Мормоны Ном—бидний амьдралын хэмжээлшгүй үнэт эрдэнэ
Бид Мормоны Ном дахь Христийн үгэн дээр найрлах үед Сүнс бидэнд мөнхийн үнэнүүдийг ойлгоход туслах болно.
Хэн нэгэн танд амьдралыг тань өөрчилсөн бэлэг өгч байсан үеийг санадаг уу? Энэ 10-р сард амьдралынхаа хамгийн агуу бэлгүүдийн нэгийг хүлээн авсны 40 дэх жил болж байна. Ахлах сургуульд байхдаа би ангийнхаа нэг хүүхдийг бусдаас илүү гэрэлтэж байгааг анзаарсан юм. Надад түүнтэй хамт байхад хөгжилтэй байдаг байлаа. Харин нэг өдөр тэр надад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдгээ хэлэв. Дараа нь тэр надад Мормоны Номын хувийг бэлэг болгон өгөв. Тэр намайг хэдэн хуудас уншаад, асуултуудад маань хариулж чадах хоёр найзтайгаа уулзаарай гэж урив. Тэр найз нар нь номлогчид байлаа.
Намайг номлогчидтой уулзахад тэд Христийн сургаалыг надад заагаад, бошиглогч Моронайн “Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйл үнэн эсэхийг асуухыг би та нарт ухуулъя; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, чин эрмэлзэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” (Моронай 10:4) гэсэн урилгыг дагахыг надаас хүссэн юм.
Би Мормоны Номоос хэдэн хуудсыг уншаад, залбирч үзэв. Хэдийгээр би номлогчдын заасан бүх зүйлийг гүн гүнзгий ойлгоогүй ч гэлээ миний уншсан зүйл зөв зүйл байсныг мөн энэ нь Бурханаас ирсэн гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэрч билээ. Би Моронайн “Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Моронай 10:5) гэсэн амлалтын баталгааг хүлээн авсан юм.
Намайг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртсэний дараа зарим найз маань миний хийсэн сонголтыг буруу гэж надад итгүүлэхийг оролдож байлаа. Гэхдээ ийм эсэргүүцэл эсвэл эргэлзээтэй тулгарах бүрд би судар судалж, Бурхантай байгуулсан гэрээндээ үнэнч үлдэхийн тулд залбирснаар сүнслэг баталгааг шинээр хүлээж авдаг байв. Тэр цагаас хойш Мормоны Ном миний хамтрагч болж, миний мөнх бус амьдралын хэмжээлшгүй үнэт эрдэнэ болсон юм.
Мормоны Ном энгийн нэг ном биш юм. Энэ нь Есүс Христийн өөр нэгэн гэрээ бөгөөд эртний бошиглогчдын бошиглолын болон илчлэлийн сүнсээр бичигдсэн билээ.
Мормоны Номд цэдэглэгдсэн тэргүүн чухал үйл явдал нь Их Эзэн Есүс Христ Амилалтынхаа дараахан нифайчуудын дунд Өөрийн биеэр тохинуулсан явдал юм. Мормоны Ном нь “сайн мэдээний сургаалуудыг тайлбарлаж, авралын төлөвлөгөөг тоймлон, мөн энэ амьдралд амар амгаланг, ирэх амьдралд мөнх авралыг олохын тулд тэдний юу хийх ёстойг хүмүүст хэлж өгдөг” (Мормоны Номын удиртгал).
Мормоны Ном: Есүс Христийн өөр нэгэн гэрээний анхны хувь нь 1830 оны 3-р сард Нью-Йорк мужийн нэгэн жижиг хотод хэвлэгджээ. 1829 онд номыг орчуулж дуусгахдаа бошиглогч Иосеф Смит дөнгөж 23 настай байв. Тэр бараг бүхэл бүтэн номыг далан тавхан өдрийн дотор орчуулсан бөгөөд хэвлэх явц ойролцоогоор 7 сар үргэлжилсэн байна.
Өнөөдөр 80 000 гаруй бүрэн цагийн номлогч 150 гаруй оронд сайн дурын үйлчлэл хийж, Мормоны Ном үнэн бөгөөд Есүс Христийн талаар гэрчилдэг гэдгийг тунхаглахад амьдралаа зориулж байна.
Энэ жилийн 6-р сард болсон шинэ номлолын удирдагчдад зориулсан хамгийн сүүлийн семинар дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Мормоны Ном нь … Бурханы үг бөгөөд энэ нь Христийн сургаалыг зааж мөн бусад бүх номоос илүү Аврагчийн Цагаатгалын тухай тайлбарладаг” хэмээх хүчирхэг гэрчлэлээ хуваалцсан.
Би Мормоны Номыг судлахаар дамжуулан Есүс Христтэй харилцах харилцааг тань гүнзгийрүүлэхэд туслах гурван зөвлөмжийг өгөхийг хүсэж байна.
1. Өдөр тутам суралцахдаа тууштай мөн шаргуу бай.
Алма болон Мозаягийн хөвгүүдийн адил “[бид] Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн [эрэлхийлж] (Алма 17:2), үнэнд хүчирхэгжих ёстой.
Бид Атлантагийн Жоржиа номлолд удирдагчаар үйлчилж байхдаа номлогч бүрд Мормоны Номоос өдөр бүр хамгийн багадаа 30 минут суралцаарай гэж зөвлөсөн юм. Энэхүү амлалт нь бидний итгэлийг өсгөхөд мөн гайхамшгуудыг эрэлхийлж, тохионо гэдэгт итгэхэд тусалсан юм.
