2025
Та нарын дуудагдах нэр
2025 оны 11-р сар


11:1

Та нарын дуудагдах нэр

Христийн нэрээр нэрлэгдэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Их Эзэн бидэнтэй шууд ярих байсан бол эхлээд бидний жинхэнэ мөн чанарыг буюу бид бол Бурханы хүүхдүүд, гэрээний хүүхдүүд, Есүс Христийн шавь нар гэдгийг ойлгуулах байсан гэж заасан. Өөр ямар ч тодорхойлолт эцэст нь биднийг гонсойлгох байсан.

Ууган хүү маань анхны гар утсаа авахад би энэ талаар мэдэж авч билээ. Тэр маш их догдолж, гэр бүл, найз нөхдийнхөө нэрийг оруулан дугаарыг нь хадгалж эхэлсэн. Нэг өдөр би түүний ээж нь залгаж байгааг анзаарав. Дэлгэцэн дээр “Ээж” гэсэн нэр гарч ирсэн юм. Энэ нь мэдрэмжтэй, эрхэмлэн дээдэлсэн сонголт байсан ба манай гэрт сайн эцэг эх гэж хүндэлж буйн илэрхийлэл гэж би ойлгоно. Цаанаасаа миний сонирхол төрөөд, Намайг юу гэж нэрлэсэн бол? гэж бодлоо.

Би утасны жагсаалтыг нь гүйлгэн харж, Вэндиг “Ээж” гэсэн юм чинь намайг “Аав” л гэсэн байх гэж бодлоо. Байсангүй. Би “Эцэг” гэж хайлаа. Бас л байсангүй. Сониучирхсан биш бүр санаа зовж эхэллээ шүү. “Намайг ‘Кори’ гэж хадгалсан юм болов уу?” гэтэл, алга. “Бид хөл бөмбөгчид болохоор намайг ‘Пеле’ гэж хадгалсан юм болов уу” гэж эцсийн найдлага тавив. Мөн мөрөөдөв өө. Эцэст нь би өөрөө түүний дугаар луу залгалаа. Дэлгэц дээр нь “Ээж биш” гэсэн хоёр үг гарч ирдэг байгаа!

Ах, эгч нар аа, та нарыг ямар нэрээр дууддаг вэ?

Есүс Христ дагалдагчдаа олон янзын нэрээр дууддаг байсан: Шавь нар. Хөвгүүд мөн охид. Бошиглогчдын хүүхдүүд. Хоньд. Нөхөд. Ертөнцийн гэрэл. Гэгээнтнүүд. Нэр бүр нь мөнхийн ач холбогдолтой ба Аврагчтай харилцах бидний хувийн харилцааг онцолдог.

Гэвч эдгээр нэр дундаас нэг нь бусдаасаа илүү байдаг нь Христийн нэр юм. Мормоны Номд Бенжамин хаан:

“Аврал дамжин ирэх үүнээс өөр нэр гэж үгүй; Тиймийн тул, би та нарыг … Христийн нэрийг өөрсөд дээрээ хүлээн аваасай хэмээнэ. …

Мөнхүү улиран тохиох дор үүнийг хийсэн нь Бурханы баруун гар талд олдох болно, учир нь тэрээр өөрийн нэрлэгдсэн нэрээ мэдэх болно; учир нь тэрээр Христийн нэрээр нэрлэгдэх болно” хэмээн хүчирхгээр заасан.

Христийн нэрийг өөрсөд дээрээ авсан хүмүүс түүний шавь, гэрч болдог. Үйлс номд Есүс Христ амилсны дараа сонгосон гэрчүүдэд Есүст итгэж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авсан хэн боловч нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах болно гэдгийг гэрчлэхийг зарлигласан тухай бид уншдаг. Эдгээр ариун ёслолыг хүлээн авсан хүмүүс Сүмд цуглаж, шавь болж, Христийнх хэмээн нэрлэгддэг байв. Мормоны Номд бас Христэд итгэгч хүмүүсийг Христийнх, мөн гэрээт хүмүүсийг “Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, мөн түүний охид” хэмээн дүрсэлдэг.

Христийн нэрээр нэрлэгдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахиж, үргэлж Түүнийг санаж, зарлигуудыг нь сахиж, мөн “ямар ч цагт мөн бүх зүйлд … Бурханы гэрчлэгч болж … зогсоход бэлэн” гэсэн үг. Энэ нь бошиглогч, төлөөлөгчдийг Христийн захиасыг сургаал, гэрээ, ёслолуудтай нь хамт дэлхий даяар түгээж явахад тэдэнтэй хамт зогсоно гэсэн үг юм. Энэ нь бас бусдын зовлонг нимгэлэхийн тулд тэдэнд үйлчлэх, бүх хүнд гэрэл нь байх, Христийн найдварыг авчрах гэсэн утгатай. Мэдээж энэ бол насан туршийн үйл явц. Бошиглогч Иосеф Смит: “Энэ бол хүмүүн агшин зуурт хүрч чадах нөхцөл биш гэж бид үздэг” хэмээн заасан.

