Жаргалтай царай, талархсан зүрх сэтгэл
Африк дахь гэгээнтнүүдийн маань агуу байдал тэднийг амьдралын саад бэрхшээлтэй тулгарч, өсөн хөгжиж буй Сүмийн үүрэг хариуцлагыг хүлээн авах үед улам тодорч харагддаг.
Жил гаруйн өмнө би Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэхүү өөрчлөлтийг миний энэ зогсож байгаа газраас Ерөнхий чуулган дээр зарласан юм. Миний нэрийг чөлөөндөө гарч буй ерөнхий эрх мэдэлтнүүдийнхтэй ойрхон зарласан учир олон хүн миний үйлчлэх хугацааг бас дуусаж байна гэж бодсон байсан. Чуулганы дараа надад маш олон талархлын болон цаашдын амьдралд минь сайн сайхныг хүссэн зурвас ирж билээ. Зарим нь бүр Солт Лэйкийн хойд хэсэгт байх миний байшинг худалдаж авъя гэсэн санал хүртэл тавьж байлаа. Үйлчлэлээ дуусгасан ч хүмүүс намайг мартахгүй юм байна, байшингаа зарахад ч асуудалгүй юм байна гэдгийг мэдэх нь надад сайхан санагдаж байв. Гэхдээ миний үйлчлэл дуусах арай болоогүй байгаа.
Шинэ дуудлагаараа Моника бид хоёр Сүм хөгжин цэцэглэж буй үзэсгэлэнт Африкт очсон юм. Африкийн Өмнөд бүсийн итгэлтэй гэгээнтнүүдийн дунд үйлчилж, тэдний төлөөх Их Эзэний хайрыг гэрчлэх нь надад адислал болдог. Амжилттай, өндөр боловсролтой Сүмийн гишүүд төдийгүй өөр өөр нөхцөл бололцоотой хүмүүс үе удмаараа бусдад үйлчлэхээр цаг зав, авьяас чадвараа зориулахыг харах нь сүнсийг мэдрүүлдэг.
Үүнтэй зэрэгцэн энэхүү бүс нутгийн онцлогоос хамааран, амьдралын боломж муутай маш олон хүн Сүмд нэгдэж, итгэлтэйгээр аравны нэгээ төлснөөр ирдэг адислалууд болон Сүмээс олгодог боловсролын боломжуудаар дамжуулан амьдралаа өөрчилж байна. Succeed in School, EnglishConnect, BYU–Pathway Worldwide, Тасралтгүй үргэлжлэх боловсролын сан гэх мэт хөтөлбөрүүд маш олон хүний, ялангуяа өсөж буй үеийнхний амьдралыг адисалдаг.
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст нэгэнтээ “Сүм агуу хүмүүсийг өөртөө татдаггүй харин ихэвчлэн энгийн хүмүүсийг агуу болгодог гэлцдэг” хэмээн хэлсэн байдаг.
Африк дахь гэгээнтнүүдийн маань агуу байдал тэднийг амьдралын саад бэрхшээлтэй тулгарч, өсөн хөгжиж буй Сүмийн үүрэг хариуцлагыг хүлээн авах үед улам тодорч харагддаг. Тэд үүнийг үргэлж эергээр хүлээн авдаг. Тэд ерөнхийлөгч Нэлсоны дараах алдартай захиасыг маш сайн хэрэгжүүлдэг.
“Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.
Бид амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой.”
Саад бэрхшээлээс үл хамааран тэд баяр баясгалантай байдаг. Аврагчтай харилцах бидний харилцаа бэрхшээлийг жаргалтай царай, талархсан зүрх сэтгэлээр шийдвэрлэх боломжийг олгодог гэдгийг тэд мэдсэн юм.
Энэ зарчмыг үлгэрлэн үзүүлдэг итгэлтэй гэгээнтнүүдтэй хамт байхад тохиолдсон зарим нэг туршлагаасаа би хуваалцмаар байна. Мозамбикаас эхэлье.
Мозамбик
Хэдэн сарын өмнө би байгуулагдаад нэг жил болж байгаа, дотроо 10 нэгж бүхий гадасны чуулганыг тэргүүлсэн юм. Жижиг цуглааны байр болон гадаа зассан гурван асрыг хоёр мянга гаруй хүн дүүргэсэн байлаа. Гадасны ерөнхийлөгч нь 31 настай, эхнэр нь 26 настай ба тэд хоёр жаахан хүүхэдтэй. Тэр энэ өсөн өндийж буй, амаргүй гадсыг ямар нэг зүйлд гомдоллохгүйгээр зөвхөн инээмсэглэсэн царай, талархсан зүрх сэтгэлээр удирдаж байв.
