Бурханы үг буюу Гэр бүлийн тунхаг
Тунхаг нь тэнгэрлэг гаралтай тул бид үүнийг Бурханы үг гэж үзэн хүндэтгэлтэй хандах ёстой.
2025 оны 10-р сарын энэ Ерөнхий чуулганаар “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхгийг” зарласны 30 жилийн ой тохиож байна. Энэхүү тунхаг нь тэнгэрлэг загвараар илчлэгдсэн үгсийн хамт “нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг дэмжиж, хүчирхэгжүүлэх” зорилгоор бүтээгдсэн.
Ээж аав, хүү охин, ач зээ, өвөө эмээ, нагац ах эгч, авга ах эгч, ах эгч, үеэл гээд бүх хүн нэг гэр бүлд харьяалагддаг. Хамгийн чухал нь бидний хүн нэг бүр тунхагт дурдсанчлан, “Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнсэн хүү, охин бөгөөд бурханлаг мөн чанар, хувь тавилантай.”.
2015 онд намайг ариун төлөөлөгчийн эгнээнд үйлчлэхээр дуудагдахад “Энэ тунхаг одоо таных. Таны нэр [гарчган дээрх ‘Арван хоёр төлөөлөгчийн зөвлөл’ гэсэн рүү заагаад] энд байна. Та үүнийг мэдрээд, өөрийн болгож заагаарай” гэв.
Би гэр бүлийн тунхагт хайртай. Би Африкаас Австрали хүртэл, дэлхий даяар Бурханы мөнхийн төлөвлөгөөнд гэр бүлийн гүйцэтгэдэг үүргийн талаар гэрчилсээр ирсэн. Тунхаг нь тэнгэрлэг гаралтай тул бид үүнийг Бурханы үг гэж үзэн хүндэтгэлтэй хандах ёстой.
Ах, эгч нар аа, өмнөх Ерөнхий чуулганы яг энэ индэр дээрээс миний хэлсэнчлэн “Үг чухал” гэдгийг санаарай.
Бидний итгэдэг зүйлсийн гол захиас болох уг тунхгийн талаар зарим мэдээллийг өгье.
1994 онд буюу тунхгийг танилцуулахаас нэг жилийн өмнө Арван хоёр төлөөлөгчийн чуулга нийгэм, засгийн газар хэрхэн гэр бүл, гэрлэлт, хүйсийн талаарх Бурханы хуулиас ухарч байгаа талаар ярилцжээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хожим нь ийн тайлбарласан. “Гэвч бидний харсан зүйл үүгээр хязгаарлагдаагүй бөгөөд янз бүрийн нийгмийн бүлгийн оролдлогууд бэлгийн харьцааны бүхий л жишиг, хязгаарлалтуудыг үгүй хийх гэж оролдож байгааг бид харсан. Бид хүйсийн төөрөгдлийг харсан. Энэ бүхэн удахгүй болно гэдгийг бид харсан.”
Арван хоёрын чуулга гэр бүлийн талаарх Сүмийн байр суурийг нэгтгэсэн баримт бичиг буюу албан ёсны тунхгийг бэлтгэхээр шийдэв. Тэр жил эдгээр төлөөлөгч, Бурханаас дуудагдсан үзмэрчид гэр бүлийн тухай тунхгийг бэлтгэсэн юм. “[Тэд] юуг, хэрхэн хэлэх” тал дээр Их Эзэнд хандан залбирч байсныг ерөнхийлөгч Даллин Х.Өүкс дурсан ярьсан байдаг. Тэд үүнийгээ Тэргүүн зөвлөл буюу Ховард В.Хантэр, Гордон Б.Хинкли, Томас С.Монсон ерөнхийлөгч нарын саналыг сонсохоор танилцуулав.
