Түүний бэлгийг өөртөө хэрэглэ
Та бол Бурханы хайртай охин, та бол Бурханы эрхэм нандин хүү бөгөөд Тэр танд Өөрийн төгс ариун Хүүгээ бэлэг болгон өгсөн.
Бэлэг өгөх
Бэлэг өгөх нь бүх соёл, иргэншил, мянганд оршсоор ирсэн нийгмийн заншил юм. Цаг хугацааны туршид хүмүүс харилцаа холбоогоо бэхжүүлэх, хайр, талархлаа илэрхийлэх, хурим найр, төрсөн өдөр, баяр ёслол зэрэг чухал чухал үйл явдлыг тэмдэглэхийн тулд нэг нэгэндээ бэлэг өгч иржээ. Зөвхөн хүн нэг нэгэндээ бэлэг өгдөг Бурханы бүтээлүүдийн нэг биш юм. Бидний авч болох олон жишээн дунд хос болох эмэгчиндээ гялтганасан хайрга чулуу өгдөг пингвин, нөхөрлөлийн хүрээгээ тэлэхээр жимс өгдөг бонобо (шимпанзегийн нэг төрөл) зэрэг амьтад ордог.
Та ямар бэлэг өгч байсан бэ? Хайртай хүндээ төгс бэлэг олсон эсвэл хийж өгсөн үеийнхээ тухай бодоорой. Яг энэ бэлгийг хайртай хүн тань хүсэж байсан төдийгүй нандигнан хүлээн авна гэдгийг та зүгээр л мэдэж байсан. Тэр нь ямар бэлэг байсан бэ? Ижийдээ өгсөн бэлэг үү? Найздаа юу? Хүүхдэдээ юү? Багшдаа юу? Өвөөдөө юү? Энэ бэлгээ олчхоод танд ямар санагдсан бэ? Өгсөн бэлгийг тань нээн задалж буй хайртай хүнийхээ талаар бодох үед танд ямар байсан бэ? Үүний адилаар, хэзээ нэгэн цагт хэн нэгэн танд төгс бэлэг өгч байсан уу? Тэр бэлгийг хүлээн авахдаа юу мэдэрсэн бэ?
Аавын минь надад өгсөн бэлэг
Намайг долоон настайд эцэг эхтэйгээ Арабд амьдардаг байхад Читти Читти Байнг Байнг гэдэг нэртэй хүүхдийн кино гарсан юм. Тэр кинонд өөрийгөө жолооддог, усан дээгүүр хөвдөг, бүр нисдэг ид шидтэй автомашины талаар гардаг. Англид Читти Читти Байнг Байнгийн жижиг тоглоомон машин гарсан гэдгийг мэдээд би авахыг ямар их хүссэн гээч! Нэг хөшүүрэг татмагц тоглоомон машинаас далавч гарч ирнэ! Аав маань Англи руу ажлын томилолтоор явах үедээ надаас юу авчруулмаар байна гэж асуухад нь би Читти Читти Байнг Байнг машинтай болмоор байгаагаа хэлсэн юм.
Аав томилолтоосоо буцаж ирлээ. Машин харагдсангүй. Надад маш гунигтай санагдаж, түүнийг мартсан л юм байх даа гэж бодов. Гэтэл бараг арваад хоногийн дараа миний төрсөн өдрөөр гоё гэгч нь багласан жижигхэн илгээмж намайг хүлээж байх нь тэр. Юу байгаа бол оо гэсэн асар том хүлээлттэй ч дэндүү томд найдахыг үл зүрхлэн, бэлгийг задалтал дотор нь машин минь байлаа. Би баярласандаа бүр уйлсан гээч. Яг л кинон дээрх машин шиг хөшүүргийг нь татмагц далавч гарч ирж байлаа! Хамгийн нандин ийм бэлэг өгснийх нь төлөө би аавдаа хэчнээн их талархсан гээч. Би тэр машинаараа олон жил тоглосон, олон ч жил хадгалсан. Намайг бэлгийг нь авахдаа ямар их баяртай байсны адил бэлгээ өгөхдөө аав минь ч бас маш их баяртай байсан гэж би боддог.
Өгөх, авах, нээж задлах, өөртөө хэрэглэх
Бэлэг өгөх нь гурван хэсэгтэй гэж бид бодож болно.
-
Бэлэг өгнө гэдэг нь бэлэг өгөгч бэлгийг сонгож, хийж, бэлтгээд хайртай хүндээ өгөх үйл явц юм. Үүний тулд ямар нэгэн утга учиртай зүйл өгөх гэсэн бэлэг өгөгчийн зүгээс сэтгэл зүрх, хичээл зүтгэл гардаг.
