Ерөнхий чуулган
Нигүүлслийн төлөвлөгөө
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


11:6

Нигүүлслийн төлөвлөгөө

Их Эзэн нигүүлсэнгүй бөгөөд бидний Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө үнэхээр нигүүлслийн төлөвлөгөө юм гэдгийг сануулсан.

Бошиглогчийн урилга

Өнгөрсөн 4-р сард Сүм Көртландын ариун сүмийг худалдан авсан тухай баяртай мэдээг дуулгасны дараахан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг Сургаал ба Гэрээнүүдийн 109-р хэсэгт цэдэглэсэн Көртландын ариун сүмийн онцгойлон адислах залбирлыг судлаарай гэж уриалсан. Ерөнхийлөгч Нэлсон онцгойлон адислах залбирал нь “энэ эцсийн өдрүүдэд сорилтуудтай тулахад ариун сүм та биднийг хэрхэн сүнслэг байдлаар хүчирхэгжүүлдэг тухай заавар” болохыг хэлсэн.

Та 109-р хэсгийг судалснаар таны ойлгосон олон зүйл таныг адисалсан гэдэгт би итгэж байна. Энэ орой би бошиглогчийнхоо урилгыг дагаснаар мэдэж авсан хэдэн зүйлээ хуваалцъя. Намайг амар амгаланд хүргэсэн тэрхүү судлах зам надад Их Эзэн нигүүлсэнгүй бөгөөд бидний Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө үнэхээр нигүүлслийн төлөвлөгөө юм гэдгийг сануулсан.

Ариун сүмд үйлчилж буй шинээр дуудагдсан номлогчид

“Шинээр дуудагдсан номлогчдод ариун сүмийн хишгээ аль болох хурдан хүлээн авч, боломжийнхоо хэрээр ариун сүмд байнга орж байхыг зөвлөд[гийг]” та нар мэдэж байгаа байх. Хишгээ нэгэнт хүртсэн бол тэд мөн “номлогчоор үйлчилж эхлэхийн өмнө ариун сүмийн …ажилтнаар үйлчилж болно.”

Номлогчийг Бэлтгэх Төв (НБТ) рүү орохын өмнөх тэр цаг нь ариун сүмийн гэрээний адислалуудыг дэлхий нийттэй хуваалцахаасаа өмнө тэдгээр гэрээний талаар илүү ихийг сурч мэдэхэд шинэ номлогчдод тусалдаг тул гайхалтай адислал болж болох юм.

Харин 109-р хэсгийг судалж байхдаа би ариун сүмд Бурхан шинэ номлогчдыг, үнэн хэрэгтээ бид бүгдийг ч мөн илүү ариун нандин арга замаар хүчирхэгжүүлдгийг мэдэж авсан. Илчлэлээр өгөгдсөн онцгойлон адислах залбиралдаа бошиглогч Иосеф Смит: “Таны үйлчлэгчид таны нэрийг гэрчлэхээр өргөөнөөс тань гарч ява[хад],” “дэлхийн агуу ихэс дээд[ийн]” мөн “бүх хүн,” “бүх ядуу, гачигдагсад … зовж зүдрэгсдийн” … “зүрх сэтгэл зөөлөр[нө]. … Тэдний сэжиг таавар үнэний өмнө зам тавьж өгөхийн тулд, мөн таны хүмүүс бүхний мэлмийд таашаалыг олж болохын тулд буюу; Таны үйлчлэгчид болох бид таны дуу хоолойг сонссон, мөн та биднийг илгээсэн гэдгийг дэлхийн бүх хязгаар мэдэж болохын тулд буюу” хэмээсэн.

Шинээр дуудагдсан номлогчийн хувьд “үнэний ачаар гадуурхал арилж”, “бүхний мэлмийд таашаалыг олж”, дэлхийд Их Эзэн тэднийг илгээсэн гэдгийг мэдүүлнэ гэдэг юутай сайхан амлалт вэ. Бидний хүн нэг бүрд энэ адислалууд гарцаагүй хэрэгтэй. Хөршүүд, ажлынхантайгаа харьцахад зүрх сэтгэл зөөлрөх нь юутай сайхан адислал вэ. Онцгойлон адислах залбиралд бидний ариун сүмд өнгөрүүлэх цаг бусдын зүрх сэтгэлийг хэрхэн зөөлрүүлэхийг тодорхой тайлбарладаггүй ч Их Эзэний өргөөнд байх цаг хугацаа биднийг Есүс Христ дээр болон Түүний нигүүлсэл дээр төвлөрүүлснээр зүрх сэтгэлийг маань хэрхэн зөөлрүүлдэгтэй холбоотой гэдэгт би итгэлтэй байна.

