2025
Христ доторх энгийн байдал
2025 оны 11-р сар


11:18

Христ доторх энгийн байдал

Энгийнээр, мөн аливаа зүйлд сатааралгүйгээр Христийн цэвэр сургаалыг хэрэгжүүлэх нь өдөр тутмын амьдралдаа баяр баясгаланг мэдрэхэд бидэнд тусалдаг.

1. Оршил

Би 33 жилийн өмнө Ютагийн Огдэн номлолд номлогчоор үйлчлэх дуудлагаа хүлээн авсан. Мэдээж, Европоос ирсэн хүний хувь “Луувантай ногоон цэлцгэнүүр”, “төмсний хучмал” гэх зэрэг Ютагийн соёлыг шингээсэн хоолнууд надад бага зэрэг хачирхалтай санагддаг байлаа.

Гэсэн ч тэндхийн олон гэгээнтний үнэнч байдал, шавь байх хүсэл эрмэлзэл, хүмүүсийн Сүмийн цуглаануудад олноороо оролцож буй байдал, Сүмийн хөтөлбөрүүд бүрэн хэрэгждэг байсан зэрэг нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Номлолоо дуусгах үеэр би мэдэрсэн баяр баясгалан, ойлгож авсан сүнслэг хүч болон төлөвшлөө ирээдүйн гэр бүлдээ хэрэгжүүлэхийг хүсэж байлаа. Би “мөнх уулсын сүүдэр” доорх амьдралдаа эргэн очихоор яарч байв.

Гэвч Их Эзэнд өөр төлөвлөгөө байсан. Гэртээ харьсны дараах эхний ням гарагт манай ухаалаг бишоп намайг тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр дуудав. Тойргийнхоо гайхалтай залуу эрэгтэйчүүдэд үйлчилснээр би Христийн шавь байхаас ирдэг баяр баясгалан нь Сүмийн цуглаануудын том жижгээс эсвэл хөтөлбөрүүдийн цар хүрээнээс нэг их хамаардаггүй болохыг удалгүй ойлгосон юм.

Би үзэсгэлэнт гэргий Маргрэттэйгээ гэрлэсний дараа Европт үлдэж, өөрсдийн эх орон Германд гэр бүлээрээ амьдрах шийдвэрийг баяр хөөртэйгөөр гаргасан. Бид хамтдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой” хэмээн олон жилийн өмнө хэлсэн захиасны гэрч болцгоосон юм. Бидний анхаарал Христ дээр болон Түүний сайн мэдээний захиас дээр төвлөрөх үед бид хаана ч амьдарч байсан шавь байхаас ирдэг адислалыг бүрэн мэдрэх боломжтой.

2. Христ доторх энгийн байдал

Шашнаас улам алсарч буй төвөгтэй, эргэлзээтэй, ихэнхдээ хоорондоо зөрчилдөх ялгаатай захиас, шаардлагуудаар дүүрэн дэлхийд хэрхэн бид өөрсдийн мэлмийг сохолж бас зүрх сэтгэлээ хатууруулахаас сэргийлж, Есүс Христийн сайн мэдээний “тодорхой болон эрхэм үнэт зүйл[с]” дээр зогсолтгүй төвлөрөх вэ? Эргэлзээгээр дүүрэн цаг үед төлөөлөгч Паул Коринт дахь гэгээнтнүүдэд үнэт зөвлөмжийг өгч, “Христ дор [цэвэр] эгэл байд[а]л” дээр төвлөрөхийг сануулсан байдаг.

Христийн сургаал болон сайн мэдээний хууль нь бяцхан хүүхэд хүртэл ойлгож чадах хэмжээний энгийн юм. Бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох, наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлгээр ариусгагдах мөн эцсээ хүртэл тэвчих зэргээр Есүс Христийн гэтэлгэгч хүчийг болон Тэнгэрлэг Эцэгийн бидэнд бэлтгэсэн бүх сүнслэг бэлгийг хүлээн авч чадна. Ерөнхийлөгч Нэлсон энэ аяныг “Гэрээний зам”, “Есүс Христийн шавь” болох үйл явц хэмээн маш сайхан тодорхойлж байв.