-
Бэлэг хүлээн аваад, нээж задлах гэдэг нь бэлэг хүлээн авагч бэлгийг бэлэг өгөгчөөс хүлээн аваад, онгойлгохын өмнө, заримдаа дотор нь юу байгааг харахаар боолтыг нь тайлан, багласан цаасыг нь задлахын өмнө цочирдон, талархаж, сэтгэл догдолдог үйл явц юм.
-
Тэгээд дараа нь магадгүй хамгийн чухал хэсэг нь бэлгийг өөртөө хэрэглэх явдал юм. Чин сэтгэлээс өгсөн бэлгийг өөртөө хэрэглэх гэдэг нь бэлгийг аваад, дараа нь задлахаас хавь илүү зүйл юм. Тэр байтугай бэлгийн үнэ цэнийг ухаарч мэдэх, бэлэг өгөгчид талархал илэрхийлэхээс ч илүү. Бэлгийг үнэнхүү өөртөө хэрэглэхийн тулд бид үүнийг өөрсдийнхөө хувьд үнэлж, амьдралдаа бүрэн ашиглан, бэлэг өгөгчийг баярлаж талархсан сэтгэлээр дурсдаг.
Бэлгийг өөртөө хэрэглэх гэдэг нь идэвхтэй үйлдэл бөгөөд бэлгийг зөвхөн задалж нээх гэсэн ойлголтоос хол давсан, ухамсартай утга учир бүхий үйл явц юм. Бэлгийг өөртөө хэрэглэхийн тулд талархалтай байж, бэлэг өгөгч, хүлээн авагч хоёрын хоорондох холбоог хүчирхэгжүүлэх байдлаар бэлэг өгөгчийн сэтгэл, бэлэг хоёрыг хооронд нь холбон ойлгох ёстой. Тоглоомон машины талаарх бодол минь тэрхүү бэлгээрээ болон тоо томшгүй өөр бусад өгөөмөр үйлдлээрээ илэрхийлдэг байсан аавынхаа намайг гэсэн гүн гүнзгий хайр, халамжийг дахин нэг мэдрэх алтан дурсамж руу намайг аваачдаг.
Бидний Тэнгэрлэг Эцэгийн бэлэг
Тэнгэрлэг Эцэгт маань Өөрийн нандин хүүхдүүд болох бидэн дээр юүлэхээр бэлдсэн гэрэл хийгээд үнэний тоолшгүй олон бэлэг бий. Тэр бэлгүүд Түүний ач буянт зүрх сэтгэлээс хээр талд оргилох булаг мэт Өгөөмөр өгөгчөөс маань цутган ирдэг. “Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг.” Эцэгтэй холбогддог бидний гэрээт холбоонд Тэрээр үргэлж Өгөгч нь, харин бид даруу хүлээн авагч нь юм.
Эцэгийн хамгийн агуу бэлгээр дамжин бусад бүх бэлэг цутган ирдэг
Гэхдээ бид Эцэгийн бүх бэлгээс хамгийн агуу нь болох Түүний Хайрлагдсан Хурга, Түүний Хүү Есүс Христгүйгээр өөр юуг ч хүлээн авч чадахгүй. Эцэгийн маань бүх бэлэг Аврагчийн Гетсеманид болон загалмай дээр өргөл болгосон хүслээс мөн ялгуусан Амилалтаас урсан ирж, тэдгээрээр идэвхждэг. Бидний нигүүлсэнгүй Гэтэлгэгч Есүс Христ бол гэрлүүдийн Эцэгийн маань өгсөн хамгийн дээд бэлэг юм. “Бурхан өөрийн Хүүг бэлэг болгохдоо илүүтэй сонгомол замыг бэлтгэсэн бөлгөө.”
Мөнхийн үнэний бүхнийг хамарсан нэгэн бэлэг
Бодгалийнхаа гүнд бүрэн хүлээн зөвшөөрч, өөртөө хэрэглэсэн тохиолдолд амьдралын баяр баясгалан, зовлон шаналал, хариулагдаагүй асуултуудад Бид үнэхээр Бурханы хүүхдүүд хэмээх утга учрыг өгдөг тэрхүү амин чухал мэдлэгийн бэлгийн талаар буюу Эцэгийн маань бидэнд өгөхийг хүссэн бүхнийг хүлээн авах чадварт тулгуурласан мөнхийн үнэний бүхнийг хамарсан бэлгийн талаар одоо ярихыг хүсэж байна. Тэрхүү үнэн бол бахдам сайхан билээ! Гайхамшигтай! Мөн энэ нь зүйрлэл биш.
