2025
Хэн ч ганцаар суухгүй
2025 оны 11-р сар


14:3

Хэн ч ганцаар суухгүй

Есүс Христийн сайн мэдээгээр амьдрах нь Түүний сэргээгдсэн Сүмд бүх хүнд өрөө гаргаж өгөх явдлыг багтаадаг.

I.

Би 50 жилийн туршид соёлыг, тэр дундаа сайн мэдээний соёлыг судалсан. Би судалгаагаа азын жигнэмгээр эхэлж байв.

Сан Францискогийн хятад хороололд Гонгийн гэр бүл оройн хоолоо азын жигнэмэг болон “Мянган бээрийн аялал ганц алхмаар эхэлдэг” гэх мэт мэргэн үгээр дуусгадаг байлаа.

Азын жигнэмэг дэх аз

Би залуудаа азын жигнэмэг хийдэг байсан. Цагаан даавуун бээлий өмсөн шарах шүүгээнээс дөнгөж гарсан дугуй халуун жигнэмгийг би хумьж нугалан хэлбэрт оруулдаг байв.

Азын жигнэмэг хийж байгаа нь
Азын жигнэмгээ нугалан хэлбэрт оруулж байгаа нь

Азын жигнэмэг анх хятадын соёлын нэгэн хэсэг байгаагүй гэдгийг би мэдээд гайхсан. Ойн гал түймрийн голомтыг олон янзын байршил ашиглан тригонометрийн аргачлалаар олдгийн адил би хятад, америк, европын азын жигнэмгийн соёлын ялгааг олж мэдэхээр хэд хэдэн тивийн азын жигнэмгийг сонирхон судалж билээ. Сан Франциско, Лос Анжелес, Нью-Йоркийн хятад зоогийн газруудад азын жигнэмэг өгдөг бол Бээжин, Лондон, Сиднейд өгдөггүй байх жишээтэй. Зөвхөн америкчууд л Азын жигнэмгийн үндэсний баярын өдрийг тэмдэглэдэг. Зөвхөн Хятадын зар сурталчилгаанд л “Америкийн жинхэнэ азын жигнэмгийг” санал болгодог.

Азын жигнэмэг бол зугаатай, энгийн жишээ юм. Харин яг ижил зарчмаар зан үйлийг соёлын өөр өөр орчинд харьцуулах нь сайн мэдээний соёлын ялгааг олж харахад бидэнд тусалж болох юм. Эдүгээ Мормоны Номын зүйрлэлүүд, Шинэ Гэрээний сургаалт зүйрлэлийн бошиглолууд биеллээ олж буй энэ цаг үед Их Эзэн бидэнд сайн мэдээний соёлоос суралцах шинэ боломжуудыг олгож байна.

II.

Хаа сайгүй хүмүүс нүүж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын тайланд мэдээлснээр олон улсын цагаачийн тоо 281 саяд хүрчээ. Энэ нь 1990 оныхоос 128 саяар, 1970 оны тооцооноос гурав дахин их хүн байгаа юм. Дэлхий даяар хэзээ хэзээнээс илүү олон хөрвөгч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг хайж байна. Хүндэтгэлийн өдөр бүр төрөлх 195 улс, нутаг дэвсгэрийн гишүүд болон сонирхогчид Сүмийн 31,916 цуглааны байранд цуглардаг бөгөөд бид 125 хэлээр ярьдаг.

Албани дахь гэгээнтнүүдтэй уулзаж байгаа нь
Хойд Македон дахь гэгээнтнүүдтэй уулзаж байгаа нь
Косово дахь гэгээнтнүүдтэй уулзаж байгаа нь
Швейцар дахь гэгээнтнүүдтэй уулзаж байгаа нь
Герман дахь гэгээнтнүүдтэй уулзаж байгаа нь
Герман дахь гэгээнтнүүдтэй уулзаж байгаа нь

Саяхан би Албани, Хойд Македон, Косово, Швейцар, Германд шинэ гишүүд Мормоны Номын чидун модны зүйрлэлийг гүйцэлдүүлж байгааг харсан. Иаков 5-д усан үзмийн талбайн Эзэн мөн Түүний зарц нар чидун модны мөчрүүдийг өөр өөр газраас цуглуулж залгаснаар уг модны үндэс, мөчрийг бэхжүүлсэн байдаг. Өнөөдөр Бурханы хүүхдүүд Есүс Христэд нэгдэн цугларч, Их Эзэн бидэнд Өөрийн сэргээгдсэн сайн мэдээгээр бүрэн дүүрэн амьдрах гайхалтай бодит арга замуудыг өгч байна.