Хэрэв энэ захиас тийм энгийн юм бол яагаад Христийн хуулиар амьдарч, Түүний үлгэр жишээг дагахад ихэнхдээ тийм амаргүй санагддаг юм бол? Энэ нь бид энгийн гэдэг ойлголтыг хичээл зүтгэл, тууштай байдал гаргалгүйгээр амархан хийдэг зүйл гэж ташаа ойлгодогтой холбоотой байж мэдэх юм. Христийг дагах нь байнгын хичээл зүтгэл, тасралтгүй өөрчлөлтийг шаарддаг. Бид “эгэл хүмүүнээ орхиж, [бяцхан] хүүхэд шиг [болох]” хэрэгтэй. Энэ нь “[Их] Эзэнд итгэ[ж]”, юмсыг төвөгтэй байдлаар бус бяцхан хүүхдийн адил энгийнээр хүлээж авахыг хэлнэ. Энгийнээр, мөн аливаа зүйлд сатааралгүйгээр Христийн цэвэр сургаалыг хэрэгжүүлэх нь өдөр тутмын амьдралдаа баяр баясгаланг олох, дуудлагадаа удирдамж хүлээн авах, амьдралын хамгийн төвөгтэй асуултуудынхаа хариултыг авах, хамгийн том сорилт бэрхшээлүүдтэйгээ нүүр тулах хүч чадлыг олж авах зэрэгт бидэнд туслах болно.

Гэвч бид Есүс Христийн шавийн хувьд хэрхэн энэ энгийн байдлыг амьдралын аяндаа бодитоор хэрэгжүүлэх вэ? Ерөнхийлөгч Нэлсон бидэнд Аврагчийг дагахаар эрэлхийлэх үедээ “Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт” дээр анхаарлаа хандуулахыг сануулсан юм. “Их Эзэн Есүс Христ надаар юу хийлгэх байсан бол?” гэж байнга асуух нь илэрхий чиглүүлгийг илчлэн өгдөг. Түүний үлгэр жишээг дагах нь тодорхойгүй нөхцөлд аюулгүй байдлаар хангаж, өдрөөс өдөрт зууран барих хайраар дүүрэн, удирдан чиглүүлэх гараас атгах боломжийг олгодог Тэр бол Энхийн Жонон. Сайн хоньчин юм. Тэр бол бидний Тайтгаруулагч мөн Чөлөөлөгч. Тэр бол бидний хад мөн хоргодох газар юм. Тэр бол миний, бас таны найз! Тэр бид бүгдийг Бурханыг хайрлаж, Түүний зарлигуудыг сахиж, хөршөө хайрлахад урьдаг.

Бид Христэд итгэх итгэлээр Түүний үлгэр жишээг дагаж, урагш тэмүүлэхийг, Түүний Цагаатгалын хүчийг хүлээн авч, өөрсдийн гэрээнүүдийг санах аваас хайр бидний зүрх сэтгэлийг дүүргэж, найдвар мөн эдгэрэл бидний сүнсийг тэтгэн өргөж, өшөө хорсол нь талархал хийгээд амлагдсан адислалуудыг хүлээх тэвчээрээр солигдох болно. Зарим үед бидэнд эрүүл бус харилцаанаас холдож, мэргэжлийн тусламж эрэлхийлэх шаардлага гарч болно. Гэхдээ бүх тохиолдолд сайн мэдээний энгийн зарчмуудыг хэрэгжүүлэх нь амьдралын сорилт бэрхшээлийг Их Эзэний арга замаар шийдвэрлэхэд туслах болно.

Заримдаа бид залбирал, мацаг барилт, судраас судлах, өдөр тутмын наманчлал, долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх, Их Эзэний өргөөнд тогтмол шүтэн бишрэх зэрэг энгийн үйлдлээс ирдэг хүч чадлыг дутуу үнэлэх нь бий. Гэсэн ч бид “бэрх зүйл[с]ийг [хийх]” хэрэггүй, харин цэвэр, энгийн сургаалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгээ ухаарах үедээ сайн мэдээ бидэнд сорилт бэрхшээлээр дүүрэн хамгийн хэцүү үед ч “ашиг тусаа өгдөг” болохыг ойлгож эхлэх болно. Зүрхээр маань хатгуулж байсан ч бид хүчтэй, “Бурханы өмнө итгэлтэй бай[ж]” чадна. Ахлагч М.Рассэлл Баллард бидэнд “Энэхүү энгийн байдлаас [бид] … амар амгалан, баяр баясгалан, аз жаргалыг олох болно” хэмээн олонтоо сануулсан.

