилжээ.
Ахлагч Айринг хэлэхдээ: “Би 2018 оны 1-р сараас эхлэн Тэргүүн зөвлөлд түүнтэй хамт үйлчлэхдээ Их Эзэн бошиглогчдоо сүнслэгээр нөлөөлдөг гэдгийн хувийн гэрч болсон юм.” “Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг мэддэг байсандаа талархалтай байна.”
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон нар үг хэлэхдээ Сүмийн доторх болон гаднах хүмүүст үзүүлдэг хувиршгүй нинжин сэтгэлийнх нь төлөө ерөнхийлөгч Нэлсоныг магтан дурсав.
“Тэр хүмүүсийг, хүмүүсийн түүнийг хайрлаж байгааг харах боломж хамгийн сайхан дурсамжийг үлдээжээ” хэмээн ахлагч Холланд хэлэв. Тэрээр ерөнхийлөгч Нэлсоныг “дотны дэмжигч, зүрх сэтгэл анагаагч” хэмээн дурссан юм.
Ерөнхийлөгч Жонсон “Ерөнхийлөгч Нэлсон дэлхийг өөрчлөхдөө нэг удаадаа нэг хүнийг, нэг харилцан үйлчлэлийг өөрчилсөн бөгөөд гэрээт эрэгтэй, эмэгтэй хүний хувьд Бурханы хүчийг ашигласнаар мөн адил зүйлийг хийхэд биднийг урьсан юм” гэж нэмж хэлэв.
Ерөнхийлөгч Нэлсоны хүүхдүүд болох Лори Н.Марш, Бага Рассэлл М.Нэлсон нар аав нь амьдралаа Аврагч Есүс Христэд төвлөрүүлж, бусдад үйлчлэхийг эн тэргүүнд тавьдаг байсан учраас баяр хөөртэй амьдардаг байсан хэмээн ярьжээ.
“Бид Аврагчид төвлөрсөн, баяр хөөрөөр дүүрэн гэр бүлд өсөж торнисон. Гэр бүлийн зорилго бол мөнхийн гэр бүл болох явдал” гэж Марш эгч ярилаа.
Аав нь эцэж цуцахаа үл мэдэн үйлчилдэг байсан тухай Нэлсон ах нэмж хэлэв. “Ерөнхийлөгч Нэлсон түүний сэргээлтийн хувилбарт ‘амралт’ гэж байхгүй гэдгийг бидэнд өөрийн биеэр харуулсан.” Аав нь Сүмийг удирдахаар дуудагдахдаа насан эцэстлээ Эцэг, Хүү хоёрт үйлчлэхээ амласан гэж тэр ярилаа. “Тэр үнэхээр энэ амлалтаа биелүүлсэн.”
Ерөнхийлөгч Нэлсоны охид Маржори Н.Лөүдэр, Глориа Н.Ирион нар оршуулах ёслол дээр залбирал хийжээ. Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучид дуу дуулав.
10-р сарын 1-нд ерөнхийлөгч Нэлсоны оршуулга дээр түүний дурсгалд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд ёслолыг Ариун сүмийн талбай дахь Табэрнэклээс шууд нэвтрүүлгээр дамжуулсан. Ерөнхийлөгч Өүкс, ахлагч Холланд, ахлагч Айринг, Тэргүүлэх бишоп Жэралд Коссэй, Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Карл Б.Күк, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Сюзан Х.Портэр нар хүндэтгэл үзүүлж, ерөнхийлөгч Нэлсонтой үйлчилж байсан хувийн туршлага, түүний үлгэр жишээ амьдрал, Христийнхтэй адил үйлчлэл, сүнслэгээр өдөөгдсөн сургаалуудын талаарх бодол мэдрэмжээ хуваалцжээ.
Ерөнхийлөгч Өүкс хүндэтгэл үзүүлэхдээ ерөнхийлөгч Нэлсоныг “хайрын сайн мэдээг номлосон” “хайрын бошиглогч” хэмээн нэрлэв.
Ерөнхийлөгч Нэлсоны амьдрал, тохинууллын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл 2025 оны 11-р сарын Сүмийн сэтгүүлүүдийн хавсралт болгон хэвлэгдсэн In Memoriam: President Russell M. Nelson, 1924–2025-аас үзнэ үү.