Их Эзэн Иосеф Смитийн нигүүлсэл гуйсан гуйлтад хариулсан

Көртландын онцгойлон адислах залбирлыг судалж байхдаа би, Иосеф Их Эзэнээс Сүмийн гишүүд, Сүмийн дайснууд, улс орны удирдагчид, дэлхийн улс үндэстнүүдэд нигүүлсэнгүй байхыг ахин дахин гуйсныг мэдээд гайхширсан. Үүний зэрэгцээ хувь хүнийхээ хувьд тэрээр Их Эзэнээс өөрийг нь санаж, хайрт Эммад нь болон үр хүүхдүүдэд нь нигүүлсэнгүй байхыг гуйсан.

Тэр өдрөөс долоо хоногийн дараа буюу 1836 оны 4-р сарын 3-ны Христийн амилсны баяраар Көртландын ариун сүмд Аврагч Иосефт болон Оливер Каудерид үзэгдсэн ба Сургаал ба Гэрээнүүдийн 110-р хэсэгт цэдэглэснээр, “би энэ өргөөг хүлээж авлаа, мөн миний нэр энд байх болно; мөн бибээр энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд өөрийгөө үзүүлэх болно” хэмээжээ. Тэр үед Иосеф юу мэдэрсэн бол оо. Нигүүлслийн энэхүү амлалт түүний хувьд онцгой учир агуулгатай байсан байх. Мөн ерөнхийлөгч Нэлсоны өнгөрсөн 4-р сард заасанчлан энэ амлалт мөн “өнөөгийн онцгойлон адислагдсан ариун сүм бүрд хамаатай.”

Их Эзэний өргөөнд нигүүлсэл олох нь

Бид Их Эзэний өргөөнд олон арга замаар нигүүлсэл олох боломжтой. Их Эзэн Израилд асар барьж, төвд нь “эвлэрүүлгийн таг” байрлуулахыг анх зарлиг болгосноос хойш ийм боломжтой болсон. Ариун сүмд бид байгуулсан гэрээнүүдээсээ нигүүлсэл олдог. Баптисмын гэрээнээс гадна эдгээр гэрээ нь биднийг Эцэг, Хүү хоёртой холбож, ерөнхийлөгч Нэлсоны заасан “еврей хэлэнд hesed гэ[гд]дэг” “онцгой хайр, нигүүлслийг хүртэх” боломжийг нэмэгдүүлдэг.

Бид гэр бүлтэйгээ үүрд мөнхөд лацдан холбогдох боломжоос нигүүлсэл олж болно. Ариун сүмд бид түүнчлэн Бүтээлт, Уналт, Аврагчийн цагаатгагч золиослол, мөн бидний Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд дахин орох чадвар буюу авралын төлөвлөгөөний хэсэг бүр үнэхээр нигүүлслийн илрэл гэдгийг илүү тод томруунаар ойлгодог. Авралын төлөвлөгөө нь “нигүүлслийн төлөвлөгөө” учир үүнийг аз жаргалын төлөвлөгөө гэж хэлж болох юм.

Өршөөл эрэлхийлэх нь Ариун Сүнс орж ирэх үүд хаалгыг нээдэг

110-р хэсэгт өгсөн Их Эзэний ариун сүмдээ нигүүлслээр Өөрийгөө харуулах болно гэсэн гайхалтай сайхан амлалтын төлөө би талархдаг. Мөн энэ нь биднийг Иосефын нэгэн адил нигүүлсэл хүсэн гуйх болгонд Их Эзэн хэрхэн Өөрийгөө нигүүлслээр үзүүлэхээ илчилсэнд би талархдаг.

