2025
Нигүүлслээ бүү умартагтун
2025 оны 11-р сар


10:43

Нигүүлслээ бүү умартагтун

Та хүмүүний төгс бус байдлаасаа үл хамааран тэнгэрлэг тусламж, эдгэрлийг шууд хүлээн авах боломжтой.

Нэгэн сургуулийн багш халим хэдий том ч жижиг хоолойтой учраас хүн залгих боломжгүй гэж зааж байв. Гэтэл нэг охин, “Гэхдээ Ионаг халим залгисан шүү дээ” гэж эсэргүүцэв. Багш хариуд нь “Тэгэх боломжгүй” гэв. Нөгөө охин огт итгэхгүй хэвээрээ “Тэгвэл би тэнгэрт очихоороо түүнээс асууна аа” гэж хэлэв. Багш түүнийг шоолонгуй инээгээд, “Хэрэв Иона нүгэлтэй байгаад тэнгэрт очоогүй бол яана?” гэхэд “Тийм бол та түүнээс асууж болох юм байна” гэж охин хариулжээ.

Бид хэдий инээлдэж байгаа ч “баяр баясгаланг даруухнаар эрэлхийлэгч” хүн бүрд, ялангуяа сорилт бэрхшээлтэй тулгарч буй хүмүүст Ионагийн түүхийн санал болгодог тэрхүү хүч чадлыг харахгүй өнгөрч болохгүй.

Бурхан Ионад “Ниневе уруу очиж” наманчлалыг тунхаглахыг зарлигласан. Гэвч Ниневе нь эртний Израилын заналт дайсан байсан тул Иона эсрэг зүгт Таршиш руу завиар яаран хөдлөв. Түүнийг дуудлагаасаа зугтан холдож явахад усан онгоцыг сүйрүүлэх хүчтэй шуурга дэгджээ. Өөрийнх нь дуулгаваргүй байдлаас үүдэн ийм зүйл тохиолдож байгааг ойлгосон Иона санаачилгаараа усан онгоцноос далай руу хаягдахаар болов. Ингэснээр догширч байсан тэнгис намжиж, хамт байсан хүмүүс нь аврагджээ.

Гайхамшигтай нь, Иона үхлээс зугтсан ч түүнийг залгиулахаар “аварга загасыг” Их Эзэн “бэлдсэн” байв. Ионаг итгэмээргүй харанхуй, өмхий орчинд гурван өдөр болсны дараа хуурай газарт бөөлжин гаргав. Тэрээр тийн Ниневе рүү явах дуудлагаа хүлээн зөвшөөрчээ. Тус хотынхныг наманчилж, сүйрлээс амь хэлтрэх үед Ионад дайснуудад нь нигүүлсэл үзүүлсэнд дургүйцэл нь төрөв. Бурхан бүх хүүхдээ хайрлаж, аврахыг эрэлхийлдэг гэдгээ Ионад тэвчээртэй зааж сургав.

Үүрэг даалгавраа гүйцэтгэхдээ нэг бус удаа алдаа гаргасан Иона мөнх бус амьдралд “бүгд унасан” гэсэн тодорхой гэрчлэлээ үлдээжээ. Бид Уналтын талаар нэг их гэрчлээд байдаггүй. Гэхдээ яагаад бидний хүн нэг бүр ёс суртахуун, бие махбод, нөхцөл байдалдаа саад бэрхшээлтэй учирсаар байдгийг сургаалаар ойлгож, сүнслэг гэрчлэлтэй байх нь агуу адислал юм. Энэ дэлхий дээр хогийн ургамал ч ургана, бат бөх яс ч хугарна, мөн бүгд “нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй.” Гэвч Адам, Ева хоёрын сонголтын үр дүн болох бидний энэхүү мөнх бус байдал “[бид] баясгалантай байж болохын тул” гэсэн оршихуйн учир шалтгаанд маань зайлшгүй хэрэгтэй юм. Бидний анхны эцэг эхийн мэдэж авснаар бид унасан дэлхийн гашуун зовлонг амсаж, өвдөлт мэдэрч байж л жинхэнэ аз жаргалыг ойлгож, эдэлж чадна.

Уналтын талаарх гэрчлэл нь нүглийг хүлцдэггүй бөгөөд хичээнгүй байдал, ариун журам, хариуцлагатай байхыг үргэлж шаарддаг амьдралдаа үүрсэн үүрэг хариуцлагадаа хайнга хандахыг зөвшөөрдөггүй. Харин энэ нь аливаа зүйл бүтэхгүй үед эсвэл хэн нэгэн гэр бүлийн гишүүн, найз эсвэл удирдагч ёс суртахууны асуудал гаргахад бидний бухимдлыг багасгаж өгдөг. Ихэнхдээ иймэрхүү зүйлс биднийг итгэлийг маань үгүй хийдэг сөрөг шүүмжлэл, дургүйцэлд автахад хүргэдэг. Гэвч Уналтын талаарх баттай гэрчлэл нь Ионагийн дүрсэлснээр Бурханы нэгэн адил “өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам” болоход маань тусална.