Хэдхэн сарын дараа 1995 оны 3-р сард ерөнхийлөгч Хантэр нас барж, ерөнхийлөгч Хинкли Сүмийн 15 дахь ерөнхийлөгч болсон юм. Тунхаг одоо түүний мэдэлд очсон байв. Энэ тунхгийг Сүмд танилцуулах хамгийн тохиромжтой үе хэзээ байсан бол? Тэр мөч зургаан сарын дараа тохиосон юм.
Ерөнхий чуулганы өмнө 9-р сарын 23-ны Халамжийн нийгэмлэгийн ерөнхий хуралдаан болохоос хэдэн хоногийн өмнө ерөнхийлөгч Хинкли болон түүний зөвлөхүүд Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлтэй уулзав. Эгч нар мөн төлөөлөгчдийн нэгэн адил эмэгтэйчүүд болон гэр бүлийн талаар санаа зовниж байсан ба удахгүй болох хуралдаанаа гэр бүлийн асуудал дээр төвлөрүүлэхээр зэхэж байв.
Ерөнхийлөгч Хинкли цуглаан дээрх эмэгтэйчүүдэд хандан үг хэлэхээр төлөвлөв. Тэрээр хэлэх үгээ юунд чиглүүлэхээ тунгаан бодож байлаа. Хэлэлцүүлгийн үеэр тэр шинээр гаргаж байгаа ч хараахан олон нийтэд танилцуулаагүй “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхгийн” нэрийг дурдав. Эмэгтэйчүүдийн энэ хуралдаан гэр бүлийн тунхгийн талаарх шийдвэрийг гаргахад тохирох газар байсан уу?
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Элэйн Жэк дараа нь ийн тайлбарласан. “Бид тухайн үед гэр бүлийн талаарх тунхаг гэж юу болохыг мэдээгүй байсан. … [Бидэнд] гарчгаасаа ойлгомжтой байсан ч бид гэр бүлийн талаар … ямартаа ч эерэг зүйл дурдагдана гэдгийг мэдэж байв. … Илчлэл хүлээн авдаг Арван хоёрын чуулгын гишүүдтэй байгаадаа би талархсан.”
Тэр бямба гараг Халамжийн нийгэмлэгийн түүхэн хуралдаан болсон юм. Ерөнхийлөгч Хинкли гэр бүлийн тунхгийг эдгээр чухал үгээр танилцуулсан юм: “Өчнөөн олон хуурамч санааг үнэн мэт шургалуулж, ёс зүйн жишиг, үнэт зүйлсийн талаар олон худал хуурмаг зүйл яригдах болж, ийм их уруу таталт, арга мэх дэлхийг аажим аажмаар бохирдуулж байгаа өнөө үед бид энэ сүмийн бошиглогч, үзмэрч болон илчлэгчид түүхийн туршид ахин дахин цохон тэмдэглэсээр ирсэн гэр бүлтэй холбоотой жишиг, сургаал, зан үйлийн талаар сэрэмжлүүлэн, урьдчилан сэргийлэх ёстой гэдгээ мэдэрсэн.”
Дараа нь тэр тунхгийг бүтнээр нь уншив. Их Эзэний хэлснээр “Миний өөрийн дуу хоолойгоор байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолойгоор байна уу, энэ нь адил.”
Уг тунхагт тусгагдсанаар, “Гэр бүл Бурханаас заяагддаг.” Энэ мэдэгдэл маш тодорхой байгаа нь надад таалагддаг. Тунхаг бол бидний доторх бурханлаг мөн чанар, өмнөө зурайх мөнхийн ирээдүйгээ мөнх бус амьдралдаа үргэлж санаж амьдрах урилга юм. Ерөнхийлөгч Нэлсон: “Та нар бол үнэхээр Бурханы хүүхэд юм шүү. … Үүнийг мартаж болохгүй. Та нарт тэнгэрлэг чадавх бий. Та нарын шаргуу эрэл хайгуулын үр дүнд Бурхан та нарт хэн болж чадахыг чинь зэрвэс харуулах болно” хэмээн заасан.