109-р хэсэг дэх Иосеф Смитийн нигүүлслийн гуйлт нь ийн хүсэн гуйсных нь хариуд илчлэл өгөгдсөн анхны тохиолдол биш юм. Ариун төгөлд залуу Иосеф аль Сүм үнэн гэдгийг мэдэхийг хүсэн залбираад зогсохгүй “Өөр хэнд ч хандан нигүүлслийг хүлээн авах боломжгүй байсан тул нигүүлслийг хүсэн Их Эзэнд хандан залбирсан” гэдгээ бас хэлсэн. Ямартаа ч, зөвхөн Их Эзэний үзүүлж чадах нигүүлсэл түүнд хэрэгтэй байсныг хүлээн зөвшөөрсөн нь тэнгэрийн цонхыг нээхэд тусалсан. Тэр явдлаас хойш гурван жилийн дараа тэнгэр элч Моронай Иосефыг “Бүхнийг Чадагч Бурханд хандсан залбирал мөн даруухан гуйлтад өөрийгөө зориулан, миний бүх нүгэл бас тэнэглэлүүдийг уучилна уу” хэмээн залбирсны дараа ирэв.

Нигүүлсэл үзүүлэхийг гуйсны дараах илчлэл хүлээн авдаг энэ загварыг судруудаас элбэг харж болно. Инос өршөөл гуйн залбирсныхаа дараа л Их Эзэний дуу хоолойг сонсжээ. Лемонай хааны эцгийн хөрвөлт “би таныг мэдэхийн тулд бүх нүглээ орхих болно” хэмээн залбирснаар эхэлдэг. Бид яг ийм гайхалтай үйл явдлаар адислагдахгүй байж болох ч заримдаа залбирлын хариултаа авахгүй байгаа мэт санагдаж буй хүмүүсийн хувьд Их Эзэний нигүүлслийг эрэлхийлэх нь Ариун Сүнсний гэрчийг мэдрэх хамгийн хүчирхэг арга замуудын нэг билээ.

Бурханы нигүүлслийн талаар тунгаан бодох нь Мормоны Номын талаарх гэрчлэлтэй болох үүд хаалгыг нээдэг

Ийм нэгэн зарчмыг Моронай 10:3–5-д маш сайхан заасан байдаг. Бид заримдаа чин сэтгэлээсээ залбирснаар Мормоны Ном үнэн эсэхийг мэдэх боломжтой гэдгийг заахдаа эдгээр шүлгийг товчлон ашигладаг. Гэхдээ ийн товчлох нь нигүүлслийн чухал үүргийг орхигдуулж болох юм. Моронай уг урилгаа “Та нар эдгээр зүйлийг уншихдаа … Адам бүтээгдсэнээс бүр та нар эдгээр зүйлийг хүлээн авах тэр цагийг хүртэл Их Эзэн хүмүүний үрсэд хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг та нар санан мөн үүнийг зүрх сэтгэлдээ тунгаахыг та нарт ухуулъя би” гэж эхэлснийг сонсоорой.

Лацдах гэж байсан энэхүү цэдгийг нь уншаад зогсохгүй мөн “Их Эзэн хүмүүсийн үрсэд хэчнээн нигүүлсэнгүй” болох талаар Мормоны Ном юу илчилдгийг зүрх сэтгэлдээ тунгаан бодоорой хэмээн Моронай биднийг уриалсан. Их Эзэний нигүүлслийн талаар тунгаан бодох нь биднийг “Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйл үнэн эсэхийг асуух[ад]” бэлтгэдэг.

Бид Мормоны Номын талаар тунгаан бодохдоо: Алмагийн заасанчлан, Бурханы нигүүлслийн төлөвлөгөөний дагуу энэ дэлхий дээр амьдарч байсан хүн бүр амилуулагдаж, бүх зүйл өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ сэргээгдэнэ гэдэг нь үнэхээр үнэн үү? Амюлекийн хэлсэнчлэн, Аврагчийн нигүүлсэл нь бидний төлөх ёстой байсан шударга ёсны бүх таагүй бодит шаардлагыг хангаж, оронд нь “[бид]нийг аюулгүйн гараар хүрээлж чадах” болов уу?