Шавийн замнал нь “шат шатаар, дүрэм дүрмээр” ахиж, цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг учраас дэлхийн нэр цолд баригдахад амархан. Эдгээр нь түр зуур ашиг тусаа өгөх ч дангаараа хэзээ ч хангалттай байхгүй. Гэтэлгэл болон мөнхийн зүйлс зөвхөн “Ариун Мессиагийн улмаас мөн Түүгээр дамжуулагдан ирэх болой.” Тиймээс шавь байхыг эн тэргүүнд тавь гэх бошиглолын зөвлөгөөг дагах нь, ялангуяа бидний анхаарлыг татах олон дуу хоолой, нөлөө бүхий энэ үед цагаа олсон, ухаалаг хэрэг юм. Энэ нь Бенжамин хааны “Та нар өөрсдийн дуудагдах дуу хоолойг, мөн түүнчлэн та нарыг дуудах нэрийг сонсож бас мэдэхийн тулд [Христийн] нэрийг зүрх сэтгэлдээ үргэлж бичээстэй хадгалахыг та нар санаасай хэмээнэ би” гэх зөвлөгөөний гол утга учир байсан.

Мартин Гасснэр

Би үүнийг өөрийнхөө гэр бүлээс харсан. Даруухан салбарын ерөнхийлөгч Аврагчийн дуудлагад хариулснаар миний элэнц эцэг Мартин Гасснэр мөнхөд өөрчлөгдсөн юм. Герман улсад 1909 онд цаг үе хүнд байсан бөгөөд мөнгө хомс байлаа. Мартин төмөр хоолойн үйлдвэрт гагнуурчнаар ажилладаг байв. Өөрийнх нь хэлснээр, тэр цалин буусан ихэнх өдөр архи ууж, тамхи татаж, уушийн газар найзууддаа уух зүйлс худалдан авдаг байжээ. Эхнэр нь эцэстээ түүнд, хэрэв өөрчлөгдөхгүй бол орхиж явна гэж анхааруулжээ.

Нэгэн өдөр Мартины хамт ажилладаг найз уушийн газар луу явж байхдаа үрчийлгэж базсан шашны товхимол барьсан байлаа. Тэрээр үүнийг гудамжнаас олсон ба “Was Wissen Sie von den Mormonen?” буюу орчуулбал “Та мормончуудын тухай юу мэддэг вэ?” гэсэн гарчигтай энэ товхимлыг уншаад ямар нэг өөр зүйл мэдэрснээ Мартинд хэлжээ. Энэ нэр одоо өөрчлөгдсөн л дөө.

Ар талд нь сүмийн хаягийг тамгалсан нь сүмийн байршлыг бүдэг ч гэлээ харж болохоор байв. Энэ нь нэлээд хол байсан ч уншсан зүйл нь сэтгэлийг нь хөндсөн учир тэд тухайн ням гарагтаа галт тэргэнд сууж, очиж үзэхээр шийджээ. Тэднийг хүрч иртэл уг хаяг дээр тэдний хүсэн хүлээж байсан сүм биш, харин оршуулгын ёслолын байр байлаа. Оршуулгын ёслолын байранд сүм байна гэдэг нь яг л багц үйлчилгээ үзүүлж байгаа мэт санагдсан учраас Мартин эргэлзэв.

Гэвч дээд давхрынх нь түрээсэлсэн танхимд цөөн хэдэн гэгээнтэн байлаа. Нэгэн эрэгтэй тэднийг гэрчлэлийн цуглаанд урив. Мартин Сүнсийг мэдэрч, энгийн бөгөөд чин сэтгэлээсээ хуваалцсан гэрчлэлүүд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн тул өөрийн гэрчлэлийг хуваалцжээ. Тэр тэнд, төсөөлж ч байгаагүй тэр газарт энэ нь үнэн гэдгийг аль хэдийн мэдэж байгаагаа хэлсэн юм.

Дараа нь тэр хүн өөрийгөө салбарын ерөнхийлөгч гэж танилцуулаад, дахин ирэх эсэхийг нь асуув. Мартин хэтэрхий хол амьдардаг учраас долоо хоног бүр ирэх мөнгөгүй гэдгээ тайлбарлав. Салбарын ерөнхийлөгч “Намайг дага” гэж энгийнээр хэллээ.

Тэд хэдэн гудамжны цаана байрлах, салбарын ерөнхийлөгчийн найз нь ажилладаг ойролцоох үйлдвэр лүү алхав. Тэд хэсэг ярилцсаны дараа Мартинд болон найзад нь ажил санал болгожээ. Дараа нь салбарын ерөнхийлөгч тэднийг нэгэн орон сууц руу дагуулан орж, гэр бүлийг нь орон байраар хангасан байна.

