2025
Өөрийнхөө үнэхээр хэн бэ гэдгийг таньж мэд
2025 оны 11-р сар


10:46

Өөрийнхөө үнэхээр хэн бэ гэдгийг таньж мэд

Бид өөрсдийнхөө үнэхээр хэн бэ гэдгийг илүү сайн ойлгосон цагт шавь байх замналынхаа хаана байгаагаас маань үл харгалзан бидний амьдрал үндсээрээ өөрчлөгдөх болно.

Хэдэн жилийн өмнө манай охин номлолд үйлчилж байхдаа нэгэн мартагдашгүй туршлагатай болсон юм. Түүний зөвшөөрлөөр би түүний тэр долоо хоногт бидэнд бичсэн захианых нь хэсгээс хуваалцъя.

“Өчигдөр нэгэн эргэн ирж байгаа гишүүн биднээс, гэрт нь аль болох хурдан хүрээд ирээч гэж хүслээ. Биднийг явж очиход тэр эгч шалан дээр цурхиран уйлж суув. Тэр ажилгүй болж, байрнаасаа хөөгдөн, дахиад л гэр оронгүй болох гэж байгаагаа уйлан ярилаа.

Би түүнд ямар нэг аргаар туслахын тулд судраа яаран гаргаад, эргүүлж эхэлсэн. Би түүнд тохирох төгс судар хайж байхдаа Би юу хийгээд байна аа? Христ ийм зүйл хийхгүй байх байсан. Энэ миний шийдвэрлэж чадах асуудал биш ч тэр бол миний тусламж хэрэгтэй, Бурханы охин яах аргагүй мөн гэж бодсон. Тэгээд би судраа хаагаад, хажууд нь өвдөглөн сууж, түүнийг тэврээд, түүнийг сэхээ орж, нөхцөл байдалтайгаа нүүр тулах чадалтай болтол нь хамт уйлсан” гэж бичсэн байв.

Түүнийг тайвширсны дараа охин маань судраасаа түүнд тэнгэрлэг үнэ цэнийх нь бодит үнэнийг, мөн бидний оршин байгаагийн туйлын өөрчлөгдөшгүй үнэнүүдийн нэг болох, биднийг зовох үед хэнээс ч илүү өрөвдөж, хөл дээрээ эргэн босоход маань туслахад бэлэн байдаг Бурханы сүнсэн хөвгүүд, охид хэмээх үнэнийг ойлгоход нь туслахыг хичээн заажээ.

Бурхан бол бидний хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг хэмээн номлогчдын маань заадаг сургаалын эхний ойлголт гүн утга учрыг илэрхийлдэг. Ар араасаа ирэх үнэнүүд бид үнэхээр хэн бэ гэдэг үндсэн ойлголт дээр суурилдаг.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Сюзан Х.Портэр: “Бурханы хүүхдийн хувьд та хэрхэн бүрэн дүүрэн хайрлуулдгаа мэдэж, ойлгох үед энэ нь бүхнийг өөрчилдөг. Энэ нь алдаа гаргасан үедээ өөрийнхөө талаар бодох арга замыг тань өөрчилдөг. Энэ нь хэцүү зүйл тохиолдоход мэдрэх мэдрэмжийг тань өөрчилдөг. Энэ нь Бурханы зарлигуудын талаарх үзэл бодлыг тань өөрчилдөг. Энэ нь бусдыг харах өнцөг, өөрчлөлт гаргах чадварыг тань өөрчилдөг” гэж заасан.

Бид Мосе Бурхантай нүүр нүүрээрээ ярилцсан үйл явдлын талаар унших үедээ энэ өөрчлөлтийн дүрслэлийг олж хардаг. Мосетэй ярьж байхдаа Бурхан түүнд тэнгэрлэг өвийнх нь талаар “Мосе, чи миний хүү билээ” гэж дахин дахин заасан. Бурхан Мосед өөрийг нь Төрсөн Ганцтай нь адил болохыг тайлбарлажээ. Мосе өөрийгөө хэн бэ гэдгийг, түүнд хийх ажил байгааг, түүнд хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг байдгийг тодорхой ойлгож авсан.

Энэ үйл явдлын дараа дайсан түүнийг сорихоор ирээд, түүнийг “Мосе, хүний хүү” гэж дуудсан. Энэ бол дайсны түгээмэл ашигладаг аюултай олон зэвсгийн нэг юм. Тэнгэрлэг Эцэг маань биднийг Өөрийнх нь хүүхдүүд болохыг хайраар дүүрэн арга замаар тогтмол сануулдаг бол дайсан биднийг үргэлж сул дорой байдлуудаар маань дуудах болно. Гэвч Мосе өөрийгөө “хүний хүү[гээс]” илүү нэгэн гэдгээ ойлгосон байлаа. Тэрээр Сатанд хандан “Чи хэн бэ? Учир нь болгоогтун, Бурханы хүү байна би” хэмээн тунхагласан. Үүнтэй адилаар, бид зуурдын амьдралын сорилт бэрхшээлтэй нүүр тулахдаа эсвэл хэн нэгэн биднийг сул дорой байдлаар маань тодорхойлохыг оролдох үед бид өөрсдийн үнэхээр хэн болох мэдлэгтээ хүчтэй байх хэрэгтэй. Бид өөрсдийгөө хэн болохыг эргэн тойрноосоо бус дээрээс эрэлхийлэх ёстой. Ингэх аваас бид ч мөн адил “Би бол Бурханы хүүхэд” хэмээн зоригтой тунхаглаж чадна.