Алмагийн гэрчилсэнчлэн, Христ зөвхөн бидний нүглийн төлөө бус “өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд” “өвчин, зүдгүүр[ийг]” тэвчсэн юм болов уу? Бенжамин хааны заасанчлан, Их Эзэн үнэхээр нигүүлсэнгүй тул үнэгүй бэлэг болгон “өөрсдийн талаарх Бурханы тааллыг мэдэлгүйгээр нас барсан тэдний, эсвэл үл мэдэн нүгэл үйлдсэн тэдний нүглүүдийг” цагаатгасан уу?

Лихайн хэлсэнчлэн, “Адам, хүмүүс оршиж болохын тулд унасан; мөн баяр баясгалантай байж болохын тул хүмүүс орш[дог]” уу? Түүнчлэн Исаиаг эш татан, Абинадайн гэрчилсэнчлэн, Есүс Христ “бидний зөрчлүүдийн төлөө шархадсан, тэрээр бидний алдсуудын төлөө зодуулан хөх няц болсон; бидний амар амгалангийн төлөөс түүний дээр байсан; мөн түүний ташуурын ормоор бид эдгэрсэн” гэдэг нь үнэхээр үнэн үү?

Хураангуйлбал, Эцэгийн төлөвлөгөө Мормоны Номд заасанчлан үнэхээр нигүүлсэнгүй юү? гэж асууж болох юм. Тийм ээ, Мормоны Ном дахь амар тайвныг өгөгч, найдвар төрүүлэгч нигүүлслийн сургаал үнэн гэдгийг би гэрчилж байна.

Гэсэн хэдий ч зарим хүн итгэн уншиж, залбирсан ч Моронайн амласнаар Тэнгэрлэг Эцэг “үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” гэх хариултаа аваагүй байж болох юм. Олон жилийн өмнө, Мормоны Номыг анх хоёр ч удаа уншаад, залбирахдаа тодорхой хариулт даруй аваагүй хүний хувьд энэ нь ямар байдгийг би мэднэ.

Хэрэв ийм асуудал байвал “Их Эзэн хүмүүсийн үрсэд хэчнээн нигүүлсэнгүй” болохыг Мормоны Номд ямар олон арга замаар заасан талаар тунгаан бодоорой хэмээх Моронайн зөвлөгөөг дагана уу хэмээн би та нарыг урьж байна. Туршлагаасаа үндэслэн хэлэхэд, хэрэв та уг зөвлөгөөг дагавал Ариун Сүнсний амар амгалан таны зүрх сэтгэлд нэвтэрч, Мормоны Ном, мөн үүний заадаг нигүүлслийн төлөвлөгөө үнэн гэдгийг мэдэж, итгэж, мэдэрч чадна гэж би найдаж байна.

Би Эцэгийн нигүүлслийн агуу төлөвлөгөөний төлөө мөн үүнийг хэрэгжүүлэхэд Аврагч бэлэн байсанд талархаж байгаагаа илэрхийлж байна. Хэрэв бид Түүнийг эрэлхийлбэл Тэрээр Өөрийн ариун сүмд болон бидний амьдралын бүхий л хүрээнд Өөрийгөө нигүүлслээр харуулах болно гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс”, Лиахона, 2024 оны 5-р сар, 121-ийг үзнэ үү.

  2. Рассэлл М.Нэлсон, “Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс,” 121.

  3. Gospel Library, Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 24.5.1.

  4. Ариун сүмийн бүх адислалын адил Бурханы эдгээр адислалыг хүртэх эсэх нь ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ хэр сахихаас шалтгаална. “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 96-г үзнэ үү: “Ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүн бүр Есүс Христийн хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой болдог юм.”

    Өөр нэгэн жишээ болгон ариун сүмийн өмсгөлийг өмсөх талаар Тэргүүн зөвлөлийн мэдэгдлийг авч үзнэ үү. “Та байгуулсан гэрээнүүдээ сахиснаар мөн анхдагч ёслолын үеэр зааварчилсны дагуу энэхүү өмсгөлийг өмсөх ариун нандин онцгой боломжийг хүндэтгэснээр Аврагчийн нигүүлсэл, хамгаалалт, хүч, чадлыг илүү ихээр хүлээн авах боломжтой болдог” (Ерөнхий гарын авлага, 26.3.3.2, тодотгол нэмсэн.)