Энэ бүхэн хоёр цагийн дотор л болжээ. Мартины гэр бүл дараагийн долоо хоногт нүүж ирэв. Зургаан сарын дараа тэд баптисм хүртсэн юм. Нэгэн цагт найдваргүй архичин гэгддэг байсан тэр хүн шинэ шашиндаа туйлын идэвхтэйгээрээ танигдсан тул хотын хүмүүс түүнийг ёжлон “санваартан” гэж дуудах болжээ.

Салбарын ерөнхийлөгчийн хувьд нэрийг нь би хэлж чадахгүй. Учир нь цаг хугацаа өнгөрч түүний хэн гэдэг байсан мэдээлэл алдагджээ. Харин би түүнийг шавь, элч, Христийн шашинтан, сайн самари хүн, найз гэж дууддаг. Түүний нөлөө 116 жилийн дараа ч мэдрэгдсээр байгаа төдийгүй тэр жинхэнэ шавь байсан учраас л би өдгөө энд зогсож байна.

Гасснэрынхан ариун сүмд

“Алимын доторх үрийг тоолж болох ч нэг үрээс гарах алимыг тоолох боломжгүй гэсэн үг байдаг.” Салбарын ерөнхийлөгчийн тарьсан үр тоо томшгүй их үр жимс өгсөн. 48 жилийн дараа, хөшигний хоёр талд байгаа Мартины гэр бүл хэдэн үеэрээ Швейцарын Берн ариун сүмд лацдан холбуулна гэдгийг тэр мэдээгүй байсан биз ээ.

Бидний сонорт хүрдэггүй ч Есүстэй адил байхыг хичээдэг, сайныг үйлддэг жирийн хүмүүсийн амьдрал дахь чимээгүйхэн, эгэл жирийн үйлдлүүдээс нь харагддаг номлолууд магадгүй хамгийн агуу нь байж ч мэднэ. Уг энэрэнгүй, салбарын ерөнхийлөгчийн хийсэн зүйл түүний хийхээр товлосон ажил байгаагүй. Тэр ердөө л Алмагийн номд дүрсэлснээр “өлссөн, цангасан, өвдсөн … нэгнийг ч буцаагаагүй болой; … тэд, настай мөн залуу аль алинд нь, … эрэгтэй мөн эмэгтэй аль алинд нь, өгөөмөр хандаж,” сайн мэдээний дагуу амьдарч байв. Мөн бид “тэд сүмийнх биш ч бай, мөн ч бай, ялгаварлан үзэлгүйгээр” хэнийг ч буцаагаагүй” гэсэн чухал хэсгийг орхигдуулж болохгүй.

Өөрсөд дээрээ Христийн нэрийг авсан хүмүүс Иосеф Смитийн: “Бурханы хайраар дүүрэн хүн зөвхөн өөрийнх нь гэр бүл адислагдсанаар сэтгэл ханадаггүй, харин бүх дэлхий, бүх хүн төрөлхтнийг адислахын төлөө санаа тавьдаг юм” гэсэн үгтэй санал нийлдэг.

Есүс ингэж л амьдарсан. Үнэндээ Тэр маш их зүйлийг үйлдсэн учраас шавь нар нь бүгдийг нь бичиж чадаагүй юм. Төлөөлөгч Иохан: “Есүсийн үйлдсэн бас өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номуудыг нь энэ ертөнц ч багтаахгүй байхсан гэж би боддог” хэмээн бичсэн байдаг.

Бүгдээрээ бусадтай харилцах бүрдээ хүмүүст Бурханы хайрыг болон Ариун Сүнсний батлагч хүчийг мэдрүүлэхийн тулд Христийн үлгэр жишээг дагаж, сайныг үйлдэж, шавь байхыг амьдралынхаа турш эн тэргүүнд тавихыг хичээцгээе. Тэгвэл бид миний элэнц эцэг болон шавь Андрей шиг “Бид Мессиаг оллоо” хэмээн тунхагласан сая сая хүмүүстэй нэгдэх болно.

Эцсийн эцэст бидний хэн болохыг дэлхий тодорхойлдоггүй. Хүлээн авсан ёслолууд, сахидаг гэрээнүүд, эгэл жирийн сайн үйлүүд маань мөн Бурханд болон хөршдөө үзүүлдэг хайр маань бидний шавийн замналыг тодорхойлдог. Ерөнхийлөгч Нэлсоны заасанчлан бид үнэхээр Бурханы хүүхдүүд, гэрээний хүүхдүүд, Есүс Христийн шавь нар мөн.

Есүс Христ амьд бөгөөд биднийг гэтэлгэсэн гэдгийг би гэрчилж байна. Тэр: “Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх” гэж хэлсэн Нэгэн мөн. Есүс Христийн нэрээр, амен.