Есүс биднийг тэнгэрийн хаанчлалд бэлтгэхдээ тансаг оройн зоог, хуримын найрын тухай сургаалт зүйрлэлийг өгсөн байдаг. Эдгээр сургаалт зүйрлэлд өгүүлснээр уригдсан зочид шалтаг тоочин ирэхгүй гэв. Эзэн зарц нартаа “Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар” мөн “зам, хашаа хавиар” явж “ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг нааш авчир!” гэж зааварладаг. Сүнслэг байдлын хувьд авч үзэх юм бол энэ хүмүүс биднийг төлөөлж байгаа.

Сударт ийн тунхагласан:

“Их Эзэний өргөөний үдшийн зоог[т]” “бүх үндэстэн … уригдах … болой.”

“Ирэх тэр өдрүүдэд оршин суугчид нь бэлтгэлтэй байж, мөн хүлээн авч болохын тулд, дэлхий дээр түүний хаант улс урагшилж болохын төлөө … Их Эзэний замыг бэлтгэгтүн, та нар.”

Өнөөдөр Их Эзэний оройн зоогт газар газрын, янз бүрийн соёл иргэншилтэй хүмүүс уригдсан. Хөгшин залуу, баян ядуу, нутгийн болон гаднын гээд бид Сүмийн цуглааны хүмүүсийг өөрсдийн хамт олон болгодог.

Ахлах төлөөлөгчийн хувьд Петр тэнгэр нээгдэн “том бүтээлэг … дөрвөн өнцгөөрөө газардахыг … дотор нь бүх … амьтад байх[ыг]” үзэгдлээр харсан. Петрийн заасанчлан “Бурхан бол нүүр тал хардаггүй. … [Их Эзэнээс] эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг.”

Сайн самари хүн

Сайн самари хүний ​​тухай сургаалт зүйрлэлд Есүс биднийг бие биедээ болон Түүнд, Өөрийнх нь дэн буудал болох Сүмд ирэхийг урьсан. Тэрээр биднийг сайн хөршүүд байхад урьдаг. Сайн самари хүн эргэн ирж, дэн буудалд нь байгаа хүмүүсийг асарч халамжилсных нь төлбөрийг нөхөн төлөхөө амласан. Есүс Христийн сайн мэдээгээр амьдрах нь Түүний сэргээгдсэн Сүмд бүх хүнд өрөө гаргаж өгөх явдлыг багтаадаг.

“Дэн буудалд өрөө гаргаж өгөх” гэсэн ойлголтын хүрээнд “хэн ч ганцаар суухгүй” гэсэн санаа бас багтдаг. Та Сүмд ирэхдээ хэн нэгнийг ганцаараа сууж байгааг харвал “Сайн уу!” гэж мэндлээд түүнтэй хамт суух уу? Танайд ийм ёс заншил байдаггүй байж болох юм. Тэр хүн танаас өөр харагддаг, өөр ярьдаг байж магад. Мэдээж азын жигнэмгийн доторх цаасанд бичсэнчлэн “Сайн мэдээний нөхөрлөл, хайрын аян зам “Сайн уу!” гэж мэндэлснээр мөн хэнийг ч ганцаар суулгахгүй байснаар эхэлдэг.”