  5. Сургаал ба Гэрээнүүд 109:55–57

  6. Рассэлл М.Нэлсон, “Их Эзэн Есүс Христ дахин ирэх болно,” Лиахона, 2024 оны 11-р сар, 121-122-ыг үзнэ үү: “Би та нарт дараах зүйлсийг амлая. Есүс Христийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх хүн бүр Түүнийг ариун сүмд олох болно. Та нар Түүний хайрыг мэдэр[нэ].”

  7. Сургаал ба Гэрээнүүд 109:34-ийг үзнэ үү: “Ай, Иехова, энэ хүмүүсийн дээр нигүүлсэлтэй байгаач, мөн бүх хүмүүн нүглийг үйлддэг учир, өөрийн хүмүүсийн зөрчлийг өршөөгөөч, мөн тэдгээрийг үүрд арилгагдахаар болгооч.

  8. Сургаал ба Гэрээнүүд 109:50-ийг үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээнүүд 109:54-ийг үзнэ үү. Иосеф мөн Их Эзэнээс “Иерусалим энэ цагаас гэтэлгэгдэж эхэлж болохын тулд, Иаковын хүүхдүүд дээр нигүүлсэнгүй байгаач; мөн боолчлолын буулга Давидын удмаас салгагдаж эхэлж болохыг; Иудагийн хүүхдүүд, өөрсдийнх нь эцэг Абрахамд таны өгсөн нутгуудад эргэж ирж эхэлж болохыг буюу” (Сургаал ба Гэрээнүүд 109:62–64) хэмээн гуйсан.

  10. Сургаал ба Гэрээнүүд 109:68-ыг үзнэ үү.

  11. Сургаал ба Гэрээнүүд 109:69-ийг үзнэ үү. Оксфордын англи хэлний толь бичигт нигүүлсэл гэдэг нь “хүчин мөхөс нэгэнд үзүүлэх өршөөл, хайр энэрэл” гэж тодорхойлсон байдаг (“mercy,” oed.com). Нигүүлсэл нь ач ивээлийн нэгэн адил Бурханы хайр, нинжин сэтгэлийн hesed-ийн илрэл юм. Нигүүлсэл нь хүртэх ёстой шийтгэлийг тохдоггүй бол ач ивээл нь хүртэх ёсгүй байсныг үл харгалзан Бурхан биднийг адислахыг хэлдэг.

  12. Сургаал ба Гэрээнүүд 110:7

  13. Иосеф, Оливер хоёрт нигүүлсэл үзүүлэхдээ “Болгоогтун, нүглүүд чинь өршөөгдсөн болой та нарт; миний өмнө цэвэр болой та нар; тиймийн тул, тэргүүнээ өргөж мөн баясагтун”(Сургаал ба Гэрээнүүд 110:5) хэмээжээ.

  14. Рассэлл М.Нэлсон, “Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс,” 119. Ерөнхийлөгч Нэлсон: “Би та бүгдийг Их Эзэний уг амлалт таны хувьд ямар утга учиртай болохыг тунгаан бодохыг урья” хэмээн хэлсэн.

  15. Bible Dictionary, “Tabernacle”-ийг үзнэ үү: “Ариунаас ариунд “гэрээний авдар” гэх ганцхан тавилга байсан. Авдрын дээр эвлэрүүлгийн таг байдаг байж. Энэ нь доорх авдартайгаа иудейчүүдийн хуульд байсан дээдийн дээд цагаатгал хийгддэг тахилын ширээний үүрэг гүйцэтгэдэг байв. Үүн дээр Цагаатгалын өдрийн нүглийн цусыг өргөл болгон цацдаг байжээ (Лев. 16:14–15). Эвлэрүүлгийн таг нь Бурханы алдар суугийн илрэл байв (Гэтлэл 25:22).”