Та миний одоо хэлэх гэж буйг анх удаа сонсож байна гэж төсөөлөөрэй! Та бол үнэхээр Түүний эрхэм нандин охин. Та бол үнэхээр Түүний үнэ цэнтэй хүү. Таны явж буй зам бол Түүний аз жаргалын төлөвлөгөө юм. Тэрээр бүхнийг харагч хайраараа таны энэ дэлхий рүү илгээгдэхээс өмнө яг хэн байсныг мөн өдийг хүртэл энэ мөнх бус амьдралдаа юу туулж ирснийг мэддэг бөгөөд таны төлөө маргааш болгоныг тань өршөөнгүй сэтгэлээр төлөвлөсөн. Ай, Түүний бүхий л сайхан бэлгийн туйлын зорилго болох Түүний дэргэд амьдрах мөнх амьдралыг хүлээн авахаар та нарыг Өөр лүү нь эргэн ирэх нэгэн өдрийг Тэрээр хэчнээн их харуулдаж буй гээч.
Асуудал нь гэвэл энэхүү үнэний бэлэг бодит эсэхэд бус харин үүнийг бид нээн ойлгож, өөрсдөдөө хэрэглэх эсэхдээ байдаг. Бэлгийг Эцэг аль хэдийн бидэнд хүртээсэн. Энэхүү бэлгийн туйлын зорилгын төлөөх төлөөсийг Аврагч аль хэдийн төлчихсөн. Гэхдээ хэрэв та олон жилийн туршид үүнийг заалгуулсан, үүнийг ярьсан, үүнийг дуулсан хэдий ч үүний гайхамшигт гайхамшиг бүдгэрээд, урт хугацаа өнгөрсөн байж болно мөн үүний хүч, амар амгаланг мэдрэхээ больсон байж болно.
Хэрэв үүний үр дүнд нь бүхий л сайн сайхан байдал, амар амгалан, итгэл найдвар ирдэг гэдгийг ойлгох ойлголтын үнэлж баршгүй бэлгийг тоогоогүй, нээж задлаагүй, өөртөө хэрэглээгүй бол хэчнээн аймшигтай үрлэг вэ! Бэлэг Өгөгчийн хувьд юутай гуниг вэ! “Учир нь хэрэв хүмүүнд бэлэг хүртээгдсэн байхад мөн тэрээр уг бэлгийг хүлээн аваагүй бол энэ нь түүнд ямар ашиг тус авчрах билээ? Болгоогтун, тэрээр өөрт нь өгөгдсөн тэр зүйлд баясах нь үгүй, мөн уг бэлгийг өгөгч болох түүнд ч баясах нь үгүй болой.”
Анх удаа эсвэл урьд өмнөхөөсөө илүү агуу хэмжээгээр хүлээн авч байгаа эсэхээс үл хамааран өөрсдийгөө үнэхээр Бурханы хайртай хүүхэд хэмээх гайхамшигт ойлголтыг хүлээн аваарай гэж би та бүхнийг уриалж байна. Энэхүү суурь үнэний жинхэнэ цэвэр ойлголтыг та талархсан даруу сэтгэлээр боолтыг тайлан, ороосон цаасыг урж, хайрцгийг нээгээд, идэвхийлэн өөртөө хэрэглэх ёстой. Та бол чухамдаа Хамгийн Дээдийн хүүхэд гэдгийг Ариун Сүнс таны зүрх сэтгэлд гэрчилж чадна.
Та энэхүү гайхамшигт бодит байдлыг бодгальдаа урьж, үүний тайтгарал, сэтгэл хөдлөл хоёрыг хоёуланг мэдэрвэл өөрийгөө болон ертөнцийг харах үзэл тань бүхэлдээ өөрчлөгддөг! Амьдралд тань юу тохиолдож, юу эс тохиолдож буйгаас үл хамааран та Түүний хайрыг мэдэрч, Түүний дуу хоолойг сонсож, Түүний мутрыг таньж чадна. Та өөрийгөө болон бусдыг хэрхэн харахаа тодорхойлж чадна. Таны Аврагчтайгаа холбогддог гэрээт холбоо илүү бат бөх болдог ба энэхүү сайхан бэлгийн нүдээр харвал амьдралд шинэ гялбаа, гоо үзэмж, найдвар орж эхэлдэг.
Та бүхэн бодгалийнхаа гүнд энэхүү өөрчлөлт авчрах мэдлэгийг үнэхээр өөртөө хэрэглэж буй эсэхээ ойлгохын тулд залбирах уу? Та бүхэн энэ бэлгийг хүлээн авах уу? Та урьд өмнөхөөсөө илүү гүнзгийгээр, илүү чөлөөтэйгөөр, илүү элбэг дэлбэгээр үүнийг үйлдэх үү? Ийн үйлдэхдээ та үүнтэй хамт ирдэг бусад бүх бэлэг юүлэгдэх боломжийг олгох уу?