Патриархтай ярилцаж байхдаа би эхнэр нь хүнд өвчтэй байгааг мөн эмчилгээний зардал олоход хэцүү байгааг нь мэдэж авсан. Энэ талаар гадасны ерөнхийлөгчтэй ярилцсаны дараа бид түүний эхнэрт санваарын адислал өгөв. Би патриархаас дунджаар хэдэн патриархын адислал өгдөг вэ гэж асуув.
Тэр “наймаас арав” гэж хэлсэн.
“Сар болгон уу?” гэж асуухад,
тэр “Долоо хоног бүр!” гэж хариулсан юм. Намайг түүнд нэг долоо хоногт тийм их адислал өгөхөд хэцүү байж болох юм гэж зөвлөхөд,
“Ахлагч Годой, шинэ гишүүд болон өсвөр үеийн хүүхдүүд гээд хүмүүс долоо хоног бүр ирсээр байдаг” гэж тэр хэлж билээ. Дахиад л, юунд ч гомдоллосонгүй, зөвхөн инээмсэглэсэн царай, талархсан зүрх сэтгэл.
Гадасны чуулганы бямба гаргийн оройн хуралдааны дараа зочид буудал руугаа явах замдаа би орой болсон байхад хүмүүс зам дагуу хоол худалдаж авч байхыг харав. Яагаад хүмүүс өдөр нь биш ийм орой болсон хойно хоол авч байгаа юм бол гэж би жолоочоос асуусан. Тэрээр хүмүүс өдөр нь ажил хийж мөнгөтэй болоод, орой нь хоолоо авч байгаа юм гэж хариулсан.
“Аан, маргаашийнхаа хоолыг авахын тулд өнөөдөр ажиллаж байсан юм байна” гэхэд,
“Үгүй ээ, тэд өнөө орой идэх хоолоо авахын тулд өдөр нь ажил хийж байсан юм” гэж миний хэлснийг залруулав. Би манай гишүүд илүү дээр нөхцөл байдалд байгаа байх гэж найдсан ч жолооч маань энэ бүс нутагт олон гишүүн ижилхэн асуудалтай байгаа гэдгийг хэлсэн. Тэдний нөхцөл байдлыг харж ойлгосны маргааш өглөө нь буюу ням гаргийн хуралдааны үеэр тэдний жаргалтай царай, талархсан зүрх сэтгэл миний сэтгэлийг улам их хөдөлгөж билээ.
Замби
Ням гаргийн цуглаанд оролцохоор явж байх замдаа гадасны ерөнхийлөгч бид хоёр нэгэн хос бага насны хоёр хүүхэд болон нэг нялх хүүхдээ дагуулан зам дагуу алхаж байхтай таарсан юм. Бид зогсож тэднийг машиндаа суулгасан. Тэд маш их гайхаж мөн баярлаж байв. Цуглааны байр хүрэх хүртэл хэр хол алхах байсныг асуухад хүүхдүүдийн алхах хурднаас хамаараад 45 минутаас 1 цаг болдог гэж аав нь хариулсан. Тэд ням гараг бүр ийнхүү нааш цааш явахдаа огтхон ч гомдоллохгүйгээр барахгүй зөвхөн жаргалтай царай, талархсан зүрх сэтгэлтэй байдаг.
Малави
Гадасны чуулганы өмнөх ням гарагт би улсын сургуулийн байруудыг цуглааны байр болгон ашиглаж буй хоёр салбарын гишүүдтэй уулзав. Барилга байгууламжийн энгийн, эгэл жирийн нөхцөл байдал, тэр байтугай хамгийн наад захын хэрэгцээг ч хангахааргүй тохь тухгүй байдлыг хараад би цочирдсон. Тэнд цөөн хэдэн гишүүнтэй уулзах үедээ би цуглааны байруудын хангалтгүй нөхцөл байдлын төлөө уучлалт гуйхад ч бэлэн байлаа. Гэвч тэд цугларах газар нь ойрхон болж, хол алхах шаардлагагүй болсондоо баяртай байв. Дахиад л, юунд ч гомдоллосонгүй—зөвхөн жаргалтай царай, талархсан зүрх сэтгэл.