  16. Рассэлл М.Нэлсон, “Үүрдийн гэрээ,” 2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган. Ерөнхийлөгч Нэлсон hesed гэх үгтэй дүйцэх англи үг байдаггүй ч Хуучин Гэрээнд нигүүлсэл гэх үгээр хамгийн түгээмэл орчуулан хэрэглэсэн байдаг. Хуучин Гэрээний Жэймс хааны хувилбарт 248 удаа hesed гэдэг үг байдгаас 149-д нь нигүүлсэл, 40-д нь нинжин сэтгэл, 30-д нь хайр энэрэл гэсэн үгсийг тус тус ашигласан байдаг (see Blue Letter Bible, blueletterbible.org/lexicon/h2617/kjv/wlc/0-1/).

  17. Ерөнхий гарын авлагын 27.2-ыг үзнэ үү. Аврагч бидний хэн нь ч Түүгээр дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй гэдгийг бидэнд заадаг (Иохан 14:6-г үзнэ үү). Сургаал ба Гэрээнүүдэд Аврагч бидний өмнөөс нигүүлсэл гуйснаа ийнхүү сайхан дүрсэлсэн байдаг:

    “Эцэгийн өмнө өмгөөлөгч болох намайг, түүний өмнө та нарын төлөө ийн гуйж буй намайг анхаарагтун—

    Өгүүлрүүн: Эцэг минь, нүгэл үйлдээгүй, таны таалалд ихэд нийцсэн түүний зовлонгууд болон үхлийг болгоогтун; Хүүгийнхээ асгарсан цусыг, та өөрөө алдаршиж болохын тулд таны өгсөн, миний цусыг болгоогтун;

    Иймийн тул, Эцэг минь, тэд надад ирж бас мөнх амьдралтай байж болохын тулд миний нэрэнд итгэх энэ ах дүүсийг минь өршөөгөөч” (Сургаал ба Гэрээнүүд 45:3–5).

  18. Ерөнхийлөгч Жэффри Р.Холланд нэгэнтээ: “Бурханы хувьд хамгийн их таалагддаг нэг зүйл бол ач ивээлийг үзүүлэх бөгөөд ялангуяа хүлээн авах эрхгүй хэмээн өөрсдийгөө голж байгаа хүмүүст ач ивээлийг үзүүлэх явдал юм” хэмээн хэлсэн (“Талбайд хөдөлмөрлөгсөд,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33). Сургаал ба Гэрээнүүд 128:19: “Эдүгээ, бид өөрсдийн хүлээн авсан сайн мэдээнд юуг сонсдог вэ? Баяр баясгалангийн дуу хоолойг! Тэнгэрээс нигүүлслийн дуу хоолойг; мөн газраас үнэний дуу хоолойг; нас барагсдын төлөөх баярт мэдээнүүдийг; амьд хүмүүс болон нас барагсдын төлөөх баярт мэдээний дуу хоолойг; агуу их баясгалангийн баярт мэдээг буюу”.

  19. Алма 42:15 Нигүүлсэл нь үргэлж авралын төлөвлөгөөний төвд байсаар ирсэн. Христийн тохинууллын тухай гурван судар нь үүний жишээ юм. Нифай Мормоны Номын эхний бүлгийн төгсгөлд “Гэвч болгоогтун, итгэлийнх нь учир, Их Эзэний сонгосон бүгдийн дээр, тэднийг бүр аюулаас ангижрах чадалтай болтол нь хүчтэй болгох түүний энэрэнгүй нигүүлсэл байдгийг Нифай би, та нарт үзүүлэх болно” (1 Нифай 1:20) хэмээжээ.

    Гэтлэл 34:6-д Их Эзэн Өөрийн нэрийг Мосед: “ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ” хэмээн тунхагласан. Зарим нь энэ шүлгийг Хуучин Гэрээний бошиглогчид Хуучин Гэрээний бусад эшлэлээс хамгийн олон удаа эш татсан гэж үздэг (Жишээлбэл, Bible Project, “The Most Quoted Verse in the Bible,” bibleproject.com/podcast/most-quoted-verse-bible/-ыг үзнэ үү).