Ионагийн түүх Уналтын үр нөлөөг харуулахаас гадна биднийг тэдгээр нөлөөнөөс гаргаж чадах Түүн рүү хүчирхгээр чиглүүлдэг. Хамт усан онгоцоор явж байсан хүмүүсээ аврахын тулд Иона өөрийгөө золиосолсон нь үнэндээ Христийнхтэй адил юм. Есүсээс Өөрийнхөө бурханлаг мөн чанарыг нотолсон гайхамшигт тэмдэг үзүүлэхийг гурвантаа шаардахад Тэрээр “Ионагийн тэмдгээс өөр тэмдэг өгөгдөхгүй” хэмээн хүчирхэг байдлаар хариулаад, Иона “аварга загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно” хэмээн тунхагласан. Ионаг Аврагчийн амиа өгсөн золиос, алдар суут амилалтын бэлгэдэл болгоход тохирохгүй байж болох юм. Гэхдээ энэ нь халимны гэдсэнд байхдаа өргөсөн Есүс Христийн талаарх хувийн гэрчлэл, амлалтыг үнэхээр сэтгэл хөдөлгөм бөгөөд сүнслэг болгодог.

Ионагийн гуйлт нь өөрөөсөө болж асуудалд орсон сайн хүний залбирал юм. Гэгээнтэн хүний хувьд хэчнээн олон удаа сайн санаанаас хандаж, зөв шударгын төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн байсан ч харамсмаар дадал зуршил, үг хэллэг, шийдвэрийн улмаас гай зовлон тохиоход цохилтод орж, орхигдсон мэт санагдаж болно. Гэхдээ бидэнд тохиолдсон гай зовлонгийн учир шалтгаан, хэр хэмжээ ямар ч байсан итгэл, эдгэрэл, аз жаргалын хуурай газар үргэлж байдаг. Ионаг сонсоорой.

“Зовлон шаналангийн дундаас Эзэнийг дуудахад … үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад …

Та намайг гүн уруу, далайн зүрхэнд хаясанд …

[мөн] би мэлмийнээс тань зайлуулагдсан ч ариун сүмийг тань дахин үзнэ.

Ус намайг аминд хүртэл хүрээлж, оёоргүй гүн намайг нөмөрч, толгойг минь замаг

уулсын уг уруу ороов. Гэсэн ч … амийг минь Та нүхнээс гаргалаа.

Ухаан балартах үедээ Эзэнийг би санав. Залбирал минь Танд, ариун сүмд тань хүрлээ.

Хоосон шүтээнүүдийг хүндэтгэгчид итгэмжит байдлаа умартдаг бол

талархлын дуугаар Танд тахил өргөнө, би. Тангараг юугаа биелүүлнэ, би. Аврал Эзэнээс ирдэг!”

Олон жилийн өмнө тохиолдсон ч хувь хүний там гэгчийн гүнд байхдаа би энэ судрыг олж мэдэх үедээ яг хаана сууж байсан, яг юу мэдэрч байснаа та нарт хэлж чадна. Тэр үед миний мэдэрсэнтэй адил орхигдсон, гүн усанд живсэн, далайн замаг толгойг нь ороож, далайн уулс эргэн тойронд нь нурж байгаа мэт мэдрэмжийг одоо мэдэрч буй бүх хүнээс би Ионагийн хэлсэнчлэн нигүүлслээ бүү умартагтун гэж гуйж байна. Та хүмүүний төгс бус байдлаасаа үл хамааран тэнгэрлэг тусламж, эдгэрлийг шууд хүлээн авах боломжтой. Энэ гайхамшигтай нигүүлсэл Есүс Христ дотор мөн Түүгээр дамжин ирдэг. Тэрээр таныг төгс мэддэг, төгс хайрладаг учраас нигүүлслээ “таных” хэмээн санал болгодог буюу энэ нь яг танд тохирсон, таны зовлон шаналлыг багасгаж, тодорхой өвчнийг тань эдгээхэд зориулагдсан гэсэн утгатай. Тиймээс тэнгэрийн төлөө мөн өөрийнхөө төлөө нигүүлслээс бүү татгалзаарай. Нигүүлслийг хүлээн ав. Үүний тулд эхлээд сүнслэг үүрэг хариуцлагаасаа зугтааснаар тайтгарал олж чадна гэж бодоход таныг уруу татдаг тэр дайсны “хоосон шүтээнүүдийг” сонсохоос татгалзагтун. Харин наманчлагч Ионагийн үлгэр жишээг дагагтун. Бурханд хандан залбирч гуй. Ариун сүмд оч. Гэрээнүүдээ сахь. Золиос гарган, Их Эзэнд, Түүний Сүмд мөн бусдад талархалтайгаар үйлчил.