Зимбабве
Бямба гаргийн удирдлагын сургалтын дараа гадасны ерөнхийлөгч намайг түрээсийн байранд болж байсан ням гаргийн цуглаанд аваачив. Тэнд 240 хүн оролцож байлаа. Тэгээд бишоп уг долоо хоногт баптисм хүртсэн 10 шинэ гишүүнийг танилцуулав. Цугласан хүмүүс хоёр жижиг өрөөгөөр таран сууж, зарим гишүүн барилгын гадаа суугаад цуглааныг цонх, хаалганы цаанаас үзэж байв. Дахиад л, юунд ч гомдоллосонгүй—зөвхөн жаргалтай царай, талархсан зүрх сэтгэл.
Лесото
Сүмийн нэгэн дүүргийг гадас болохоор бэлтгэж байгааг нь үзэхээр би “уулын хаант улс” гэж нэрлэгддэг энэхүү үзэсгэлэнт жижиг оронд зочилсон юм. Бямба гаргийн уулзалтуудын дараа, би нэгэн түрээсийн байранд болж байсан тэдний нэг салбарын ариун ёслолын цуглаанд оролцсон. Ариун ёслолын өрөөнд багтахгүй байсан тул хүмүүс хаалганы гадна зогсоцгоож байв. Намайг салбарын ерөнхийлөгчид танд илүү том байр хэрэгтэй юм байна даа гэж хэлэхэд, тэр энэ бол зөвхөн гишүүдийн маань хагас нь гэж хэлээд намайг бүр гайхшируулав. Үлдсэн хагас нь хоёрдугаар цагийн дараа хоёр дахь ариун ёслолын цуглаанд оролцох байв. Дахиад л, юунд ч гомдоллосонгүй—зөвхөн жаргалтай царай, талархсан зүрх сэтгэл.
Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн үгэндээ дурдсанчлан би дараа нь манай хэд хэдэн өсвөр үеийнхэн зам тээврийн осолд орж амь насаа алдсаны дараа Лесотод эргэн очсон юм. Гэр бүлүүд болон удирдагчидтай уулзах үед би дүнсгэр уур амьсгал угтана гэж бодож байлаа. Харин би нөхцөл байдлыг эергээр, зоригтой туулж яваа хүчтэй, тэсвэр хатуужилтай гэгээнтнүүдийг харсан юм.
Энэ зураг дээрх 14 настай охин Эмфо Анишиа Энкү ослоос амьд үлдсэн хохирогч бөгөөд “Есүст итгэж, үргэлж Түүнд ханд, яагаад гэвэл Түүгээр дамжуулан чи амар тайвныг олох болно, Тэр чамд эдгэхэд чинь туслах болно” гэж өөрийн үгээр үүнийг маш оновчтой илэрхийлсэн билээ.
Дээрх жишээнүүд бол тэдний эерэг хандлагыг харж болох ердөө хэдхэн жишээ. Яагаад гэвэл, тэд амьдралаа Есүс Христийн сайн мэдээнд төвлөрүүлдэг. Тэд хаанаас тусламж, найдвар олохоо мэднэ.
Аврагчийн эдгээгч хүч
Аврагч яаж та биднийг амьдралын ямар ч нөхцөлд халамжилж чаддаг вэ? Хариултыг нь судруудаас олж болно.
“Мөн тэрээр бүх төрлийн өвчин, зүдгүүр мөн уруу таталтуудыг тэвчих болно. …
… мөн түүний сэтгэл … нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно.”
Ахлагч Давид Бэднарын заасанчлан, бидэнд тохиолддог, Аврагчийн мэдэхгүй бие махбодын өвчин, шаналал эсвэл сул дорой байдал гэж үгүй. “Сул дорой байх үедээ та бид, ‘[намайг юу туулж байгааг] хэн ч ойлгохгүй’ гэж уулга алдаж магадгүй. Хэн ч үүнийг мэдэхгүй байж болно. Харин Бурханы Хүү төгс мэдэж, төгс ойлгодог.” Харин яаж? Яагаад гэвэл, “Тэр биднээс ч өмнө ачаа дарамтыг маань мэдэрч мөн үүрсэн.”
Матай 11 дэх Христийн хэлсэн гэрчлэлээр би үгээ төгсгөе.
“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.
Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.
Буулга минь аятай, ачаа минь хөнгөн.”.
Африкийн гэгээнтнүүдтэй адилаар, энэ амлалт үнэн гэдгийг би мэднэ. Энэ нь зөвхөн тэнд төдийгүй хаа сайгүй үнэн билээ. Үүнийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.