    Шинэ Гэрээний Лук номд, Элизабет өндөр насандаа Баптисч Иохан хэмээх хүү төрүүлнэ гэсэн тэнгэр элчийн амлалтад Захариа эргэлзээд “хэлгүй болоод, ярьж чадахгүй” (Лук 1:20) болсныг дурдсан байдаг. Захариагийн ам нээгдэхэд тэрээр “Ариун Сүнсээр дүүрч”, Мессиаг эцэст нь ирэх цаг дөхсөнийг олон түмэнд зарлахдаа Их Эзэн “Өршөөлийг эцэг өвгөдөд минь үзүүлж, Өөрийн ариун гэрээг дурсахын тулд, бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг нь тэр гэрээ[гээ]” (Лук 1:67, 72–73; онцлон тэмдэглэв) гүйцэлдүүлэхийн тулд ирнэ хэмээн бошиглосон.

  20. Gospel Topics Essays, “First Vision Accounts,” Gospel Library; ялангуяа the 1832 account-ыг үзнэ үү.

  21. Иосеф Смит—Түүх 1:29 Сургаал ба Гэрээнүүд 20:5–6 нь энэ хоёр хүчирхэг үзэгдэл дэх наманчлалын үүргийн өөр нэгэн тайлбарыг өгдөг. Иосеф: “Намайг аливаа их, эсвээс хор хөнөөлтэй нүглүүдэд гэмтэй хэмээн хэн ч бодох хэрэггүй” гэж хэлсэн ч “[өөрийн] сул тал болон хүний төрөлхийн дутагдалт талыг” буруутгаж, өршөөл хэрэгтэйгээ хэлж байсан (Иосеф Смит—Түүх 1:28, 29).

  22. Инос 1:1–8-ыг үзнэ үү.

  23. Алма 22:18 Алмагийн “Ай Есүс, Бурханы Хүү та, намайг нигүүлсээч” гэх залбирлын хариуд гэрлээр цутгагдаж, зовлонгоосоо ангижирсан (Алма 36:17–20-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Жэффри Р.Холланд Алмагийн гуйлтын талаар нэгэнтээ: “Магадгүй, ийм залбирал нь богинохон ч гэсэн унасан дэлхийд хэлж болох хамгийн чухал залбирал ч байж болох юм. Бидний залбирал ямар ч байсан, бидэнд ямар ч өөр бусад хэрэгцээ байсан, бид бүгд эцсийн эцэст ‘Ай Есүс, Бурханы Хүү та, намайг нигүүлсээч’ гэж гуйдаг” ((Our Day Star Rising: Exploring the New Testament with Jeffrey R. Holland [2022], 170–71) гэжээ.

  24. Ахлагч Кайл С.Маккэй: “Тогтмол наманчилдаг Иосефын амьдрал надад ‘өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очи[х’] итгэлийг өгдөг” хэмээн маш сайхан заасан (“Иеховатай ярьсан тэр нэгэн,” Лиахона, 2024 оны 11-р сар, 61).

  25. Моронай 10:3

  26. Мормоны Номын хамгийн эхэнд байх мэдэгдлийнх нь төгсгөл дэх Моронайн гуйлтад Нифай ялтаснууд дээр бичих болсон шалтгаанаа цэдэглэсэн: “Гэвч болгоогтун, итгэлийнх нь учир, Их Эзэний сонгосон бүгдийн дээр, тэднийг бүр аюулаас ангижрах чадалтай болтол нь хүчтэй болгох түүний энэрэнгүй нигүүлсэл байдгийг Нифай би, та нарт үзүүлэх болно” (1 Нифай 1:20).

  27. Moронай 10:4

  28. Мормон 9:13-ыг үзнэ үү.

  29. Алма 40:23: “Сүнс нь биедээ, мөн бие нь сүнсэндээ сэргээгдэх болно; тийм ээ, мөн үе болон мөч болгон биедээ сэргээгдэх болно; тийм ээ, бүр толгойноос нэг ч үс гээгдэхгүй; харин бүх зүйл өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ сэргээгдэх болно.”