Залуучуудад зориулсан дэлхий даяарх нэг онцгой цугларалт дээр бидний хайрт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан: “Та хэн бэ? Юуны түрүүнд, та бол Бурханы хүүхэд, гэрээний хүүхэд, Есүс Христийн шавь. Та нарыг эдгээр үнэнийг нандигнах үед бидний Тэнгэрлэг Эцэг та нарт Өөрийнх нь ариун оршихуйд мөнхөд амьдрах туйлын зорилгодоо хүрэхэд тань туслах болно.”

Бурханы Өөртэй нь харилцах харилцааны талаар бидэнд сануулсан судар олонтоо давтагддаг нь тохиолдлын хэрэг биш юм. Тэрээр ариун ёслолын залбиралд, Түүний бүх нэрэн дундаас Өөрийг нь “Бурхан, Мөнхийн Эцэг минь” гэж дууддаг байгаасай хэмээн хүссэн.

Бид өөрсдийгөө хэн бэ гэдгийг үнэхээр таньж мэдсэн тохиолдолд хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг маань бидэнд Түүн рүү эргэн очиж, Түүнтэй хамт дахин амьдрах төлөвлөгөөг өгсөн гэдэгт илүү бат итгэх болно. Ахлагч Патрик Кийрон: “Бидний Эцэгийн үлэмж сайхан төлөвлөгөө, тэрхүү ‘гайхалтай’ төлөвлөгөө нь гэртээ харих замыг тань хаах бус харин эргүүлэн аваачихын тулд бүтээгдсэн юм. … Бурхан таныг эргүүлэн авчрахыг эцэж цуцалтгүйгээр эрэлхийлдэг” гэж заасан. Бүх талаараа хүчирхэг, хайраар дүүрэн Эцэг маань “таныг эргүүлэн авчрахаар эцэж цуцалтгүйгээр эрэлхийлдгийг” ганц хором бодоод үз дээ.

Бид өөрсдийнхөө үнэхээр хэн бэ гэдгийг илүү сайн ойлгосон цагт шавь байх замналынхаа хаана байгаагаас маань үл харгалзан бидний амьдрал үндсээрээ өөрчлөгдөх болно. Энэ ойлголтыг гүнзгийрүүлэх хоёр аргыг би хуваалцах гэсэн юм.

Нэгдүгээрт, залбирал

Аврагч зуурдын амьдралын тохинууллаа эхлэхдээ “Бурхантай хамт” байхын тулд цөл рүү хөтлөгдсөн. Бид зүгээр нэг залбирахын оронд өдөр бүр Бурхантай үнэхээр харилцаж, Түүнтэй хамт байхад хангалттай цагийг зарцуулах талаар бодох нь зүйтэй байж болох юм.

Эцэгтэйгээ ярихын тулд өөрийгөө хэдэн хором бэлтгэх нь миний залбирлын чанарыг сайжруулж байгааг би анзаарсан. Энэ загвар ажилладаг болохыг судрууд бидэнд харуулдаг. Иосеф Смит, Хиламаны хүү Нифай, Инос гээд бүгд сударт тэмдэглэгдэн үлдсэн залбирлынхаа өмнө зарим нэг байдлаар тунгаан бодож, бясалгаж байжээ. Эцгийнхээ ярьсан, зүрх сэтгэлд минь гүнзгий шингэсэн тэр үгсийн улмаас бодгаль минь эгээрэн хүсэж байв гэж Инос хэлсэн. Эдгээр жишээ бүр бидэнд “Бурхантай хамт” байх цаг хугацаандаа зориулж сүнслэгээр бэлтгэх хэрэгтэйг заадаг.

Аврагч нифайчуудад: “Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, … Эцэгтээ залбир” хэмээн зааварласан.

Гол зарчим нь, зүгээр нэг өрөө эсвэл унтлагын өрөө эсэхтээ биш, ганцаараа залбирч болох газар олж, бодгалиа тайван байлган, “намуухан зөөлөн дуу[ны]” өдөөлтийг мэдрэх явдал юм. Бид талархалтай байдаг зүйлсийнхээ талаар мөн Тэнгэрлэг Эцэгтээ дэлгэхийг хүссэн асуулт, асуудлуудынхаа тухай тунгаан бодсоноор өөрсдийгөө бэлтгэж чадна. Бид залбирахдаа нэгэн хэвийн байдлаар бус харин боломжтой бол Эцэгтэйгээ чангаар ярилцах хэрэгтэй.