Номлолын дараа бидэнд өдөр тутам судар судлахад зориулах яг тийм хэмжээний цаг гарахгүй байж болох юм. Гэхдээ хэрвээ та Мормоны Номыг залбирч судлахыг эн тэргүүнд тавивал илүү агуу сүнслэг хүчийг мөн Их Эзэнд болон Түүний амлалтуудад итгэх итгэлийг олж авна гэдгийг би амлаж байна.
2. Христийн үгэн дээр найрлан, судар судлахаа илүү утга учиртай болго.
Нифай: “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:3) хэмээн заасан.
Найрлах гэдэг нь зүгээр уншихаас ялгаатай бөгөөд энэ нь амтлах, тунгаан бодох мөн хэрэгжүүлэх гэсэн утгатай юм. Та Мормоны Номыг судалж байхдаа судар уншихаа илүү утга учиртай болгох арга замуудын талаар бодоорой. Жишээлбэл:
-
Gospel Library аппликэйшн дээрх судар судлах санааг ашиглах;
-
Бурханы төлөвлөгөөг ойлгоход мөн Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ байгуулж сахихад туслах мөнхийн үнэнүүдийг тодорхойлох;
-
Уншихдаа сурч мэдсэн зүйлсээ санахын тулд төрсөн мэдрэмжээ тэмдэглэж, чухал хэллэгүүдийг тодруулах гэх мэт.
Мормоны Номд бодгалийн маань асуултуудад хариулах хүч бий. Бид Нифайн заасны адил “бидэнд эрдэм болон тус байж болохын тулд [бид] бүх судрыг өөрсөдтэйгөө адилтга[х]” (1 Нифай 19:23) хэрэгтэй.
Бид Христийн үгэн дээр найрласнаар энэ нь илчлэлийн хаалгыг нээж, Түүнтэй илүү ойр болохын тулд амьдралын өөр өөр нөхцөл байдалд юу хийх ёстойг бидэнд үзүүлэх болно.
3. Мормоны Номын үнэн байдлын талаарх гэрчлэлээ хуваалц.
Яг Лихайн гэр бүлийнхэнтэйгээ амьдралын модны жимсийг хуваалцахыг хүсэж байсантай адил (1 Нифай 8:12-ыг үзнэ үү) бид Мормоны Номын гэрчлэлтэй болох үедээ Есүс Христийн сайн мэдээг таньж мэдсэн мэдлэгээс ирдэг баяр баяслыг хуваалцах хүсэлтэй болдог.
Энэ хуралдаанд бидэнтэй хамт байгаа, манай номлогчдын нэг болох Бэнсон эгч эрэгтэй дүүдээ туслах хүсэлтэй байгаа тухайгаа хуваалцсан юм. Тэр үед түүний эрэгтэй дүү коллежид элсэхээр бэлтгэж байсан бөгөөд номлолд үйлчлэх талаар эргэлзэж байлаа. Бэнсон эгчид номлолын эхний дөрвөн сарын турш Мормоны Номыг уншиж, дуртай шүлгүүдээ тэмдэглээд, тэр судраа эрэгтэй дүүдээ илгээгээрэй гэсэн урилга өгөх сүнслэг мэдрэмж надад төрсөн юм.
Бэнсон эгч Мормоны Номын тэмдэглэсэн хувилбараа эрэгтэй дүүдээ илгээгээд, түүнийг орой бүр уг номоос уншиж байгаарай гэж урьжээ. Тэрээр дараа нь надтай “Намайг номлолд гарахын өмнө эрэгтэй дүү маань бүрэн цагийн номлолд үйлчлэх хүсэлтэй байгаа эсэхдээ эргэлзэж байсан. Яваандаа эрэгтэй дүү маань Мормоны Номыг унших үедээ амьдралдаа илүү баяр баяслыг мэдэрч, номлолд үйлчлэх тухай бодож эхэлсэн” гэж хуваалцсан юм.
Бэнсон эгчийг номлолоо дуусгахаас хоёр долоо хоногийн өмнө эрэгтэй дүү нь номлолын хариугаа хүлээн авчээ. Одоо тэрээр Мексикийн Тустла Гутиэррэз номлолд үйлчилж байна. Ахлагч Бэнсон Мормоны Номоор дамжуулан амьдралаа сүнслэгээр илүү тодорхой харж эхэлжээ. Энэ нь өөрийг нь Их Эзэнд үйлчилж, бүх зүйл сайхан болно гэдэг итгэлийг олж авахад нь тусалсан байна. Тэрхүү шийдвэр нь Христийн үгийн хүч нөлөөлсөн жинхэнэ гайхамшиг байсан юм.
Хайрт ах, эгч нар минь, би та нарын хүн нэг бүрийг Мормоны Номыг илүү гүнзгий судална уу гэж уриалж байна. Биднийг Христийн үгэн дээр найрлах үед Сүнс бидэнд мөнхийн үнэнийг ойлгоход, Их Эзэний захиасыг нь сонсоход бэлтгэсэн хүмүүст гэрчлэлээ зоригтой, итгэлтэй хуваалцахад маань тусална гэдгийг би мэднэ. Их Эзэн: “Миний сонгосон хүмүүс дуу хоолойг минь сонсдог мөн зүрх сэтгэлээ хатууруулдаггүй болой” (Сургаал ба Гэрээнүүд 29:7) хэмээн хэлсэн. Бурханаас итгэлтэйгээр асуудаг хүмүүс Мормоны Номын тэнгэрлэг байдал ба үнэний гэрчлэлийг Ариун Сүнсний хүчээр хүлээн авах болно гэдгийг би гэрчилж байна. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.