Тунхгийг танилцуулах үед энэ нь дэлхийн олон хүний үзэл бодолтой нийцэхгүй байв. Тэр үед ч, одоо ч бас. Гэр бүл, гэрлэлт, хүйсийн талаарх тунхгийг шүүмжилдэг хүмүүс бий. Зарим нь Сүм тунхгаа эргүүлэн татаж, өөрчилж, бүр хүчингүй болгох нь дээр гэдэг.
Хүндэт ах, эгч нар аа, гэр бүлийн талаарх энэхүү тунхаг нь ерөнхийлөгч Хинклигийн хэлснээр сургаал юм. Зарчмууд нь Их Эзэний болон Түүний гэрээний замтай нийцдэггүй биш, харин төгс нийцдэг. Тунхгийн сургаалуудыг бидний Эзэн Есүс Христ төлөөлөгчдөдөө тэр үед илчилсэн, одоо ч илчилж байгаа. Энэ бол Түүний Сүм. Тэр бидний даган амьдарч буй үнэнүүдийг үндэслэсэн.
Та нарын зарим нь тунхгийг эргэцүүлэн бодож, “Энэ надад тохирохгүй юм байна,” “Ямар мэдрэмжгүй юм бэ,” “Манай гэр бүл ийм биш,” “Надад хамаагүй юм байна” гэж хэлж магадгүй.
Ийм бодолтой байгаа хүмүүст хандан хэлэхэд, та бол тэнгэрлэг эцэг эхийн хүүхэд, Тэнгэр дэх Эцэгийнхээ гэр бүлийн нэгэн хэсэг юм. Хэн ч таныг Түүн шиг сайн мэдэж эсвэл танд Түүн шиг санаа тавихгүй. Түүнд ханд, зүрх сэтгэлээ уудал, Түүнд болон Түүний амлалтад итгэ. Танд хайртай Аврагч Есүс Христийн дотор танд гэр бүл бий. Тэр бидний гэм нүглийг цагаатгаж, алдаа дутагдал болон хүндхэн өдрүүдийн маань ачааг үүрэхээр дэлхийд ирсэн. Тэр таны юу туулж, юу мэдэрч байгааг ойлгодог. Түүнд ханд. Тэр тантай хамт байж, таныг дэмжиж мөн удирдан чиглүүлэх Ариун Сүнсийг илгээнэ гэдэгт итгэ. “Хүмүүний үрсийн зүрхэнд хааяагүй түгэх … хамгийн ихээр хүсэл татам … мөн бодгальд хамгийн их баясгалант” болох Тэдний хайрыг мэдэр.
Их Эзэний бүх төлөөлөгч танд маш их хайртай. Бид та нарын төлөө залбирч, таны төлөө Их Эзэний удирдамжийг эрэлхийлдэг. Бидэнтэй хамт байгаарай. Дайсан та нарыг өөрийн болгохыг эрэлхийлж буй хэцүү цаг үед та нар амьдарч байна. Уруу татагдан замаасаа бүү гар. Гарсан бол буцаад ир. Танд хайртай бусдын адилаар бид таныг гараа дэлгэн хүлээж байна.
Тунхагт: “Эцэг эхчүүд үр хүүхдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүл[эх] … нандин үүрэгтэй” хэмээн дурдсан байдаг. Мормоны Ном энэ үнэний хоёр дахь гэрч юм. Эхний бүлгийн эхний шүлгээс бид “Нифай би, буянт сайн эцэг эхээс мэндэлсний учир” гэж уншдаг. Бидний хэд нь Мормоны Номыг ахин дахин эхнээс нь унших явцдаа эдгээр үгийг ой тоондоо хоногшуулсан бол? Харин одоо зүрх сэтгэлдээ хоногшуул.
Гэр бүлийн тунхгаас “Их Эзэн Есүс Христийн сургаалд суурилсан гэр бүл аз жаргалтай байх нь гарцаагүй” гэдэг нь миний дуртай хэсгүүдийн нэг юм.