“Хэнийг ч ганцаар суулгахгүй” гэдэг нь мөн хэн ч сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд ганцаардахгүй гэсэн үг юм. Гомдож туньсан аавтай хамт би хүүг нь эргэхээр очиж билээ. Олон жилийн өмнө хүү нь шинэ дикон болох гэж байгаадаа догдолж байв. Энэ тэмдэглэлт мөчид гэр бүлийнхэн нь түүнд анхны шинэ гутлыг нь авч өгсөн байна.

Гэвч сүм дээр диконууд түүнийг шоолж инээв. Түүний гутал шинэ байсан ч загварлаг биш байв. Ичиж, гомдсон залуу дикон сүмд дахин явахгүй гэдгээ хэлжээ. Одоо ч гэсэн түүнийг болон түүний гэр бүлийг бодох бүр миний зүрх сэтгэл эмтэрдэг.

Иерихо руу явах тоос шороотой зам дээр бидний хүн нэг бүр шоолуулж, ичиж, гомдож, магадгүй доромжлуулж, хүчирхийлэлд өртөж байсан байх. Мөн бидний хүн нэг бүр зориуд биш ч гэсэн ямар нэгэн хэмжээгээр бусдыг үл тоомсорлож, магадгүй санаатайгаар гомдоож байсан байх. Бид гомддог, бас бусдыг гомдоодог учраас Есүс Христ бид бүгдийг дэн буудалдаа авчирдаг билээ. Түүний Сүмд мөн Түүний ёслол, гэрээнүүдээр дамжуулан бид бие биедээ болон Есүс Христэд ирдэг. Бид хайрлаж, хайрлуулж, үйлчилж, үйлчлүүлж, уучилж мөн өршөөгддөг. “Тэнгэр эдгээхгүй тийм шаналал үгүй” мөн дэлхийн ачаа дарамт хөнгөрдөг—бидний Аврагчийн баяр баясгалан бодит гэдгийг санаарай.

1 Нифай 19-өөс бид “Бүр Израилын туйлын Бурханыг ч [тэд] хөл дороо дэвсэлдэг … үл ойшоо[дог ажээ]. … Иймийн тул тэд түүнийг ташуурдахад, мөн тэрээр үүнийг хүлцэнэ; мөн тэд түүнийг цохиход, мөн тэрээр үүнийг хүлцэнэ. Тийм ээ, тэд түүн дээр нулимахад, тэрээр үүнийг хүлцэх болно” хэмээн уншдаг.

Миний найз профессор Тэрри Ворнэрын хэлснээр бусдыг шүүх, ташуурдах, цохих, нулимах нь зөвхөн Христийн мөнх бус амьдралын үед болж өнгөрсөн үйл явдал биш юм. Бид бие биедээ, ялангуяа өлссөн, цангасан, ганцаар хаягдсан хүмүүст хэрхэн хандаж байгаагаараа Түүнд хэр ханддагаа харуулдаг.

Түүний сэргээгдсэн Сүмд хэн ч ганцаар суухгүй байх нь бидний хувьд сайн хэрэг. Бүгдээрээ зүгээр нэг зөрөөд өнгөрөхгүй чин сэтгэлээсээ угтан авч, хүлээн зөвшөөрч, тохинуулж мөн хайрлацгаая. Найз, ах эгч, дүү нар маань гаднын эсвэл харийн хүн биш харин өөрийн гэрт байгаа хүүхэд мэт байх болтугай.

Сүм дээр ганцаараа байгаа эмэгтэй

Өнөөдөр олон хүн ганцаардаж, тусгаарлагдсан мэдрэмжтэй байж болох юм. Сошиал медиа болон хиймэл оюун ухаан нь биднийг хүн хоорондын дотно харилцаа, дэргэд байгаа хүнээ мэдрэх хүслээр ангахад хүргэдэг. Бид бие биеийнхээ дуу хоолойг сонсож, жинхэнээсээ нэгэн хэсэг байж, сайхан сэтгэлийг мэдрэхийг хүсдэг.

