Бүгдээрээ сэнхэрсэн байж болохын тулд
Бид Есүс Христэд төвлөрч, Түүний сургаалыг зааж, хичээнгүйлэн суралцсанаар Түүнд итгэх итгэлийг маань гүнзгийрүүлж мөн Түүнтэй илүү адилхан болоход туслах Ариун Сүнсийг урьдаг.
Их сургуулийн амаргүй хичээлдээ түүртсэн нэгэн залуухан оюутан өөртөө туслуулахаар хувийн багш хөлслөн авсан тухай нэг түүх байдаг. Хичээл дуусахын алдад профессор нь оюутнууддаа төгсөлтийн шалгалтад ирэхдээ хүссэн зүйлээ багтааж болох нэг хуудас цаас авчирч болно гэж хэлжээ. Зарим оюутан цаасан дээрээ хичээлийн лекц, сурах бичгээс тэмдэглэж авсан мэдээллээ зөвхөн томруулдаг шилээр харж болохуйц жижгээр бичээд ирсэн байлаа. Харин мөнөөх залуу төгсөлтийн шалгалтад нэг хоосон цаастай бас нэг танихгүй хүнтэй хамт ирсэн байв. Профессорыг түүнээс асуухад залуу: “Та дээр нь юу ч хамаагүй багтаасан нэг хуудас цаастай ирж болно гэсэн шүү дээ” гээд, цаасаа ширээний хажууд газарт тавин, “Би хувийн багшаа цаасан дээрээ зогсоомоор байна” гэж хэлсэн гэдэг.
Ариун Сүнс
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид Бурхан тэргүүтний нэгэн гишүүнтэй нөхөрлөхөөр адислагдаж, энэхүү төгс хувийн багшаар туслуулах боломжтой байдаг. Ариун Сүнс бүх зүйлийг мэддэг, үнэнийг гэрчилдэг ба “бүгдийг [бидэнд] сануулах” болно. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Их Эзэний дуу хоолойг сонсохын ач холбогдлын талаар байнга ярьдаг байсан. Тэр бидэнд Ариун Сүнсний удирдамжийг хэрхэн урихыг зааж, илчлэлт хүлээн авах сүнслэг чадавхаа нэмэгдүүлэхийг биднээс дахин дахин гуйсан.
Өнөөдөр би та бүхнийг Ариун Сүнсний, тэр дундаа гэр орон болон сүм дээр сайн мэдээг суралцах мөн заахад гүйцэтгэдэг Түүний үүргийн талаар бодож үзэхийг урьж байна. Бид Ариун Сүнсний нандин бэлэгт зохистой амьдрахыг хичээх үед болон итгэлээр залбирах үед өгөгддөг. Аврагчийн арга барилаар заах нь хэмээх сүнслэгээр нөлөөлөгдсөн Сүмийн гарын авлагад Ариун Сүнсний нөлөөг урихад туслах Их Эзэний тогтоосон нэмэлт зарчмуудыг тоймлосон байдаг.
Хичээнгүйлэн суралцахад урь
Тэдгээр зарчмын нэг нь хичээнгүйлэн суралцахад урих юм. Өмнө нь бид заах гэдгийг эцэг эх эсвэл багш нар заах хувийн бэлтгэлдээ Сүнсийг урих, дараа нь сонсох үүрэг бүхий хүүхдүүд, ангийн гишүүдтэй сурсан зүйлсээ хуваалцах боломж гэж боддог байсан байж магадгүй. Гэвч суралцагчдын хувьд бид мөн адил бэлтгэлтэй ирснээр, харин багш нарын хувьд бидний зүрх сэтгэл, оюун бодолд хувийн илчлэлт шууд ирэхэд туслах нөхцөлийг бүрдүүлснээр илүү их үр дүн гардаг. Дараа нь бидэнд судалж байхдаа болон Ариун Сүнснээс суралцсан зүйлсээ хуваалцах боломж олдох үед бид нэг нэгэндээ замаа олж, сэнхрэхэд нь тусалдаг. Биднийг сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэх үед Сүнс тэдгээрийн үнэнийг дахин гэрчилдэг.