Христ доторх энгийн байдлыг хэрэгжүүлснээр бид үйл явцаас илүүтэй хүмүүсийг, түр зуурын харилцаанаас илүүтэй мөнхийн харилцааг эрхэмлэдэг. Бид зөвхөн тохинуулал хийхэд анхаарал хандуулахын оронд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын “хамгийн чухал зүйлс” дээр төвлөрдөг. Бид чадахгүй зүйлсийнхээ улмаас сэтгэлээр унахын оронд чадах зүйлсээ урьдал болгон хийхээр өөрсдийгөө чөлөөлдөг. Их Эзэн: “Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн өчүүхэн зүйлсээс агуу их болох тэрхүү зүйл гарч ирдэг” хэмээн бидэнд сануулсан. Бид нөхцөл байдлаас үл хамааран энгийн мөн даруу байдлаар үйлдэж болно гэдэг нь ямар гайхалтай урам зориг билээ.

3. Ома Сиэсла

Миний эмээ Марта Сиэсла бол “өчүүхэн мөн энгийн зүйлсийг” хийснээр агуу зүйлсийг тохиолгон авчирсан гайхалтай жишээ юм. Бид түүнийг хайрлан Ома Сиэсла гэж дууддаг байлаа. Ома сайн мэдээг 1926 оны 5 дугаар сарын 30-д Зүүн Пруссын Сэлбонгэн дэх жижиг тосгонд миний элэнц эмээтэй хамт хүлээн авсан юм.

Ахлагч Сиэслагийн эмээ (баруун гар талд)

Марта Сиэслагийн (баруун гар талд) баптисмын өдөр

Ома Их Эзэнд болон Түүний сайн мэдээнд хайртай байсан бөгөөд байгуулсан гэрээгээ сахихаар шийдсэн байв. Тэр 1930 онд өвөөтэй маань гэрлэсэн ба өвөө Сүмийн гишүүн болоогүй байв. Өвөөгийн ферм хамгийн ойрын цуглааны байраас нэлээн зайтай байсан тул Ома тухайн үед Сүмийн цуглаануудад оролцох боломжгүй байлаа. Гэсэн ч тэр хийж чадах зүйл дээрээ төвлөрсөн юм. Ома залбирч, судруудыг уншиж, Сионы дуунуудыг дуулсан хэвээр байв.

Зарим хүн түүнийг итгэгч байхаа больсон гэж бодож байсан байж магадгүй ч тийм биш байлаа. Авга эгч, аав хоёрыг төрөхөд тэднийд санваартан байхгүй, ойр хавьд нь Сүмийн цуглаан, ёслолууд явагдах боломжгүй байсан тул тэр мөн л чадах зүйлсээ үргэлжлүүлэн хийж, хүүхдүүддээ “залбирахыг, мөн Их Эзэний өмнө зөв шударгаар алхахыг” заахад анхаарч байв. Тэр хүүхдүүддээ судраас уншиж өгч, тэдэнтэй хамт Сионы дуунуудыг дуулж, мэдээж, өдөр бүр тэдэнтэй хамт залбирдаг байв. Тэр гэр оронд төвлөрсөн Сүмийн боловсролыг гэртээ бүрэн дүүрэн олгож байв.

Өвөө маань 1945 онд гэрээсээ хол дайны талбарт алба хааж байв. Дайснуудыг ферм дээр нь дөхөж ирэх үед Ома бага насны хоёр хүүхдээ дагуулан аюулгүй газар бараадан хайртай фермээ орхин явсан юм. Тэд хүнд хэцүү, амь өрссөн аяллын дараа 1945 оны 5-р сард Германы хойд хэсэгт хоргодох байр олсон байна. Тэдэнд өмссөн хувцаснаас нь өөр юу ч үлдээгүй байсан ч, Ома өдөр бүр хүүхдүүдтэйгээ хамт залбирч, цээжилсэн Сионы дуунуудаа тэдэнтэй хамт дуулах зэргээр өөрийн хийж чадах зүйлсээ хийсээр байв.

Амьдрал улам дордож, олон жил зөвхөн хоногийн хоолтой байхад хамаг анхаарлаа тавьж байв. Харин 1955 онд 17 настай байсан аав маань Рэндсбург хот дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв рүү явж байгаад нэг барилгын хажуугаар өнгөрөхдөө гадна талд нь “Kirche Jesu Christi der Heiligen der Letzten Tage”—Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж бичсэн жижиг самбарыг олж харжээ. Тэр: “Ээжийн сүм байх шиг байх юм” гэж бодсон гэдэг. Тэгээд гэртээ ирээд Омад сүмийг нь олж харснаа хэлжээ.