Хэн аз жаргалтай байхыг хүсэхгүй байх билээ?
Бас Есүс Христийн сургаал гэж юу вэ? Энэ тунхаг мөн л “Итгэл, залбирал, наманчлал, уучлал, хүндэтгэл, хайр, өрөвч нинжин сэтгэл, хөдөлмөр, үр бүтээлтэй мөн эерэг үйл ажиллагаа[г]” дурдсан байдаг.
Эдгээр гол зарчмыг хэрэгжүүлэхэд хэний амьдрал дээрдэхгүй байх билээ? Бидний хэн нь ч төгс байж чадахгүй ч ерөнхийлөгч Хинклигийн “Чадлынхаа хэрээр хамгийн сайнаараа хий” гэсэн ухаалаг зөвлөгөөг дагаж чадна.
Бид тунхгаас: “эцэг хүн гэр бүлээ хайр, зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж,” … “эх хүний үндсэн үүрэг бол хүүхдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал” гэж уншдаг. Тэргүүлэх гэдэг нь давуу байх гэсэн үг биш, өсгөн хүмүүжүүлэх гэдэг нь дорд үүрэг гэсэн үг биш юм. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөр хэдий ч бие биеэ нөхөх эрх тэгш, чухал үүргүүдийг өгсөн.
Би өөрийн нэгэн түүхийг хуваалцъя.
Намайг эхнэртэйгээ зөвлөлдөхгүйгээр чухал шийдвэр гаргасан тэр өдөр бид хоёр тэгш эрхтэй хамтрагчид байх тал дээр илүү сайн ажиллах хэрэгтэйгээ ойлгосон юм. Миний үйлдэл түүнийг гайхшируулж, намайг ингэнэ чинээ төсөөлөөгүй байсан тул тэр маш хүнд байдалд орсон байв. Дараа нь тэр мөрөн дээр минь гараа тавиад, “Рон, гуйя, дахин ийм зүйл битгий хийгээрэй” гэж хатуухан хэлсэн. Тэр цагаас хойш бид нэг ойлголттой болсон.
Бид гэр бүлийн тунхгаас: “Эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” гэдгийг уншдаг.
Тэгш эрхтэй гэдэг нь чухал үг юм. Расбанд эгч бид хоёр олон жилийн туршид тунхагт дурдсан “ариун нандин үүрэг” дээрээ хамтран ажиллаж, эн тэнцүү буулгаа үүрэлцэн гэрлэлтээ бүтээсэн. Хүүхдүүд маань одоо бүгд гэрлэсэн болохоор Расбанд эгч бид хоёр тэдэнд болон тэдний хань ижилд хэрхэн тэгш эрхтэй хамтрагч байх талаар зөвлөсөөр байдаг.
Бид Бурханы алдар сууд хараагаа төвлөрүүлж амьдрах үедээ бие биеэ хүндэлж, дэмждэг. Эдгээр зөв шударга байдлын тэнгэрлэг загвар нь хувь хүний амьдрал, гэр бүл, нийгмийг тогтвортой байхад түлхэц болдог.
Тэнгэр дэх Эцэг маань биднийг гэртээ эргүүлэн авчрахын тулд мөн суралцаж, хайр, хүч чадал, зорилго, мөнхийн ойлголтыг олж авахад бидэнд туслахын тулд гэр бүлийн тунхгийг өгсөн билээ. Түүнтэй болон Түүний Хайрт Хүүтэй ойр амьдрахыг би чин сэтгэлийнхээ угаас та нараас гуйж байна. Ийн амьдрах юм бол Сүнс танд урам зориг өгч, удирдан чиглүүлж, Тэдний амласан “бүх оюун ухааныг давах” амар тайвныг зүрх сэтгэлдээ мэдрэхэд тань тусална гэдгийг би амлаж байна. Есүс Христийн нэрээр, амен.