Бүх зүйл дээр Есүс Христ бидэнд төгс жишээ болдог. Тэр бидний хүн нэг бүрд хичээнгүй суралцагч байх мөн гэрчлэлээ хамгаалах урилгыг өгсөн. Тэр шавь нараа суралцахад бэлтгэх, сурч буй зүйлсээ хуваалцах, итгэлээр үйлдэх зэрэгт урьсан. Тэр тэдний төлөө залбирч, бурханлаг чадавхыг нь харж, тэднийг сонсохоос гадна хайрлагдсан, хэрэгтэй гэдгээ мэдэхэд нь тусалсан.
Багш нарын хувьд бид суралцагчдыг ахиц дэвшил гаргахад нь болон хэрэгцээг нь хангахад мөн насан туршийн шавь болоход шаардагдах сүнслэг дадлуудыг хөгжүүлэхэд нь туслах тал дээр илүү их анхаарч чадна. Суралцагчдын хувьд бид суралцах явцдаа сонгох эрхээ ашигласнаар заалгахад бэлэн байгаагаа Ариун Сүнсэнд мэдэгддэг.
Намайг илүү сайн суралцагч болоход урьсан нэг багшдаа би талархаж явдаг юм. Коллежид сурч эхлэх үедээ би сургуулийг спортоор хичээллэхийг зөвшөөрүүлэхийн тулд л тэсвэрлэх ёстой зүйл гэж андуурч боддог байлаа. Нэг өдөр миний бичсэн эсээг уншсаныхаа дараа манай профессор намайг задлан шинжлэх сэтгэлгээ сайтай юм гэж хэлж билээ. Тэр нь юу гэсэн үг болохыг би ойлгоогүй. Тэр намайг илүү их төвлөрч суралцвал илүү сайн оюутан болж чадна гэсэн. Би өөрийгөө сурлагадаа ахиц гаргаж чадна гэж огт бодож байгаагүй. Тэр надад анхаарч, намайг зоригжуулж, урьснаар миний боловсролын замналыг өөрчилж, амьдралыг минь ихээр адисалсан билээ.
Сургаалыг заа
Ариун Сүнсийг урихтай холбоотой бас нэг зарчим бол үнэн сургаалыг заах явдал юм. Энэ нь бидний судалдаг сайн мэдээ, бидэнд ирдэг зааварчилгаа Бурханы үгэнд суурилдаг бөгөөд бид Их Эзэний илчлээгүй зүйлсийн талаар шуугьж, таамаг дэвшүүлдэггүй гэсэн үг юм. Харин бид үнэнийг Сүнс гэрчилдэг сайн мэдээний мөнхийн хийгээд нэн чухал зарчмууд дээр төвлөрдөг. Дээрээс нь бид Аврагчийн жишээг дагадаг. Аврагч бидэнд “Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх” хэмээн заасан.
Үнэн сургаалыг судрууд болон өнөө цагийн бошиглогчдын сургаалаас олж авдаг. Судруудыг хувиараа болон гэр бүлээрээ судал, сүмд долоо хоног бүр оч, сайн мэдээнээс суралц гэсэн Их Эзэний уриалга нь Түүний сургаалаас суралцах, дуу хоолойг нь сонсох ер бусын нөхцөл боломжоор хангадаг. Бид бошиглогчдын заадаг түүх, зарчмуудыг мөн эдгээр үнэнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлгохын тулд судруудыг судалдаг. Гараа сунгах төдийд судруудыг унших боломжтой байгаа нь ямар их адислал вэ! Адам, Ева, Абинадай, Гарамгай багш Есүс Христ хүртэл бидний гэрт эсвэл ангид бидэнд заахаар ирсэн байна гээд төсөөл дөө. Биднийг Бурханы үгэн дээр найрлах үед тэд бидэнд зааж чадна. Бид тууштай байдлаар судруудыг ойлгож, хайрлаж сурдаг ба тэдгээрт бодгалийн асуултуудын хариулт бий гэдэгт итгэдэг.