Сүм дээр найзуудтайгаа сууж байгаа нь

Өөрийгөө сүмд таарч тохирохгүй байна гэж бодох, өөрөөр хэлбэл ганцаар суух олон шалтгаан бидэнд бий. Бид өөрсдийн аялга, хувцас, гэр бүлийн нөхцөл байдлаасаа санаа зовж байж магад. Бид өөрсдийгөө хангалттай сайн байж чадахгүй байна, тамхи үнэртэж байна гэж бодож, ёс суртахууны хувьд цэвэр байхыг хүсэж мөн хэн нэгнээс салсан, гомдсон, ичиж зовсон, Сүмийн аль нэгэн бодлого журамд санаа зовж байж болох юм. Бид ганц бие, салсан, бэлэвсэрсэн байж болно. Сахилгагүй хүүхдүүдтэй эсвэл үр хүүхэдгүй ч байж магад. Бид номлолд үйлчлээгүй эсвэл цагаасаа эрт буусан байж болох юм. Жагсаалт үүгээр дуусахгүй.

Мозая 18:21 биднийг зүрх сэтгэлээ хайранд нэгтгэхэд урьдаг. Санаа зовохоо, шүүмжлэхээ мөн бусдыг шахаж шаардахаа багасгаж, шаардлагатай үед өөрсдөдөө арай зөөлөн хандахыг би уриалж байна. Бид Сионыг нэг өдрийн дотор бүтээдэггүй. Харин “Сайн уу!” гэж мэндэлж, халуун дотноор хандах бүрдээ бид Сионыг ойртуулдаг. Их Эзэнд илүү их найдаж, Түүний бүх зарлигийг дуулгавартай дагахыг баяртайгаар сонгоцгооё.

III.

Сургаалын хувьд Есүс Христтэй гэрээ байгуулан харьяалагдах болсон учир гэгээнтнүүдийн итгэл хийгээд нөхөрлөлийн өргөөнд хэн ч ганцаар суудаггүй.

Бошиглогч Иосеф Смит: “Бурханы гэгээнтнүүд үндэстэн, ястан, хэлтэн бүрээс нэг болон хамтдаа цуглахад ‘… цагийн дүүрлийг’ хожмын үеийн алдар сууг тохиолгон авчрахыг үзэж, үүнд оролцон, урагш ахиулахад туслах хувь тавилан бидэнд оногдсон юм” хэмээн заасан.

Бурхан “энэ дэлхийн ашиг тусын төлөө бус аваас ямар ч зүйлийг эс хийдэг авай; … бүр тэрээр бүх хүнийг өөртөө ойртуулж болохын тулд …

… тэднийг бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; … мөн Бурханд бүгд адил … буюу.”

Есүс Христэд хөрвөгдөх нь биднээс эгэл хүнээ болон дэлхийн соёлоо орхихыг шаарддаг. Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн заасны дагуу бид Бурханы зарлигуудад харшлах аливаа уламжлал, соёлын зан үйлээ орхиж, хожмын үеийн гэгээнтэн болох ёстой. Түүний тайлбарласнаар: “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн дунд эрхэмлэн дагавал зохих үнэт зүйлс, шаардлага, зан үйлүүд бүхий сайн мэдээний хосгүй соёл тогтсон байдаг.” Сайн мэдээний соёлд ариун явдал, долоо хоног бүр сүмд явах, архи, тамхи, цай, кофе хэрэглэхгүй байх зэрэг орно. Үүнд мөн үнэнч, шударга байх, Сүмийн албанд дээшээ өгсөж эсвэл доошоо урууддаг биш харин урагшлан явдаг гэдгийг ойлгох ойлголт багтдаг.

Би газар газрын, өөр өөр соёлтой үнэнч гишүүд, найз нөхдөөсөө суралцдаг. Судрыг олон хэлээр судалж, өөр өөр соёлын өнцгөөс харах нь сайн мэдээний ойлголтыг гүнзгийрүүлдэг. Христийнхтэй адил зан чанарын янз бүрийн илрэл нь Аврагчийг хайрлах хайр болон ойлголтыг маань гүнзгийрүүлдэг. Бид Бурханы хүүхэд, гэрээний хүүхэд, Есүс Христийн шавь гэдгээрээ соёлын онцлогоо тодорхойлсноор бүгд адислагддаг хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заасан.