  30. Алма 34:16 Бид Их Эзэн хэр нигүүлсэнгүй байсныг бодохдоо нигүүлслийг шударга ёсноос салгах, Тэнгэрлэг Эцэгийн хайр энэрэл ганцаараа шударга ёсыг ялах чадалтай гэсэн бодолд уруу татагдаж болох юм. Гэхдээ Алмагийн заасанчлан: “Нигүүлслийн төлөвлөгөө нь цагаатгал хийгдэхгүйгээр улиран тохиогдох боломжгүй; тиймийн тул Бурхан нь төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан байж болохын тулд нигүүлслийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхээр, шударга ёсны шаардлагыг хангахаар Бурхан өөрөө дэлхийн нүглийн төлөө цагаатгалыг нөхөн төлдөг” (Алма 42:15; тодотгол нэмсэн).

    Биднийг гэсэн Аврагчийн нигүүлсэнгүй хайр дангаараа биднийг аварч чадаагүй. Харин Түүний зовлон шаналал, шударга ёсны бодит бөгөөд зовлонт шаардлага нь биднийг авардаг. Мэдээж, энэ нь Түүний хайрын ач холбогдлыг бууруулдаггүй. Түүний биднийг гэсэн хайр, мөн биднийг хайрладаг Эцэгийн хүслийг биелүүлэхэд бэлэн байсан тулд Тэрээр зовлон зүдгүүрийг үүрэхэд бэлэн байсан нь гарцаагүй (Иохан 3:16; Сургаал ба Гэрээнүүд 34:3-ыг үзнэ үү). Гэхдээ хайр дангаараа ажиллах боломжгүй байсан.

    Заримдаа бид Түүний биднийг гэх хайр дээр хэт төвлөрснөөс болж өөрсдийн хэн болохыг, мөн яаж ч хичээгээд хэл яриа, үйлдэл маань зарлигуудыг дагаж, шударга ёсны шаардлагуудыг биелүүлж чаддаггүй эгэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэдгээ умартдаг. Хэрэв бид Түүний хайрыг шударга ёсны шаардлагуудыг биелүүлэхгүй байх шалтгаан гэж буруугаар ойлговол Түүний цагаатгагч золиослолын бэлгийг, шударга ёсны аймшигт төлөөсийг төлөхийн тулд үүрсэн зовлон зүдгүүрийнх нь ач холбогдлыг үгүйсгэж байгаа хэрэг. Түүний биднийг гэх хайр цагаатгагч золиослолыг нь хэрэгсэхгүй болгож байвал энэ нь хачирхалтай биш гэж үү. Шударга ёсны бүх шаардлагыг бүрэн биелүүлж, дараа нь Тэрээр биднийг маш их хайрладаг байсан тул бидний өмнөөс тэрхүү бодит шаардлагуудыг үүрсэнд нь талархах нь дээр биш гэж үү.

  31. Алма 7:11–12

  32. Мозая 3:11

  33. 2 Нифай 2:25

  34. Moзая 14:5

  35. Моронай 10:4

  36. Моронай 10:3

  37. Ерөнхийлөгч М. Рассэлл Баллард биднийг “юунд талархалтай байгаагаа хэлээд зогсохгүй юу мэддэг, юунд итгэдэг мөн юу мэдэрдгээ” гэрчлэхийг уриалсан (“Хамгийн чухал зүйлсээ санагтун,” Лиахона, 2023 оны 5-р сар, 107).

  38. Үүнийг санал болгохдоо би Мормоны Номын эсвэл сайн мэдээний бүрэн дүүрэн байдлыг орлох “томьёог” өгөхийг бодоогүй юм. Ахлагч Дэвид А.Бэднарын заасанчлан, илчлэл нь “харанхуй өрөөнд гэрэл асан”, “хурдан, бүрэн дүүрнээр, нэг дор хүлээн авахтай адил” ирж болно. Энэ нь мөн “мандах нарны алгуур нэмэгдэх туяа” [адил] “шат шатаар, дүрэм дүрмээр өгөгдөх захиастай адил юм (2 Нифай 28:30). … Тэнгэрлэг Эцэгээс ирэх ийм харилцаа ‘тэнгэрээс буух шүүдэр лугаа адил [бодгальд] [аажим] намуухан буух болно’ [Сургаал ба Гэрээнүүд 121:45)]. Илчлэлтийн энэ загвар ховор гэхээс илүү нийтлэг тохиолддог” (“Илчлэлтийн Сүнс,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91)