Миний эхнэр Кристи бид хоёрыг гэрлэхээс өмнө түүнд өөрийг нь хайрлах Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч, төлөвлөгөөг нь ойлгоход амаргүй байв. Түүнийг удирдамж хүсэн залбирахад институтэд хамрагдах ёстой гэсэн мэдрэмж төрж, тэр Шинэ Гэрээний ангид элсэн суралцжээ. Институтийн багшийнх нь судраас заах арга барил, судруудыг гартаа барьж байгаа нь хүртэл Бурханы үгийг ямар их хайрладаг болохыг нь харуулж байсан гэдэг. Институтэд хамрагдаж байх явцад Ариун Сүнс түүнд хэрэгтэй зүйл чинь судруудад бий хэмээн шивнэжээ. Багшийнх нь судруудыг хайрлах хайр болон Ариун Сүнсний өдөөлт түүнд Бурханы үгийг нухацтай судалж эхлэх хүслийг төрүүлж, улмаар энэ нь гүнзгий хөрвөлт болон бүхнээ зориулсан үйлчлэлийн насан туршийн аялал болсон юм.
Есүс Христэд төвлөр
Эцэст нь Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагад зөвлөсний дагуу бидний заах, суралцах арга барил үргэлж Есүс Христэд төвлөрөх учиртай. Бид Түүний талаар илүү олонтоо, илүү бишрэл хүндэтгэлтэйгээр ярьж, Түүнд гэрчлэл, талархал, хайраа илэрхийлэх илүү олон боломжийг эрэлхийлж чадна. Нөхцөл байдлаас үл хамаарч бид Түүнийг дурсан санах үедээ “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлга[х]” боломжтой.
Есүсийг зааж буй зүйлийнхээ гол цөмд байлгах нэг арга зам бол Тэр бол сайн мэдээний бүх зарчмын төгс үлгэр жишээ, биелэл, илэрхийлэл мөн гэдгийг онцлох явдал юм. Судрын аль нэг үйл явдалд Есүсийн тухай шууд утгаараа гараагүй байсан ч зааж буй зарчмын үлгэр жишээ болгож бид Түүнийг онцолж болно. Бид зүгээр л “Ямар үед Есүс Христ энэ зарчмыг үлгэрлэн харуулсан бэ?” гээд асууж болно.
Бид Түүний олон нэр, үүрэг, зан чанарын талаар суралцсанаар мөн зөвхөн Түүний хийсэн зүйлийг бус хэн гэдгийг нь ойлгохыг эрэлхийлснээр Түүн дээр төвлөрч чадна. Жишээ нь: Наманчлалын зарчмыг сурч мэдэх үед хэрхэн наманчлахыг ойлгох нь чухал. Гэхдээ бас наманчлах боломж олгохын тулд Есүс Христ юу хийснийг мартахгүй байх, наманчлал бидэнд Түүний талаар, Түүний жинхэнэ мөн чанар, зан байдлын талаар юу заадгийг ойлгох нь зайлшгүй чухал юм. Наманчлах боломж бидэнд Түүний хайр, тэвчээр, нигүүлслийн талаар болон бидний бурханлаг чадавхад итгэх Түүний итгэл үнэмшил, Түүний бидний нүглийг цагаатгах хүсэл, өршөөснөөр Түүний мэдэрдэг баяр баясгалангийн талаар юу ойлгуулдаг вэ? Бурханы Хурга, Гэтэлгэгч, Эмч зэрэг Түүний нэрсийн утгыг ойлгох нь бидэнд наманчлал бол биднийг цэвэршүүлэх, өөрчлөх, эдгээх гэсэн Түүний урилга юм гэдгийг олж харахад тусалдаг. Түүний бидний төлөө хийсэн зүйлсэд төдийгүй тэдгээр нь Түүний хэн болохыг хэрхэн тодорхойлж байгаад төвлөрөх нь бидэнд “наманчлалд хүрэх итгэлтэй” байхад тусална.