Есүс Христийн амар амгалан нь хувь хүний ​​маань хувьд бидэнд зориулагдсан. Саяхан нэгэн залуу “Ахлагч Гонг оо, би диваажинд очиж чадах болов уу?” гэж чин сэтгэлээсээ асууж билээ. Хэзээ нэгэн цагт өршөөгдөх болов уу гэж тэр боддог байж. Би түүний нэрийг асууж, анхааралтай сонсож, бишоптойгоо ярилцаарай гэж уриад түүнийг чанга тэвэрсэн юм. Тэр Есүс Христэд найдсаар явсан.

Би тэр залуугийн талаар өөр газар ярьж билээ. Дараа нь би хэнээс гэдгээ бичээгүй нэгэн захидлыг авсан бөгөөд уг захидал: “Ахлагч Гонг оо, эхнэр бид хоёр есөн хүүхэд өсгөсөн, … хоёр номлолд үйлчилсэн. Гэвч би ‘Залуудаа ноцтой нүгэл үйлдсэн … намайг ч селестиел хаант улсад оруулахгүй байх даа’ гэж боддог байсан” гээд

цааш нь: “Ахлагч Гонг оо, өршөөгдөх найдварыг олж авсан тэр залуугийн талаар таныг ярихад би баяр хөөрөөр дүүрч, би ч бас [өршөөгдөж болох юм] гэдгийг ухаарч эхэлсэн” гэжээ. Захидлынхаа төгсгөлд “Би одоо өөрөө өөртөө таалагддаг болсон!” гэж бичсэн байв.

Бид Их Эзэний дэн буудалд бие биедээ болон Түүнд ирж нэгдэх үед гэрээгээр улам нэгддэг. Хэн ч ганцаар суугаагүй үед Их Эзэн бид бүгдийг адисалдаг. Хэн мэдэх билээ? Бидний хажууд сууж байгаа хүн хамгийн гоё азын жигнэмэг найз маань болж ч магадгүй. Бүгдээрээ Хурганы оройн зоог дээр Түүнд болон бие биедээ суух газар олж өгөх болтугай гэж би даруухнаар залбирч байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. “Fortune Cookies Didn’t Come from China,” Royal Examiner, Dec. 26, 2021, royalexaminer.com/fortune-cookies-didnt-come-from-china; “National Fortune Cookie Day,” Days of the Year, daysoftheyear.com/days/fortune-cookie-day-г үзнэ үү.

  2. Тригонометрийн аргаар соёлыг харьцуулах үйл явц нь юуг сайн мэдээний, орон нутгийн үндэсний, орчин үеийн хотын соёл гэж үздэг болохыг ялгахад тусална.

  3. International Organization for Migration, World Migration Report 2024, 21, publications.iom.int/books/world-migration-report-2024. “2022 онд дэлхий дээр 117 сая хүн дүрвэсэн бол 71.2 сая дотооддоо дүрвэсэн байна” (World Migration Report 2024, xii).

  4. Иaков 5-ыг үзнэ үү.

  5. Аливаа хэл, соёлд сэтгэлийн нандин зүйлийг дүрсэлсэн үг хэллэг, нэр томьёо байдаг. Бие биеэсээ суралцахын хэрээр Түүний сэргээгдсэн сайн мэдээгээр бүрэн дүүрэн амьдрах боломжтой болдог. Саяхан Аннали (Мюнхенээс гаралтай), Сюзи Майэрс эгч, ахлагч Эрих, Кристиан Копишкэ эгч, ахлагч Йорг, Жулиа Клэбингат эгч нар зүрх сэтгэлийг хөнддөг өвөрмөц герман үгсийг хуваалцжээ. Эдгээр үгийн дүрсэлсэн мэдрэмж нь албан хэллэгээс илүү гүн гүнзгий агуулгыг илэрхийлдэг. Эдгээр нь өдөр тутмын ажил, үүргээс илүү нандин зүйлийг илэрхийлдэг. Эдгээр мэдрэмж нь зүрх сэтгэлийн мэдрэмжийг, халуун дотно харилцааг, бидний бодгалийн сүнслэг баяр баясгалангийн талаар өгүүлдэг. Эдгээр өвөрмөц герман үгэнд дараах үгс орно: Gemütlichkeit ба gemütlich, Heimat, Heimweh, Geborgenheit, Zuflucht, Herzensangelegenheit, Herzensmensch, мөн Schummerstunde (хойд хэсгийн ховор хэрэглэгддэг яруу найргийн хэллэг).