25 жилийн турш Сүмийнхээ талаар ямар ч сураг дуулаагүй Ома энэ мэдээг хэрхэн хүлээн авсныг та нар төсөөлж байгаа байх. Тэр дараагийн ням гарагт нь Сүм рүү явахаар шийдэж, аавыг маань өөртэй нь хамт явахыг ятгасан байна. Рэндсбург хот тэдний амьдардаг жижиг тосгоноос 32 км зайтай байв. Гэсэн ч энэ нь Омад сүмд явахад нь саад болоогүй бөгөөд тэр дараагийн ням гарагт аавыг минь дугуйн дээрээ сундлаад сүм рүү явсан гэдэг.

Ариун ёслолын цуглаан эхлэх үед аав маань хамгийн арын эгнээнд суугаад хурдан дуусаасай, энэ бол Омагийн сүм, минийх биш гэж бодож байв. Түүний харсан зүйлс сонирхлыг нь татаагүй бөгөөд тэнд хэдэн настай эгч болон цуглааны бүх хэсгийг удирдан явуулж байсан хоёр номлогч л байв. Гэтэл тэд аавын маань жаахан байхаасаа сонсдог байсан “Ирцгээ, ирцгээ гэгээнтнүүд ээ”, “Эцэг минь ээ”, “Тэр хүнийг магтъя” зэрэг Сионы дуунуудыг дуулж эхлэх нь тэр. Энэ жижиг цуглаан хүүхэд байхаасаа мэддэг байсан Сионы дуунуудыг нь дуулахыг сонсоод аавын маань сэтгэл хөдөлж тэр даруй ямар ч эргэлзээгүйгээр Сүм үнэн болохыг мэдэж авсан гэдэг.

Эмээгийн 25 жилийн дараа анх удаа оролцсон ариун ёслолын цуглаан дээр аав маань Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэний талаарх хувийн баталгаа хүлээн авсан юм. Тэр гурван долоо хоногийн дараа буюу 1955 оны 9-р сарын 25-д өвөө, авга эгч хоёртой хамт баптисм хүртсэн.

Рэндсбург дэх тэрхүү жижиг ариун ёслолын цуглаанаас хойш эдүгээ 70 гаруй жил өнгөрчээ. Би Омагийн талаар, тэр олон орой ганцаардаж байхдаа залбирах, судраас унших, дуулах гээд өөрийн хийж чадах өчүүхэн мөн энгийн зүйлсийг хийснээр түүнд ямар мэдрэмж төрдөг байсан бол гэж үе үе боддог. Өнөөдрийн Ерөнхий чуулганаар би энд зогсоод, саад бэрхшээлийг үл харгалзан гэрээнүүдээ сахисан Омагийн шийдвэр төгс байдал, Их Эзэнд итгэх итгэлийн тухай ярих үед түүний адилаар яг одоо нэг их өөрчлөлт харагдахгүй байж болох ч ирээдүйд хэзээ нэгэн цагт агуу зүйлс улиран тохионо гэдэгт итгэн, сорилт бэрхшээл дундаа Христ доторх энгийн байдалд анхаардаг дэлхий даяарх гайхалтай гэгээнтнүүдийнхээ улмаас зүрх сэтгэл минь даруу байдал хийгээд талархлаар дүүрч байна.

4. Өчүүхэн мөн энгийн зүйлс

Би өөрийн туршлагаас сайн мэдээний өчүүхэн мөн энгийн зүйлс болон Христэд итгэлтэйгээр анхаарлаа хандуулах нь биднийг жинхэнэ баяр баясгаланд хөтөлж, хүчирхэг гайхамшгуудыг авчирч, амлагдсан бүх адислал улиран тохиох болно гэсэн итгэлийг бидэнд өгдөг гэдгийг мэдэж авсан. Энэ нь та бидний хувьд бодитой амлалт юм. Ахлагч Жэффри Р.Холландын хэлснээр: “Зарим адислал удалгүй ирдэг, зарим нь оройтож ирдэг, зарим нь тэнгэрт очих хүртэл ирдэггүй хэдий ч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн хувьд бол заавал ирнэ.” Мөн үүнийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.