Заримдаа бид судрын үйл явдлуудад өгүүлсэн Аврагчийн зан чанарыг тэр даруй анзаардаггүй байж магадгүй. Жишээ нь: Нифай усан онгоц барьж байгаа тухай унших үедээ бид зөвхөн Нифай дээр төвлөрдөг байх. Тэгвэл Аврагчид төвлөрөх нь тухайн цэдэг Нифайг хэр агуу хүн байсныг бидэнд заахын тулд хадгалагдан үлдсэн бус харин Бурхан хэр агуу гэдгийг буюу Тэр зарлигуудаа гүйцэлдүүлэх хүч чадлыг өгч, хэрэгцээтэй үед биднийг чөлөөлдөг болохыг олж харахад тусалдаг.
Мөн бид Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төгс төлөвлөгөөн дэх Есүс Христийн гол үүрэгт төвлөрч чадна. Энэ нь биднийг нөхцөл байдлаа зуурдын өнцгөөс бус харин Бурханы мөнхийн төлөвлөгөөний өнцгөөс хардаг болгож бидний амьдралын замналыг өөрчилдөг. Сайн мэдээ бол шаардлагуудын жагсаалт биш, харин Есүс Христ нүгэл хийгээд үхлийг даван туулсан тухай сайхан мэдээ юм. Бид Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахиснаар Түүний гайхамшигт ач ивээлийг хүртэж, энэ амьдралд баяр хөөртэй байж, Тэнгэр дэх Эцэгтэйгээ үүрд хамт амьдрахаар бэлтгэж чадна. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрыг судраас олж харж сурснаар бид Тэднийг илүү сайн таньж, өөрсдийн амьдралд Тэдний хайр болон нөлөөг илүү тогтмол, илүү тод томруунаар харах болно.
Өсвөр насанд минь багш маань Аврагчийн амьдралын сүүлийн өдрүүдийн талаар заахад мэдэрсэн Сүнсийг би хэзээ ч мартахгүй. Тэр бидэнд дээд давхрын … өрөө, Гетсемани, Голгота, хоосон булш зэрэг газруудад болсон үйл явдлуудын ач холбогдлыг олж харахад тусалсан. Тэр Аврагчид гүнээ талархаж байгаагаа мөн Түүнийг дагах гэсэн чин хүслээ хуваалцдаг байсан. Тэр Есүс Христийг гэрчлэхийн тулд Ариун Сүнсийг урих замаар заадаг байсан. Түүний хичээлээс мэдэрсэн Сүнс итгэлийг минь гүнзгийрүүлж, Аврагчийг хайрлах хайр, талархлыг нэмэгдүүлсэн юм. Тэр багшийн үзүүлсэн нөлөө бүхэл амьдралын маань турш ул мөрөө үлдээсэн. Өөр нэг багшийн хэлсэнчлэн, “Бид түүний итгэлийн галаар гараа дулаацуулж чад[ахаар байсан].”
Дүгнэлт
Гэр орон болон Сүмийн цуглаанууд дээр Есүс Христэд төвлөрч, Түүний сургаалыг зааж, хичээнгүйлэн суралцсанаар бид Түүнд итгэх итгэлийг маань гүнзгийрүүлэхэд, мөн сайн мэдээг заах, суралцах гол зорилго болох Түүнтэй илүү адилхан болоход туслуулахаар Ариун Сүнсийг урьдаг.
Би сайн эцэг эх, нэгжийн удирдагчид, багш нараас авхуулаад бидэнд Есүс Христийн талаар мэдэж, Түүнийг дагахад тусалдаг, энэ индэр дээрээс зааж, гэрчлэхээр дуудагдсан эрэгтэй, эмэгтэйчүүд гээд бидний амьдралд буй бүхий л багш нарт талархаж байна. Би төгс хувийн багш болох Ариун Сүнсэнд талархдаг. Ариун Сүнсээр дамжуулан би Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай, бидэнд зориулсан төгс төлөвлөгөө Түүнд байдаг, Есүс бол Христ, энэ ертөнцийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч, Түүний сайн мэдээ болон Сүм сэргээгдсэн гэдгийг мэддэг. Энэ бүгдийг би Есүс Христийн нэрээр талархалтайгаар гэрчилж байна, амен.