  6. Лук 14:21, 23 Үүний нэгэн адил хуримын найрын сургаалт зүйрлэлд уригдсан зочид ирээгүй тул хаан зарц нартаа “гудамжаар явж” “тааралдсан болгон[ыг]” (Матай 22:9) цуглуулан авчрахыг тушаадаг.

  7. Сургаал ба Гэрээнүүд 58:9, мөн Сургаал ба Гэрээнүүд 58:6–8, 10–12-ыг үзнэ үү.

  8. Сургаал ба Гэрээнүүд 65:3, 5; мөн Сургаал ба Гэрээнүүд 33:17-г үзнэ үү.

  9. Үйлс 10:11–12, 34–35; мөн Үйлс 10:9–10, 13–18, 24–33, 44–48; 11:1–18; 15:6–11-ийг үзнэ үү.

  10. Биднийг бие биедээ болон Түүний дэн буудалд Түүнд цугларч байгаа дүр зургийг 3 Нифай 18:32-д дүрсэлсэн байдаг. Бидний шүтэн бишрэх газруудад “хэн ч ганцаар суухгүй” бөгөөд бие биедээ үргэлжлүүлэн халуун дотноор тохинуулж байгаа явдал нь үнэхээр бид болон тэд “эргэж ирээд мөн наманчилж, мөн зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдалтайгаар [Түүнд] ир[нэ], тэгвэл [Тэр] тэднийг эдгээх болно; тэгвэл та нар тэдэнд авралыг авчрах хэрэгсэл байх болно.”

  11. Сургаал ба Гэрээнүүд 104:15, 17 бидэнд “Бүх зүйл [Их Эзэнийх]” мөн “дэлхий дүүрэн байна, мөн тэнд хангалттай мөн илүүдэл буй” гэдгийг бидэнд сануулдаг. Үүний дагуу ядуу, баян гээд бидний хүн бүр бие биедээ өргөмжлөгдөж, дорд болоход нь тусалдаг. Үүний нэгэн адил хаан Бенжамины асуусанчлан “Бид бүгд гуйлгачид бус уу?” Тиймээс баян, ядуу гээд бидний хүн нэг бүр “байгаа бүхнээ … нэг нэгэнтэйгээ хуваалцах[ад]” бэлэн байх үүрэгтэй (Мозая 4:19, 21; мөн Мозая 4:25–27-г үзнэ үү).

  12. “Энэлж шаналсан хүмүүс минь, ирээч” (Дуулал, ду. 63) дуулалд Томас Мур: “Эвлэрлийн суудал дээр залбиран сөгдөөч. Шаналсан зүрхээ авч ирж, зовлонгоо энд ярь. Тэнгэр анагаахгүй шаналал гэж дэлхийд үгүй.”

  13. 1 Нифай 19:7, 9 Уулан дээрх номлолд Их Эзэн: “Хэрэв хэн нэг нь хацрыг чинь алгадвал нөгөө хацраа ч бас тавьж өг. Дээлийг чинь булаан авагчаас цамцаа бүү харамла” (Лук 6:29) хэмээн хэлсэн.

  14. Матай 25:35–40-ийг үзнэ үү.

  15. “Харь хүн ч биш, зочин ч биш, гэртээ буй хүүхэд адил бай” (“My Shepherd Will Supply My Need,” Hymns—For Home and Church, Gospel Library).