Хөлд орж буй хүүхдүүдтэйгээ зууралдах эсвэл хурал уулзалтуудын хооронд гүйх зэрэг амьдралын хөл толгой нь мэдэгдэхгүй үеүдэд бидэнд нам гүм орчин бий болгох эсвэл цаг гарган бэлтгэх тансаг нөхцөл бүрдэхгүй байж болох ч өглөө эртлэн “Бурхантай хамт” байхыг хичээх үедээ чимээгүй, хурдан, яаралтай залбирсан залбирлууд илүү их утга учиртай байж чаддагийг би мэдэж авсан.

Залбираагүй удсан эсвэл залбирал нь хүрэх эзэндээ очихгүй байгаа мэт мэдрэмж авч буй хүмүүс байж болох юм. Тэнгэрлэг Эцэг та нарыг мэддэг, хайрладаг, та нарын залбирлыг сонсохыг хүсдэг гэдгийг би амлаж байна. Тэр та нартай харилцахыг хүсдэг. Тэр та нарыг хэн бэ гэдгээ санаасай хэмээн хүсдэг.

Саяхан ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан: “Та хэчнээн их залбирдаг ч бай, илүү их залбир. Та хэчнээн шаргуу залбирдаг ч бай, илүү шаргуу залбир.”

Залбирлынхаа давтамж, эрчийг нэмэхийн зэрэгцээ өдөр бүр Мормоны Номыг судалж, ариун сүмд шүтэн бишрэх нь бидний оюуныг илчлэл хүлээн авахад бэлтгэдэг. Биднийг Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаагаа сайжруулахыг хичээх үед Тэр биднийг Өөрийнх нь хүүхдүүд гэдгээ илүү гүнзгий мэдрэх боломжоор адислах болно.

Хоёрдугаарт, Есүс бол Христ гэдгийг таньж мэд

Өөрийнх нь хүүхдүүдийн хувьд биднийг гэх Тэнгэрлэг Эцэгийн хайрын хамгийн агуу илэрхийлэл бол Тэр бидний хүн нэг бүрийн Аврагч Хүүгээ бидэнд гэртээ харихад туслуулахаар илгээсэн. Тиймээс бид Түүнийг таньж мэдэх хэрэгтэй.

Олон жилийн өмнө би гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа нэг ахыг ариун сүмд ёслолын ажилтнаар үйлчлүүлэх хүсэлт илгээсэн юм. Түүнийг ёслолын ямар сайн ажилтан байж чадахыг тайлбарласныхаа дараа би “зөвшөөрөхгүй” гэсэн товчийг санаандгүй дараад, хүсэлтээ илгээчхэв. Илгээсэн зурвасаа буцаах гэж хичээгээд амжилт олоогүй тул би ариун сүмийн ерөнхийлөгч рүү залгаад, “Би маш том алдаа гаргачихлаа“ гэж хэлэхэд тэр ариун сүмийн буянтай ерөнхийлөгч: “Ерөнхийлөгч Айр, та уучлагдаж, бүрэн засах боломжгүй ямар ч алдаа гаргаагүй ээ” гэж эргэлзэлгүй хэлсэн юм. Юутай үнэн бэ. Чухамдаа л, Есүс Христ “аврах чадал[тай]” билээ.

2019 онд ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудад нэг томоохон өөрчлөлт орсон. Өмнө нь та Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Есүс Христийн үүргийн талаар гэрчлэлтэй юү? гэж асуудаг байсан бол одоо … таны Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү? гэж асуудаг болсон. Есүс Христийн Цагаатгал зөвхөн бусдын төлөө бус таны ч, миний ч төлөө ажилладаг. Тэр бол миний Аврагч. Тэр бол таны Аврагч. Хүн нэг бүрийн Аврагч юм. Зөвхөн Түүгээр дамжуулан та бид Эцэгтэй хамт байхын тулд эргэн очиж чадна.

Тиймээс, ах эгч нар аа, Түүнийг эрэлхийлцгээе. Эцэгтэй мөн бидний хүн нэг бүртэй харилцах Түүний тэнгэрлэг харилцааны талаар сурч мэдэцгээе. Биднийг наманчлах үед Гэтэлгэгчээр маань дамжин бидний хүн нэг бүрд ирдэг гэтэлгэх хайрын дууг сонсоцгооё. “Аврах чадал бүхий түүний[г]” таньж мэдсэнээр, Бурханы хүүхдүүдийн хувьд бид бол Түүний баяр баясгалан, Тэр биднийг нэн тэргүүнд анхаардаг гэдгийг мөн бид өөрсдийгөө аврагдах үнэ цэнтэй гэдгээ ойлгох болно.

Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг бидэнд бий гэдгийг би гэрчилж байна. Бид хүчит залбирал, хувийн илчлэл, Есүс Христэд ирэх зэргээр дамжуулан энэ мөнхийн үнэнийг ойлгож авах үедээ “Би бол Бурханы хүүхэд” хэмээн одоо ч мөн үргэлж зоригтой тунхаглаж чадна. Есүс Христийн нэрээр, амен.