Эдгээр зүйлийг хийх нь Бурханы онцгой гэрээний хайрын танд зориулсан ойлголт буюу еврей Библид дурдсан hesed“-ийг танд авчирна. Та Бурханы үнэнч, цуцашгүй, шавхагдашгүй хүчийг мөн таныг ямар ч нүгэл, бүтэлгүйтлээс “ангижрах… хүчтэй … болгох” “эрхэм нигүүлслийг” харж, мэдрэх болно. Эхэндээ зуурдын бөгөөд асар их шаналал тэр ойлголтыг бүрхэг болгож магад. Гэвч та үргэлжлүүлэн ““амласнаа биелүүл[снээр]”” тэрхүү ойлголт бодгальд тань улам илүү тод гийх болно. Тэгээд та уг ойлголтоор зөвхөн итгэл найдвар, эдгэрэл төдийгүй зовлон бэрхшээлтэй байхдаа ч баяр хөөрийг олох болно. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Амьдралаа Бурханы авралын төлөвлөгөөнд … Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран бид баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг” хэмээн тод томруун заасан.

Бидэнд Ионад тохиолдсонтой адил ноцтой гай зовлон эсвэл бидний төгс бус дэлхийн өдөр тутмын сорилт бэрхшээл тулгарч байгаагаас үл хамааран нигүүлслээ бүү умартагтун гэсэн ижил урилгыг өгч байна. Ионагийн тэмдэг болох амьд Христ рүү харагтун. Тэр таны төлөө гурван өдрийн дараа бүхнийг ялан дийлж, булшнаасаа өндийн боссон юм. Түүнд ханд. Түүнд итгэ. Түүнд үйлчил. Инээмсэглэ. Уналтаас бүрэн гүйцэд, жаргалтай эдгээх тэрхүү эдгэрлийг бид бүгд даруухнаар эрэлхийлдэг бөгөөд бид бүгдэд нэн яаралтай хэрэгтэй. Энэ эдгэрэл Түүний дотор зөвхөн Түүнд байдаг. Би үүнийг үнэн гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн ариун нандин нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Aлма 27:18 Ионагийн ном нийтдээ ердөө 48 шүлэгтэй ч сургаалын хэд хэдэн үнэнийг болон сүнслэг сургамжийг нэг дор харуулсан сонгодог яруу найргийн бүтээл юм. Ellis T.Rasmussen, A Latter-Day Saint Commentary on the Old Testament (1993), 653–57; D. Kelly Ogden and Andrew C. Skinner, Verse by Verse: The Old Testament—Vol.2: 1 Kings Through Malachi (2013), 133–138-ыг үзнэ үү. Огдэн, Скиннэр нар Ионагийн ном дахь наманчлалын сургаалын хүчний ачаар үүнийг “еврей хүмүүст зориулсан жилийн хамгийн ариун өдөр болох Цагаатгалын өдөр буюу Ём киппураар синагогт наманчлал, өршөөл дээр төвлөрч уншдаг” гэдгийг анзаарчээ.

  2. See Ogden and Skinner, Verse by Verse: The Old Testament, 134.

  3. Иона 1–4-ийг үзнэ үү.

  4. Aлма 34:9

  5. Ром 3:23

  6. 2 Нифай 2:17–25-ыг үзнэ үү.

  7. Иона 4:2

  8. Лук 11:29-30; мөн Mатай 12:39-41; 16:1–4-ийг үзнэ үү.

  9. Иона 2 бол Ионагийн загасны гэдсэн дотроос залбирсан залбирлыг ихэнхдээ дүрсэлдэг хожмын гэрчлэл, талархлын дуулал юм.

  10. Үүгээрээ Иона Иов гэх мэт хүмүүсээс ялгаатай байдаг бөгөөд түүнд учирсан зовлон шаналлын хувьд гэнэн цайлган мэт харагддаг. Тэр хоёрын түүхүүд нь зовлон бэрхшээлийн үе дэх итгэл, гуйвшгүй байдлын тухай боловч Ионагийн түүх өөрийн хийсэн зүйлс нь зовлон шаналал, бухимдлын эх үүсвэр нь байдаг гэж боддог хүмүүст илүү хамаатай байж болох юм.

  11. Иосеф Смит Мартин Харрисыг чин сэтгэлээсээ ойлгож, талархсан учраас Мормоны Номын эрхэм үнэт эхний 116 хуудсыг хуваалцсан боловч тэдгээр нь алдагдсан явдал Иосефыг “Бүгд алдагдсан” гэж уйлахад хүргэсэн нь гарцаагүй (Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 [2018], 43-53-ыг үзнэ үү).

  12. Иона 2:2–9; тодотгол нэмсэн.

  13. 1 Нифай 1:20; Рассэлл М.Нэлсон, “Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 11-р сар, 6, 10. Иона 2 дээрх нигүүлсэл гэдгийн анхны еврей үг нь hesed бөгөөд үүнийг ерөнхийлөгч Нэлсон Бурхантай ариун нандин гэрээнд орсон хүмүүст үзүүлдэг “онцгой хайр, нигүүлсэл” бөгөөд энэ нигүүлсэл нь үнэнч, цуцашгүй, шавхагдашгүй юм гэж тайлбарлажээ.

  14. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72.