  16. Есүс Христийн сайн мэдээ нь цаг хугацаа, соёлын хүрээнд хязгаарлагддаггүй. Мормоны Ном нь Америк тивийн эртний соёлын хүрээнд Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг заадаг нь миний хувьд гайхалтай гэрчлэл юм.

  17. Бошиглогч Иосеф Смит болон Тэргүүн зөвлөл дэх түүний зөвлөхүүд Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, (2007), 581-р хуудсан дээр ийн заасан: мөн Ефес 1:10-ыг үзнэ үү).

    Өнөөдөр Сүмийн гишүүд улс төр, нийгэм, эдийн засгийн янз бүрийн нөхцөл байдалд амьдарч байна. Манай тойрог салбарууд хэмжээ, удирдлагын нөөц боломжийн хувьд ч өөр өөр. “Нэг загвараар байх, дасан зохицох” зарчмууд нь хаана ч амьдарч байсан гэр бүлийг болон Түүний Сүмийг сайн мэдээнд хүчирхэгжүүлэхэд тусална (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 17.0-ийг үзнэ үү).

  18. 2 Нифай 26:24, 33, тодотгол нэмэгдсэн; мөн 2 Нифай 29; Алма 29:8-ыг үзнэ үү. Сургаал ба Гэрээнүүд 90:11-д “хүн болгон сайн мэдээний бүрэн байдлыг төрөлх хэл дээрээ, мөн өөрийн хэлээр сонсох болно” хэмээн амласан байдаг. Биднийг хэл шинжлэлийн болон сайн мэдээний соёлын хэлийг гэр орон, Сүмдээ авчрах үед энэхүү амлалт биелдэг.

  19. Dallin H.Oaks, “Repentance and Change,” Liahona, Nov. 2003, 37–40-ийг үзнэ үү.

  20. Dallin H. Oaks, “Repentance and Change,” 39.

  21. Dallin H. Oaks, “Repentance and Change,” 38–39-ийг үзнэ үү.

  22. Итгэлийн тунхаг 1:13-ыг үзнэ үү. Төрөл төрлийн мөчир, үндэс мушгиралдан Есүс Христэд нэгдсэнээр бид “ариун журамтай, сайхан эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл”-ийг илүү ихээр олж хардаг. Бид эхэн ба эцсийг хардаг. Суралцагчид зааж, багш нар суралцсанаар бид баясдаг. Бүгд хамтдаа ойлгож, сэнхэрч, баясдаг (Сургаал ба Гэрээнүүд 50:22-ыг үзнэ үү).

  23. Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), Gospel Library-ийг үзнэ үү.

  24. Бригам Янгтай хамт Тэргүүн зөвлөлд үйлчилж байсан Жэдэдиа М.Грант сүнсний дэлхийд олон төрлийн үзэсгэлэнт цэцэг хамтдаа ургаж байгааг үзэгдлээр харснаа бичжээ. Энэ нь нэгдмэл байх, олон талт байдлын давуу талын зүйрлэл байж болох юм. Тэр: “Би энэ дэлхий дээр олон сайхан цэцэрлэг харж байсан ч тэнд байсан цэцэрлэгүүдтэй дүйцэхийг нь үзээгүй. Би төрөл төрлийн, зарим нь нэг ишин дээрээ тавиас зуун өөр өнгөөр солонгорох цэцгийг харсан” гэжээ. Тэр “зөв шударга сүнснүүд хамтдаа цуглардаг сүнсний дэлхийн гоо үзэсгэлэн, алдар сууг” мэдэрсэн (“Remarks, at the Funeral of President Jedediah M. Grant, by President Heber C. Kimball,” Deseret News, Dec. 10, 1856, 317).

    Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй мөн л Бурханы мөнхийн хотын тухай зүүд, үзэгдлээ бичиж үлдээсэн бөгөөд тэнд мод, жимс, бут сөөг, цэцэг төгс цэцэглэсэн байхыг харжээ. “Би амтат жимстэй мод, навч нь гоёмсгоор унжих бут сөөг, төгс цэцэглэсэн цэцэг хаа сайгүй элбэг ургасан байхыг харсан” (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 1).