Мөнхийн үнэний энэхүү бэлгийг өөртөө хэрэглэх
“Бурханы энэ бэлгийг өөртөө хэрэглэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ?” гэж та бодож магад. За, ер нь бол юу ч хийх хэрэггүй. Энэ бол Бэлэг өгөгчөөс өгсөн бэлэг. Энэ нь зүгээр л бодит байдал нь. Ердөө л ойлгоод, хүлээн ав. Та бол Түүний хүүхэд мөн. Тэр таныг ихэд хайрладаг. Бүү хүндрүүлээрэй. Ямар нэгэн байдлаар авах эрхгүй гэсэн бодлоор энэхүү бэлгийг өөртөө хэрэглэх замаа бүү хаа. Бодит байдал нь гэвэл бидний хэн нь ч “хүртэх эрх”-гүй буюу Эцэгийн бүх бэлэг зөвхөн Ариун Мессиагийн хэм хэмжүүр, нигүүлсэл, ач ивээлээр дамжин ирдэг. Гэсэн хэдий ч Түүний өгөөмөр зүрх Өөрийн хүүхэд нэг бүрийг тэдгээрийг өөрсдөдөө хэрэглээсэй хэмээн харуулддаг. Тэгээд анх удаа эсвэл шинэчилж ойлгож авсан ойлголт тань тан дээр туяарах үед Бэлэг өгөгчид талархаж, үүндээ баяс.
20 гаруй насандаа итгэлээ олж авснаас хойш би үнэхээр Бурханы хүү гэдгийг яваандаа ойлгож, ухаарч сэрсэн юм. Би энэхүү бэлгийг илүү чин сэтгэлээсээ гүн гүнзгий ойлгох тусмаа өөрийнхөө хэн бэ гэдгийг, би хэрхэн төгс хайрлагддаг вэ гэдийг илүү бүрэн мэдэж авдаг. Аливааг илүү гүн гүнзгий, илүү сайн ойлгож сурахад минь тусалсан зүйлс бол судрын үг, миний патриархын адислал мөн ариун сүмд шүтэн биширсэн, бусдад үйлчилсэн, талархлаа илэрхийлсэн, Эцэгтэйгээ залбирсан ариун нандин залбирал юм. Энэхүү гайхамшигтай үнэнийг эрт мэдсэн байсан бол амьдралдаа туулсан шаналал, гомдол, уй гашууг хэрхэн би өөрөөр харж, тайтгарч, ихэнхийг нь даван тулах байснаа бодон гайхширдаг.
Христэд ирж мөн хүлээн ав
Моронай бидэнд “Бурханы бэлгүүдийг үгүйсгэхгүй” байж, “Христэд ирж, мөн сайн бэлэг болгоноос барьж ав” хэмээн ухуулсан. Та Христийн хайрын сайхан мөн чанарт итгэх итгэлээр Түүн рүү ирж, Түүний баяр баясгалан, амар амгалан, итгэл найдвар, гэрэл, үнэн, илчлэл, мэдлэг, мэргэн ухааны бүхий л бэлгийг толгойгоо өндөрт өргөн, гараа сунгаж, алгаа дэлгэн хүлээн авч чадна. Та бол Бурханы хайртай охин мөн эрхэм нандин хүү нь бөгөөд Тэрээр таныг гэтэлгэх, зөвтгөх, цэвэршүүлэхийн тулд Өөрийн төгс ариун Хүүг танд бэлэг болгож өгсөн гэдэг мэдлэгээр та ганхашгүй болсон учраас энэ бэлгүүдийг өөртөө хэрэглэх боломжтой.
Та бол Бурханы хүүхэд. Энэ бол бидний дуулдаг сайхан дуу төдий биш юм. Түүний өгсөн мэдлэг, ойлголтын энэхүү бэлгийг хүлээн аваад, задалж нээгээд, өөртөө хэрэглэнэ үү! Үүнийг үнэт эрдэнэ мэт нандигнан, өөртөө аль болох ойр байлгах уу? Хамгийн анх удаа үүнийг үнэхээр өөртөө хэрэглээд, амьдралын тань бүхий л талыг өөрчлөх боломжийг олгоорой. Энэхүү бэлгийг дахин өөртөө хэрэглээрэй. Энэ бол Бурхан Өөрийн Хүүг бэлэг болгохдоо таны төлөө зориулан бэлтгэсэн илүүтэй сонгомол зам юм. Та баяр баясгалантай байж болох бөлгөө! Есүс Христийн нэрээр, амен.